Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/02755

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 23 181/ШШ2024/02755

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж, 103а тоот хаягт оршин суух, Б овогт Б Ц /РД:ИЮ93012111/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК /РД:2069318/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Б.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г ХХК, түүний эахирал Б.Цогбадрахтай ОСЗБГ/М109-302-ЗВ дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Гэрээнд заасны дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Мегасити хотхон 739-р байр орон сууцны барилгын 3 давхарын 42.4 метр квадрат талбайтай 2 өрөө бүхий 332 тоот В загварын орон сууцны байрыг барьж хүлээлгэн өгөхөөр, тус гэрээний 2.4-д заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа 20,000,000 төгрөгийг Хаан банкны 5920488563 тоот дансанд бэлнээр үлдсэн төлбөрөөс сар бүр 1,500,000 төгрөгийг 2022 оны 10 сар хүртэл хуваан төлөөд, үлдсэн 63,760,000 төгрөгийн төлбөрийг байр ашиглалтанд орох үед төлөхөөр тохиролцсон.

Гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа 20,000,000 төгрөгийг Б.Цогбадрахын Хаан банкны 5920488563 тоот дансанд шилжүүлсэн, гэрээнд заасны дагуу сар бүр 1,500,000 төгрөг /6.000.000/ төгрөгийг төлж, нийт 26,000,000 төгрөгийг Хаан банкаар дамжуулан тус компани, түүний захиралд шилжүүлсэн, би гэрээний дагуу төлбөр төлөх үүргэз биелүүлсэн. Гэрээний 3.2-д заасны дагуу орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч урьдчилгаа төлбөрөө авчихаад баырыг ашиглалтад оруулах хугацаандаа оруулаагүй одоо хүртэл хохироосоор байгаад маш их гомдолтой байна. Миний хүү Б.Ц нь 2023 оны 8 сарын 25-ны өдөр надад гэрээг цуцлах болон бусад бүх эрхүүдийг олгож итгэмжлэл хийж өгсөн.

Нзгэнт гзрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул Орон сууц захиалан бариулах гэрээний 5.4-д Төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтанд орох хугацааг тус гэрээний 3.2-д заасан хугацаанаас 90 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувийн алданги захиалагч талд төлнө гэж заасны дагуу захиалагчаас Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт алданги 11,050,000 төгрөг, Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 26,000,000 төгрөг, нийт 37,050,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрэл зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/10641 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Б.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Г ХХК орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. Г ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Г ХХК-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК нь гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/10641 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч Г ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Б.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалангийн зам, 144 тоот хаягт бүртгэлтэй, Г ХХК /РД:2069318/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Г ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Г ХХК-ийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц /утас: 80187414, 94060331/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ