Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

 

А.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч А.Б /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О,

Хохирогч Ц.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/24 дугаар цагаатгах тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол, прокурор Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр А.Б-д холбогдох 2116000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт А.Б нь Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан 5 дугаар баг Цагаан нуур 2- ... тоотод оршин суух хаягтай, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомашины механикч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ТА............... регистрийн дугаартай,

Шүүгдэгч А.Б нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ны засварын газарт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед иргэн Ц.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цаас зүсэгчийн ирээр түүний баруун бугалга, зүүн шууг зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт буруутгагджээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт А.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 4.262.267 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цамц, цаасны хутганы ир 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирогч Ц.Б-ын өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/24 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нийгэмд аюултай үйлдэл байдаг. Шүүгдэгч А.Б хохирогчийн биед хөнгөн хохирлыг шууд болон шууд бус санаатай хэлбэрээр учруулсан гэх сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар А.Б-ийн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэм буруутай этгээдэд ял завших боломжийг олгож хохирогчийн эрх ашгийг зөрчсөн дүгнэлтийг хийсэн.

Анхан шатны шүүх шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ хүрээнд шүүх хуралдаан дээр би санаатай хутгалаагүй гэсэн мэдүүлэгт үндэслэж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн баруун болон зүүн гарт учирсан гэмтэлд дүгнэлт хийхгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Шүүгдэгч А.Б болон Ц.Б нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэний улмаас маргалдаж хохирогчийн 2 гарт зүсэж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь болгоомжгүй үйлдэл биш юм. Хэрэв болгоомжгүй үйлдэл байсан бол магадгүй хохирогчийн нэг гарт цаасны хутгаар зүсэх байсан, мөн шүүх хуралдааны явцад туршилтаар хохирогч шүүгдэгчийг араас нь тэврэхэд шүүгдэгч болгоомжгүй байдлаар 2 гарт нь ямар ч тохиолдолд зүсэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад бодит байдалд дүгнэлт хийгээгүй.

Хохирогч эрүүл мэндийн хувьд хохирсон болох үйл баримт тогтоогдсон байхад шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/24 дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Үндэслэл нь: Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа боловч хэрэгт авагдсан хэргийн бүрэн дүүрэн нотлоогүй, нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн шууд болон шууд бус санаатай үйлдлээр уг хохирол учирсан байх магадлалтай гэсэн таамаглалд үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эхэлж өгсөн мэдүүлэгтээ “...би араас нь тэвэрч аваад гарч унагасан чинь босож ирээд надтай заамдалцаж хэрэлдсэн. Тэгээд бид 2 салаад би сандал дээр очоод суухад миний гараас цус гарч байсан...” гэж мэдүүлдэг бөгөөд тухайн үед хэдийд нь гар зүсэгдсэн талаар мэдээгүй талаар мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлэг нь тухайн үйл явдлыг харсан гэрч П.Н, Н.Н, О.Г нарын мэдүүлгээр давхар нотлогддог.

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад дахин өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэгтээ “...А.Б над руу орилж дайрч ирээд зүүн гараараа заамдаж авсан. Тэгэхээр нь би болиулах гээд баруун гараараа түлхсэн чинь миний баруун гар луу цохих шиг болсон. Тэгэхээр нь би түлхчихээд О.Г-ийн хажууд суухад миний гарнаас цус гарч байсан. Тэгэхэд А.Б би цаасны хутгаар зүсчихлээ гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн нь өөр бусад байдлаар нотлогдохгүй байх бөгөөд тухайн үйл явдлыг харсан гэрч П.Н-ийн “Ц.Б нь араас нь очиж тэвэрч аваад өргөөд газарт унагасан, тэгээд нэг удаа цохисон, тэгээд би очоод салгасан чинь Ц.Б нь сууж байсан газартаа очоод суусан чинь өмсөж байсан цамцны тохой хэсэг дээр нь цус болсон байсан. Тэгээд үзсэн чинь зүсэгдсэн байсан...” гэх, гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...А.Б-н араас тэвэрчихсэн өргөөд газарт унагаачхаад Ц.Б нь дугуйныхан гэхээр хүн биш юм уу гэж хэлээд нэг удаа цохих шиг болсон, тэгээд Ц.Б буцаад сууж байсан сандал руугаа явсан. А.Б газраас босож ирээд Ц.Б-ыг тоглоом даадаггүй юм уу гэж байсан би шаардахаа бичиж байгаад Ц.Б руу харсан чинь гараас нь цус гарч байсан...” гэх, гэрч О.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ц.Б чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд А.Б-г араас нь баглаж тэврээд газар луу шидчихсэн, ...тэгээд Ц.Б нь миний хажууд буцаж ирээд суусан чинь баруун гарын цамцны суга нь урагдсан цус гарч байсан...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг гэм буруугүйгээр хор уршиг учруулсан бол гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэж улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь хохирогчийн биед хөнгөн хохирлыг шууд болон шууд бус санаатай хэлбэрээр учруулсан гэх сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн гэж үзжээ.

Цагаатгах тогтоолыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй” байдал байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б нь хохирогч Ц.Б-ын бие, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цаасны хутгаар 2 удаа зүссэн, тухайн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Энэ нь хохирогч Ц.Б-ын “Тэгээд байж байтал гаднаас А.Б орж ирсэн тэгснээ намайг дугуйны пиздаа энд юугаа хийгээд явж байгаа юм, дугуйныхан хүн биш гэхээр нь би хэрэлдэж маргалдсан чинь А.Б над руу хүрээд ирсэн тэгсэн чинь би цохиод авсан, тэгсэн чинь миний хөл рүү өшиглөөд эргэхэд би араас нь тэвэрч аваад газар унагасан чинь босож ирээд надтай заамдалцаж хэрэлдсэн” гэх мэдүүлгээр хохирогч шүүгдэгч нар эхлээд маргалдсан үйлдэл нотлогдож байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна." гэж, 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус санаатай байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн бол гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үздэг. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, үүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ. Шууд бус санааны үед гэмт этгээд гагцхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учрах нь зайлшгүйг бус өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай хор уршгийг учруулах боломжтойг урьдаас мэдсэн байх явдал юм.

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-ын дахин өгсөн “...А.Б нь гаднаас орж ирээд дугуйны пиздаа энд үлийгээ хийгээд сууж байгаа юм гэхээр нь би чамд хамаагүй гэсэн, тэгсэн чинь дугуйны пиздаа нар хүн биш А, Ш хоёр нь короно тусаад буцаад хот явсан гэсэн энэ гурван мангар нь дугуйгаа хийж чадахгүй энд байж байгаа юм уу гэхээр нь би чамд хамаагүй гэсэн чинь Говь-Алтайхан мангар, өвцийчихөөд өвгөн шиг юм гэж намайг доромжилсон. Тэгэхээр нь чи пиздаа минь миний нутагт хоолоо олж идэж байж яахаараа тэгдэг юм гэж хэлээд би зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгтэл миний баруун хянга руу өшиглөчихөөд эргэхэд нь араас нь тэвэрч авч газарт унагасан. А.Б босч ирээд над руу орилж дайрч ирээд зүүн гараараа заамдаж авсан. Тэгэхээр нь би болиулах гээд баруун гараараа түлхсэн чинь миний баруун гар луу цохих шиг болсон. Тэгэхээр нь би цааш нь түлхчихээд О.Г-ийн хажууд суухад миний гарнаас цус гарч байсан. Тэгэхэд А.Б би цаасны хутгаар зүсчихлээ гэж хэлсэн. Тэгээд би ажлын газрын эмчид үзүүлчихээд аймгийн төвд ирж нэгдсэн эмнэлгийн 103 түргэн тусламж дээр оёо тавиулсан...тэгэхээр би цуг ажилладаг залуу гэж бодоод өмнө мэдүүлэг өгөхдөө тодорхой юм яриагүй юм аа. А.Б-н эхнэр бид хоёрыг дуудаж Андуудад хоолонд орж, хохирол мөнгийг чинь өгий, та эмчилгээгээ хийлгэ, би энэ сарын цалин мөнгийг чинь өгий гэж байснаа өмгөөлөгч авсанаас хойш тоохоо больсон...” гэх, Н.Н-ийн “...А.Б чамтай яриагүй байна гэж хэлээд миний байсан чиг рүү алхсан байх тэгээд нэг харсан чинь Ц.Б нь А.Б-ийн араас тэвэрчихсэн өргөөд газарт унагаачихаад Ц.Б нь дугуйныхан гэхээр хүн биш юм уу гэж хэлээд нэг удаа цохих шиг болсон. Тэгээд Ц.Б буцаад сууж байсан сандал руугаа явсан....” гэх, яллагдагч А.Б-н “...араас тэвэрч авч өргөж газар шийдсэн. Тэгээд зүүн талын шанаа руу нэг удаа цохисон, тэгэхээр нь би яаж байна гээд босоод ирэхэд Ц.Б-ын баруун гарын цамц нь урагдсан цус дусаж байсан ... Тэгэхээр нь эмчид аваачиж үзүүлсэн ... би баруун гартаа цаасны хутганы ирээ барьсан байсан түүгээр баруун бугалга, зүүн шууг зүсэж гэмтэл шарх учруулсан...” гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч А.Б, хохирогч Ц.Б нарын хооронд үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар барьцалдан авч муудалцсан, уг маргалдааны үед 2 удаагийн үйлдлээр хохирогчийн биед зүсэгдсэн шарх үүссэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б нь өөрийн гарт цаасны хутга байсныг бүрэн мэдэж байгаа, хохирогч Ц.Б-тай маргалдаж, барьцалдаж, хөл рүү өшиглөснөөр хохирогчийн биед гэмтэл учруулах боломжтой, хууль бус шинжтэй гэдгийг ухамсарлаж байсан, уг хор уршгийг хүсээгүй хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.

Мөн гэм буруугийн шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Б болон хохирогч Ц.Б нараар туршилт хийлгэж үзэхэд А.Б-ийн хувьд хохирогч Ц.Б араас нь тэвэрч аваад унагаах үед Ц.Б-ын баруун талын бугалга хэсэгт зүсэх ямар ч боломжгүй нөхцөл байдал байсан болох нь тогтоогддог. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэг зэргээс харагддаг. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар захирамжинд ямар нэгэн байдлаар дурдаагүй байна. Хохирогч Ц.Б-ын биед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүхийн зүгээс А.Б нь хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй.

Хохирогч Ц.Б нь А.Б-тай маргалдаж зодолдохоос өмнө бие нь ямар нэгэн өвчин, зовиур, гэмтэл байгаагүй болох нь тогтоогдсон. Шүүгдэгч А.Б-ийн хувьд гэм буруугаа ухамсарлаж хохирогч Ц.Б-тай мөрдөн шалгах ажиллагааны үед уулзаж хоолонд орж, хохирол мөнгө төгрөг өгөхөөр харилцан ярилцсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад шүүгдэгч А.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч А.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/24 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүй, А.Б нь хохирогчийн биед хөнгөн хохирол шууд болон шууд бус санаатай хэлбэрээр учруулсан гэх сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр нотлогдоогүй гэж дүгнэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ заагаагүй.

Мөн яллах үндэслэл болж буй зарим нотлох баримт буюу зарим гэрч нарын мэдүүлгийг цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт иш татсан байх боловч үйл баримтын талаар ерөнхий, ноцтой зөрүүгүй мэдээлэл агуулсан эдгээр мэдүүлгүүд болон яллах үндэслэл болж буй бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу судалж, үнэлээгүйгээс хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, хэмжээ, байршил, чиглэл болон бусад байдалтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэрэгт  хамааралтай, ач холбогдолтой, эсэхийг хянаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд хохирогч нь прокурорын яллах дүгнэлтэд тусгаснаас өөр газар, өөр цаг хугацаанд, өөр байдлаар уг гэмтлийг авсан байх боломжгүй байх бөгөөд шүүх хуралдааны явцад нотлох баримтад тулгуурлан хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох боломжтой байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв байдлаар үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, хэргийн үйл баримт тогтоож эрх зүйн дүгнэлт өгөх үйл ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгээгүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэг,  39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь  зүйтэй гэж дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.Б

                         ШҮҮГЧИД                           Т.Ж

                                                       Ч.Э