Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Баатарчулуун нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Б.Баатарчулуунд холбогдох эрүүгийн 1722000330037 тоот  хэргийг  2017 оны  11 дүгээр сарын 13-ны  өдрийн 15 цаг 00 минутанд  хүлээн  авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сум 1 дүгээр баг Лүнгийн 2-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Халх баян овгийн Баярцогтын Баатарчулуун /РД:ЗГ91020354/ гэв.

Шүүгдэгч Б.Баатарчулуун нь 2017 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн  Гурвансайхан сумын  3 дугаар баг Чингийн 4-5 тоот хашаанаас тус сумын  иргэн С.Энхтайваны 27-23 УНУ улсын  дугаартай “Тоёото приус-11” маркийн тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулж, зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Баатарчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

2.  Б.Баатарчулууны яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ажил хайж байгаад өөрийн эмээ Сэрээтэрийн  гэрт 20 цаг өнгөрч байхад очсон юм. Манай эмээгийнд Энхтайван ах, Баярт ах 2 байсан. Тэр 2 архи уучихсан согтуу байсан. Би гэрт орж хоол идчихээд Энхтайван ахаас машинынх нь түлхүүрийг гуйж аваад машинтай нь дэлгүүр орчихоод эргэж ирээд түлхүүрийг нь буцааж өгсөн. Тэгээд бид хэд унтахаар хэвтсэн, би тэр хэдийг  унтахаар нь хэсэг хэвтэж байгаад босож Улаанбаатарт байгаа эхнэр дээрээ очихоор Энхтайван ахын приус маркийн 27-23 УНУ улсын дугаартай машинд түлхүүр тааруулж асаагаад шууд Улаанбаатар хотруу явсан. Тэр шөнөдөө явж Говь-Угтаал, Цагаандэлгэр сумаар дайрч Улаанбаатар хот СХД 28-р хороо Хөтөлийн 8-13 тоот хашаандаа машиныг тавьсан, тэрнээс хойш машинаар 2 удаа хөдөлж гадуур гарсан. Тэгээд буцаагаад хашаандаа тавиад орхисон. Тэрнээс хойш хөдөлгөөгүй. Манай сумын  төлөөлөгч намайг самранд явсан байхад ирээд машиныг аваад явсан байсан. Би Энхтайванд хэлэлгүйгээр машиныг  унаад явчихсан юм. Машинд учирсан бүх эвдрэл гэмтлийг би учруулсан, машиныг  надаас өөр хэн нэгэн унаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

3. Хохирогч С.Энхтайваны “... 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Гурвансайхан сумын төвд ганцаараа өөрийн “Тоёото приус-11” маркийн 27-23 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөөнөөс ирж машиндаа засвар үйлчилгээ хийлгэсэн юм. Тэгээд орой нь авга эгч Сэрээтэрийнд очиж хоносон. Тэгсэн шөнө 02 цагийн үед манай авга эгч Сэрээтэр намайг сэрээгээд хөөе машиныг чинь Баатарчулуун унаад гараад явчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би босоод хартал гудамжны үзүүрээр эргэж байгаа харагдсан. Баатарчулуун миний машинд түлхүүр тааруулж асаагаад унаад явсан юм билээ. Миний машин онгорхой байсан  юм. Тэгээд хэд хоног хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Сумын цагдаадаа хэлж мэдэгдсэн. Тэгсэн сумын хэсгийн төлөөлөгч Баттулга 2017.07.11-ний үед Улаанбаатар хотоос миний машиныг авчирч өгсөн. Цагдаа Баттулга хэлэхдээ миний машиныг айлын хашаанд тавьсан байхад нь олсон гэж хэлсэн юм. Намайг машинаа авахад миний машины жолоочийн эсрэг талын гупер, керло, нэг талын их гэрэл, буруу талын хойд талын бөгсний нэг гэрэл, урд цапны шаарик зэрэг нь эвдэрсэн, машины данхраад, запас дугуй, мөн машины буруу талын урд дугуйг хийгүй явуулаад  шатаасан, лапатик, савтай ком түлхүүр зэрэг эд зүйлс алдагдсан, машин дотор саравчинд байсан 50000 төгрөг алга болсон. Банк дүүрэн буюу 50 литр А-92 бензин дууссан, урд хайрцганд байсан хиймэл шүд алга болсон, моторын касчир хагарсан зэрэг  хохирол учирсан. Би Баатарчулууныг машин авч яв гэж огт хэлээгүй. Би машиныг хүргэн Жанчиваас 3500000 төгрөгөөр худалдаж авсан. Жанчив машинаа өөрийн танил ах Чулуунтогтохоос худалдаж авсан гэсэн. Уг машины бичиг баримт нь Хан-Агьт ХХК-ний нэр дээр байгаа, би өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа юм. Чулуунтогтох гэх хүн нь машинаа барьцаанд тавиад буцаагаад авсан юм байна лээ. Хан-Агьт ХХК-аас зээл дарагдсан, машиныг шилжүүлж болно гэсэн бичиг өгсөн байна лээ.  Тэр бичиг нь одоо надад байгаа, Чулуунтогтох нь одоо Солонгос улсад байгаа, ирэхээр нь машинаа өөрийн нэр дээр шилжүүлнэ. Би Баатарчулуунаас хохирлын мөнгө болох 1300000 төгрөгийг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/

4.Гэрч С.Сэрээтэрийн “...2017 оны 7 дугаар сарын  5-наас 6-нд шилжих шөнө 03 цагийн үед би унтаагүй сэрүүн байсан. Тэр үед Б.Баатарчулуун  нь бас унтаагүй манай гэрт байж байгаад би гадаа машинд орж унтлаа гэж хэлээд гэрээс гараад хэсэг хугацааны дараа С.Энхтайваны машиныг асааж унаад явсныг би харсан Б.Баатарчулуун жаахан халамцуудуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

   5. Гэрч Д.Энхбаярын “...Манай хүү Дэлгэрсайханы Чулуунтогтох 27-23 УНУ улсын дугаартай автомашиныг хэзээ худалдаж авсныг сайн мэдэхгүй байна. Манай хүү суман дээр амьдардаггүй байсан болохоор сайн мэдэхгүй байна.  Ямар ч байсан Приус-11 машин авч унаж байгаад Ө.Жанчивт 2016 оны 2 дугаар сард Сайхан-Овоо суманд ирж зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

   6. Гэрч Ө.Жанчивын “...Би 27-23 УНУ улсын  дугаартай авто машиныг 2016 оны 2 дугаар сард Д.Чулуунтогтох гэдэг хүнээс 4500000 төгрөгөөр  худалдаж авсан. Аваад Сайхан-Овоо суманд 2017 оны 2 дугаар сар хүртэл унаж байгаад хадам аав болох Энхтайван гэх хүнд 3500000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

   7. Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн актад: “...тээврийн хэрэгсэл-4000000 төгрөг, авто засвар-250000 төгрөг, автомашины их гэрэл-200000 төгрөг, авто шилний гэрэл-200000 төгрөг, урд цапны шаарик-20.000 төгрөг, данхраад-20000 төгрөг, авто машины засварын түлхүүр-100000 төгрөг, бензин АИ-92-50 литр-87500 төгрөг, хиймэд шүд-дээд тагнай- 80000 төгрөг, касчир-100000 төгрөг, запас дугуй-80000 төгрөг, обудгүй дугуй-35000 төгрөг, лапатик 2ш-15000 төгрөг...” /хх-ийн 31-33/

8. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Баатарчулуун нь 2017 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн  Гурвансайхан сумын  3 дугаар баг Чингийн 4-5 тоот хашаанаас тус сумын  иргэн С.Энхтайваны 27-23 УНУ улсын  дугаартай “Тоёото приус-11” маркийн  тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулж, зөвшөөрөлгүй Улаанбаатар хот хүртэл унаж явсан болох нь  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Баатарчулуун нь хохирогч С.Энхтайваны эзэмшлийн 27-23 УНУ улсын  дугаартай “Тоёото приус-11” маркийн  тээврийн хэрэгслийг унаж  явахдаа  уг  машины жолоочийн эсрэг талын гупер, керло, нэг талын их гэрэл, буруу талын хойд талын бөгсний нэг гэрэл, урд цапны шаарик зэргийг  эвдэлсэн, 2  дугуйг нь  шатаасан, моторын  касчерийг  хагалсан  зэрэг  гэмтэл учруулсан  болох  нь  шүүгдэгч, хохирогч  нарын  мэдүүлгээр  тус тус  тогтоогдож  байна.

Хохирогч С.Энхтайван  нь “машины данхраад, запас дугуй, лапатик, савтай ком түлхүүр, машин дотор саравчинд байсан 50000 төгрөг, урд хайрцганд байсан хиймэл шүд зэрэг алга болсон”  гэж, шүүгдэгч Б.Баатарчулуун “машины данхраад, запас дугуй, лапатик, савтай ком түлхүүр зэрэг  нь  манай хашаанд үлдсэн  байна  лээ. 50.000 төгрөг, хиймэл шүд хоёр байсныг нь  мэдэхгүй. Алга болсон  байна  гэхээр  нь  төлсөн  ” гэж  тус  тус  мэдүүлж  байх ба дээрхи эд зүйлсийг  шүүгдэгч  Б.Баатарчулуун шунахай сэдэлтээр авсан, ашигласан   гэх үйлдэл  хэрэгт  авагдсан баримтуудаар тогтоогдохгүй  байна.

Иймд шүүгдэгч Б.Баатарчулууныг С.Энхтайваны эзэмшлийн 27-23 УНУ улсын  дугаартай “Тоёото приус-11” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Баатарчулуун нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.  

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгч Б.Баатарчулуунд  Эрүүгийн  хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Баатарчулуун хохирогч С.Энхтайванд 1300000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Халх баян овгийн Баярцогтын Баатарчулууныг С.Энхтайваны эзэмшлийн 27-23 УНУ улсын  дугаартай “Тоёото приус-11” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатарчулуунд таван зуун нэгжээр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1300000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг төлсөн ба хохирогч С.Энхтайван гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баатарчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай.
  5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ