| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/20217/01291/И |
| Дугаар | 155/ШШ2018/00116 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2018/00116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1993 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн *************сумын 6 дугаар багт оршин суух, ************** дугаар регистртэй, Их мэргэд овогт Энхтайваны Бын
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *************суманд 1995 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн *************сумын гал түймэр унтраах аврах ****** дугаар ангид аврагч гал сөнөөгч ажилтай, Хөвсгөл аймгийн *************сумын Мандал багт оршин суух, **************** дугаар регистртэй, ЗХ овогт Ч-ын Л--д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/01291/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Ч.Л нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Лтай сургуульд байхдаа танилцсан бөгөөд 2016 оны 05 сараас хамт амьдарч, энэ хугацаанд 2017 оны 04 сарын 16-ны өдөр охин Л.Хг төрүүлсэн. Гэвч Ч.Л нь эцэг хүний хариуцлага байхгүй, хамт амьдрах хугацаанд намайг удаа дараа зодож байсан. Ээлжийн ажилтай боловч амарч байх хугацаандаа гэртээ тогтдоггүй зэргээс маргаан гардаг байсан. Мөн өөр эмэгтэйтэй дотно харьцаатай болсон тул цаашид бид гэр бүл болох боломжгүй болсон. Ч.Л эвлэрье гэж байгаа боловч энэ асуудлыг би ганцаараа шийдэж чадахгүй. Охин Л.Хг төрөхөд Ч.Л төрсний гэрчилгээ авахдаа өөрийн нэрээр овоглосон байсан. Иймд Ч.Лаас охин Хд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид сургуульд байх үеэс бие биенээ мэддэг байсан ба үерхэж дотносоод 2016 оны 05 сараас хамт амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас охин Л.Х 2017 онд төрсөн, миний хүүхэд мөн. Бидний дунд маргаан гараад тусдаа амьдарч байгаа ч охиноо бодоод цаашид хамт амьдрахыг хүсч байна. Гэхдээ охин Л.Х-д хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Ч.Л-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Э.Б, Ч.Л нар 2016 оноос хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр охин Л.Х төрж, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн тухай 6731000043 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн *************суман ЭМТ-ийн эмчийн ...Э.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 16-нд 3.300гр охин төрүүлсэн. Охин Х нь одоо 7 сартай, эсэн мэнд бойжиж байгаа нь үнэн гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн *************сумын Давааны ар багийн Засаг даргын Энхтайван овогтой Б /**************/ нь *************сумын Давааны ар багт аав, ээж, дүү, охины хамт ам бүл 5 амьдардаг нь үнэн гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Л.Х гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ч.Лаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Л.Хг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Л.Х 9 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг охин Л.Хд сар бүр хариуцагч Ч.Л төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Л.Хд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болж байна.
Хүүхдийн тэтгэлэг 1.041.000 /нэг сая дөчин нэгэн мянга/ төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 29.534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 40.666 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Л.Хг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ЗХ овогт Ч-ын Лаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 29.534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 40.666 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Лаас улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.Бад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА