Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 70

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Д.Баянмөнх

Хохирогч: И.Эрдэнэбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч: Ц.Гантулга нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гантулгад холбогдох 1722000650035 тоот хэргийг 2017 оны 11 сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1971.07.15-нд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилчин хийдэг гэх, ам бүл-1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Эрчимийн 1-1 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ71071570/ Зуут овогт Цэгмидийн Гантулга нь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Гантулга нь 2017 оны 9 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд” зоогийн газрын гаднах автомашины зогсоол дээрээс иргэн О.Тэгшбаярын эзэмшлийн 82-86 ДУА улсын дугаартай Тоёота Ланд крузер маркийн автомашин дотроос иргэн И.Эрдэнэбилэгийн 14 төрлийн 104100 төгрөгийн эд зүйлс, бэлэн мөнгө 3240000 төгрөгийг хулгайлж, бусдад 3344100 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн: Би тэр өдөр Бүрд зоогийн газрын урд явж байтал хар өнгийн Жип машины ард талын хаалга онгорхой байхаар нь татсан чинь дотор нь хар цүнх байсан. Түүнийг аваад Зотол хайрхан нэртэй, хуучин халуун усны байшинд ороод үзсэн чинь цүнхэнд 2 хэсэг 20000 дэвсгэртийн боодол байсан. Би түүнийг нь аваад бусад зүйлийг нь орхиод явсан. Замдаа Буянбатад 20000 төгрөг өгсөн, өвгөн Баагийд бас 20000 төгрөг өгсөн. Дараа нь дэлгүүрээс 2 шил архи авч уугаад тасраад унасан байсан. 1 боодлыг нь тоолж үзэхэд 50 ширхэг буюу 1 сая төгрөг байсан. Нөгөө боодлыг нь тоолоогүй. Хохирол төлбөрөө төлөөгүй, ажил хийж хохирлоо барагдуулна гэх мэдүүлэг.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.09.18-ны өглөө 10 цагийн үед ганцаараа аймгийн төвд байх “Бүрд” нэртэй зочид буудлын хажуугаар замын зүүн талаар явж байхад тэр буудлын гадаа  хар өнгийн жийп машин зогсож байсан. Тэгээд хартал зүүн хойд талын хаалга онгорхой байхаар нь очоод арын суудал дээр байсан хар өнгийн цүнхийг аваад замын эсрэг талын Зотол хан ХХК-ний хуучин байшингийн зүүн тийшээ харсан хаалгаар нь ороод эхний өрөөнд ороод цүнхийг нь онгойлгож хавтастай бичиг цаасны хажуугаар хоёр боодолтой дандаа 20000 төгрөгийн дэвсгэрт байсан. Тэгээд нэг боодлыг нь тоолоход 50 ширхэг байсан. Тэгээд би 2 боодол мөнгийг аваад өмднийхөө зүүн халаасанд хийгээд уг байшингаас гарч Буянбаттай таараад 40000 төгрөг өгөөд цуг зогсож байтал өвгөн Баагий баруун талаас гарч ирсэн. Тэгээд өвгөн Баагийд 20000 төгрөг өгсөн. Тэр хоёроос салаад Мандалговь хүнсний дэлгүүр лүү орж 2 шил Онги архи аваад зүүн тийшээ явах замдаа 3-р цэцэрлэгийн урд талд нэг шил архиа ганцаараа уугаад Байгаль орчны тусгай хамгаалалтын газрын зүүн талд жоохон сууж байгаад босоод явсан. Тэгээд цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй архиндаа тасарсан байсан. 2017.09.19-ний шөнө сэрсэн. Би ганцаараа хулгай хийсэн гэх мэдүүлэг /хх-24-26/

Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн: Би 3240000 төгрөг алдсан. Аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын дагуу сумынхаа өвлийн бэлтгэлийг хангах ажилтай явж байсан. Би тухайн үед Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга ажилтай байсан. Манай сумын гал хамгаалах сан 6 сая төгрөгтэй тэр нь 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд хүрэхгүй байсан учраас би хувиараа хүнээс мөнгө зээлсэн байсан юм. Мөнгө зээлүүлсэн хүн маань надад бэлнээр мөнгө өгсөн байсан юм. Надад  4800000 төгрөг байснаас өвс авч ирсэн жолооч нарт ажлын хөлсний урьчилгаа гэж 1.5 сая төгрөг өгөөд, үлдсэн хэсгийг нь суманд очих үед нь өгнө гэж тохирсон байсан. Тэгээд үдээс хойш Өлзийт сум явах унаанд сууж, цүнхтэй зүйлээ машины урд хоёр суудлын голд тавьсан байсан. Жолоочтой утсаар ярих үед Бүрд зоогийн газраас 2 хүн авна, ажил цагийн дараа амжина гэж байсан. Би Бүрд зоогийн газрын гадаа очоод машинаас бууж тамхи татаж байтал тэр хүмүүс хоол идье гэхээр нь орж хамт хоол идсэн. Тэр хоёр хүн машинд ачаагаа ачиж байсан. Гарч ирээд хартал миний цүнх байхгүй байхаар нь ачаа ачихдаа өөр газар хийсэн юм байлгүй гэж бодоод асуулгүй машиндаа суугаад сум руугаа явсан. Өлзийт суманд очоод буугаад цүнхээ авах гэтэл миний цүнх байхгүй байсан. Тэр машины хаалга онгорхой байсан гэдэг нь худлаа гэж бодож байна. Хэрвээ онгорхой байсан бол дуу гарч мэдэгдэх ёстой. Жолооч машинаа цоожгүй орхисон нь үнэн. Энэ хүнийг хохирол барагдуулна гэхэд итгэхгүй байна. Байгаа байдлаас нь харахад засрахгүй хулгайч байна гэх мэдүүлэг.

Хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Өлзийт явах гээд унаа хайж байгаад Өлзийт сумын таньдаг хүн Тэгшбаяртай таараад унаанд нь сууж явах болсон. Тэгээд явахын өмнө Бүрд зочид буудлаас 2 хүн авч явах ёстой байсан гэж Тэгшбаяр хэлсэн. Бид 2 Бүрд буудлын гадаа очтол нөгөө хоёр хүн нь арай явах болоогүй байхаар нь хоолонд орох гээд Бүрд буудлын ресторан руу орсон. Тэгээд хоолоо идчихээд гарч иртэл машины урд хоёр сандалын голд байсан миний албаны цүнх байхгүй болсон байхаар нь машины хойно хийчихсэн юм байх гэж бодоод Өлзийт рүү хөдөлсөн. Тэгээд Өлзийт суманд очоод цүнхээ авах гэтэл байхгүй байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Цүнхэнд 3240000 төгрөг, миний засаг даргын үнэмлэх, нүдний шил, машины FM оролт, USB шинэ, 2 хайрцаг MILD тамхи байсан. Хаалгаа түгжээгүй байсан. Жолооч Тэгшбаяр хаалгаа түгжээгүй байна гэж хэлж байсан. Цүнхэнд байсан мөнгө Өлзийт сум руу өвлийн бэлтгэл хангах өвс тээвэрлэлт хийлгэсний төлбөрт төлөх мөнгө байсан. Би алдсан мөнгөө нэхэмжилнэ” гэжээ. /хх-10/

Гэрч О.Тэгшбаярын: 2017.09.18-ны өдөр И.Эрдэнэбилэг гэж хүн Өлзийт сум руу явахаар Ялгуум дэлгүүрийн үүднээс миний машинд суусан юм. И.Эрдэнэбилэг суухдаа хар өнгийн гар цүэх, дөрвөлжин хайрцагтай зүйлтэй байсан. Хайрцагтай зүйл, хувцасны цүнх 2-ыг багаажанд, хар цүнхээ урд 2 суудлын голд тавьсан. Тэгээд цааш хөдлөөд бас 2 хүнийг Бүрд зочид буудлын үүднээс авах гээд очтол явах болоогүй гэхээр нь хоол идэхээр И.Эрдэнэбилэг, нөгөө хоёр хүний хамт 4-үүлээ зоогийн газар луу орсон. Тэгээд хоолонд орчихоод гараад ирээд машинаа үзэхэд машины хаалгаа түгжээгүй, түлхүүрээ машиндаа зоолттой орхисон байснаа мэдсэн. Тэгээд хөдлөөд Өлзийт суманд очоод хүмүүсийн ачааг буулгахад И.Эрдэнэбилэгийн гэх хүний хар өнгийн цүнх алга болсоныг мэдсэн. Цүнхэн дотор юу байсныг мэдэхгүй. И.Эрдэнэбилэг гэх хүн цүнхэн дотор 3 сая төгрөг байсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-15/

Гэрч А.Буянбатын: 2017.09.18-ны өдөр АПУ-ийн дэлгүүрийн хойно 13 цагийн орчимд Гантулгатай таараад мэнд мэдсэн. Тэгээд Ц.Гантулга “май хөгшөөн тамхины мөнгө” гээд халааснаасаа 20000 төгрөг гаргаж надад өгсөн. Тэгээд Ц.Гантулга АПУ-гийн хойно үлдсэн. Би яваад өгсөн. Ц.Гантулгад ямар хэмжээний мөнгө байсныг мэдэхгүй. Хулгай хийсэн талаар мэдээгүй гэх мэдүүлэг /хх-14/

Гэрч Ц.Бүрэнтогтохын: Би 2017.09.18-ны 15 цаг 30 минутаас 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд 3-р сургуулийн гарцан дээр ажиллаж байгаад гэртээ ирсэн. Тэгтэл Тулга манай дүүгийн хашаан дотор байсан машины хойд талыг түшчихсэн дээгүүрээ нүцгэн гуталгүй шээгээд зогсож байсан. Тэгээд би манай хашаанаас гар гээд гаргахад манай зүүн хашааны буланд очоод хэвтчихсэн. Манай хашааны хойно хувцасаа тайлаад хаячихсан байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Тулгыг аваад явсан. Мөнгө харагдаагүй гэх мэдүүлэг  /хх-12/

  • Эд зүйлд үнэлгээ хийсэн актад: 14 төрлийн эд зүйл нийт -104100 төгрөг үнэлгээтэй гэжээ /хх-39-40/

              Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Ц.Гантулга нь бусдын автомашинаас бэлнээр 3344100 төгрөг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Ц.Гантулга нь 2008.08.02-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2–т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2010.11.18-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 –т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2016.11.22-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 –т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоол, ял шалгах хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-46-53, 44-45, 41-43/

              Шүүгдэгч Ц.Гантулга нь хохирогч И.Эрдэнэбилэгт нийт 3344100 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлоо нөхөн төлөөгүй, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.

     Хохирогч И.Эрдэнэбилэг нь 14 төрлийн 104100 төгрөгийн эд зүйлийг хүлээн авсан нь эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.  

     Хохирогч И.Эрдэнэбилэг яг хэдэн төгрөгтэй байсныг нотлох баримт хангалтгүй цугларсан байна. Гэвч шүүгдэгч нэг зузаан боодол 20 мянгатын дэвсгэр, 50 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байсан гэж мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэгтэй зарим талаараа тохирч байна. Мөн хохирогчоос мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэх, мэдүүлэг өгөхөөс татгалзаж зайлсхийсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар сануулж хуульд заасан шаардлагыг хангаж авсан байх тул хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1–д “Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх тул  шүүгдэгч Ц.Гантулгаас 3240000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Эрдэнэбилэгт олгох нь зүйтэй байна. 

Хэргээс үзэхэд мөрдөгчийн 2017 оны 9 сарын 20, 10 сарын 13-ны өдрийн саналаараа “Ц.Гантулгад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргасан ” /хх-18, 20/ нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг байна.

Гэвч прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг /хх-19, 21-22/ зөв үйлдсэн байх тул мөрдөгчийн дээрх алдааг засуулахаар хэргийг буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т “ баримтат мэдээлэл нь ... энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн дүрсний бичлэг болон бусад баримтаар тогтоогдоно” гэж, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 1-д “ мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл ... түүнд хавсаргасан дүрсний бичлэг нотлох баримт болно” гэж заасан байхад дүрсний бичлэгийг хэрэгт хавсаргалгүйгээр зөвхөн тэмдэглэл үйлдэж /хх-6/ ирүүлсэн нь буруу байна. 

Иймд хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж бэхжүүлсэн баримтыг шүүх нотлох баримтаар тооцохгүй, мөн ийм баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл,

36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Зуут овогт Цэгмидийн Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зуут овогт Цэгмидийн Гантулгад 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Ц.Гантулгад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.  
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ц.Гантулгаас 3240000 / гурван сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Хуурч-Очир овогт Ичинхоролын Эрдэнэбилэгт олгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 7-д заасныг баримтлан хэргийн 6, 18, 20 дугаар талд авагдсан баримтыг нотлох баримтаар тооцоогүйг дурьдсугай.  
  6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Энэ хэргийн улмаас Ц.Гантулга нь цагдан хоригдоогүй, эд зүйл битүүмжилж, хурааж ирүүлээгүйг дурьдсугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гантулгад энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                          

 

 

                       ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ