Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/49

 

 

 

 

106/2019/0972/Э

  2020            01            09                                          2020/ДШМ/49    

 

Б.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөншагай,

иргэний хариуцагч Ж.У-,

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр Б.Х-д холбогдох 1903009150409 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Х-, 2001 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эмэг эх, эх, эгчийн хамт Баянгол ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

Б.Х- нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 10 цаг 34 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Түмэн плаза” төвийн урд замд иргэн Ж.Уянгын эзэмшлийн “Toyota prius” загварын .....УБД улсын дугаартай автомашин жолоодох явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч /16 настай/ А.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны гадна, дотно хашлага ясны хугарал, зүүн шилбэний зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэсүд овогт Баяраагийн Х-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, В ангиллын 1275806 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Х-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа уг шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг хангахгүй байна. Иймд Б.Х-д холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлийн дагуу зохих өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ... гэв.

 

Иргэний хариуцагч Ж.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрх хассан нэмэгдэл ялыг хэдийнээс эхлэн тоолох хугацаа тодорхой байх ёстой. Б.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн үед гарсан хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч биечлэн оролцож “биеийн байдал сайжирсан, харин цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж хэлсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Х- нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 10 цаг 34 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Түмэн плаза” төвийн урд замд иргэн Ж.Уянгын эзэмшлийн “Toyota prius” загварын .....УБД улсын дугаартай автомашиныг жолоодох явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч /16 настай/ А.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны гадна, дотно хашлага ясны хугарал, зүүн шилбэний зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч А.Э-гийн “...1, 2 дугаар эгнээнд явсан автомашинууд зогсож өгөөд 3 дугаар эгнээ рүү орох гэтэл гэнэт Toyota prius” загварын .....УБД улсын дугаартай автомашин орж ирээд мөргөж, би шидэгдэж газарт унасан. ...” /хх 21-22/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэгийн “...миний охин А.Э-гийн баруун хөл шагай орчимд хугарсан, толгойн гавлын ясны цуурал, цус харвалт гэсэн гэмтлүүд үүссэн. ...” /хх 18-19/,

иргэний хариуцагч Ж.Уянгын “...намайг ослын газарт очиход мөргүүлсэн охин газарт хэвтсэн, уйлаад, манай хүү Б.Х- яахаа мэдэхгүй бололтой, сандарсан, уйлсан байдалтай байсан. ...Хохирогчийн эмнэлэгт хэвтсэн төлбөр болон эмчилгээний бусад зардалд нийт 2.800.000 орчим төгрөг  төлж барагдуулсан. ...” /хх 26-27/,

Б.Х-гийн яллагдагчаар өгсөн “...зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчиж явахдаа явган хүний зохицуулагддаггүй гарц дээр явган зорчигч эмэгтэйг мөргөж осол гаргасан. ...” /хх 52-53/ гэх мэдүүлгүүд,

“...А.Э-гийн биед зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны гадна, дотно хашлага ясны хугарал, зүүн шилбэний зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 9572 дугаартай дүгнэлт /хх 36/,

“...2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 10 цаг 34 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Түмэн плаза” төвийн урд замд явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах үед 10 цаг 34 минут 44 секундэд “Toyota prius” загварын автомашин зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд мөргөж байх бөгөөд явган зорчигч мөргүүлээд шидэгдэж замын зорчих хэсэг дээр унаж байгаа дүрс бичигдсэн талаарх. ...” камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 16/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-12/, “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 60444 дугаартай дүгнэлт /хх 37-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Х-г Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин А.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Х-гийн автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

           

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасахдаа уг ялыг хэдийнээс эхлэн тоолох хугацааг зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасанд нийцэхгүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг давхар хүлээлгэв.

 

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11ий өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй ...” гэснийг “...шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 33 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН