| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00491/И |
| Дугаар | 155/ШШ2023/01134 |
| Огноо | 2023-12-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2023/01134
| 2023 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2023/01134 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ”Х-ЭХ***” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зураг төсөл зохиогчийн хяналтын гэрээний дагуу 5,340,578 ( таван сая гурван зуун дөчин мянга таван зуун далан найм ) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00491/и дугаар индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б***(цахимаар),
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б***(цахимаар)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ПСЭИ***ХХК нь Мөрөн сумын 7-р багт шинээр баригдах бкВ-ийн РП-ний зураг төсөв, ТЭЗҮ-ийн ажлын зураг төсвийг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа хариуцагч “Х-ЭХ***” ХХК болон ПСЭИ***ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зураг төсөл зохиогчийн хяналтын 20/10/01 дугаар гэрээ байгуулан, гэрээний дагуу ПСЭИ***ХХК хяналт, шалгалт, үзлэгийг биеэр болон гүйцэтгэгчээс ирсэн фото зураг, цахим харилцаа холбоогоор цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын үр дүнд Улсын комисс ажиллаж, комиссын акт баталгаажсан нь дээрх ажлыг бүрэн гүйцэтгэсний үр дүн юм. Зураг төсөл зохиогчийн хяналтын гэрээний 3 дугаар зүйлд зааснаар ПСЭИ***ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн №31 дугаар албан бичгээр “Х-ЭХ***” ХХК-д зохиогчийн хяналтын зардлыг шилжүүлэхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр огт хийгдээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х-ЭХ***” ХХК-иас Зураг төсөл зохиогчийн хяналтын гэрээний дагуу 5,340,578 төгрөг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.... Захиалагчийн ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж байна. Ажлаа хүлээлцээгүй, ажлаа хийгээгүй гэж байгаа дээр гэрчийн мэдүүлэг авхуулсан байгаа. н.Х.Б*** гэж тухайн үед мэргэжилтнээр ажиллаж байсан буюу биечлэн очиж хяналт шалгалт хийсэн хүн мэдүүлэг өгсөн байгаа. Энэ үнэлгээг улаан дэвтэрт бичиж байсан. Тухайн улаан дэвтэр гүйцэтгэгч буюу Хан хөхий Хэнтий компанид хадгалагдаж байсан. Энэ улаан дэвтэрт зөвхөн өөрчилсөн ажлуудыг бичиж байгаа. Өөрчилсөн ажлыг улаан дэвтэрт ч бичиж байгаа, зохиогчийн хяналтын тэмдэглэл дээр ч бичиж байгаа. Энэ талаар нотлох баримтуудаа гаргаж өгсөн байгаа учраас шинжлэн судлахад яръя. Мөн хариуцагч тал татгалзлынхаа үндэслэлийг Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 178 дугаар тушаалын 3.2-г үндэслэж байна. 3.2-т “Зохиогчийн хяналтыг барилга байгууламжийн байршил, онцлогоос хамааруулан дараах 3 хэлбэрээр гүйцэтгэнэ” гээд байнгын хяналт тогтмол хуваарийн дагуу үе шат бүрд энэ хяналтыг хийнэ гэж байгаа. Бид нар энэ хяналтыг яаж хийсэн гэхээр байнгын хяналтыг цахим хэлбэрээр хийсэн. Ямар ямар ажил хийснийг цахимаар авч, зураг авч улаан дэвтэрт тусгасан байсан. Тогтмол биечилсэн хяналтыг н.Х.Б*** гүйцэтгэсэн. Энэ талаарх зургаа хэрэгт хавсаргасан байгаа. Тэмдэглэлд юу тусгадаг вэ гэхээр хууль ёсны дагуу хийж гүйцэтгэх ажлыг өөрчилсөн тохиолдолд тусгадаг. Тэр өөрчилсөн талаар нотлох баримт шинжлэн судлахад судалъя. Улаан дэвтрийн тухайд архиваас гаргуулах гэсэн боловч архивд байхгүй гэсэн. Гүйцэтгэгч байгууллагаас архивт хүлээлгэж өгөх ёстой баримт байсан. Энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Хариуцагч тал хариу тайлбараасаа өөр зүйл ярьж байна. Хариуцагч талын хариу тайлбарт талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагчийн буруутай ажлын үр дүнг хүлээн авч гүйцэтгэх үүрэг хүлээнэ гэж байгаа. Гэрээ байгуулагдсан гэдгийг хариу тайлбартаа хүлээн зөвшөөрчихөөд одоо гэрээнд байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ бол холбогдох дүрэм журмынхаа дагуу явж байгаа буюу улсын комисс хүлээн авч баталгаажуулсан байгаа учраас гэрээнд ийм заалт байгаагүй гэдгээр ажил үүргээ хүлээж аваагүй гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн нэхээд байгаа баримт бичгийг гүйцэтгэгч компани буюу ХХХ*** гэдэг компани өөр дээрээ байлгаж байгаад бид нарыг хяналт тавиад очоод тэмдэглэгээ хийхэд тэрний дагуу ажлаа сайжруулж дүрмийн дагуу өгөөд явж байсан. Энэ дэвтэр гүйцэтгэгч дээрээ байдаг. Бид нар авч явдаггүй. Гэтэл ХХХ*** алга болгочихоод байгаа юм уу, Х-ЭХ*** хүлээж авчихаад аваагүй гээд байгаа юм уу мэдэхгүй. Гэтэл улаан дэвтэр байхгүй болчихлоо, мөнгийг чинь өгөхгүй гэдэг зүйл яриад байгаа. Нэгэнт ажлаа хүлээлцээд улаан дэвтэр дээр бичиж тэмдэглэж байсан зургийг хавсаргасан байгаа. Гэтэл үүнийг бид нараас нэхээд гэрээний үүргээ биелүүлэхгүй гээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн сүүлд ажил дуусахад зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гарч байгаа. Тэр дүгнэлтээр бид нар өөрсдийнхөө ажлыг дүгнэж тэр дүгнэгдэхээр улсын комисс ажиллана. Хэрвээ тэр дүгнэлт байхгүй бол улсын комисс ажиллахгүй. Зохиогч талаас ерөнхий дүгнэлт гаргаагүй л бол комисс ажиллахгүй буюу олгогдохгүй. Х-ЭХ*** компани зураг төслийн тендер зарласан байгаа. Уг тендерийг тусгай зөвшөөрлийн дагуу зарладаг. Үүний дагуу бид нар 110 киловаттад эрчим хүчний ажил хийх зөвшөөрөлтэй. Х-ЭХ***тендер зарлахдаа мөн энэ заалтын дагуу зарладаг. Бид нар тэр шаардлагыг нь хангасны дараа тендерт нь оролцдог. Үүний дагуу бид нар ажлын зураг төслийг тусгай зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Тэгэхлээр шаардлага хангахгүй байна гэж байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***шүүхэд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Х-ЭХ*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай бүрэн танилцсан. Шүүх хуралдаанд оролцох боломжтой болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагаас шаардаж байгаа 5,340,578 төгрөгийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь нэхэмжлэгч сая гэрээг дурдсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2010/01 тоот гэрээнээс үүссэн шаардлага гэж ойлгож байгаа. Гэрээг Барилгын тухай хууль, Барилгын зураг төсөл зохиогчийн тухай хуулийн дагуу хийж тохиролцох ёстой. Гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага шаардах эрх байгаа эсэхийг шалгахад нэг талаас Х-ЭХ*** ХХК буюу захиалагч, нөгөө талаас ПСЭИ***буюу гүйцэтгэгч байгууллага түүнийг төлөөлж захирал н.Баясгалан энэхүү төслийн гэрээг байгуулав. Х-ЭХ*** ХХК-аас зарласан Мөрөн сумын 7 дугаар багт шинээр баригдах 6кВ-ын РП 6кВ сүлжээний өргөтгөлийн ажлын зураг төслийн зохиогчийн хяналтыг графикийн дагуу хийх ба Барилга хот байгуулалтын сайдын №178 тоот тушаалд заасан дүрмийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж талууд тохирсон байна. Гэрээний төлбөр 5,340,578 төгрөг, талуудын эрх үүрэг захиалагч нь тогтоосон хугацаанд ажлын гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Захиалагч нь зургийн ажлын явцад нэмэлт өөрчлөлт оруулах, санал гаргах эрхтэй. Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээн авсан тохиолдолд ажлын хөлсийг төлөх үүрэгтэй гэж тохиролцоод гарын үсэг зурсан байна. Ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан уу гэдэг дээр ажлын гүйцэтгэлийг гэрээгээр тодорхойлж болно. Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 178 дугаар тушаал түүний хавсралтад заасан дүрмийн дагуу хийж гүйцэтгэнэ гэсэн. Энэ нь барилгын ажил зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм гэж байгаа. Энэ дүрмийн 3-т зохиогчийн хяналтын ажлын зохион байгуулалт, 3.1-т Зураг төсөл зохиогч барилгын ажлын захиалагчтай / цаашид захиалагч гэх/ гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина гэж заасан. Дүрмийн дагуу явагдаж байгаа учраас үүнийг зөвшөөрч байна. Зохиогчийн хяналтыг барилга байгууламжийн байршил, онцлогоос хамааруулан дараах 3 хэлбэрээр гүйцэтгэнэ гэж заасан. 3.2.1-т барилгын ажилд байнгын хяналт тавих, 3.2.2-т тогтмол хуваарийн дагуу барилгын ажилд хяналт тавих, 3.2.3-т барилгын ажлын үе шат бүрд хяналт тавих гэсэн байдлаар хяналт тавих ёстой. Гэрээгээр ингэж заасан, дүрэм журамд ийм байдаг юм байна. Манай захиалагч байгууллага энэ ажлын гүйцэтгэлээ Х-ЭХ*** компанид хүлээлгэж өгсөн үү гэвэл өгөөгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 4.3-т заасан Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээн авсан тохиолдолд ажлын хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүрэг үүсэх үндэслэл нь хангагдаагүй байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал улаан дэвтэр гэж ярьдаг. Барилгын ажлын өдөр тутмын гүйцэтгэлийн дэвтрийг захиалагч байгууллагад хүлээлгэж өгөх ёстой боловч одоо болтол хүлээлгэж өгөөгүй. Аймгийн архиваас авч өгнө гэсэн. Захиалагч байгууллагад өгөх ёстой дэвтрийг архивд өгч болохгүй. Энд Барилгын тухай хуулийг дурдах ёстой гэж үзэж байна. Барилгын тухай хуулийн 4.1.31-т "зураг төсөл зохиогч" гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. 4.1.32-т "зураг төсөл зохиогчийн хяналт" гэж барилгын ажил, зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг зохиогчоос хянаж байгаа үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Хянаж буй зохиогч нь ПСЭИ***компани. Энэ үйл ажиллагааг хийсэн ч гэрээгээр захиалагч байгууллагадаа өгөх ёстой байтал өгөөгүй. Хэрвээ захиалагч байгууллагад энэ баримтаа эрчим хүч компанид өгчих юм бол болно. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өгөхгүй байгаа учраас хариуцлага байхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Зураг төсөл болон хяналтын гэрээний сая дурдсан зүйлийн өөрчлөгдсөн болгоныг тусгах ёстой гэж байна. Энэ ажлыг өөрсдөө тусгаж явах ёстой. Ажлаа зохиогчийн зураг төслийн дагуу хийж байна уу, шугам сүлжээний 1 ширхэг боолтыг хүртэл шалгаж байна уу гэдэг дээр өдөр тутам хяналт хийж тусгах ёстой. Энэ тусгал бүрийг, тэмдэглэл бүрийг захиалагч байгууллагад ирүүлэх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй Хэнтийн компанид байгаа гэсэн зүйл ярьж байна. Ингэж болохгүй. Гэрээний үүрэг зөрчигдөх юм бол үүрэг хүлээх боломжгүй болж байна. Сайдын тушаалын 3.3-т Зохиогчийн хяналт гүйцэтгэх хэлбэрийг зураг төсөл зохиогч, захиалагч, барилгын ажил гүйцэтгэгч (цаашид талууд гэх) тохиролцож гэрээгээр зохицуулна гэж заасан. Энэ дээр дурдсан гурван хэлбэрийн буюу “барилгын ажилд байнгын хяналт тавих”, тогтмол хуваарийн дагуу барилгын ажилд хяналт тавих”, барилгын ажлын үе шат бүрд хяналт тавих гэсний дагуу хийх ёстой, гэрээнд тусгах ёстой байсан. Хаана, ямар хяналт тавьсан нь тодорхойгүй байгаа учраас гэрээгээр шаардах эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч талын ярьж байгаагаар улсын комисс хүлээн авсан гэж байгаа нь өөр асуудал. Гэрээгээр шаардаж байгаа учраас гэрээтэй холбоотой зүйл ярих ёстой. Улсын комисс хүлээж авсан нь гэрээний дагуу хийсэн гэж үзэх юм уу, энэ гэрээг биелүүлсэн гэж үзэх юм уу гэдгийг тогтоох боломжгүй болж байна. Яагаад гэхээр захиалсан байгууллага буюу Х-ЭХ*** байхад бичиг баримт нь энэ байгууллагад байхгүй байхаар дараа гарах эрсдэлийг яах вэ. Тооцож чадахгүй болж байна. Энэ өөрчлөгдөж ингэж зассан байна, энэ дээр нэмэлт юм хийсэн байна, энэ зохиогчийн хийсний дагуу явагдаагүй байна гэдэг баримт бичиг энэ байгууллагад байхгүй байхад цаашид аваар осол гарах эрсдэл гарвал ажлын гүйцэтгэл буюу улаан дэвтэр байхгүй байна. Осол эндэл гарвал энэ байгууллага хариуцлага хүлээхгүй шүү дээ. Тийм учраас манайх төлөх ямар ч боломжгүй гэв.
Нэхэмжлэгчээс ПСЭИ***улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.Х.Б***, Г.Б***нарт олгосон итгэмжлэл, Х.Х.Б***ий иргэний үнэмлэхний хуулбар, Зураг төсөл зохиогчийн хяналтын гэрээ, хавсралтын хамт, Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, ПСЭИ***компаниас Х-ЭХ*** ХХК-д хүргүүлсэн албан бичиг, мэдэгдэл, Голомт банкинд гаргасан хүсэлт, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, 6 кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн барилгын ажлын “Гүйцэтгэлийн бичиг баримт”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Хариуцагчаас Х -ЭХ хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Хөвсгөл аймгийн “Х-ЭХ***” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс Ц.Баасанбаярт олгосон итгэмжлэл зэргийг тус тус ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу С.Х.Б***ээс гэрчийн мэдүүлэг авсан.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг хангаж, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,340,578 (таван сая гурван зуун дөчин мянга таван зуун далан найм) төгрөгийг хариуцагч Х-ЭХ***хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Мөрөн сумын 7-р багт шинээр баригдах бкВ-ийн РП-ний зураг төсөв, ТЭЗҮ-ийн ажлын зураг төсвийг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа хариуцагч “Х-ЭХ***” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зураг төсөл зохиогчийн хяналтын 20/10/01 дугаар гэрээ байгуулан, гэрээний дагуу ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани хяналт, шалгалт, үзлэгийг биеэр болон гүйцэтгэгчээс ирсэн фото зураг, цахим харилцаа холбоогоор цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын үр дүнд Улсын комисс ажиллаж, комиссын акт баталгаажсан нь дээрх ажлыг бүрэн гүйцэтгэсний үр дүн юм. Зураг төсөл зохиогчийн хяналтын гэрээний 3 дугаар зүйлд зааснаар ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн №31 дугаар албан бичгээр “Х-ЭХ***” хязгаарлагдмал хариуцлагатай компанид зохиогчийн хяналтын зардлыг шилжүүлэхийг мэдэгдсэн боловч ямар нэгэн төлбөр огт хийгдээгүй үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х-ЭХ***” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас “Зураг төсөл зохиогчийн хяналтын гэрээ”-ний дагуу 5,340,578 төгрөг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зохиогчийн хяналтын гэрээний дагуу хяналт хяналт тавьсан тэмдэглэлийг хариуцагч байгууллагад ирүүлээгүй, улсын комисс хүлээж авсан нь гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй, энэ нь гэрээний харилцаа учир гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа гэрээний нэг тал болох Х-ЭХ***хязгаарлагдмал хариуцлагатай компанид хүлээлгэж өгөх ёстой байтал гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй учир гэрээний дагуу Х-ЭХ***хязгаарлагдмал хариуцлагатай компани дээрх нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20/10/10 дугаар Зураг төсөл зохиогчийн хяналтын гэрээ, зохиогчийн ажлын тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн УКД-2020/100 дугаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Зураг төсөл зохиогчийн хяналтын гэрээ” буюу бичгийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр гүйцэтгэгч тал буюу ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт шинээр баригдах 6кВ-ын РП”-н 6кВ сүлжээний өргөтгөлийн ажлын зураг төслийн зохиогчийн хяналтыг графикийн болон Барилга хот байгуулалтын сайдын №178 тоот тушаалд заасан дүрмийн дагуу гүйцэтгэх, гэрээний нийт төлбөр 5,340,578 төгрөг байхаар талууд тохиролцсон,
Гэрээний дагуу нэхэмжлэгч ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани зохиогчийн хяналтыг гүйцэтгэж, энэ талаараа дүгнэлт гаргасан ба улсын комисс тухайн Барилга, байгууламжийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, дүгнэлт гаргасан бөгөөд барилга байгуламжийн үйл ажиллагаа ямар нэгэн доголдолгүйгээр 3 жил үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг үйл баримт байгаа болно.
5. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй, гүйцэтгэлтэй холбоотой хяналт шалгалтын материалыг бүрэн ирүүлээгүй, хяналт тавьж ажилласан гэх нэг ч баримт байхгүй гэсэн ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зураг төсөл зохиогчийн хяналт тавьсан гэх улаан дэвтрийг хариуцагч байгууллагад ирүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээний дагуу үүссэн харилцаа учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...бидний гүйцэтгэсэн ажил манайхаас гаргаж өгсөн баримтаар болон ХХХ*** гэх гүйцэтгэгч компанийн гүйцэтгэлийн баримт бичигт авагдсан баримтаар нотлогдож байгаа манайх туслан гүйцэтгэгч Баян дөхөм шандат компанитай гэрээ байгуулж, тус компанийн инженер Х.Б*** өдөр тутмын ажлын хяналтыг хэрэгжүүлсэн ба энэ талаар Х.Б***ээс гэрчийн мэдүүлэг авахуулсан, хяналт тавьсан баримтыг гүйцэтгэгч компанид хүргүүлсэн гэж тус тус маргасан.
Харин гэрээ байгуулсан эсэх болоод түүний хүчин төгөлдөр байдал, гэрээний дүнгийн талаар зохигчид маргаагүй.
6.Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон гэж дүгнэв.
Түүнчлэн тухайн “6кв-ын хаалттай хувиарлах барилга байгууламж”-ийн зураг, төсөл зохиох нь тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийгдэх субьектын хувьд онцгой нөхцөл шаардагдах харилцаа бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэгч ХХХ*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэлийн баримт бичигт хавсаргасан Эрчим хүчний яамны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон ЗТ-110/18 дугаар ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч байгууллага нь дээр ажил үйлчилгээг эрхлэх эрх бүхий этгээд болох нь нотлогдож байх ба энэ нь хуульд нийцжээ.
7. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэхүү барилга байгууламж нь улсын төсвийн хөрөнгөөр баригдахаар тендер зарлагдаж зураг төсөл зохиогч болон барилгын ажлыг гүйцэтгэгч зэрэг нь зарлагдсан нөхцөл болзлыг ханган шалгарч, үүний дагуу тус компаниудтай захиалагч байгууллага холбогдох гэрээг байгуулсан байна.
Зохигчдын тайлбар болон талууд хооронд байгуулсан гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу зохиогчийн хяналтаа хэрэгжүүлсэн үндэслэлээр төлбөрийг шаардах эрхтэй юм.
8. Хэрэгт эх хувиар нотлох баримтаар нэхэмжлэгчээс ирүүлсэн захиалагч Х-ЭХ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, гүйцэтгэгч ХХХ*** хязгаарлагдмал хариуцлагатай компани, ажлын нэр: 6кв-ын хаалттай хувиарлах байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлийн баримт бичигт Барилгын ажын зөвшөөрлийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №АЭЗ-2020/58 дугаар гэрчилгээнд ...Барилгын зураг төсөл зохиогчийн талаарх мэдээлэлд ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, 9011623029 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай... гэж бичигдсэн байдал,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт баригдаж байгаа 6кв-ын хаалттай хувиарлах барилга, байгууламжийн барилга угсралтын явцад хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн №1 дугаар тэмдэглэлд ... Нарийн бичгийн дарга Н.Ш ГХБХБГазрын ахлах мэргэжилтэн, Д.О, Х-ЭХ*** ХХК-ийн ерөнхий инженер, Х.Ц, Х-ЭХ*** ХХК-ийн инженер, М.Ө, ПСЭИ***ХХК-ийн инженер нар оролцон ХХХ*** ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэж байгаа 6кв-ийн РП барилгын чанар байдлын талаар хэлэлцсэн байдал,
Б ХХКомпани ... Зураг төслийн зохиогчийн нэгдсэн дүгнэлт гэх 2020 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Ерөнхий инженер С.Х.Б*** гэх гарын үсэг зурагдсан дүгнэлт,
Ажил гүйцэтгэлийн явцад авсан гэрэл зураг зэрэг баримтаар болон гэрч С-ийн Х.Б***ий 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн... Зохиогчийн хяналтын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу ПСЭИ***ХХК гүйцэтгэсэн эсэх гэсэн асуултанд Гүйцэтгэсэн. Туслан гүйцэтгэгч Баянтөхөм шандат ХХК-д тухайн барилгын БА.ББ зураг төсөл нь гарч байсан. Зураг төслийн зохиогч инженерээр би ажиллаж байсан. Тэгээд угсралтын ажил эхлэн үед зохиогчийн хяналтаар ажилласан. Гүйцэтгэгч компанийн С.Г гэж инженертэй холбогдоод онлайнаар ихэнх хяналтуудаа хийсэн. Газар дээр нь хийх хяналтыг бол ПСЭИ***ХХК-иас инженер явсан. Манайхаас ил далд ажлын акт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргаж өгсөн. Яг архивт хүлээлгэж өгөх ажиллагаа бол гүйцэтгэгч компанийн хийх ажил юм... гэх мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдсан Зохиогчийн хяналтын тэмдэглэл, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн УКД-2020/100 дугаар дүгнэлтэнд ... 2.5-д Барилга байгууламжийн зураг төсөл зохиогч аж ахуйн нэгж: ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани... гэж бичигдсэн байдал зэргээр нэхэмжлэгч ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компани тухайн барилга, байгууламжийн зураг төслийг зохиогч бөгөөд туслан гүйцэтгэгч компаниар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэх, мөн зохиогчийн хяналтыг хийлгэх, өөрөө мөн газар дээрх зохиогчийн хяналтыг гэрээний дагуу хэрэгжүүлсэн нь тогтоогдож байна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохиогчийн хяналтын тэмдэглэлийг захиалагч байгууллагад хүлээлгэн өгөөгүй учир бид төлбөрийг төлөх боломжгүй гэж маргасан бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаар Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрмийн 5.9-д Зохиогчийн хяналтын тэмдэглэлийн эх хувийг барилга байгууламжийг ашиглалтанд оруулах үед барилга байгууламжийн баримт бичгийн хамт архивт хүлээлгэн өгнө гэж заасан байна.
Түүнчлэн улсын комисс тухай барилга байгууламжийг хүлээн авсан нь зохиогчийн хяналт тавих гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргасан ба улсын комиссын барилга байгууламжийг хүлээн авах үндэслэлд зохиогчийн хяналт тавьсан дүгнэлтийг үндэслэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажиллагаа хийгдсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламжийн тухайд холбогдох эрх бүхий албаны хүмүүс оролцсон, үүнд хариуцагч байгууллагаас төлөөлөн инженерүүд оролцсон зэрэг байдлууд нь уг ажлыг хүлээн аваагүй гэх үндэслэлийг няцааж байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан үндэслэл нь барилга байгууламжийн зохиогчийн хяналт тавих гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Мөн одоо тус Хөвсгөл аймгийн 7 дугаар хороонд байрлах 6кв-ын хаалттай хувиарлах байгууламж бодитоор ямар нэгэн доголдолгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болохыг, энэ талаар хариуцагч байгууллага маргаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
10.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Зураг төсөл зохиогчийн хяналтын гэрээний дагуу 5,340,578 төгрөгийн төлбөрийг хариуцагч Х-ЭХ*** хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулан, нэхэмжлэгч ПСЭИ*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,400 төгрөгөөс 100,399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х-ЭХ*** хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 100,399 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 5,340,578 ( таван сая гурван зуун дөчин мянга таван зуун далан найм ) төгрөгийг хариуцагч Х-ЭХ*** хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж, нэхэмжлэгч ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,400 ( нэг зуун мянга дөрвөн зуу ) төгрөгөөс 100,399 ( нэг зуун мянга гурван зуун ерэн ес ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1 (нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х-ЭХ*** хязгаарлагмал хариуцлагатай компаниас 100,399 ( нэг зуун мянга гурван зуун ерэн ес) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПСЭИ***хязгаарлагдмал хариуцлагатай компанид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА