МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Нямаа
Улсын яллагч: Д.Баянмөнх
Хохирогч: Б.Чулуунхүү
Шүүгдэгч: Ө.Хадхүү нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Хадхүүд холбогдох 1722000450031 тоот хэргийг 2017 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1991.07.19-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, МТ ХХК-ийн Дундговь аймгийн Сайнцагаан суман дахь ШТС-д түгээгч ажилтай, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 2-30 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЗ91071911/ Уургач овогт Өлзийбатын Хадхүү нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ө.Хадхүү нь 2017 оны 8 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Чулуунхүүг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүгдэгч шүүх хуралдаанд: 2017 оны 8 сарын 24-ний өдөр …бид хуруудаж байтал Санзай, Зандраа хоёр айраг асгасан. Гэтэл Б.Чулуунхүү “та нар манай айргийг голоод байна уу” гэж уурлаад ширээгээ нүдээд босоод ирсэн. Тэгэхээр нь би “чи юун сүртэй юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Баярбаатар ах “манай хүүг та нар аллаа шүү дээ” гээд босоод ирсэн. Намайг зуухных нь хойно зогсч байхад тийрээд зуухан дээр унагасан. Би босч ирээд Б.Чулуунхүүгийн нүүрэнд нэг цохьсон. Б.Чулуунхүү зөрүүлээд миний уруул дээр нэг цохьсон. Тэгээд манай хэд намайг аваад гарсан гэж мэдүүлэв.
- Хохирогч шүүх хуралдаанд: С.Санзайжамц эд нар дэмбээдэж байгаад айраг асгахаар нь би “та нар яагаад айраг асгаад байгаа юм бэ, аштайхан уу” гэж шаардлага тавьсан. Тэгтэл Ө.Хадхүү “чи яагаад ингээд байгаа юм бэ” гээд намайг шууд цохьсон. Гэрт үймээн болж айраг асгасан. Би маргааш нь аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн, нөгөөдөр нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр эмнэлэгт үзүүлээгүй. Эмчилгээ хийлгээгүй гэв.
- Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017.08.24-нд Луус сумын 2-р багийн нутаг дэвсгэр Өлзийцагаан гэх газар гэртээ байж байтал 22 цагийн үед аймгаас Ө.Хадхүү, С.Санзайжамц түүний эхнэр Б.Одончимэг танил нь гэх эхнэр нөхөрүүд хуруудна гээд ирсэн. Манайд саахалтын Боож гэх залуу байсан. Тэгээд дэмбээдэж, хуруудаж байгаад С.Санзайжамц, Боож хоёр хултай айрагаа чи уу гээд бие бие рүүгээ түлхээд асгаад байхаар нь та 2 айлд ирчихээд битгий айраг асгаад бай жаахан замбараатай бай гэсэн чинь хажууд сууж байсан Ө.Хадхүү гэх залуу босч ирээд чи яасан сүртэй пизда вэ, хэзээ ийм болчихсон юм. Хүмүүс айраг уугаад асгаж л байдаг шүү дээ гээд миний нүүр лүү гараараа цохиод унагаасан. Тэгээд би босч ирээд яаж байгаа юм гэсэн чинь хүмүүс хориод хорьж байх зуур миний нүүрэнд Ө.Хадхүү хэд хэдэн удаа цохьсон. Маргааш өглөө нь Ө.Хадхүү гэрт ирэхээр нь чи яаж байгаа юм гэсэн чинь хэл амаар доромжлоод чамайг цохих газар алга, цохих газар чинь гүйцсэн байна гээд гараараа толгой руу чичилж байгаад явсан гэжээ. /хх-5-6/
- Гэрч Х.Баярбаатар /Б.Чулуунхүүгийн эцэг/ мэдүүлэгтээ: Тэр өдөр айлын хүүхдийн даахь үргээх найранд оччихоод гэртээ ирээд халамцуу унтаж байсан юм. Нэг мэдэхэд гэрт нилээн олон хүн ирээд хуруудаж дэмбээдээд байх шиг байсан. Яг ямар хүмүүсийг ирсэнийг нь мэдээгүй. Нэг сэргэхэд манай хүү Б.Чулуунхүү та нар айраг битгий асгаад бай тохитой байцгаа гэж хэлж байхыг сонссон. Тэгээд өндийгөөд юу болж байгааг ажиглаад сууж байтал манай хүү гэрийн хойно баруун урагшаа хараад Ө.Хадхүү баруун талд хөхүүрийн өмнө зогсож байснаа Б.Чулуунхүү рүү дайраад баруун гараараа зогсож байхад нь цохихыг харсан. Б.Чулуунхүү босч ирээд Ө.Хадхүүгийн хөлнөөс нь тэврээд та яаж байгаа юм болиоч гээд хүмүүс салгасан. Маргааш өглөө нь Ө.Хадхүү хүмүүстэй ирээд чамд цохих газар алга гэж хэлчихээд явахыг би сонссон гэжээ. /хх-10/
- Гэрч Ц.Зандраа мэдүүлэгтээ: 2017.08.24-ний өдөр Ө.Хадхүү С.Санзайжамц нартай тааралдаад Ө.Хадхүүгийн хөдөө гэрт нь очсон. Тэгтэл Б.Чулуунхүү дуудаад манайд хүрээд ир хуруудая, найрлая гэсэн. Тэгээд бид хэд 2 машинтай очсон. Тэгээд 2 тал болж хуваагдаад хуруудаж байтал Б.Чулуунхүүгийн аав, ээж нь айлын найранд суугаад ирлээ гээд нилээн халамцуухан ирсэн. Тэгээд та нар наад найр наадмаа эхлүүлээч үргэлжлүүлэхгүй бол бүгдийг чинь буудна шүү гээд байсан. Тэгсэнээ гадаа гараад унтсан. Тэгээд хуруу нилээн дундаа орж байтал Б.Чулуунхүү гэнэт уурлаад манай айргийг голлоо гээд агсам тавьсан. Тэгээд Ө.Хадхүүг чи яагаад байгаа юм гээд нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Ө.Хадхүү буцаагаад нүүрэн дунд нь нэг удаа гараараа цохьсон. Тэгсэн аав нь босч ирээд хүүхэд аллаа гээд уурлаж байсан гэжээ. /хх-13
- Гэрч С.Санзайжамц мэдүүлэгтээ: ... Б.Чулуунхүү тэр архийг бараг ганцаараа шахуу уусан. Тэгээд би хуруудаж байсан хүмүүст айраг аягалж өгөөд байж байсан юм. Тэгсэн Ц.Зандраад айраг өгсөн чинь цалгиад жоохон асгасан чинь тэрнийг харчихаад та нар манай айргийг голлоо, сөн хэлтийлгэлээ гээд над руу уурлаж байснаа Ө.Хадхүү рүү чи яагаад байгаа юм гээд Ө.Хадхүүг нэг цохьсон. Тэгсэн чинь Ө.Хадхүү буцаагаад нүүрэн дунд нь нэг удаа цохьсон. Тэгсэн чинь аав нь босч ирээд нохойнууд минь яах гээд байгаа юм, хүүхэд аллаа гээд Ө.Хадхүүг тийрээд зуухан дээр унагаасан. Гэрт байсан айргийг бол намайг Б.Чулуунхүү түлхэхэд би налж унаад асгасан. Аягыг бол Б.Чулуунхүү өөрөө хагалсан. Чи яагаад хулаа хагалаад байгаа юм гэж Отгоо хэлсэн чинь яадгийн гээд цохиод авсан” гэжээ /хх-15/
- Гэрч С.Энхбаатар мэдүүлэгтээ: …би С.Санзайжамцтай дэмбээдэж байтал Б.Чулуунхүү айраг асгалаа п...-нууд яагаад байгаа юм, доромжлоод байгаа юм уу гээд над руу дайрахаар нь би асгаагүй гээд байж байтал аав нь голоор нь ороод над руу агсраад байсан. Тэгээд би зодоон болох нь гээд гараад явсан. Ө.Хадхүү хамт гарч ирснээ буцаж ороод нэг их удалгүй гараад ирсэн. Тэгээд бид нар бөөн юм болох нь гээд Ө.Хадхүүг аваад гэртээ ирсэн. Өглөө нь Б.Чулуунхүүгийнд Ө.Хадхүүгийн хамт очиход та нар намайг ийм болгочихдог нь яаж байгаа юм гээд нүд нь хавдчихсан байсан. Тэгсэн Ө.Хадхүү бид чамайг яагаа ч үгүй шүү гэж хэлчихээд яваад өгсөн гэжээ. /хх-11/
-
- Гэрч Б.Одончимэг мэдүүлэгтээ: ... тэгээд бид хэд хуруудахаа үргэлжлүүлээд байж байтал Б.Чулуунхүү гэрт нь авч очсон Онги архийг ганцаараа шахуу уусан. Тэгсэн ээж нь чи болиоч согтлоо гэж хэлж байсан. Тэгээд би жаахан сууж байгаад машин дотор ороод унтаж байсан чинь Ц.Зандраагийн эхнэр нь цонх тогшоод Б.Чулуунхүү хамаг юмаа тийрээд унагчихлаа гэхээр нь би ороод нөгөө хэдийг гаргасан юм. Намайг ороход Ө.Хадхүү босож ирээд чи яагаад байгаа юм гээд зогсож байсан. Б.Чулуунхүү Ө.Хадхүүг нэг удаа цохьсон. Тэгсэн Ө.Хадхүү буцаагаад нэг удаа нүүрэнд нь цохьсон. Б.Чулуунхүү нь уусан архиныхаа шилээр шаазан хулаа хагалаад байсан. Хойд талын бурхан тахил руу хүрсэн юм байхгүй гэжээ /хх-14/
- 2017.08.25-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсанд “2017.08.25-ны өдрийн 22 цаг 20 минутанд Б.Чулуунхүүгийн гол зовиур толгой өвдөнө, баруун нүд өвдөнө. Урьдчилсан оношоор тархины доргилт, баруун нүдний зөөлөн эдийн гэмтэл” гэжээ /хх-18-19/
- Шинжээчийн 2017.08.29-ний өдрийн 170200258 тоот дүгнэлтэд “Б.Чулуунхүүгийн биед баруун нүдний эвэрлэгт цус харавсан, зовхи болон духанд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Нүдний эвэрлэгт цус харавсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-17/
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.
Эдгээр баримтаар шүүгдэгч Ө.Хадхүү нь 2017 оны 8 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ”Өлзийцагаан” гэх газарт нутаглах иргэн Б.Чулуунхүүтэй маргалдаж, улмаар хохирогч Б.Чулуунхүүгийн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч Ө.Хадхүү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар давхар батлагдаж байна.
Шүүгдэгч Ө.Хадхүү нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирогч Б.Чулуунхүү нь “Ө.Хадхүүд одоо гомдолгүй, эвлэрэх хүсэлтэй байна” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч тухайн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан “хэргийг хэрэгсэхгүй болгох” үндэслэлд хамаарахгүй байна. Иймд шүүгдэгч Ө.Хадхүүг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч талын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн нь гэрч Ц.Зандраа, С.Санзайжамц, С.Энхбаатар, Б.Одончимэг нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тухайн нөхцөл байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогчийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүхээс хугацаа тогтоох шаардлагатай байх тул торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоохоор шийдвэрлэлээ.
Хэргээс үзэхэд цагдаагийн байгууллага хохирогч Б.Чулуунхүүгийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2017 оны 8 сарын 25-ны өдөр хүлээн авч, 8 сарын 28-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мөн өдөр мэдүүлэг авсан байна. Хохирогч Б.Чулуунхүү мэдүүлэгтээ өөрийг нь цохьсон хүнийг “Ө.Хадхүү” гэж нэр заан мэдүүлсэн байна. /хх 2-6/ Хохирогч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэн заасан тул Ө.Хадхүү нь гэмт хэрэг үйлдсэнд сэрдэгдсэн этгээд буюу сэжигтэнд тооцогдох үндэслэлтэй. Сэжигтэн нь ямар хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдэх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхийг юуны өмнө эдлэх ёстой. Энэ эрхээ эдлэх боломжоор хангалгүйгээр гомдол мэдээлэл хүлээж авснаас хойш бараг сарын дараа буюу 2017 оны 10 сарын 2-ны өдөр Ө.Хадхүүг гэрчээр байцаасан /хх-12/ нь буруу байна. Иймд хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж бэхжүүлсэн баримтыг шүүх нотлох баримтаар тооцохгүй, мөн ийм баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл,
36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
- Шүүгдэгч Уургач овогт Өлзийбатын Хадхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Уургач овогт Өлзийбатын Хадхүүд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
- Шүүгдэгч Ө.Хадхүү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, шүүгдэгч Ө.Хадхүү нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
- Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг шүүгдэгч Ө.Хадхүүд даалгасугай.
- Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол уг ялыг хорих ялаар солихыг Ө.Хадхүүд мэдэгдсүгэй.
- Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Хадхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан гэрч Ө.Хадхүүгийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ