Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Гэрч О.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч С.Баттуул нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн С.Баттуулд холбогдох эрүүгийн 1722000190012 тоот  хэргийг  2017 оны  10 сарын 20-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

 

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1976 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ээжийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 11-15 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, урьд 6 удаа ял шийтгүүлсэн гэх, /регистрийн дугаар ЗЮ76051817/ Хундай овгийн Содномцэрэнгийн Баттуул          

 

Шүүгдэгч С.Баттуул нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 11-6 тоотод байх хашааны гаднаас иргэн  Б.Тэмүүжингийн эзэмшлийн “Супер даюун” маркийн мотоциклийг хулгайлсан  гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Баттуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр Мандал хороолол ороогүй.  Техник мэргэжлийн сургуулийн байранд байдаг  Отгонбаяр гэдэг айлд  хоносон. Гэрч О.Бат-Эрдэнэтэй би 12-ны өдөр уулзсан, 13-ны өдөр нь уулзахад надтай юм яриагүй. Би 13-ны өдөр нь Улаанбаатар хот яваад 14-ний өдөр урагшаа хил рүү явсан. Энэ хүмүүс эхлээд 6 сарын 20-ны үед мотоциклоо алдсан гэж байсан чинь сүүлдээ 6 сарын 11-ны өдөр алдсан гэж мэдүүлсэн байна лээ гэв.

2. Хохирогч Б.Тэмүүжингийн: “...Би 2017.06.09-ний өдөр өөрийн найзуудын хамт Говь-Угтаал суманд байх найзынх руугаа явсан юм. Тэднийд очоод 2 хонож байхад манай найз Б.Зандраагийн ээжийнх нь бие өвдсөн гээд миний улаан өнгийн “Супер даюун” маркийн 50-52 ДУЗ улсын дугаартай мотоциклийг гуйж аваад Ё.Одончимэгийг сундлаад Дундговь аймаг руу явсан. Тэр оройдоо миний мотоциклийг хулгайд алдсан байсан. Би 2017.07.02-ны өдөр мотоциклоо олсон. Тэгэхээр 2017.06.11-ний өдөр миний мотоцикль хулгайд алдагдсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан мотоциклио бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Миний мотоцикльд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй хэвээрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

3. Гэрч О.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 6 сард Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 10-20 тоотод байдаг ойролцоо хашааны Б.Батжаргалтай юм яриад сууж байтал хашаанд мотоцикльтой хүн орж ирсэн. Удалгүй манай урд гудамжны С.Баттуул гэх хүн нэлээн согтуу орж ирээд юм яриад сууж байснаа намайг  дуудаад гарч уулзъя гэсэн. Гадаа гараад С.Баттуул миний энэ унаж ирсэн мотоциклийг чи түр 50000 төгрөгийн барьцаанд авчих, би удахгүй авна гэхээр нь 50000 төгрөг өгсөн...С.Баттуул би нэг гарчихаад хүрээд ирье гээд 20-иод минутын  дараа нэг шил Онги архи барьж орж ирээд хамт уусан. Ууж дуусаад 23 цагийн үед гэрлүүгээ явлаа гээд гараад явсан. С.Баттуулыг явчихаар нь би Б.Батжаргалынд ороод би С.Баттуулын унаж явсан мотоциклийг хашаандаа аваачиж тавьлаа гээд унаад хашаандаа авч ирээд тавьсан. Удахгүй авна гээд ямар ч сураггүй 20 гаран хоног алга болсон. Тэр мотоциклийг манай дүү М.Адъяадорж 2017.07.02-нд Сайнцагаан сумын Халзан уулын наадамд явах гэсэн унаагүй болчихлоо гээд гуйгаад байхаар нь өгөөд явуулсан чинь мотоциклоо хулгайд алдсан гэх хүнтэй таараад цагдаад хураалгачихлаа гэж ирсэн...2017.07.02-нд мотоцикль хураалгасан. Тэрнээс 20 гаран хоногийн мотоциклийг барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/”

4. Гэрч Б.Зандраагийн “...2017 оны 6 сарын сүүлээр байх Говь-Угтаал суманд явж байтал ээжийн бие муудаад байна гэж дуудахаар нь найз Б.Тэмүүжингийн  мотоциклийг гуйгаад хамт явсан найз Ё.Одончимэгийг сундлаад аймгийн эмнэлэг дээр 18 цаг өнгөрч байхад ирсэн. Ё.Одончимэг муухай хувцастай байна гээд мотоциклийг  чинь унаж яваад өглөө гэрт чинь аваачиж өгье гэж хэлсэн.  Тэгээд 21 цаг өнгөрч байхад нөгөө мотоциклийг чинь Мандалын 11-06 тоот хашааны гадна тавьчихсан байсан чинь алдчихлаа гэж утсаар ярьсан. Улаан  өнгийн “Супер даюун” маркийн өнгө үзэмж сайтай мотоцикль байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 21-22/

5. Гэрч Ё.Одончимэгийн: “...2017 оны 6 сарын сүүлээр Говь-Угтаал суманд явж байтал манай найз Б.Зандраагийн ээжийнх нь бие муудлаа гээд Б.Зандраа найз Б.Тэмүүжингийнхээ мотоциклийг гуйгаад аймаг явах гэж байхаар нь би аймаг орох ажилтай хамт явъя гээд 18 цаг өнгөрч байхад аймаг дээр ирээд Б.Зандраа эмнэлэг дээр буусан. Би мотоциклийг нь маргааш өглөө хүргээд өгчихье гэж хэлээд мотоциклийг нь унаж 9-р баг Мандалын 11-6 тоотод байх гэрийнхээ гадаа түлхүүрийг  нь зоолттой 19-22 цагийн хооронд орхисон. Мотоциклийг хашаанд оруулах гээд хашаанаас гараад ирсэн чинь мотоцикль алга болсон байсан...Улаан  өнгийн  супер даюун маркийн өнгө, үзэмж сайтай, баруун талын өвдгөвчний төмөр нь хугарсан мотоцикль байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 23/

6. Гэрч Б.Батжаргалын: “...Би 2017 оны 6 сард Сайнцагаан  сумын  9-р баг Мандалын 10-20 тоотод байдаг гэртээ байж байтал хамар хашааны О.Бат-Эрдэнэ 21 цаг өнгөрч байхад орж ирээд тамхи татаад ойр зуурын юм яриад байж байтал хашааны хойд хаалгаар мотоцикльтой хүн ороод ирсэн. Удалгүй С.Баттуул нилээн согтуу гэрт орж ирээд юм ярьж сууж байгаад О.Бат-Эрдэнэтэй уулзана гэж гарч яваад эргэж орж ирээгүй. Тэгээд гарч яваад чимээгүй болохоор нь гараад харсан тэр хоёр харагдаагүй. Харин С.Баттуулын унаж ирсэн мотоцикль байсан...Гэрт ширээн дээр мотоциклийн том суран оосортой ганц түлхүүр үлдээсэн  байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад О.Бат-Эрдэнэ хашаанд орж ирээд С.Баттуулын үлдээсэн мотоциклийг би авна түлхүүр нь хаана байна гээд асааж унаад явсан. Дараа нь О.Бат-Эрдэнийн хашаанд ороход энэ нөгөө С.Баттуулын барьцаанд тавьсан мотоцикль байгаа юм ирж авахгүй алга болсон гэж байсан. Сүүлд нь хулгайнх гээд цагдаа аваад явсан гэж дуулдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

7. Гэрч М.Адъяадоржийн: “...Гурвансайхан суманд байж байгаад аймагт ирсэн чинь  манай хашаанд ах О.Бат-Эрдэнийн байшингийн хажууд улаан өнгийн супер даюун маркийн мотоцикль байхаар нь хэнийх юм гэсэн чинь С.Баттуул 10 гаран хоногийн өмнө 50000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм гэж байсан. Тэрнээс хойш 3 хоногийн дараа буюу 2017.07.02-нд Халзан уулын овооны наадамд явах гэсэн чинь унаагүй болчихоод ахаас нөгөө мотоциклийг гуйж аваад овооны наадамд унаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

8. Гэрч Д.Оюунтунгалагийн: “...Би 2017.06.10-ны үед төрөх дээр жижүүрт хоночихоод өглөө 9 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь гэрийн гадна улаан  өнгийн  мотоцикль байхаар нь энэ юун мотоцикль вэ гэж асуухад манай нөхөр О.Бат-Эрдэнэ, өчигдөр орой С.Баттуул ирээд 50000 төгрөгөөр түр барьцаанд тавьсан юм гэж байсан...Тэр мотоцикль манай хашаанд нэлээн хэд хоносон, С.Баттуул ч ирж аваагүй. Манай нөхрийн  дүү М.Адъяадорж гэх залуу овооны наадамд унаж явъя гэж авч яваад хулгайн мотоцикль байсан байна цагдаад журамлуулчихлаа гээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

9. Гэрч Х.Алтантуяагийн: “...Нэг орой манай охин Ё.Одончимэг надруу утасдаад хүний мотоцикль унаж ирээд хашааны гадаа тавьчихсан байсан чинь алга болчихжээ, түрүүнд таныг ирэхэд мотоцикль гадаа байсан уу гэж асуухаар нь байсан гэж хэлсэн. Би охинтойгоо утсаар ярьчихаад охиныдоо очиход хашааны гадна байсан мотоцикль байхгүй,  2 цагдаа ирчихсэн мөр үзэж байсан...Тэр хулгайд алдагдсан мотоциклийг М.Адъяадорж унаж яваад цагдаад баригдсан талаар сонсоод М.Адъяадоржоос чи тэр мотоциклийг хаанаас авсан юм гэхэд манай хашааны ах О.Бат-Эрдэнэд С.Баттуул барьцаанд тавьчихаад явсан байсан, би тэрийг нь унаж яваад цагдаад баригдсан. Би хулгайн мотоцикль гэдгийг нь мэдээгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102/

10. Гэрч М.Батболдын: “...2017.06.11-ний өдрийн 21 цагийн үед шиг санагдаж байна иргэн Ё.Одончимэгээс хашааны гадна байсан мотоцикль алга болчихлоо гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход хашааны гадна баруун зүгт явсан мотоциклийн мөр байсан, уг мөр шороон замд нийлээд алга болсон. Ё.Одончимэг нь мотоциклийн түлхүүрийг зоолттой орхисон байсан юм, манай таньдаг хүн унаад явчихсан байж магадгүй, хэн авсныг нь хайж, лавлаж үзээд эргээд холбогдъё, хулгайд алдсан үгүйгээ мэдэхгүй байна гэхээр нь та хайж үзээд цагдаагийн байгууллагын утасруу холбогдоорой гэж хэлээд орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 104/

11. Гэрч Г.Ариунжаргалын: “...2017 оны 6 сарын 10-даар шиг санаж байна, тэр өдөр би 21 цагт ажлаас гэртээ дөнгөж очоод байж байтал манай хашаанд нэг мотоцикльтой хүн ирсэн. Хэн юм бол гээд гараад хартал зүс таних С.Баттуул гэх залуу байсан. Төд удалгүй С.Баттуулын авчирсан мотоциклийг манай гудамжид байдаг О.Бат-Эрдэнэ гэх залуу хашаанаас унаад гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105/

12. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын үнэлгээнд “Супер даюун мотоцикль 1500000 төгрөг” гэжээ /хх-ийн 33-34/

13. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

14. Шийтгэх тогтоол, захирамжийн хуулбарууд /хх-ийн 58-62, 66-89/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Баттуул шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэрч О.Бат-Эрдэнэтэй 6 сарын 12-ны өдөр уулзсан, 13-ны өдөр нь уулзахад надтай юм яриагүй...энэ хүмүүс 6 сарын 20-ны үед мотоциклио алдсан гэж байсан чинь сүүлдээ 6 сарын 11-ний өдөр алдсан гэж хэлсэн” гэж мэдүүлж байна.

Хэрэгт  авагдсан баримтуудыг  судалж  үзэхэд  Б.Тэмүүжингийн  эзэмшлийн  “Супер даюун” маркийн мотоцикль 2017 оны 6 сарын 11-ний өдөр  алдагдсан  болох нь  гэрч О.Зандраагийн “ээжийн бие муудаад байна гэж дуудахаар нь найз Б.Тэмүүжингийн  мотоциклийг гуйгаад хамт явсан найз Ё.Одончимэгийг сундлаад аймгийн эмнэлэг дээр 18 цаг өнгөрч байхад ирсэн...Тэгээд  21 цаг өнгөрч байхад нөгөө мотоциклийг чинь Мандалын 11-6 тоот хашааны гадна тавьчихсан байсан чинь алдчихлаа гэж утсаар ярьсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Ё.Одончимэгийн  “Зандраагийн ээжийнх нь бие муудлаа гээд Б.Зандраа найз Б.Тэмүүжингийнхээ мотоциклийг гуйгаад аймаг явах гэж байхаар нь би аймаг орох ажилтай хамт явъя гээд 18 цаг өнгөрч байхад аймаг дээр ирээд Б.Зандраа эмнэлэг дээр буусан. Би мотоциклийг нь маргааш өглөө хүргээд өгчихье гэж хэлээд мотоциклийг нь унаж 9-р баг Мандалын 11-6 тоотод байх гэрийнхээ гадаа түлхүүрийг  нь зоолттой 19-22 цагийн хооронд орхисон. Мотоциклийг хашаанд оруулах гээд хашаанаас гараад ирсэн чинь мотоцикль алга болсон байсан ” гэх  мэдүүлэг /хх-ийн 23/, Дундговь аймгийн   нэгдсэн  эмнэлгийн  2017.10.05-ны өдрийн 256 тоот  албан бичигт “Алтангэрэл  овогтой  Эрдэнэцэцэг  нь 2017 оны 06 сарын  11-нд  тус эмнэлгийн  эрчимт  эмчилгээний  тасагт хэвтэн  эмчлүүлж  байгаад 06 сарын 25-нд эмнэлгээс гарсан  болохыг  тодорхойлов” /хх-ийн 111-рт/  гэсэн  баримт, гэрч Д.Цогтбаатарын “Би 2017.05.24-ний өдрөөс 2017.06.12-ны өдрийг хүртэл Дэрэн суманд барилга дээр ажилласан. Барилгын ажил дуусахын өмнөхөн манай барилгынхан нэг өдөр бороо ороод амарсан юм. Тэр өдрийн орой 22-23 цагийн үед манай найз О.Бат-Эрдэнэ надруу утасдаад та хэд юу хийж байна С.Баттуул надад нэг мотоцикль авчраад тавьчихлаа, та хэд дээр хүрээд очих уу гэж ярьж байсан. Тэр амарсан өдрийг өөрийн хөтөлдөг бүртгэл дээрээсээ харахад 2017.06.11-ний өдөр байсан байна” гэх  мэдүүлэг /хх-ийн 106/ зэргээр  тогтоогдож  байна.

Шүүгдэгч  С.Баттуул нь  2017 оны 6 сарын 11-ний  өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 11-6 тоотод байх хашааны гаднаас иргэн  Б.Тэмүүжингийн эзэмшлийн “Супер даюун” маркийн мотоциклийг аваагүй  гэж   маргаж  байна.  Гэвч  шүүхийн  хэлэлцүүлэгт  судлагдсан  дээрхи баримтуудаар  шүүгдэгч  С.Баттуул  нь  2017 оны 06 сарын 11-ний  өдөр  уг тээврийн хэрэгслийг унаж  явсан, мөн О.Бат-Эрдэнэд 50.000 төгрөгийн барьцаанд тавьсан  болох нь  тогтоогдож  байна.

Мөрдөн  байцаалтын  шатанд шүүгдэгч  С.Баттуулд Эрүүгийн  хуулийн  /2015 оны/ 17.1 дүгээр  зүйлд зааснаар ял  сонсгон, яллах  дүгнэлт  үйлдэж хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Уг хэрэг  учрал нь 2017 оны 6 сарын  11-нд буюу 2002 онд батлагдсан  Эрүүгийн  хууль хүчин  төгөлдөр үйлчилж байх  цаг  хугацаанд үйлдэгдсэн  ба 2015 оны Эрүүгийн  хуулийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл,  эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох,  гэм буруутай хүн, хуулийн  этгээдэд хүлээлгэх  эрүүгийн  хариуцлагын төрөл, хэмжээг  тухайн гэмт  хэрэг  үйлдэх  үед  дагаж  мөрдөж  байсан  хуулиар  тодорхойлно” гэж, мөн  хуулийн  1.9 дүгээр  зүйлийн  “Үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэгт  шинээр  тооцсон,  оногдуулах  ялыг хүндрүүлсэн,  гэмт хэрэг  үйлдсэн  этгээдийн  эрх  зүйн  байдлыг дордуулсан  хуулийг  буцаан хэрэглэхгүй” гэж, Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тус тус заажээ.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл нь “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрөл нь “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн шинж, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах  ялыг багасгасан  байх тул шүүгдэгч  С.Баттуулд холбогдуулан  2015 оны Эрүүгийн  хуулийн  17.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт  зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  хэргийн  зүйлчлэлийг 2002 оны  Эрүүгийн  хуулийн  145.1 дэх  хэсэг  болгон өөрчиллөө.

Иймд шүүгдэгч С.Баттуулыг  бусдын  эд  хөрөнгийг  хулгайлах гэмт  хэргийг үйлдсэн  гэм  буруутайд тооцож  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  С.Баттуул  нь  Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 127 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 35000 төгрөгөөр торгох ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж  хянан харгалзсаныг Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг биечлэн эдлүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгох ялаар  тус  тус  шийтгүүлж  байсан  болох  нь  хэрэгт  авагдсан  шийтгэх  тогтоол, шүүгчийн  захирамжийн  хуулбаруудаар тогтоогдож  байна.

Хохирогч Б.Тэмүүжингийн Дундговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан, надад гомдол санал байхгүй. С.Баттуултай сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх-ийн 81/ хүсэлт, мотоцикль хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/ зэргээр шүүгдэгч С.Баттуулыг бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн  хувийн  байдал,  бусдад  төлөх  төлбөргүй зэргийг  харгалзан шүүгдэгч С.Баттуулд   2002 оны  Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.1 дэх  хэсэгт  заасан  ялаас   албадан  ажил  хийлгэх  ялыг  сонгон   оногдуулахаар  шийдвэрлэлээ.  

Хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан С.Баттуулаас авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч С.Баттуулд ял оногдуулахад харгалзан үзэх ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Баттуулд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч  Хундай овгийн Содномцэрэнгийн Баттуулыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттуулд 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар С.Баттуулд оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Шүүгдэгч С.Баттуул нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 7 дахь  хэсэгт зааснаар хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан С.Баттуулаас авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг  дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баттуулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХБАТ