| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/00605/И |
| Дугаар | 155/ШШ2023/00730 |
| Огноо | 2023-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2023/00730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Д***,
Хариуцагч: З.Г***
Нэхэмжлэлийн шаардлага: 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2023/00605/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Д***,
Хариуцагч З.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д*** нь З.Г***өд холбогдуулан 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч М.Д*** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие өөрт байсан наймааны мөнгөнөөсөө зүс таних иргэн З.Г***төй харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 сарын хугацаатай 10,000,000 сая төгрөгийг зээлдүүлсэн. Хоёр хоногийн дараа дахин 2,500,000 төгрөгийг З.Г*** миний утсаар ярьж данс руугаа хийлгэж авсан. Ингэж мөнгө авахдаа З.Г*** нь өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй Мөрөн сумын 10 дугаар багийн 04-17 тоотод байрлах хашаа байшингаа барьцаалсан. З.Г*** нь зээл звсан боловч зээлээ төлөхгүй, удаа дараа зээлээ төлөх хугацаа нь хэтэрч 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн дээрх гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр хүү, алдангаа бодож 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгаж энэ өдөр надад 22,500,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч энэ мөнгөө өгөхгүй, зээлээ төлөхгүй утас нь холбогдохгүй, заримдаа дуудаад авахгүй байгаа учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
Би 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр З.Г***тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсныгаа өөрчилж анх 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр, хүү, алданги гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд З.Г***өөс 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөг, түүнээс хойш бэлнээр өгсөн 2,500,000 төгрөгийг нэмж үндсэн зээл 12,500,000 төгрөг, түүний 1 сарын хүү 8 хувийн хүү болох 1,000,000 төгрөгийг, 2020 оноос хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны алданги 9,000,000 төгрөгийн хамт нийт 22,500,000 төгрөгийг З.Г***өөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З.Г*** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 3 жилийн өмнө 7 дугаар сард 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай хашаа байшин барьцаалж зээл авч байсан. Түүнээс хойш дараа нь ахаараа дамжуулж 2.500.000 төгрөг авч байсан. Энэ хугацаанд би төлж чадахгүй байгаа гэдгээ би хэлж байсан. Улаанбаатар хотод очоод намайг уулзмаар байна гэхээр нь би уулзсан. Тэгээд би шүүхэд өгнө гэж бодохгүйгээр гэрээ байгуулсан. Хэрвээ шүүхээр яваагүй байсан бол би хүн чанарын үүднээс хүний мөнгийг удаан хэрэглэсэн гээд зөвшөөрөх байсан. 2023 оны 4 дүгээр сард М.Д***аас мөнгө огт аваагүй, тийм учраас 2023 оны 4 сард байгуулсан зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй авч байсан. Дахин 2,500,000 төгрөгийг зээлийн гэрээгүйгээр мөн нэмж зээлж авч байсан. Тиймээс үндсэн зээлийн төлбөрт 12,500,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байгаа. Зээлийн хүүд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрнө. Сүүлд авсан 2,500,000 төгрөгийг зээлсэн бичгийн гэрээ байхгүй учир энэ мөнгөнд хүү төлөхгүй. Алданги нэхэмжилснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй, бидний хооронд байгуулсан бичгийн гэрээнд алдангийн талаар тусгасныг би одоо л мэдэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч З.Г*** нь нэхэмжилсэн 22,500,000 төгрөгөөс үндсэн зээл 12,500,000 төгрөгийг, зээлийн хүүнд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгөөс бичгийн хэлцэлд үндэслэн 800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу шаардлагаа өнөөдөр гаргаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй гэж байр сууриа илэрхийлсэн болно.
Нэхэмжлэгчээс М.Д***ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөрийн 1521 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1521 дугаартай барьцааны гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0011 дугаартай зээлийн гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0012 дугаартай барьцааны гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Д***ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбарууд зэрэг баримтууд (хавтаст хэргийн 2-12, 27-32, 33-43 дугаар хуудас)
Хариуцагчаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, өмгөөлөгч авах тухай хүсэлтийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 26, 51 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Д*** нь хариуцагч З.Г***өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 13,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөгийг, сүүлд 2,500,000 төгрөгийг нэмж зээлсэн учир нийт үндсэн зээл 12,500,000 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөгийг, алдангид 9,000,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...үндсэн зээлийн төлбөрт 12,500,000 төгрөгийг төлнө, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бичгээр байгуулсан гэрээг үндэслэж 10,000,000 төгрөгийн 1 сарын 8 хувийн хүү болох 800,000 төгрөгийг, нийт 13,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. Зээлийн гэрээгээр алданги тохирсон байсныг сая мэдсэн. Иймд алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигч талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1521 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэг талаас зээлдүүлэгч М.Д*** нь 10,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргийг, нөгөө талаас зээлдэгч З.Г*** нь 10,000,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тус тус харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. (хх-ийн 3, 4 дүгээр тал)
Нэг талаас мөнгө зээлдүүлэх, нөгөө талаас хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн нийт 12,500,000 төгрөгийг буцаан төлөөгүйтэй маргаагүй тул үндсэн зээл 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Хуульд гэрээгээр талууд зээлийн гэрээнд хүү тогтоосон бол уг гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд талууд зээлийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай байгуулсан гэрээг энэ хугацаанаас хойш 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дахин бичгээр сунгаж гэрээг байгуулжээ. (хх-ийн 9-р тал)
Ингэж зээлийн гэрээг дахин сунгаж бичгээр байгуулсанд зохигч маргаагүй боловч нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан.
Иймд дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч З.Г***өөс 10,000,000 төгрөгийн 1 сарын 8 хувийн хүү болох 800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэмж зээлсэн 2,500,000 төгрөгт тохирох хүүг тооцож гаргуулна гэж нэхэмжилснийг шүүх хангах боломжгүй.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул бичгийн хэлцэлгүйгээр нэмж зээлсэн 2,500,000 төгрөгт хүүг тооцож хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 9,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай талуудын дээрх тохиролцоо нийцсэн байна.
Тодруулбал зээлийн гэрээний мөнгө болон гэрээгээр тохиролцсон хүү төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.
Иймд талуудын тохиролцоо Иргэний хуульд нийцэж байх тул зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл алданги тооцоход 1013 хоног байх ба бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 /арван сая/ төгрөгийн нэг хоногт бодогдох алдангийн хэмжээг гэрээнд заасны дагуу 0,5 хувиар тооцоход 50,000 (тавин мянга) төгрөг ба үүнийн хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцоход 50,650,000 (тавин сая зургаан зуун тавин мянга) төгрөг байна.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн хоёр төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсан тул гүйцэтгээгүй үнийн дүн болох 10,000,000 (арван сая) төгрөгийн 50 хувь буюу 5,000,000 (таван сая) төгрөгийг алдангид тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу шаардлагаа өнөөдөр гаргаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй гэж байр сууриа илэрхийлсэн нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргасан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан нь талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээ зэргээр нотлогддог ба зээлийн гэрээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болохоор талууд гэрээгээр тохиролцсон. Энэ талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно гэж,
Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж,
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус хуульчилжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн эрх 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс зөрчигдсөн, үүнээс хойш гурван жилийн хугацааг хуанлийн хугацаагаар тооцоход нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 8 дугаар сарын 17-ний өдрөөр дуусгавар болохоор байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба шаардах эрхээ хөөн хэлэлцэх хугацааны дотроо хэрэгжүүлсэн гэж үзлээ.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч З.Г***өөс үндсэн зээлийн төлбөрт 12,500,000 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 800,000 төгрөгийг, алдангид 5,000,000 төгрөгийг нийт 18,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Д***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар буюу нэхэмжлэгч М.Д***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Г***өөс 18,300,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 249,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч З.Г***өөс 18,300,000 (арван найман сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Д***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,200,000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Д***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 (хоёр зуун далан мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Г***өөс 249,450 (хоёр зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН