| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2022/01225/И |
| Дугаар | 155/ШШ2023/00706 |
| Огноо | 2023-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2023/00706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ТБ ХК***
Хариуцагч: Н.П***,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,328.77 төгрөг нийт 12,443,351.01 (арван хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавин нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2022/01225/и дугаар индекстэй иргэний хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***,
Хариуцагч: Н.П***
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТБ ХК***(ХХК) нь хариуцагч Н.П***т холбогдуулан зээлийн төлбөрт 12,443,351.01 (арван хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавин нэгэн төгрөг) 1 (мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ТБ ХК***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.П*** болон хамтран зээлдэгч Н.Б***нар нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дугаар №МШ70034200300171240 тоот Зээлийн гэрээ Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 15,000,000 /арван таван сая төгрөг/-ийг жилийн 30 хувийн хүүтэй, сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. 2020 оны 06 дугаар сарын 17 ны өдөр 12,000,000 төгрөгийн үндсэн зээл дээр нэмэлтээр 6,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн, сарын 2,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл хүүг 4 хувааж төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж авсан. Зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 174 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,328.77 нийт 12,443,351.01 төгрөгийг зээлдэг Н.П***аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч Н.П*** нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийн малчны зээл авсан. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлээс 3,000,000 төгрөг хүү 2,206,849.31 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг болсон. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэмэлтээр 6,000,000 төгрөгийн зээл авч нийт зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг болсон. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ковидын тухай хуультай холбоотой зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахдаа тухайн зээлийн хуримтлагдсан хүү 2,369,490.41 төгрөгийг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг хэвээрээ үлдсэн. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн эхний төлөлт үндсэн зээлээс 3,000,000 төгрөг, хүү 2,291,375.34 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг үлдсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, хүү 1,985,424.66 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг үлдсэн. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дараагийн төлөлт орох байсан боловч төлөөгүй учраас манайхаас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд үндсэн зээл 10,000,000.00 төгрөг, хүү 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,328.78 төгрөг, нийт 12,443,351.01 төгрөгийг хариуцагч Н.П***аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.П*** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. 2020 оны 6 сард мөнгөний хэрэг гарч зээл хөөцөлдөж банкинд очиход та 15,000,000 төгрөгийн малчны зээлтэй байна, зээл гарах боломжгүй гэхэд л анх миний өмнөөс өөр хүн зээл авсан юм байна гэдгийг мэдсэн. Тухайн онд миний нэр дээр тоологдсон мал хөрөнгө гэж байхгүй байхад банкны эрхлэгчээр ажиллаж байсан Х-тэй хуйвалдаад Б.Н нь зээл гаргуулж авсан байсан. Тэр даруй нь банкны эрхлэгч Х-тэй ярьж малын А данс, миний гарын үсэг байхгүй байхад миний нэр дээр ямар учраас зээл гарсан, зээлийг хэн авсан юм гэхэд миний эгчийн хүүхэд болох Б.Н миний өмнөөс гарын үсэг зураад зээлийг авсан гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэх гээд мөнгө хэрэгтэй байна гэхэд таны мөнгийг бүтээнэ. Та бичиг баримтаа өгчих гэхээр нь надад энэ зээлээс өөр дансанд зээл гаргаж өгөөрэй гэхэд тэгье гэсэн. Би Мөрөн суманд ирж эмнэлэгт хэвтэж эмчлүүлчихээд гараад айлд байж байтал 2020 оны 6 сарын 23-ны үед 5,000,000 төгрөгийн зээл гарлаа гэхээр нь данс руугаа авсан. Тэгээд надад та зээлийн гэрээнд гарын үсгээ сумандаа ирээд зураарай гэж хэлсэн. Би сумандаа очоод сүүлд 5,000,000 төгрөгийн зээл авсан баримт дээр гарын үсэг зуръя гэхэд н.Х би ажил ихтэй байна та дараа бол гэсэн. Тэгэхдээ миний нэр дээр өмнө нь авсан 15,000,000 төгрөг дээр нэмээд зээл авсан мэтээр гэрээг гаргасан байсан. Тухайн үед таван сая ч биш зургаан сая төгрөг болгож зээл гаргасан байсан. Тэр 1,000,000 төгрөгийг н.Х өөрөө төлсөн гэж хэлсэн. Би 5,000,000 төгрөгийн зээл, түүний хүүг төлж дуусгасан. Одоо энэ нэхэмжилж байгаа 10,000,000 гаруй төгрөгийг Б.Н***мэднэ. Энэ зээлийг төл гэхээр би Х*** эгчид тэдэн сарын тэдний өдөр тэдэн төгрөгийг таны данс руу хий гэж өгсөн. Тэрийг Х*** хийхгүй байсаар байгаад ийм болчихлоо гэдэг. Тэгээд яг нүүрэлдэхээр би авсан учраас төлнө гэж хэлдэг. Тухайн үед миний нэр дээр малын А данс гаргаад гарын үсэг зурсан байсан. Яаж тэгснийг нь мэдэхгүй. Б.Н***нь миний эгчийн хүүхэд, нүүрэлдээд хэлэхээр за гэдэг ч гараад байхгүй болчихдог. Ийм учраас би энэ мөнгөнөөс төлөх ямар ч боломж байхгүй, хамаарал байхгүй юм гэв.
Нэхэмжлэгчээс Төрийн банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/1181 дугаартай Л.Д-д олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20030017124-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 200300171240 дугаартай барьцаат зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 200300171240 дугаартай барьцаат зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шарнууд Н.П***, Н.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгчийн анкетын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 37/908 дугаартай Г.Б***д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ТБ ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/1181 дугаартай Л.Дашцэрэнд олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар, зээлийн дансны харилцагчийн хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга, мемориалын баримтын хуулбар зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 3-17, 61-62, 68-72 дугаар тал)
Хариуцагчаас Н.П***, Н.Б***нараас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Батаагийн Наранчимэгт олгосон итгэмжлэл, Шарнууд Н.П***, Шарнууд Н.Б***нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт, хариуцагч нарын өмгөөлөгчийн шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 22-24, 29-31, 73-р хуудас)
Шүүх хариуцагч талын хүсэлтээр Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан.(хавтаст хэргийн 40-57 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ТБ ХК***(ХХК) нь хариуцагч Н.П***т холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 10,000,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,328.77 төгрөг, нийт 12,443,351.01 (арван хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавин нэг) төгрөг (нэг) мөнгө төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Н.П*** нь хамтран зээлдэгч Н.Б***хамт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000.00 төгрөгийн малчны зээл авч, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлээс 3,000,000.00 төгрөг, хүү 2,206,849.31 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 12,000,000.00 төгрөг болсон. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэмэлтээр 6,000,000.00 төгрөгийн зээл авч нийт зээлийн үлдэгдэл 18,000,000.00 төгрөг болсон ба 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ковидын тухай хуультай холбоотой зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахдаа тухайн зээлийн хуримтлагдсан хүү 2,369,490.41 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000.00 төгрөг үлдсэн. 2021 оны 6 сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 3,000,000.00 төгрөг, хүү 2,291,375.34 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 15,000,000.00 төгрөг үлдсэн байснаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000.00 төгрөг, хүү 1,985,424.66 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000.00 төгрөг үлдсэн. Зээл эргэн төлөх хуваарь ёсоор 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дараагийн төлөлт орох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүгийн төлөлт огт хийгдээгүй.
Хамтран зээлдэгч Н.Б***зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон учир хамтран хариуцагчаас хасах хүсэлтийг шүүхэд гаргаж хасуулсан. Иймд үндсэн зээлдэгч болох Н.П***аас үндсэн зээлийн төлбөр 10,000,000.00 төгрөг, хүүгийн төлбөр 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,328.77 төгрөг, нийт 12,443,351.01 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Н.П*** дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Би 2019 онд 15,000,000.00 төгрөгийн малчны зээл огт аваагүй, тухайн онд миний нэр дээр тоологдсон мал байхгүй байхад мал барьцаалж малчны зээл гаргасныг 2020 оны 6 сард банкны ажилтантай уулзах үед анх мэдсэн. Энэ зээлийг миний эгчийн хүүхэд болох Б.Н***, банкны эрхлэгч Хишгээ нар хуйвалдаж миний нэр дээр зээл гаргуулан авч ашигласан байсан. Төрийн банк дахь миний 200300020220 дугаартай харилцах дансны хамтран эзэмшигчээр Б.Н***бүртгүүлж миний өмнөөс зээл авч, зээлийн төлбөрийг хийдэг байсан юм байна.
2020 оны 6 сард зээл авах шаардлага гарч 5,000,000.00 төгрөгийн зээл хүсэхэд 6,000,000.00 төгрөгийн зээлийг миний нэр дээр гаргаж 1,000,000.00 төгрөгийг нь банкны ажилтан Х*** авсан бөгөөд 2019 онд Б.Н***ийн авч ашигласан зээл дээр нэмж гарган гэрээнд гарын үсэг зуруулсан. Би өөрийн авсан 5,000,000.00 төгрөгийг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан учир энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
Хариуцагч Н.П*** нь Т банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000.00 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан байх ба 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дээрх 15,000,000.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 12,000,000.00 төгрөгийн зээл дээр 6,000,000.00 төгрөгийг нэмж, нийт 18,000,000.00 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан байна.
Тус зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх гэсэн нөхцөлтэйгээр тохирч талууд гэрээг баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Т банкны Х салбарын Б тооцооны төвийн хариуцагч Н.П***тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №200300171240 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №200300171240 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 6-11, 69-71 дүгээр хуудас)
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хүсэл зориогоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч нь зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх үүрэгтэй бөгөөд төлөх үүргээ 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. (хх-ийн 5, 69 дүгээр хуудас)
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч ТБ ХК***(ХХК) нь хариуцагч Н.П***аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь зээлийг өөртөө авч ашиглаагүй, зээлийн төлбөрийг хариуцах хүн нь Б.Н***юм гэх тайлбар гаргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар энэ нь нотлогдохгүй, түүнчлэн хуулийн этгээд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагчаа өөрөө тодорхойлон ирүүлэх эрхтэй ба шүүх өөрийн санаачлагаар эсхүл хариуцагчаар татагдсан этгээдийн хүсэлтээр өөр хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй болно.
Иймд хариуцагч Н.П***аас үндсэн зээлийн төлбөр 10,000,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,328.77 төгрөг, нийт 12,443,351.01 (арван хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавин нэг) төгрөг (нэг) мөнгө гаргуулан нэхэмжлэгч ТБ ХК***(ХХК)-д олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.П***аас улсын тэмдэгтийн хураамж 214,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХК***(ХХК)-д олгохоор тогтов.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: нэхэмжлэгчээс ирүүлсэн №20191113725600150209-0 дугаартай мемориалын баримтын хуулбар, зарлагын мэдүүлэг гэх баримтын хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй. (хх-ийн 72 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.П***аас үндсэн зээлийн төлбөр 10,000,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,328.77 төгрөг, нийт 12,443,351.01 (арван хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавин нэг) төгрөг (нэг) мөнгө гаргуулан нэхэмжлэгч ТБ ХК***(ХХК)-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,100 (хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.П***аас 214,100 (хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХК***(ХХК)-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН