Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2023/00936

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2023/00936

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  В.Жнэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШГ ХХК***холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, 155/2023/00805/и дугаар индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билэгсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Гал-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Ж***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Ж***миний бие ШГ ХХК*** дэд захирал З.Г тэй  аймаг дахь ШШГГ-ын алба хаагчдын *** айлын орон сууцнаас *** давхрын *** тоот (57,85 м.кв) 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 1,815,039 төгрөгөөр үнэлэн 75,000.000 (далан таван сая) төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн төлбөрт MITSUBISHI-TRITON загварын L-200 маркийн автомашиныг 30,000,000 (гучин сая) төгрөгөөр тооцон нийт 105,000,000 (нэг зуун таван сая) төгрөгөөр худалдан авахаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2022/23 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан бөгөөд З.Гал-Эрдэнийн 5890504620 тоот дансанд 71,000,000 (далан нэгэн сая) төгрөгийг шилжүүлж, ШГ ХХК-ны захирал З.Г-д2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний нөхөр В.Б-ийн нэр дээрх MITSUBISHI-TRITON загварын L-200 маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн. Уг орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үзэхэд барилгын материал хураасан агуулахын зориулалтаар ашиглаж байсан бөгөөд барилгын дотор засал огт хийгдээгүй, угаалтуурын өрөөг ашиглалтад оруулаагүй байсан. З.Г-Энь орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нүүж ороход бэлэн болгож өгье гэж хэлсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 22-нд орон сууцандаа орохоор ирэхэд паркетан шал хийж, жижиг өрөөний ханын обой нааснаас өөр хийсэн зүйл огт байгаагүй тул байрны үлдэгдэл төлбөр болох 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөс ханын обой 414,500 төгрөг (Түвшин ундраа ХҮТ), обой наалгах ажилд 500,000 төгрөгийг (н.М), дотор талын өрөөний 4 хаалга худалдан авахад 880,000 төгрөг (Баян-Сүмбэр БМД), угаалтуурын өрөөний банн, суултуур, угаалтуур суулгахад шаардагдах материалууд, хаалганы цоож, ручка, обойкы цавуу, силкон зэрэг барилгын материалуудыг худалдан авахад 479,000 төгрөг нийт 2,273,500 (хоёр сая хоёр зуун далан гурван мянга таван зуу) төгрөгийг зарцуулж энэ тухай З.Г-Э-д миний охин Б.Б тухай бүр утсаар хэлж байсан бөгөөд дансны хуулга, барилгын материалын дэлгүүрээс зарлагын баримтуудыг авч баримтжуулсан. Мөн З.Г-Э нь эхнэр М.Б-ийн ***** дансаар 200,000 төгрөг, Б.Л ийн *** тоот дансаар 99,000 төгрөг, З.Г-н дансаар 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,427,500 (нэг сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуу) төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 105,000,000 (нэг зуун таван сая) төгрөг буюу төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан байна. Уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байгаад миний бие сэтгэл санааны хямралд орж байгаа тул цаашид үүсч болзошгүй эрсдлээс хамгаалж орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 8 дугаар баг 49 дүгээр байрны 1 давхрын 3 тоотыг н.Г-Э-тэй гэрээ байгуулж 105,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.Энэ тохиролцсон ёсоор үүргээ биелүүлж мөнгийг бүрэн төлж барагдуулсан.  Гэрээний 5.3-т зааснаар тагтны үнэ 3,630,078 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. 57,85 метр квадрат 2 өрөө байрны өмчлөгчөөр  В.Жавзансүрэнг тогтоож өгөөч гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э шүүхэд гаргасан тайлбартаа: В.Ж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын 35 айлын орон сууцнаас 57,85 м.кв бүхий 1 давхрын 3 тоот 2 өрөө байрыг захиалсан. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/23 дугаартай захиалгын гэрээг байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 71,000,000 төгрөг, мицибуши тритон Л-200 маркын авто машиныг 30,000,000 төгрөгөөр үнэлэн тооцож авахаар гэрээнд тусгасан. Уг авто машиныг байрны төлбөрт авсан. 1 давхрын 3 тоотын засварын ажлыг гүйцэтгэхэд л шаардлагатай обойг манай компанийн зүгээс санал болгосон ч таалагдахгүй байна гээд өөрсдөө обой авахаар болсон. Тухайн үед барилгын дотоод заслын ажил хийгдэж байсан. Компанийн зүгээс тухайн сууцыг засварлах хуваарь болоогүй, засварлах ажилтан гаргаж өгөх боломжгүй, ажилчид хариуцсан ажилтай, ажил ихтэй байсан тул захиалагчийн охин Б.Б өөрөө хийе гэсэн. Хүлээх боломжгүй байна, Улаанбаатар хотоос аав ээж ирэх гэж байгаа, сургуулийн хүүхэд авч ирэх учраас өөрсдөө үлдсэн дутуу засварын ажлыг дуусгахаар болсон. Харин дутуу ажилд шаардлагатай байсан материал /ванн, суултуур, угаалтуур, обойны цавуу, паркетин шал, шалны зөөлөвч/ зэргийг захиалагчийн охин Б.Б-д хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш компанийн зүгээс зарим ажлыг ажилчдаараа хийлгэсэн. Мөн манайд ашиглагдаж байгаа материалаас өндөр үнэтэй материалыг өөрсдөө орон сууцанд хэрэглэсэн бол засварын ажилд хэрэглэж буй материалын үнээс өндөр байвал зөрүүг компани хариуцахгүй гэж тохиролцсон. Нэхэмжлэгчийн гаргасан 71,000,000 төгрөг, 99,000 төгрөг, 1,000 төгрөг, 1427,500 төгрөг, мөн мицибуши тритон Л-200 маркын авто машиныг орон сууцны төлбөр авсан, нийт 102,546,500 (нэг зуун хоёр сая таван зуун дөчин зургаан мянга таван зуун) төгрөгийг байрны төлбөрт авсан байна. Харин ханын обой 414,500 төгрөг, дотор талын өрөөний 4 хаалга 880,000 төгрөг, угаалтуурын өрөөний ванн, суултуур, угаалтуур суулгахад шаардлагатай материалууд хаалганы цоож, ручка, обойны цавуу, силкон худалдан авсан гэх 479,000 төгрөг, обой наалгах ажлын 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 1 давхрын 3 тоот өрөөний бүргэд хаалга хийгдсэн байсан, цоож, ручкатай хүлээн авсан. Хаалганы цоож ручкыг захиалагч өөрөө сайн дураараа сольсон.

В.Ж-тэй 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/23 тоот гэрээний 5.3-д “Орон сууцны худалдах талбайн хэмжээ барилгын зураг төсөлд үндэслэн орон сууцны дотор хананаас дотор ханын хоорондох хэмжээс байна. (одоо мөрдөгдөж байгаа норм, стандартаар) тагтны талбайн хэмжээг 50 хувиар тооцож худалдах үнэд оруулан тооцно. Гэрээний 1.3-т заасан талбайн хэмжээнд тагтны хэмжээ ороогүй болно” гэж заасан. Мөн тус гэрээний 5.5-д “Худалдан авагч тал нь орон сууцыг актаар хүлээж авахаас өмнө орон сууцанд нүүн орохыг хориглоно. Хэрэв энэхүү шаардлагыг зөрчвөл сууцны чанарын доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдах ба Гүйцэтгэгчээс орон сууцыг ямар нэгэн доголдолгүйгээр хүлээн авсанд тооцно” гэж заасан. Гэрээнд заасан 57,85 м.кв-д тагтны талбайн хэмжээ багтаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу тагтны төлбөрийг төлөхөөр байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжилд төлбөрөө 100 хувь төлсөн гэсэн байна. Тагтны талбай 6 м.кв, үүний 50 хувь нь 3 м.кв байна. Тагтны талбайн төлбөр Зм.кв*1,815,037=5,445,117 төгрөгийг гүйцэтгэгч талд одоогоор төлөөгүй байна. Мөн орон сууцны үндсэн м.кв-аас 2,273,500 төгрөг дутуу төлөгдөөгүй. Хэрвээ эдгээр төлбөрийг бүрэн төлсний дараа В.Ж-тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой.

Шүүхийн шийдвэр нь гүйцэтгэх газрын албан хаагчдын 35 айлын орон сууцны барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь ШГ ХХК-ийн нэр дээр байдаг. Өмчлөгчөөр ШГ ХХК байдаг тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Уг барилга нь “А-УГ ББСБ *** ” ХХК-д зээлийн барьцаанд байгаа болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 3,630,078 төгрөгийг төлнө гэдгээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая хэллээ. Тийм болохоор түүний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Уг барилгыг тус компани банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан байгаа боловч тус банк бус санхүүгийн байгууллага болох А-УГ ББСБ *** -тэй гурвалсан гэрээ байгуулаад энэ мөнгийг шууд шилжүүлнэ.1 метр квадратыг 300,000 төгрөгөөр тохирч чөлөөлье гэсэн. Одоо 30% өгсөн 70% өгье гэж байгаа хүмүүсийг шууд тийш нь манайх зээлээ төлөөд явъя гэж байгаа гэв. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууцны захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мэдүүлэг хүлээн авсан баримтын хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримт, 479,000 төгрөгийн и-баримт, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

Хариуцагчаас итгэмжлэл зэргийг тус тус ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцны урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн эсэх талаарх лавлагаа, холбогдох баримтыг бүрдүүлсэн.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал З.Галмөнх, З.Г-Энартай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу өөрийн үүргийг биелүүлж хариуцагчид 105,000,000 төгрөгийг шилжүүлсэн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багт байрлах *** дүгээр байрны *** тоот байрны өмчлөгч болохоо тогтоолгохоор шаардсан байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэхдээ гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар тагтны үнэ 3,630,078 төгрөгийг манай компанид төлчихвөл өөр татгалзах зүйлгүй. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь байрны үнийг бүрэн төлсөн. Үүнтэй маргах зүйлгүй ...гэжээ.

4. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, банкны дипозит дансны хуулга мөн хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн бусад баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №2022/23 дугаар Орон сууц захиалгын гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь  гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэрээний үүргээ биелүүлж 105,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
            5. Зохигчийн хооронд Орон сууц захиалгын гэрээ нэртэйгээр нэхэмжлэгч хариуцагчид гэрээнд заасны дагуу орон сууцны 1м,кв талбайн үнийг 1,815,039 төгрөгөөр үнэлж нийт 105,000,000 төгрөгийг  шилжүүлэх, төлбөрийг бүрэн төлснөөр нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн гэрээ байгуулагдсан нь үл хөдлөн эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар тагтны үнийг 50 хувиар бодож 5,445,117 төгрөгийг өгчихвөл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох түүнийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** дугаар багт байрлах *** дүгээр байрны *** тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтооход маргах зүйлгүй гэж тайлбарласан. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тагтны үнийг тооцохдоо 30 хувиар бодох журам байдаг юм байна лээ. Иймд 30 хувиар тооцож 3,630,078 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа гэж тайлбарлан маргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тагтны м,кв-ын үнийг 30 хувиар тооцож 3,630,078 төгрөгийг төлчихвөл өмчлөгчийг уг орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэж өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрч байна гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрчээ.

Хариуцагч нь дээрх тагтны үнийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тагтны үнэ болох 3,630,078 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Учир нь талуудын Орон сууц захиалгын гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч талуудын тохирсон  гэрээний гол нөхцөл, агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь 105,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх, хариуцагч Х аймгийн М сумын *** дугаар багт байрлах *** дүгээр байрны *** тоот 57,85 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан үүрэг үүсгэсэн нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь дээрх худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Х аймгийн М сумын *** дугаар багт байрлах *** дүгээр байрны *** тоот 57,85 м.кв талбай бүхий орон сууцыг өмчилж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өөрийн эрхийг хэрэгжүүлэх, түүнчлэн гэрээний зүйлээс шалтгаалан Улсын бүртгэлийн байгууллагад үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэх эрх зүйн үр дагаврыг үүсгэх тул өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхтэй юм.

8. Нэхэмжлэгч нь  хариуцагч ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №2022/23 дугаар Орон сууц захиалгын гэрээний дагуу үндсэн үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тагтны үнэ болох 3,630,078 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х аймгийн М сумын *** дугаар багт байрлах *** дүгээр байрны *** тоот 57,85 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч В.Ж-г тогтоон шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 682,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х аймгийн М сумын *** дугаар багт байрлах ** дүгээр байрны *** давхрын *** тоот 57,85 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр В.Ж-г тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682,950 (зургаан зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 682,950 (зургаан зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХТУЯА