Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шинжээч эмч М.Баттүвшин

Хохирогч О.Сэрээтэр

Шүүгдэгч Ж.Амарбаясгалан нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Амарбаясгалан холбогдох эрүүгийн 1722000570040 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 15 цаг 50 минутанд хүлээн авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл .., Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Чулуутын 2-5 тоот /Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 11-11 тоотод түр/ оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Догшин баяуд овгийн Жамъяндоржийн Амарбаясгалан /РД: ЗБ93062512/ гэв.

Шүүгдэгч Ж.Амарбаясгалан нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 2-5 тоотод О.Сэрээтэрийн бие, эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Ж.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 12 цагт Нитро баар хаадаг, тэгээд найзындаа очоод айраг уугаад сууж байтал хохирогч Сэрээтэр 2 хүүхэн 1 залуутай хамт согтуу орж ирсэн. Тэгээд нэг нь өвөр дээр нь сууж байгаад гараад явсан чинь хохирогч Сэрээтэр уурласан. Хойно хэвтэж байсан охиныг  бос муу янхан минь чамайг мэдэж байна чи намйаг авчирсан. Одоо аваад явна гэсэн. Тэгээд тэр айлын хүүхэн Сэрээтэртэй хэрэлдээд байхаар нь чи болиоч гэсэн  яамд хамаагүй шүү гээд аягатай айраг, архиа шидсэн. Тэгэхээр нь яах гээд байгаа юм цаашаа суу гэсэн чинь хоёулаа гараад үзчихье гээд толгойгоороо мөрлөөд байсан.  Тэгэхээр нь би цохичихсон  чинь ойчоод өгсөн. Тэр айл тоггүй харанхуй байсан. Гадаа машин дотор маргалдаад ганц хоёр алгадсан.  гэв.

2. Хохирогч О.Сэрээтэр шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын  6-ны өдөр Нэргүйбаатар гэдэг залуу бид хоёр Нитрогийн караокед орчихоод караокегоос 11 цаг 30 минутанд гараад Боржигоны 2-5 тоотод 2 хүн хүргэж өгөөд очсон. Учиргүй согтуу байгаагүй, би бааранд 2 лааз пиво уусан  байсан, машинаа барьж явсан. Очихдоо замаараа нэг шил архи авч очсон, бүгдээрээ ууцгаасан. Айлын хүүхэн  эхлээд өөрөө намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Би муу ХААН банкинд нэг муу теллер байж байгаад сумын Тамгын газар багийн Засаг дарга болдог  чи муу одоо юу вэ мөрөөрөө теллерээ хийж байхгүй яасын гэх ухааны юм ярьсан. Би өөдөөс нь хэн хаанаа юугаа хийгээд явж байх таньд ямар хамаа байх вэ дээ гэсэн тайлбар хэлсэн. Тэгээд гарах болсон энэ хүн намайг унатал цохиж унагасан. Гадаа яаж гарснаа ч мэдэхгүй нэг мэдсэн машиндаа байсан. Энэ хүнтэй цуг байсан  залуу намайг үсдээд чи юу вэ чамайг мэднэ гээд алгадаад байсан.  Одоо хэргээ нэг нэгэнрүүгээ чихээд байна, энэ хүмүүс татаж чангаасаар байгаад миний цамц тэр чигээрээ урагдсан. Тэр хэл амаар доромжлоод байсан хүүхэн хүртэл үсдэж алгадсан. Ийм л мэдүүлэг өгсөн. Алгадах бол зодолт биш л юм байна гэж ойлгосон.Би томографийн бичгээ өгсөн. 1-р эмнэлэг дээр очиж үзүүлээд ухархайн дотор хана дотогшоо 1,7см цөмөрсөн гэсэн. 1,5 см-ээс доош байвал гайгүй, дээш байвал заавал хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хагалгааны төлбөр 1387960 төгрөг ор хоног ороод тэр би энэ хүнээс тэр төлбөрөө л нэхсэн. Одоо хагалгааны болон явсан зардлын мөнгийг нэхэмжилж байна. гэв.

3. Шинжээч эмч М.Баттүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхний дүгнэлт нь үзлэгийг үндэслэж, нэмэлт шинжилгээ нь томографийн бичлэгийг үндэслэж гаргасан байгаа. Нүдний ухархайн  дотор ханан нь нимгэн ялтсэн эс байдаг. Энэ нь ерөнхийдөө эдгэрэлийн явц хурдтай байдаг. Богино хугацаанд эдгэрдэг учир эдгэрэлтийн үйл явцаараа хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Хагалгаа хийлгэх эсэх нь эдгэрэлийн явцдаа хамаарахгүй ба хагалгаа хийлгэх гол үндэслэл нь нүдний аяганы дотор хана дотогшоо цөмөрсөнтэй холбоотойгоор цөмөрсөн талын нүдний алим хугаралынхаа хэмжээнээс хамаараад бага хэмжээгээр доошоо сууж өгдөг. 2 нүдийг харьцуулахад нэг нь ялимгүй доошоо суусан байдалтай болно гэсэн үг. Бусдаар эрхтэн системийн талаасаа хараа муудах ч юмуу тухайн хүнд нөлөөлөх нөлөөлөл байхгүй. Хөдөлмөрийн чавдар алдалтад хугарлын хэмжээ хэт томоос хамаарч нөлөөлөх магадлалтай. Хагалгааг хэдий хурдан хийнэ нүдний үйл ажиллагаа нь сайжрана гэсэн үг, бусдаар хагалгаа хийгээгүйгээс болж сохрох ч юмуу эрсдэл гаргахгүй гэсэн үг гэв.

4. Гэрч Д.Нэргүйбаатарын: “...Би Сэрээтэр, Батбаяр нарын хамт 23 цагийн орчимд Нитрогийн караоке руу орсон. Тэгээд бид 3 сууж байгаад Сэрээтэр гарч яваад Батбаяр бид хоёр үлдсэн.  Бид хоёр хэсэг байж байтал Батбаяр 2 хүүхэн дагуулаад караокед орж ирсэн. Тэгээд байж байтал Сэрээтэр ирээд Батбаяр гэр рүүгээ зөрөөд явсан. Тэгээд би Сэрээтэртэй хамт тэр 2 хүүхнийг хүргэж өгөх гээд гарсан.  Тэгээд тэр 2 хүүхнийг Боржигоны 2-5 тоотод очино гэхээр нь хүргэж өгсөн юм.  Боржигоны 2-5 тоотод би Сэрээтэр, тэр хоёр эмэгтэйн хамт гэр рүү нь орсон.  Ортол 2 залуу нэг хүүхэн  гэрт байсан.  Тэр хүмүүсийг би болон Сэрэтэр танихгүй. Тэр айлд ороод 20-30 минут сууж байгаад айраг уусан.  Тэр айлд ороход сууж байсан хүмүүс 2.5 литрийн савэы талаар байсан  пивыг уусан. Тэгээд хэсэг байж байгаад хүргүүлж ирсэн 2 хүүхний нэг нь гараад явсан.  Үлдсэн нэг  нь гэр рүүгээ хүргүүлье гэсэн юм.  Тэгээд Сэрээтэр үлдсэн нэг хүүхэн рүү хандаж хүргүүлэх юм бол явъя гэж хэлсэн.  Гэтэл нэг үл таних залуу Сэрээтэрийг гарах гээд үүд рүү явж байхад гараараа нүд рүү нь нэг  удаа цохиод Сэрээтэрийг унагаад тэр гурав гэрээсээ гаргасан.  Сэрээтэрийг тэр залуу цохисны дараа би тэр залууг  салгаад гэрээс аваад гарсан  юм.  Тэгээд эргээд хартал Сэрээтэр гэрийн  гадаа хэвтэж байсан.  Тэгээд Сэрээтэр босоод машин руу яваад очтол Сэрээтэрийг цохисон залуу дахиад Сэрээтэрийг 2-3 удаа алгадсан. Дараа нь гэрт байсан  хүүхэн  Сэрэтэрийг  элдвээр харааж, машин  дотор сууж байхад нь үсэдсэн.  Тэгээд тэнд байсан  хүмүүс гэртээ ороод би Нитрод пиво уусан  байсан  болохоор жолоо барих хүн дуудаж Сэрээтэрийг гэр рүү нь хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

   4. Гэрч Д.Нямсүрэнгийн: “...Би тэр өдөр найз Золзаяагийн  хамт Нитро бааранд орсон  юм. Тэгээд Нитрод Сэрээтэр гэж залуу цаг  уурт ажилладаг  нэг залуутай хамт караокед орчихоод гараад Сэрээтэр, түүнтэй хамт явж байсан  залуу Золзаяа бид 4 нэг шил архи ууя гэж яриад хаана очих вэ гэж байтал манай найз Золзаяагийн эгч нь Золзаяаг дуудсан. Тэгээд Боржигоны 2-5 тоотод бид хэд хамт очсон. Тэнд очиход Золзаяагийн эгч таксинд явдаг Цэрэн гэж залуу Амараа гээд манай хүргэн  ахын дүү  залуу байж байсан.  Тэгээд бид хэд айраг уугаад, нөгөө авч явсан  архиа уусан. Тэгээд би сандал байхгүй болохоор Сэрээтэрийн  өвөр дээр нь сууж байхад Цэрэн  надруу хандаж Амараа бид 2-ыг яи танихаа байжээ гэж тоглож хэлж байсан. Тэгээд би найзыгаа авъя гэж хэлтэл манай найз Золзаяа жоохон байж байгаад явъя гэсэн. Тэгэхээр нь би уурлаад гарч яваад харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

5. Гэрч Б.Отгонцэцэгийн: “...Би 2017 оны 9-р сарын  5-ны өдөр найз болох Цэрэнбаатарыг орой ирж айраг уу гэж утсаар ярьсан бөгөөд орой нь Цэрэнбаатар Амараа гэж залуутай ирсэн.  Амараа гэж залууг би нээх сайн танихгүй.  Тэгээд бид гурав нэг том пиво бас айраг  уусан, тэгээд Золзаяаг дуудсан юм. Тэгээд 2017 оны 9-р сарын 6-ны 01 цагт Золзаяа манайд үл таних хоёр залуу бас нэг эмэгтэй найзтайгаа ирсэн.  Тэр хэд манайд 1 шил архитай ирсэн. Тэгээд манайд авч ирсэн нэг шил архийг бөөндөө ууж дуусгачихаад байж байтал манайд ирсэн 2 залуугийн нэг  нь Золзаяаг яюъя гээд уурлаад байсан юм. Тэгснээ Золзаяа явахгүй гэтэл тэр залуу айрагны шавхруу гаргаж цацаад байсан. Тэгээд гэнэт Амараа гэж залуу очоод гараараа нэг  удаа хөмсөг хавьд нь цохиод унагаасан. Тэр залуу нилээд согтуу байсан. Тэгээд бүгд гараад явсан.  Би гэр дотор үлдсэн. Тэр хэд гадаа жаахан маргалдаж байгаад тэр хоёр залуу яваад өгсөн. Тэгээд Золзаяа Цэрэнбаатар бид гурав манайд хоносон.  Амараа уг асуудал болсны дараа яваад өгсөн. Амараа гэх залуу Сэрээтэрийг айл хүндэлсэнгүй гэх шалтгаанаар цохисон гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

6. Гэрч М.Золзаяагийн: “...2017 онй 9 дүгээр сарын 4-ний өдөр би хотоос ирчихээд маргааш орой нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 5-ны орой Нямсүрэнгийн  хамт НИтро бааранд ороод бүжиглэж байсан юм. Тэгээд манай найз Нямсүрэн манай банкинд байдаг найз караокед байна хамт дуулъя гэсэн  юм. Тэгээд бид 2 ХААН  банкны Баагий гэж залуу, түүний найз Сэрээтэр, цаг уурт ажилладаг  нэг залуу бид 5-жжлаа караокед дуулсан юм.  Нитрогоос бид хэд гараад нэг шил арх ууя гэсэн. Суух газар байхгүй байсан. Тэгээд Отгоо эгч над руу хаана байгаа юм гэж ярьсан. Тэгээд бид хэд тэднийд очихоор болоод Баагий гэж залуу хүргэж өгчихөөд би манай найз Нямсүрэн, Сэрээтэр гэж залуу, бас нэг залуу бид 4 Отгоо эгчийнд очсон.  Тэнд очиход ОТгоо эгч Баатараа гэж залуу бас нэг залуу 3-уулаа сууж байсан. Тэгээд бид нэр 1 шил архи, айраг, 1 том пиво уусан.  Архийг  нь бид 4 авч очсон.  Тэгээд би согтоод түр унтаж байгаад сэрээд гэрээс гарч бие засчихаад байж байтал Отгоо эгч хашааны гаднаас орж ирсэн. Тэгээд Отгоо эгчийн хамт хашааны гадаа гараад юу болсон бэ би Отгоо эгчээс асуухад зодоон болоод нэгнийгээ зодчихлоо гэж Отгоо эгч хэлсэн. Хашааны гадаа машин дотор нь Сэрээтэр сууж байсан. Тэгээд хэрүүл маргаан болж байгаад тэр хоёр машинтайгаа яваад өгсөн. Хашаанаас гараад ирэхэд Отгоо эгч Сэрээтэр гэх залууг Амарааа цохисон гэж хэлсэн, би өөрөө цохихыг нь нүдээр хараагүй ...” /хх-ийн 14/

7. Гэрч С.Цэрэнбаатарын: “...2017 оны 9 дүгээр сарын 5-нд би таксинд явж байтал Отгоо гэдэг найз маань надруу утсаар яриад айраг уухуу гэсэн юм. Тэгээд Отгоогийнд очих гэж байтал Амарбаясгалан гээд найзтайгаа таараад цуг  Боржигоны 2-5 тоотод очсон. Очихдоо бид 2 нэг том пиво аваад очсон. Тэгээд байж байтал Отгоогийн дүү Золоо гэж эмэгтэй бас Нямка гэдэг эмэгтэй үл таних 2 залуу ирсэн. Тэгээд айраг, архи, пиво уугаад байж байтал Золоо гэж эмэгтэйг нэг залуу явъя гээд зандрангуй хэлээд айраг, архи цацаад байсан. Золоо гэж эмэгтэй болохоор явахгүй би эгчийндээ үлдэнэ гэж хэлсэн. Тэгээд Амарбаясгалан тэр залууд хандаж чи болиоч эмэгтэй хүнд тушаагаад байх юм гэж хэлээд үүдээр гарах гэж байх үед ньочоод толгой хавьд нь гараараа нэг удаа цохисон. Яг хаана нь цохисон талаар би сайн  мэдэхгүй байна. Тэгээд тэр цохиулсан залууг яв гэхэд явахгүй, би төсвийн байгууллагын ажилтан та нар юу юм бэ гэх мэт зүйл хэлж байсан. Тэгээд хамт явж байсан найз нь тэр цохиулсан залууг аваад явсан. Тухайн үед Амарбаясгалан тэр айлын эзэн эмэгтэй бид 3 нэг том пивоны талыг  уусан. Айраг  уусан байсан. Үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй нар ирэхдээ нилээд халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

8. Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 170200270 дугаартай дүгнэлтэд: “ ...О.Сэрээтэрийн  биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний эвэрлэгт 2-5-н цагийн хооронд цус харвалт, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний эвэрлэгт 2-5-н цагийн хооронд цус харвалт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 18/

- 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 170200270 дугаартай шинжээчийн нэмэлт шинжилгээний дүгнэлтэд: “...О.Сэрээтэрийн биед зүүн талын нүдний ухархайн дотор хана 1,7 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндийрүү 0,6см гүн хэмжээтэй цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь алгадах болон үсдэхэд үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн шууд үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусдад зодуулсан гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 21/

9. Бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ж.Амарбаясгалан нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 2-5 тоотод О.Сэрээтэрийн бие, эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан болох нь  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Амарбаясгаланд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ж.Амарбаясгалан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Ж.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч О.Сэрээтэр нь мэс засал хийлгэх болон ор хонгоийн төлбөр 1387960 төгрөг бусад зардал 270800 төгрөг нийт  1658760  төгрөг нэхэмжилсэн ба үүнээс толгойн ктг-120000 төгрөг, “Өлзийдэн” ХХК-аас эд зүйл авсан 15800 төгрөг, “Капитрон банк 40,000 төгрөг, ХААН банкнаас 1500 төгрөг нийт 177300 төгрөгийг шүүгдэгч Ж.Амарбаясгалангаас гаргуулан хохирогч О.Сэрээтэрт олгож, нэхэмжлэлээс 93500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мэс засал хийлгэх болон ор хоногийн төлбөр 1387960 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхин, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.Амарбаясгалангаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Догшин баяуд овгийн Жамъяндоржийн Амарбаясгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Амарбаясгаланд дөрвөн зуун нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Амарбаясгалангаас 177300 төгрөгийг гаргуулан хохирогч О.Сэрээтэрт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 93500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1387960 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

  1. Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Сэрээтэр нь хэлэлцэхгүй орхисон 1387960 төгрөгийн нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Амарбаясгалангаас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Амарбаясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай.

 

  1. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ