| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2116000540066 |
| Дугаар | 2022/ДШМ/16 |
| Огноо | 2022-05-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Ц.Б |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/16
Д.А, Ё.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Прокурор Ц.Б,
Шүүгдэгч Ё.Ц-ийн өмгөөлөгч Ж.М,
Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нарыг оролцуулан
З овогт Д.А Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДВ............. регистрийн дугаартай,
Х овогт Ё.Ц Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДВ............... регистрийн дугаартай,
Шүүгдэгч Д.А нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн иргэн Х.Г-өөс “малчны тэтгэврийн нөхөн даатгалын тэтгэврийн мөнгийг чинь тэтгэврийн санд төлүүлнэ” хэмээн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Х.Г-ийн эхнэр С.О-ээс бэлнээр 2 016 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х.Г-ийн дүү Л.С рүү утсаар “тэтгэврийн сан хаагдах гээд байгаа тул Х.Г ахын чинь тэтгэврийн нөхөн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөх шаардлагатай байна” гэж ярин өөрийн 53180074.... тоот дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлтөд дансаар авсан 500.000 төгрөгийг шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө 1.760.000 төгрөгийн давуу байдал бий болгосон,
Мөн шүүгдэгч Д.А нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн иргэн Д.М-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 02 дугаар сард 350,000 төгрөгийн хахууль авсан,
Мөн шүүгдэгч Д.А нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 06 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн иргэн Ё.Ц-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2020 оны 07 дугаар сард 50,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Ё.Ц нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материал өгснийхөө дараа 2020 оны 06 дугаар сард өөртөө давуу байдал бий болгохоор Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 50,000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэргүүдэд тус тус буруутгагджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Ё.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, З овогт Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-д заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд мөн хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тогтоож,
Шүүгдэгч Ё.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.А-ийн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь яллах дүгнэлтэд дурдагдсан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг тогтоосон шинж нь нотлогдохгүй эргэлзээтэй байхад шүүх яллах дүгнэлтээс хальсан дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ё.Ц-ийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Ж.М миний бие Ё.Ц-д холбогдох 2116000540066 дугаартай эрүүгийн хэргийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ё.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ё.Ц нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материал өгснийхөө дараа 2020 оны 06 дугаар сард өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 50.000 төгрөгний хахууль өгсөн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд Ё.Ц-ийн зүгээс материал өгснийхөө дараа хахууль 50.000 төгрөг өгсөн байдал эргэлзээтэй байгаа. Иймд Ё.Ц-г гэм буруутайд тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг хэргийг дахин хянаж Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
1. Шүүгдэгч Д.А, Ё.Ц нарт холбогдох хэргийн үйл баримтын талаар:
1.1 Шүүгдэгч Д.А нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн иргэн Х.Г-өөс “малчны тэтгэврийн нөхөн даатгалын мөнгийг чинь тэтгэврийн санд төлүүлнэ” хэмээн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Х.Г-ийн эхнэр С.О-ээс бэлнээр 2,016,000 төгрөг,
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х.Г-ийн дүү Л.С рүү утсаар “Тэтгэврийн сан хаагдах гээд байгаа тул Х.Г ахын чинь тэтгэврийн нөхөн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөх шаардлагатай байна” гэж ярин өөрийн 5318007..... тоот дансаар 500,000 төгрөгийг нийт 2 516 000 төгрөг авснаас 756 000 төгрөгийг Х.Г-ийн тэтгэврийн нөхөн даатгалын шимтгэлд төлж, дансаар авсан 500 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хэрэгцээндээ авсан авто машины зээлийн эргэн төлөлтөд шилжүүлсэн байна.
Энэ байдал нь гэрч Х.Г-ийн: “4-5 жилийн нийгмийн даатгалын шимтгэл 3 сая төгрөг төлчихвөл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил чинь хүрэх гээд байна” гэхээр нь 3 сая төгрөг олдохгүй байх, хоёр сая төгрөг л олдох байх. Болох уу? гэхэд “Таны материалыг үзье. Болохоор бол 2 сая төгрөгийн шимтгэл төлөөрэй” гэсний дагуу 2 сая төгрөг бүрдүүлээд эхнэр О-ээр А-т өгүүлсэн. ...Орон тооны бус зөвлөлийн хурлаар ороод улсаас таны 6 жилийг чинь төлөхөөр болчихлоо үлдэгдэл мөнгөө авах уу? гэхээр нь эхнэр О-ийг 9 сард 50 нас хүрч тэтгэвэрт орох болохоор нь шимтгэл төлөөгүй дутуу жилийн шимтгэлээ А-т байгаа мөнгөөрөө нөхөн төлье гэдэг байдлаар өөрт чинь байж байг гэж хэлсэн. Тэгээд дараа нь сумын төв дээр А-тэй тааралдаад шимтгэлийн илүү гарсан мөнгөө авч болох уу? Мөнгөний хэрэг гараад байна гэхэд “Удахгүй өгнө өө” гэж хэлсэн. Тухайн үед 756 000 төгрөг төлсөн эсэхийг хэлээгүй тухай мэдүүлэг” (1 хх 26-29),
Гэрч С.О-ийн: 2020 оны 12 дугаар сарын сүүлээр нөхөр болох Х.Г нь шимтгэл төлсөн жил нь хүрэхгүй байгаагаас 2 сая төгрөгийн шимтгэл төлөх шаардлагатай байгаа талаар хэлсний дагуу С-т зээлдүүлсэн байсан мөнгөнөөсөө 1 сая төгрөгийг ХААН банкны 5069036.... дугаар данс руугаа хийлгүүлж өөрийн уг данснаас 1 520 000 төгрөг авч 500 000 төгрөг нэмээд 2,016,000 төгрөгийг А-т ажлын өрөөнд нь оруулж өгсөн. А илүү гарсан мөнгөө аваарай гэж хэлсэн эсэхийг санахгүй байгаа тухай мэдүүлэг” (1 хх 31-33, 35-36, 71-73),
Гэрч Л.С-ийн: “2020 оны 11 дүгээр сард Г-өөс 1 500 000 төгрөг зээлж авснаас 1 сая төгрөгийг нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр О-ийн хэлсний дагуу түүний данс руу, 500 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А-ийн “Г-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хэрэгтэй байна” гэж ярьсны дагуу мөн түүний данс руу шилжүүлсэн тухай мэдүүлэг” (1 хх 12),
“2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 53180010.... дугаарын данс руу орлого 756 000 төгрөгийг Х.Г-ийн /ДВ........../ нөхөн даатгал гэсэн утгаар хийсэн тухай” орлогын мэдүүлэг (1 хх 150 ),
ХААН банк дахь Д.А-ийн эзэмшлийн 5318007.... дугаар дансны хуулгад үзлэг хийхэд уг дансанд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 80000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 14 цаг 23 минутад Л.С-ийн эзэмшлийн 5040301..... дугаар данснаас 500 000 төгрөгийн орлого орж, дансны үлдэгдэл 580 000 төгрөг болсны дараа 15 цаг 05 минутад 502876.... дугаар данс руу Ө.И ДВ........ УБК ... -49 гэсэн утгаар 530 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн тухай” депозит дансны хуулга, уг хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 хх 222-225) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
1.2 Мөн шүүгдэгч Д.А нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн иргэн Д.М-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 02 дугаар сард 350 000 төгрөгийн хахууль авсан байна.
Энэ нь гэрч Л.М-ийн: “М эгч нь тэтгэвэрт орчихсон. Тэтгэвэр тогтоолгосныхоо дараа А байцаагчид баярласнаа илэрхийлээд тодорхой хэмжээний мөнгө өглөө гэж хэлж байсан” тухай мэдүүлэг (2 хх 85-86),
Гэрч Д.М-ын: “Тэтгэвэрт гарах болсноо мэдэлгүй явж байхад нь А тэтгэврийнхээ материалыг бүрдүүлэх болсон юм биш үү нас чинь хэд хүрч байгаа билээ гэхэд нь 50 хүрч байгаагаа хэлж түүнээс хойш ажилласан жилийн баримтаа бүрдүүлж тэтгэвэрт гарсан. Тэгээд баярлалаа, хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулаарай гээд 350 000 төгрөг түүнд өгсөн тухай” мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл 3 хх 235),
Гэрч Л.С-ийн: “М эгч А байцаагчид юмаа бүтээлгэхийн тулд мөнгө, төгрөг өгсөн байна билээ гэж М түүнд ярьсан тухай мэдүүлэг” (1 хх 7-8) зэргээр тогтоогдож байна.
1.3 Шүүгдэгч Д.А нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 06 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол багийн иргэн Ё.Ц-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2020 оны 07 дугаар сард 50 000 төгрөгийн хахууль авсан байна.
1.4 Шүүгдэгч Ё.Ц нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материал өгснийхөө дараа 2020 оны 06 дугаар сард өөртөө давуу байдал бий болгохоор Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 50,000 төгрөгийн хахууль өгсөн байна.
Эдгээр нь гэрч Л.С-ийн: “Ц нь А байцаагчид мөнгө өгсөн гэдгийг бэр Э нь хэлсэн” тухай мэдүүлэг (1 хх 7-8),
Гэрч С.Э-ийн: “Ц-тай уулзаад сонин сайхан ярилцаж байхад А байцаагчид замын зардалдаа хэрэглээрэй гээд 50 000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Энэ талаар С-тэй уулзаж юм ярьж байхдаа хэлж байсан” тухай мэдүүлэг (2 хх 96-97),
Шүүгдэгч Ё.Ц-ийн: “А байцаагчид 2020 оны 07 дугаар сард сумын төвд тааралдахдаа ямар нэг зүйл саналгүй 50 000 төгрөг өгсөн. Авилга гэж өгөөгүй. Сайн санааны үүднээс өгсөн. Хүүхэд нь өвдөөд эмнэлэг рүү явж байна гэхээр нь хүүхдэд нь зориулж өгсөн. Э гэдэг дүүдээ энэ талаар ярьсан.” тухай мэдүүлэг (2 хх 60-65, шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүгдэгч Д.А-ийн: “2020 оны 06 дугаар сард Ё.Ц нь тэтгэвэрт ормоор байна гэж уулзсан. Нэг сар орчимын дараа гудамжинд Ё.Ц-тай тааралдаж албаны болон хувийн ажлаар аймгийн төв рүү явж магадгүй гэж хэлэхэд 50 000 төгрөг өгөөд замын зардалдаа ч болов нэмэрлэчих гээд өгөхөөр нь аваад 30 000 төгрөгөөр нь архиваас лавлагаа авч үлдсэн 20 000 төгрөгийг нь замын зардалдаа хэрэглэсэн” тухай мэдүүлэг (2 хх 29-36) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А нь нийтийн албан тушаалтан болох нь төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.А нь нийтийн албан тушаалтанд хамаарна” гэсэн албан бичиг (2 хх 195) ,
Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2003 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Д.А-ийг ажилд томилох тухай тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Сумын нийгмийн даатгалын байцаагч нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаардаг тухай мэдээллийг агуулсан албан тушаалын тодорхойлолт (1 хх 239-243) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
2. Нотлох баримтын үнэлгээний талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.
Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг нотлож байна гэж анхан шатны шүүх үнэлсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Хууль хэрэглээний болон давж заалдах гомдлын талаар:
3.1 Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдал гэдэгт албан тушаалын эрх нөлөөг хамааруулахаар, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж үгчлэн тайлбарлажээ.
Шүүгдэгч Д.А нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа тэтгэвэр тогтоолгохоор оршин буй газрынхаа нийгмийн даатгалын байгууллагад хандсан иргэн Х.Г-т малчны тэтгэвэрт орох боломжгүй байна, малчны тэтгэвэрт орохын тулд малчны тэтгэврийн даатгалын шимтгэлд 2 516 000 төгрөг нөхөн төлөх шаардлагатай гэж хэлж 2 516 000 төгрөгийг бэлнээр болон өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч уг мөнгөнөөс 756 000 төгрөгийг Х.Г-ийн малчны тэтгэвэрийн даатгалын шимтгэлд нөхөн төлж, үлдэх 1 760 000 төгрөгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж нийгмийн даатгалын улсын байцаагчид хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, чиг үүрэг, албан тушаалын эрх нөлөөг өөртөө эд хөрөнгийн ашиг олох зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь иргэд, байгууллагад материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах зарчмыг зөрчиж, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл, үнэлэмжийг сулруулах зэрэг материаллаг бус хор уршиг учруулдаг онцлогтой учраас уг гэмт хэргийг материаллаг хохирлын хэмжээнээс үл хамаарах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хууль тогтоогч тогтоосон байдаг.
Прокурор шүүгдэгч Д.А-ийг гэмт хэргийн улмаас өөртөө 1 460 000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэж дүгнэснийг анхан шатны шүүх зөвтгөж 1 760 000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэж зөвтгөн дүгнэсэн нь шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нотлох үүргийн хүрээнд хийгдсэн, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчимд нийцсэнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах зарчимд харшлахгүй байна.
3.2 Шүүгдэгч Д.А нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн хувьд Д.М-д өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлага хангаж байгаа талаар нь мэдэгдэж, ямар баримт материал бүрдүүлэх шаардлагатай талаар нь хэлж Д.М нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосныхоо дараа 350 000 төгрөг өгснийг авсан нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
3.3 Мөн Д.А нь нийгмийн даатгалын улсын байцаагчийнх нь хувьд тэтгэвэр тогтоолгохоор хандсан Ё.Ц-ийн тэтгэвэр тогтоолгох ажлаа хөнгөвчлөх хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор өгсөн 50 000 төгрөгийг авсан нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
3.4 Шүүгдэгч Ё.Ц нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад материал өгснийхөө дараа тухайн асуудлыг хариуцсан нийгмийн даатгалын улсын байцаагч Д.А-т бэлнээр 50,000 төгрөг өгсөн нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хахууль нь хэмжээний хувьд бага байсан ч авилга тархах, хэвшмэл байдлаар үйлдэгдсээр байх нөхцөл, түүнийг хүлээн зөвшөөрөх хандлагыг бүрдүүлдэг, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал, нийгмийн шударга ёс, хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлдөг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй гэмт хэрэг байдаг. Тийм ч учраас энэ төрлийн гэмт хэргийг хахуулийн хэмжээ буюу учруулсан хохирлын хэмжээнээс хамаарахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхаар хуулиар тогтоосон байна.
Тиймээс шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргүүдийг, шүүгдэгч Ё.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Тиймээс шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх яллах дүгнэлтээс хальсан дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгч Ё.Ц нь хахууль өгсөн нь эргэлзээтэй байхад гэм буруутайд тооцсоныг зөвшөөрөхгүй байгаа талаарх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамруулахгүйгээр заасан болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.А, Ё.Ц нарт холбогдох 2116000540066 дугаар эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А, Ж.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж
ШҮҮГЧИД Ш.Б
Ч.Э