Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/02752

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 23 181/ШШ2024/02752

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, М ББСБ ХХК /РД:5373271/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э /РД:ДИ85111504/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Иргэн ДИ85111504 регистрийн дугаартай Б овогт С Э нь өөрийн байсан 95550732 дугаар дээр 2020 оны 12 сарын 04-ний өдөр 140000594334 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. С.Э нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 03 сарын 23-ны өдөр 800,000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

М ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, булгийн 19 гудамж, 1165 тоот хаягаар шүүхэд хандсан боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 182/Ш32023/14532 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ нь С.Э зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон.

С.Э зээлийн гэрээний үүрэг 2023 оны 10 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 309,602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,930 төгрөг, нийт 1,166,532 төгрөг байх ба оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иимд ДИ85111504 регистрийн дугаартай Б овогт С Э эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.С томилсон 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24/554 тоот итгэмжлэл, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зээл, зээлийн эрх нээх гэрээний хуулбар, хүсэлт, Зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, зээлийн дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2023/14532 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, хүсэлт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ С.Э зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. С.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор С.Э оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э нь зээлийн гэрээнд тусгасан хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2023/14532 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

8. Хариуцагч С.Э эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 1165 тоот хаягт бүртгэлтэй, С Э /РД:ДИ85111504/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. С.Э эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. С.Э оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С /утас: 90091079/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ