Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/02761

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 23 181/ШШ2024/02761

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Монгол даатгал ХК-ийн өөрийн байранд байрлах, М ХК /РД:2032317/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.О /РД:ЛЮ71090103/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М д ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.О эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... М Д ХК-тай Худалдаа хөгжлийн банк ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн гэрээ-г байгуулсан.

М.О нь Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2019/000304/0006 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулсан ба уг гэрээний дагуу 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 5,500,000 төгрөгийг зээлээр авсан байна. М.О нь Тэнгэр плаза ХХК-д зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаар гарч, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээлийн төлбөр тасалдсанаар даатгалын тохиолдол үүссэн.

М д ХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-д даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 3,429,187.63 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс аж ахуйн нэгжийн албан татварын 10 хувь болох 342,918.8 төгрөгийг суутган 3,086,268.87 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус банкны 4004962560100015 тоот дансанд шилжүүлсэн ба М.О нь одоогийн байдлаар 3,109,658 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт ...даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн М.Одсүрэнгээс зээлийн үлдэгдэл төлбөр нэхэмжлэх эрх нь Монгол Даатгал ХК-д шилжсэн болно.

М Д ХК нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 3,109,658 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32023/06395 дугаар захирамжаар ...хариуцагчаар татагдсан М.О шүүхэд дуудан ирүүлэхээр нэхэмжпэгчийн тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, дүүрэг 1 гудамж, 25 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд баталгаат шуудангийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн магадалгаанд дахин төлөвлөлтөд орсон гэх тайлбар бичигдсэн, баг, хорооны тодорхойлолт хэсэгт уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тухайн хорооны засаг дарга тодорхойлж, гарын үсэг зурж, тамга дарсан байна. Шүүгчийн туслахаас нэхэмжлэлд дурдсан, хариуцагчаар татагдсан М.О 89770901 дугаарын утас руу холбогдож хариуцагчийн хаяг тодорхойгүй байгаа талаар мэдэгдэхэд өөр тодруулж өгөх хаяг байхгүй гэх хариуг өгснөөр хариуцагчийн хаягийг дахин тодруулсан талаар болон ямар нэгэн хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зохицуулсан. Иймд нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягийн газар нь дахин төлөвлөлтөд орсон, хариуцагчаар татагдсан иргэн М.О нь тухайн тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг тухайн хорооны засаг дарга тодорхойлсны улмаас шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байх тул М д ХК-н нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв хэмээн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ийнхүү хариуцагч М.О нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь тоггоогдож, М Д ХК нь хариуцагчаас хууль болон гэрээний дагуу авах 3,109,658 төгрөгийг шүүхийн журмаар нэхэмжилж чадахгүй нөхцөл үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу М.Одсүрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодорхойлж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Х томилсон 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/1328 тоот итгэмжлэл, Монгол даатгалын гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/66 тоот Гарын үсэг зурах итгэмжлэл олгох тухай тушаалын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/06395 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, зээлийн хүсэлтийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Цалингийн зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Баталгааны гэрээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Цалингийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/07 тоот тодорхойлолтын хуулбар, Тэнгэр плаза ХХК-ийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/133 тооот Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, хүсэлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М Д ХК нь даатгалын нөхөн төлбөрт төлсөн төлбөрийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Оэрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч М д ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ М.О даатгалын нөхөн төлбөрийг хуульд зааснаар төлөх үүрэгтэй, шүүх хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. М.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Цалингийн зээлийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч М д ХК нь дээрх даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол болох 3,109,658 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/06395 дугаартай захирамжаар хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах зорилгоор М.О оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.О эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч М д ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч М.О эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч М д ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, дүүрэг 1 гудамж, 25 тоот хаягт бүртгэлтэй, М О /РД:ЛЮ71090103/-г эрэн сурвалжилсугай.

 

2. М.О эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол даатгал ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. М.О оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х /утас: 99906817/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ