Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2023/00713

 

2023 07 07 155/ШШ2023/00713

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э,

Хариуцагч:  М*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн М сумын *** дугаар багт байрлах Н  барилгын *** дугаар давхрын ** тоот дахь 13,37 м.кв талбайтай 1 өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай 155/2023/00376/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Э**,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян.

(Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн санал хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э** нь М*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Х аймгийн М сумын *** дугаар багт байрлах Н  барилгын *** дугаар давхрын ** тоот дахь 13,37 м.кв талбайтай 1 өрөөний өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Д.Э** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжпэгч Д.Э** би М*** хязгаарлагдмал хариуцлагатай компанитай харилцан тохиролцсоны дагуу Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж тус компаниас Х аймгийн М сумын *** дугаар багт байрлах Н одоогийн нэр нь *** төвийн ** дугаар давхрын *** тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөөг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Бидний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Уг гэрээний 3.9-д /дугаар давхардсан буюу 2 дахь нь/ заасны дагуу би гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн. Мөн гэрээний 1.1, 3.13-т заасны дагуу өрөөг хүлээн аваад одоо эзэмшиж байгаа болно.

М*** хязгаарлагдмал хариуцлагатай компани уг барилгыг барьж өрөөг надад хүлээлгэн өгсөн нь сайшаалтай ч гэрээний 3.6-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад олгуулахгүй байгаагаас би хохирч надад ихээхэн чирэгдэл учирч байна.

Учир нь тус компани миний худалдан авсан өрөө байрлаж байгаа барилгыг бүхэлд нь банкинд зээлийн барьцаанд бариулсан атлаа уг зээлээ төлөхгүй байгаагаас улсын бүртгэл хийгдэх боломжгүй байна. Би өрөөгөө улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор М*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2022 онд 5 удаа, 2023 онд 7 удаа тус тус хандсан боловч гэрээний 3.6-д заасны дагуу эрхийн бичгээ олгохгүй, банкны зээлээ төлж өрөөг маань барьцаанаас чөлөөлж өгөхгүй байгаа болно.

Би өрөөний үнийг бүрэн төлж улмаар эзэмшилдээ авсан байгаа тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийн заалттай холбон үзвэл уг үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлд шилжин иржээ.

Иймд би өмчлөх эрхээ хамгаалуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн байршлын дагуу танай шүүхэд хандаж байна.

Иймд намайг Х аймгийн М сумын ***дугаар баг, *** баруун талд байрлалтай хариуцагчийн барьсан Н одоогийн нэр нь **** төв барилгын **** дугаар давхрын *** тоот дахь 13,37 мкв талбайтай 1 өрөөний өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан Д.Э-ы ****** дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн кассын орлогын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн кассын орлогын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1/955 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М*** ХХК-аас Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн албанд гаргасан хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М*** ХХК-аас иргэн Д.Э**д хүргүүлсэн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн оршин суугаа газрын шүүхээр дамжуулан нэхэжлэлийн хувийг гардуулахаар гаргасан хүсэлт зэрэг баримтууд (хавтаст хэргийн 2-11, 17 дугаар хуудас)

Хариуцагч М*** ХХК-аас 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/444 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/464 дугаартай хэрэг шилжүүлэх тухай хүсэлт, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5/467 дугаартай захирамжид гаргасан гомдол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Б-ий иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/475 дугаартай өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/473 дугаартай шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт, Б.Б-ий гадаад паспортын хуулбар, Хан хөхий Баатаржавын Батмөнхийн Монголын өмгөөлөгчдийн холбооны үнэмлэхийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн өмгөөлөгч Б.Б-ийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 9, 29-30, 35, 45-47, 62-75, 95, 96 дугаар хуудас)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х аймгийн М сумын ** дугаар багт байрлах Н одоогийн нэр нь *** төвийн *** дугаар давхрын ***тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөөг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан ба гэрээний үүргээ бүрэн биелүүлж үнийг төлсөн. Уг байрыг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа боловч хариуцагч нь миний худалдан авсан өрөө байрлаж байгаа барилгыг бүхэлд нь банкинд зээлийн барьцаанд тавьсан, уг зээлээ төлөхгүй байгаагаас улсын бүртгэл хийгдэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад олгуулахгүй байх тул хариуцагчаас худалдан авсан дээрх байрны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч М*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Зохигч 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулжээ.

Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч нь Х аймгийн Мсуманд баригдах Н барилгын *** давхрын **** тоот өрөөний 13,37 м.кв талбайтай байрыг нийт 10,000,000 төгрөгийн өртөгтэйгээр нийлүүлэх, 100% төлбөр хийсэн хөрөнгө оруулагчид байрыг хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах, эрхийн бичгийг олгох,

Захиалагч буюу нэхэмжлэгч Д.Э** нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн барагдуулах, байрыг авах эрхийн бичиг авснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, гэрчилгээ авахтай холбогдон гарах зардлыг өөрөө хариуцах нөхцлийг тус тус харилцан тохирсон байна.

Гэрээний талуудын дээрх тохиролцоо, нэхэмжлэгч талын тайлбар зэргийг үндэслэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ээр нэхэмжлэгч Д.Э** нь М*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Х аймгийн М суманд барьж ашиглалтанд оруулах Н барилгын *** давхрын *** тоот өрөөний 13,37 м.кв талбайтай байрыг урьдчилгаа төлбөр төлж, байр бэлэн болж улсын комисс хүлээн авсны дараа түлхүүрийг авахдаа үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр худалдан авч байгаа хэлбэр юм.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Э** нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэрээний нийт үнэ болох 10,000,000 сая төгрөгөөс гэрээ хийхэд 60% буюу 6,000,000 төгрөгийг, байр ашиглалтад орж түлхүүр гардуулахад үлдэгдэл 40% буюу 4,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд тэрээр энэхүү гэрээний үүргээ биелүүлсэн болох нь:

Хэрэгт авагдсан байгууллагын нэр гэх хэсэгт М*** ХХК, хаанаас гэх хэсэгт Э, гүйлгээний утга гэх хэсэгт ахмадын өргөөний барилгын 3-7 өрөөний төлбөр 6,000,000 төгрөг гэх бичилт бүхий 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101 дугаартай Кассын орлогын ордер гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Мөн байгууллагын нэр гэх хэсэгт М*** ХХК, хаанаас гэх хэсэгт Э, гүйлгээний утга гэх хэсэгт Хөвсгөл НӨ оффисын барилгын өрөөний төлбөр 4,000,000 төгрөг гэх бичилт бүхий 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0001006 дугаартай Кассын орлогын ордер гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 4-5 дугаар тал)

М*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4/2603 дугаартай албан бичгээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн албанд хандаж гаргасан Д овогтой Э нь 2012 оны 11 сарын 13-ны өдөр манай компанитай Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Х аймгийн М сумын ****-р баг **** баруун талд байршилтай Үйлчилгээний зориулалттай барилгын *** давхрын *** тоот өрөөний 13,37 м2 ажлын байрыг худалдан авсан нь үнэн болно. гэх бичилт бүхий албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 4/2028 дугаартай албан бичгээр иргэн Д.Э**д өгсөн Манай компани нь Х аймаг М сумын ****-р баг ***** баруун талд хаягтай Үйлчилгээний зориулалттай ***** төвийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг. Уг барилгын 3-р давхрын 6 тоот 13,27 м2 оффисийн зориулалттай өрөөг иргэн Д.Э**д 2012 оны 11-р сарын 13-ны өдөр Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 10,000,000 төгрөгөөр худалдсан ба төлбөрөө 100% төлж барагдуулсан. ... гэх бичилт бүхий албан бичиг, (хх-ийн 8-9 дүгээр тал), нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.

Иймд худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Э** нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул худалдагч буюу хариуцагч М*** хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч М*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн буюу нэхэмжлэгч Д.Э**ы өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э**ыг Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах Н одоогийн нэр нь **** төвийн *** дугаар давхрын **** тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М*** хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э**д олгохоор тогтов.

Нэхэмжлэгч нь миний худалдан авсан өрөө байрлаж байгаа барилгыг бүхэлд нь банкинд зээлийн барьцаанд тавьсан, хариуцагч уг зээлээ төлөхгүй байгаагаас улсын бүртгэл хийгдэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад олгуулахгүй гэж тайлбарласан боловч түүнтэй холбоотой холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хариуцагч нь хүлээн авсан талаар хариу мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Улмаар хариуцагч, түүний өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э**ыг Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах Н одоогийн нэр нь **** төвийн **** дугаар давхрын *** тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М*** хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э**д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН