Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

А.Н-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор А.Н-т холбогдох 2116000830100 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овогтой А.Н Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, 40 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай 2- ... тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДК.................. регистрийн дугаартай,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар,

2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч А.Н нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Жанжин малгайтай цэцэрлэгийн дээд талын автобусны буудал дээр 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр П.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөсний улмаас П.Д-ийн биед зүүн талын дагзны суурь хэсгээс зүүн талын зулай ясны ар хэсэг хүртэл шугаман, сэлтэрсэн далд хугарал, уг хугарлын хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, духны баруун дэлбэнд цусархаг няцрал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн дэлбэнд цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт буруутгагджээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас А.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овгийн А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ын цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-аас гэм хорын хохиролд 589.500 төгрөгийг гаргуулж хохирогч П.Д-д олгож, нийт 2.063.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 820.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 653.200 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч А.Н-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Н нь хохирогчид 300.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч П.Д нь Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явсан замын зардал болон хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.Н би Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүн зодоогүй. Мөн би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 22 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд 21 хоног гэж зөрүүтэй тогтоосон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Үйл баримтын талаар: Шүүгдэгч А.Н нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Жанжин малгайт цэцэрлэгийн баруун талын автобусны буудал дээр П.Д-тай маргалдаж улмаар нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөж П.Д-ийн биед зүүн талын дагзны суурь хэсгээс зүүн талын зулай ясны ар хэсэг хүртэл шугаман, сэлтэрсэн далд хугарал, хугарлын хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, духны баруун дэлбэнд цусархаг няцрал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн дэлбэнд цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учруулсан байна.

 

Энэ үйл баримт нь гэрч М.Х-ын: “2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Жанжин малгайт цэцэрлэгийн автобусны буудал дээр сууж байхад А.Н гэдэг залуу хүрч ирээд П.Д нь түүнийг “Чам шиг гуйлгачин надтай харьцахгүй шүү” гэсэн утгатай зүйл хэлэхэд А.Н нь П.Д-г шууд нүүр лүү нь хар өнгийн бакал гуталтай хөлөөрөө өшиглөхөд П.Д арагшаа автобусны буудлын хананы хамгаалалт төмрийг мөргөөд хамарнаас нь цус садраад тогтохгүй байсан тул сугадаж авч явах гэхэд хөл нь орооцолдоод явж чадахгүй байсан тухай мэдүүлэг (1 хх 16, 212),

Гэрч Н.Д-ийн: “П.Д, А.Н хоёр маргалдаад унахаар нь Сутайн хороонд хүнтэй уулзчихаад ирье гэж хэлж яваад удалгүй буцаж ирэхэд нь Д буюу Д-ийн нүүр цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад Н нүүр рүү цохьчихоод явсан талаар Х түүнд хэлсэн” тухай мэдүүлэг (1 хх 15),

Хохирогч П.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр автобусны буудал дээр сууж байгаад бөөлжөөд босч ирэх үед нэг хүн ирсэн. Нэг мэдэхэд нүүр рүү юм ирээд цохих шиг болсон. Толгой эргээд хойшоо саваад унасан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Хожим нь А.Н-тай маргалдаж байснаа санасан. Хотод гэмтлийн эмнэлэгт 14 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 1 800 000 төгрөг гарсан. Одоо группэд орсон байгаа” тухай мэдүүлэг ,   

Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.А-ын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн: “П.Д-ийн биед зүүн талын дагзны суурь хэсгээс зүүн талын зулай ясны ар хэсэг хүртэл шугаман, сэлтэрсэн далд хугарал, уг хугарлын хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, духны баруун дэлбэнд цусархаг няцрал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн дэлбэнд цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тухай” тухай 230  дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хх 28) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Нотлох баримтын талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээний талаар: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Н нь хохирогчтой маргалдаж гуйлгачин гэж хэллээ гэсэн шалтгаанаар урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн санаа сэдэлтээр хохирогчийг нүүр рүү нь өшиглөсөн байна.

 

Шүүгдэгч А.Н нь хүний нүүр рүү нь өшиглөх үйлдлийнх нь улмаас хохирогчийн биед ноцтой гэмтэл учрах, эрүүл мэнд нь эрсдэлд орох магадлалтай гэдгийг ухамсарлах боломжтой байсан ч санаатайгаар хохирогчийн нүүр рүү өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч А.Н-ын хохирогч П.Д-г нүүр рүү нь өшиглөсөн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёр нь шууд шалтгаант холбоотой байна.

Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгч А.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаарх дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Н-ын би гэмт хэрэг үйлдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд  тохирсон байна.

 

Шүүгдэгч А.Н нь шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 589.500 төгрөгийн 560,000 төгрөгийг нь Х.И-ын дансаар, 29500 төгрөгийг нь бэлнээр өгч анхан шатны шүүх хуралдаанаас хойш барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг тооцохдоо тооцооллын шинжтэй алдаа гаргасан нь дангаараа давж заалдах гомдол гаргах үндэслэл болохгүй, тухайн шүүхэд хүсэлт гаргах замаар залруулах боломжтой ч давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянах, хөнгөрүүлэн өөрчлөх эрх хэмжээнийхээ хүрээнд уг алдааг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд бодитой дүгнэлт хийж, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тиймээс шүүгдэгч А.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гарсан тооцооллын алдааг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Н-т холбогдох 2116000830100 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад  “21”  гэснийг “22” гэж  өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож 65 хоногийг ял эдлэх хугацаанаас нь хассугай.

 

3. Шүүгдэгч А.Н нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 589 500 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурьдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.Б

                          ШҮҮГЧИД                           Т.Ж

                                                                                                                                Ч.Э