| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/00747/И |
| Дугаар | 155/ШШ2023/01005 |
| Огноо | 2023-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2023/01005
2023 11 06 155/ШШ2023/01005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б***,
Хариуцагч: ШГ ХХК***
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхрын 35 тоот дахь 2 өрөө 56 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ШГ ХХК***д даалгах тухай нэхэмжлэлтэй 155/2023/00747/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э***
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М (цахимаар)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г (цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян
(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э***хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б*** нь хариуцагч ШГ ХХК***д холбогдуулан Х аймгийн М сумын **** дугаар баг, *** дүгээр байрны *** давхрын *** тоот дахь 2 өрөө 56 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2019 онд ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж буй орон сууцнаас байр худалдан авах зорилгоор гэрээ байгуулсан. Байрны 1 метр квадратын үнийг 1,050,000 төгрөгөөр тохиролцож, уг байрны 7 давхрын 35 тоот дахь 56 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар бид харилцан тохирсон.
Ингээд гэрээ ёсоор байрны урьдчилгаа төлбөрт төлбөрийн 90 хувь болох 52,800,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөхөөр, үлдэх 10 хувийн төлбөрийг уг байрыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа өгөхөөр тохирч гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ШГ ХХК***йн дансанд шилжүүлэн өгсөн. Тухайн үед миний бие нялх хүүхэдтэй, манай нөхөр н.Б байрны урьдчилгаа төлбөрийг Хас банкаар дамжуулан өгч байсан. Үлдэх 10 хувийн төлбөр болох 6,000,000 төгрөг нь миний ХААН банк дахь дансанд байгаа ба өнөөдрийн байдлаар миний бие байраа хүлээж аваагүй, уг байрыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй байгаа учир төлөөгүй байгаа болно.
2019 онд байгуулагдсан гэрээгээ 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин шинэчилж байгуулах шаардлагатай болсон гэж дахин шинээр байгуулсан бөгөөд энэ гэрээнд ганцхан байр ашиглалтад орох хугацаанд л өөрчлөлт оруулсан гэрээг ирүүлсэн бөгөөд 2020 оны 10 сард байрыг улсын комисст хүлээлгэн өгөх нөхцөлийг оруулсан байсан боловч энэ хугацаандаа байр ашиглалтад ороогүй.
2021 он өнжиж 2022 оны 9 сараас эхлэн айлуудаа оруулж эхэлсэн ба захиалга өгсөн байрандаа орох гэтэл ашиглалтад ороогүй байна, байрны 1 метр квадратын үнийг 1,050,000 төгрөгөөр тооцох боломжгүй болсон, барилгын материалын үнэ, байрны нэг метр квадратын зах зээлийн үнэ өссөн, ийм хямд үнэтэй байр одоо хаана ч байхгүй, байрны үнийг зах зээлийн үнэтэй уялдуулан мөнгийг нэмж өгвөл оруулна гээд өнөөдрийг хүртэл уг байрандаа орж чадаагүй, эдийн засаг болоод сэтгэл санааны маш их дарамт хохирол амсаж өдийг хүрсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнээс татгалзаж байгаа талаар надад мэдэгдсэн нэг ч зүйл байхгүй. Надтай байгуулсан энэ гэрээг би хүчин төгөлдөр байгаа гэж бодож байна. Гэтэл яагаад захиалсан байранд минь өөр хүн оруулчихаж байгаа юм бэ? Би энэ байранд урьдчилсан тэмдэглэгээг улсын бүртгэлийн байгууллага дээр очиж хийлгэсэн. 2019 оны 6 дугаар сард Ковид цар тахалтай холбоотой ямар ч нөхцөл байдал байгаагүй. 2019 оны 9 дүгээр сард байраа ашиглалтанд оруулсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байх байсан шүү дээ. Техник, санхүү сайтай компани яаж байр барьдаг вэ гэдгийг би харж байна. Одоо тэр байрны хажууд 10 давхар барилга 1 жилийн дотор баригдаж байна шүү дээ. Энэ барилга 2017 онд баригдаж эхэлсэн. Тэгээд 2019 онд дуусчих юм байна гэж би ойлгосон. Өөрсдийнхөө мөнгөгүй, хариуцлагагүй, цаг хугацаа алдсан байдлыг Ковид цар тахал өвчин гарангуут энэ байдалтай хольчихож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхнаасаа 2019 оны 9 дүгээр сард байраа ашиглалтад оруулчихсан л бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байх байсан. Монгол шуудангаар хүргүүлсэн гээд байгаа бичиг баримт огт аваагүй. Би өөрөө холбоонд ажилладаг. Шүүхэд 2023 оны 6 сард М сумын **** дугаар баг **** албан хаагчдын орон сууцны байрны *** давхрын *** тоот дахь 2 өрөө 56.0 метр квадрат орон сууцыг Ц.Б*** миний нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж Х аймгийн М сумын **** дугаар баг ****дүгээр байрны **** тоот дахь 2 өрөө 56.0 метр квадрат орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг Ц.Б*** миний нэр дээр шилжүүлэхийг ШГ ХХК***д даалгах гэж тодруулсан.
Энэ тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шидэт гал ХХК-ийн захирал З.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Б*** болон нөхөр н.Б-тай 2023 оны 06 дугаар сард уулзаж байрны 1 кв-ын үнийн талаар ярилцаж, 1 м.кв-ыг 1,405,000 (нэг сая дөрвөн зуун таван мянган) төгрөгөөр тооцож 2023 оны 8 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Гэтэл 2023 оны 6 сарын 30-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус уулзалтад манай компанийн дэд захирал /төрсөн ах/ З.Г-Э байлцсан. Талууд орон сууцны үнийг тохиролцож чадахгүйгээс өдийг хүрсэн. Манай аймагт шинээр ашиглалтад орж байгаа барилгын 1 м.кв-ын үнэ 2.5 сая төгрөг орчим байна. Гэтэл ШШГГ-ын 1 м.кв-ын бодит өртөг буюу баригдсан зардал 1,6 сая төгрөг. Манай компани санхүүгийн эрсдэл хүлээн 1 м.кв-ыг 1,405,000 төгрөгөөр борлуулах саналыг Буяндэлгэрт удаа дараа тавьж байсан хэдий ч зөвшөөрөхгүй байсаар шүүхээр шийдвэрлүүлэх шатанд хүрч байна.
Ковид-19 цар тахлын улмаас дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөн барилгын материалын үнэ огцом өсч, хомсдол бий болсон. Энэ эдийн засгийн уналт болон барилгын материалын үнийн өсөлтөд манай компани мөн өртөгдөж хямралын байдалд орсон. Энэ бол бүх нийтэд илэрхий давтагдашгүй хүнд нөхцөл юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх барилгын өмчлөгчөөр ШГ ХХК байдаг бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ манай компанийн нэр дээр байдаг. Уг барилгыг бүхэлд нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, зээл авч барилгын ажлыг дуусгасан. ББСБ-аас авсан зээлээ төлж чадахгүй шүүхийн шатанд байна. ББСБ-ын зээлийн хүү болон бусад хөрөнгө оруулагчаас авсан зээлийн хүү өдөр бүр нэмэгдэж алдагдал улам бүр нэмэгдэж байна. Цаашдаа хэлцэлд хүрэх боломжгүй бол цаашид гарах зээлийн хүү, алдангийг нэмэгдүүлж орон сууцны үнийг өсгөхөөс өөр аргагүй байдалд ороод байна. Манай компанийн тавьж буй үнийн саналыг зөвшөөрсөн тохиолдолд хэлцэлд хүрэх боломжтой байна. Манай компани ашгийн төлөө ч Ц.Б***т Мөрөн суманд баригдаж байгаа барилгын үнээс хэт доогуур үнийг санал болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч ШГ ХХК***йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компанийн барьсан байр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар баригдсан байр бөгөөд цөөн хэдэн айлын орон ШГ компани нь өөрсдөө зарж борлуулсан. Түүний нэг нь нэхэмжлэгч Ц.Б***ийн ээж н.Бямбасүрэнгийн худалдаж авсан орон сууц юм. ШГ ХХК-тай Ц.Б***ийн ээж хамаарал бүхий хүн байдаг. Хариуцагч тал анхнаасаа Ц.Б***тэй гэрээ байгуулах санаа, зорилго байгаагүй бөгөөд түүний ээж уг байранд орсон, ойрхон нэг байранд орчихмоор байна гэж гуйсных нь үндсэн дээр түүнтэй худалдах-худалдан авах гэрээг байгуулж, байрны үнэ нь тухай бүрт өөрчлөгдөж магадгүй, тоот нь ч өөрчлөгдөж болзошгүй юм гэдгийг хэлж анхааруулж гэрээг байгуулж байсан. Байрны тоотыг гэрээнд зайлшгүй дурдах ёстой учир *** тоот гээд биччихсэн ийм л зүйл болсон. Байр ашиглалтад орохын өмнө байрны 1 м.кв-ын үнийг 1.440.000 төгрөгөөр тооцох талаар санал хэлэхэд өөрөө зөвшөөрөөгүй. Өнөөдөр хариуцагч талаас байрныхаа 1м2 үнийг 1.700.000 төгрөг гэж хэлж байгаа. Энэ нь ашиг нэмээгүй, яг бодит гарсан зардал нь ийм байгаа. Бид Ц.Б***т өмнө нь мэдэгдэх хуудас хүргүүлсэн байхад, хариу ирүүлэхгүйгээр шүүхэд хандсан байсан. Хариуцагчийн зүгээс бид эвлэрэн хэлэлцэх саналыг өмнө нь хүргүүлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн гэсэн үг. 2019 онд гэрээ байгуулсантай манай талаас маргахгүй. Тухайн үед 1м2 үнийг 1.050.000 төгрөгөөр тохирсон нь үнэн. Гэхдээ тус онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсолтод орсон. Бидний хүсэл зоригоос үл хамаараад хил хаасан. Хил хаасантай холбоотой Монгол улсад баригдаж байгаа барилга, барилгын материалын үнэ өсөж, барилга баригдах явц удааширсан. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад гэрээний нөхцлийг өөрчилж болно гээд заачихсан байдаг. Бид хуульд заасны дагуу үнийн саналаа хүргүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээнээс татгалзах эрх нь бий. Энэ эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэхгүй яасан юм бэ? Гэрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэдэг зүйлийг дурдаагүй хэдий ч гэрээгээр зохицуулаагүй зүйлийн талаар маргаан үүссэн тохиолдолд хуульд заасан заалтыг баримтална гэж хуульчилсан. Тиймээс бид хуульд заасны дагуу үнийн саналыг хүргүүлсэн, саналын хариуг ирүүлээгүй. Гэрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудал үүссэн, иймээс албан ёсоор гэрээнээс татгалзаж байгаагаа хэлье. Мөн гэрээнд дурдагдсан байрыг хүн авчихсан. Тиймээс тэр байрны тухайн тоотын өмчлөгч болох ямар ч боломжгүй. Тухайн орон сууц бүхэлдээ нэг гэрчилгээтэй. Тиймээс хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй.
Өнөөдрийн байдлаар нэг ч айл улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй. Яагаад гэвэл тухайн үед ШГ ХХК-аас зөвшөөрөл өгөөгүй байсан учир тэмдэглэгээ хийгдээгүй. Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-т урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэж заасан байдаг. Үүнээс харахад ШГ ХХК-ийн зөвшөөрлийг авсан байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад урьдчилсан тэмдэглэгээг хийхэд ШГ ХХК-ийн зүгээс зөвшөөрөл авсан талаар баримт байхгүй. Ц.Б*** улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байгаа нь цаанаа авлига ашиг сонирхлын зөрчил байна уу, магадгүй танил талаараа хуулиа зөрчиж хийлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжтой, шүүхээс гарч байгаа шийдвэр гарсан даруйдаа заавал биелэгдэх шинжийг агуулсан байх ёстой. Гэтэл маргалдаад байгаа тухайн 35 тоотод айл орчихсон. Тухайн орон сууцны өмчлөгч нь нэгэнт тогтоогдчихсон. Өмчлөгч нь тогтоогдчихсон байхад дахиад Ц.Б***ийг өмчлөгчөөр тогтоох ямар ч үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй байгаа нь харагдаж байна.
Мөн байрны урьдчилгаа 52.800.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сард гэрээ байгуулахад Ц.Б*** төлөөгүй, хэрэгт 2019 оны баримт авагдсан. Энэ баримтаар Батжаргал гэдэг хүн төлбөрийг төлсөн байдаг. Б нь Б-тэй ямар хамааралтай талаар баримт огт байдаггүй. Тиймээс Ц.Б***ийг төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл байхгүй.
Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-д зааснаар гэрээнээс татгалзаж байна. Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан. 2020 онд байр ашиглалтад ороогүй, 2021 он гарлаа, 2022 он гарлаа яагаад нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаагүй юм бэ? Татгалзах эрх нь байсан шүү дээ. Гэрээнээс татгалзаад үргэлжлүүлээд тэр мөнгөөрөө байр авч болох л байсан шүү дээ. Хариуцагч тал гэрээ байгуулсантай бол маргахгүй.
Нэхэмжлэгч нь гэрээний нөхцөл биелэгдэх явцад татгалзаагүй. Гэрээ биелэгдэх боломжгүй байхад татгалзаагүй. Өөрсдөө татгалзаагүй байж, үүргээ зөрчсөн гээд байх юм.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад, тодорхой бус шийдвэр гаргах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах асуудалд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл 2 хуудас, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №201/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Ц.Б***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хас банкны төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 хуудас, тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах тухай хүсэлт 1 хуудас, нотлох баримт гаргуулах хүсэлт 1 хуудас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт 2 хуудас, тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШЗ2023/02977 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдол 2 хуудас, ****тоот хадгаламжийн дансанд үзлэг хийлгэх тухай хүсэлт 1 хуудас, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт 1 хуудас, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэл 2 хуудас, өмгөөлөгч Г.М-ийн шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 2 хуудас, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримтын хуулбарууд 4 хуудас, Ц.Б***ийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт 1 хуудас, фэйсбүүк чатаар харилцан зурвас болон ХААН банкны ***** тоот дансанд үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт 1 хуудас, ***** гэх фэйсбүүк чат хаягтай харилцсан зурвасны хуулбар 5 хуудас, ХААН банкны киоск машинаас гарган авсан тодорхойлолт 1 хуудас, ШГ ХХК-ийн Х аймгийн М сумын *** дугаар баг *** дүгээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг (хавтаст хэргийн 1-8, 22, 26, 42-45, 69, 81,90-96, 98-109, 128, 136-137 дугаар хуудас)
Хариуцагч ШГ ХХК***ас хариу тайлбар 1 хуудас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШЗ2023/02184 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар 2 хуудас, З.Г-Э олгосон итгэмжлэл, уг итгэмжлэлийн хуулбар 2 хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах тухай хүсэлт 1 хуудас, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ц.Г-д олгосон итгэмжлэл 1 хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт 1 хуудас, түүнд хавсарган ирүүлсэн баримт 1 хуудас зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 30, 32-36, 95, 126, 130, 157, 158 дугаар хуудас) тус тус шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.Б*** нь Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах **** албан хаагчдын орон сууцны байрны *** дугаар давхрын *** тоот дахь 2 өрөө 56.0 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ШГ ХХК***д даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдааны үед Х аймгийн М сумын ***дугаар багийн *** дүгээр байрны ***давхрын *** тоот дахь 2 өрөө 56.0 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ШГ ХХК***д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах **** албан хаагчдын орон сууцны байрны *** дугаар давхрын *** тоот дахь 2 өрөө 56.0 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож 2019 онд гэрээ байгуулсан. Байрны төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу нийт үнийн 90 хувь болох 52,800,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 10 хувийн төлбөр 6,000,000 төгрөгийг уг байрыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа хариуцагчид хүлээлгэн өгөхөөр бэлдсэн байгаа. 2019 онд байгуулагдсан гэрээгээ 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин шинэчилж байгуулах шаардлагатай болсон гэж шинээр байгуулсан бөгөөд энэ гэрээнд ганцхан байр ашиглалтад орох хугацаанд л өөрчлөлт оруулсан гэрээг ирүүлсэн бөгөөд 2020 оны 10 сард байрыг улсын комисст хүлээлгэн өгөх нөхцөлийг оруулсан байсан боловч энэ хугацаандаа байр ашиглалтад ороогүй.
Хариуцагч тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, гэрээний үнэ нэмэгдүүлсэн тухай мэдэгдлийг бичгээр болон амаар урьд өмнө нь ирүүлээгүй.
Уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд улсын бүртгэлийн байгууллагын урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн байгаа учир дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ШГ ХХК***д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч ШГ ХХК*** гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ байгуулагдсан, гэрээг дахин шинэчилж байгуулсан зэрэгт маргаагүй. Харин нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд: Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсолтод орсон. Бидний хүсэл зоригоос үл хамаараад хил хаасан. Хил хаасантай холбоотой Монгол улсад баригдаж байгаа барилга, барилгын материалын үнэ өсөж, барилга баригдах явц удааширсан. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч гэрээний нөхцөлийг өөрчилж болохоор хуульчилсан тул байрны 1 м.кв талбайн үнийг өсгөж 1,700,000 төгрөгөөр тооцно. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэгч нь байрыг худалдаж авах боломжгүй гэсэн тул гэрээнээс татгалзана.
Байрны төлбөр төлсөн төлбөрийн баримтад Ц.Б*** гэсэн нэр байхгүй. Тиймээс байрны мөнгөө төлсөн эсэх, гэрээний үүргээ гүйцэтгэсэн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, биелэгдэх боломжгүй, тухайн 35 тоотод айл орчихсон, орон сууцны өмчлөгч нь нэгэнт тогтоогдчихсон учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шинэчилж байгуулагдсан №201/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Уг гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч ШГ ХХК*** нь Х аймаг дахь **** алба хаагчдын *** айлын орон сууц буюу Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах **** албан хаагчдын орон сууцны байрны *** дугаар давхрын *** тоот дахь 2 өрөө орон сууцыг барьж 2020 оны 10 дугаар сард багтаан улсын комисст хүлээлгэн өгөх,
Гэрээний гол нөхцөлийн талаар талууд орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,050,000 төгрөгөөр тооцох, нийт үнэ 58,800,000 төгрөг байхаар, нэхэмжлэгч Ц.Б*** нь орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр 52,800,000 төгрөгийг гэрээ байгуулахад шилжүүлэн өгч, төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг барилгыг улсын комисст өгсний дараа төлж барагдуулах, хариуцагч тал өмчлөх эрхийг нотлох өөрөөс хамаарах бичиг баримтуудыг худалдан авагч талд барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас)
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ээр нэхэмжлэгч Ц.Б*** нь гэрээг байгуулах үед гэрээний үнэ болох 58,800,000 төгрөгийн 52,800,000 төгрөгийг урьдчилан, үлдэх 6,000,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орох үед хариуцагч ШГ ХХК***д тус тус төлөх, хариуцагч ШГ ХХК*** нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууц болох Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах **** албан хаагчдын орон сууцны байрны *** дугаар давхрын *** тоот дахь 2 өрөө орон сууцыг барьж, 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, улсын комисс хүлээн авсны дараа нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн өгөх нөхцөлийг бүрдүүлэх ба өмчлөх эрхийг нотлох өөрөөс хамаарах бичиг баримтуудыг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээснээр талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Гэрээний нөхцөл, гэрээ байгуулагдсан байдал нь талуудын хүсэл зориг болоод Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцсэн байна.
Үүнээс гэрээний талуудын дээрх тохиролцоо, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
Худалдан авагч буюу нэхэмжлэгч Ц.Б*** нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар гэрээний нийт үнэ болох 58,800,000 төгрөгөөс гэрээ хийхэд 90% буюу 52,800,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд тэрээр энэхүү гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хас банкны төлбөрийн баримтын хуулбараар нотлогдож байна. (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)
Үүгээр нэхэмжлэгч Ц.Б***ийг гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч Ц.Б*** нь шүүх хуралдаанд ... тухайн байранд оршин суугчид аль хэдийнээ амьдарч эхэлсэн боловч би байрандаа орж чадахгүй байгаа гэсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж байр сууриа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргаснаар энэ нь нэхэмжлэгч гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн байтал түүнд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй байгаа үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гэрээний дагуу олж авах орон сууц өмчлөх эрхийг зөрчжээ.
Иймд нэхэмжлэгч Ц.Б*** нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах **** албан хаагчдын орон сууцны байрны ***давхрын **** тоот дахь 2 өрөө 56.0 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ШГ ХХК***д даалгахыг тус тус шаардах эрхтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг гэрээний үнэ 52,800,000 төгрөгийг төлсөн эсэх эргэлзээтэй, Б гэдэг хүн төлбөр төлснийг Ц.Б*** төлсөн байна гэж үзэх үндэслэлгүй хэмээн маргаж байгаа боловч хариуцагч ШГ ХХК***йн захирал З.Г-ийн тус шүүхэд гаргасан хариу тайлбарт ...Ц.Б*** болон түүний нөхөр н.Батжаргалтай уулзаж ... гэх хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Ц.Б***, түүний ээжийн байрны төлбөрт өгсөн мөнгийг байр барихад зарцуулсан ... гэх тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...тухайн үед нярай хүүхэдтэй, нөхөр н.Б 52,800,000 төгрөгийг банкинд тушаасан... гэх тайлбараар нэхэмжлэгч Ц.Б***ийн нөхөр З.Бл мөн болох нь, Батжаргал нэрээр 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ШГ ХХК-ийн дансанд Хас банкны төлбөрийн баримтаар төлөгдсөн 52,800,000 төгрөгийг тухайн орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн болох нь тус тус нотлогдож байна.
Түүнчлэн хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсолтод орж, бидний хүсэл зоригоос үл хамаараад хил хаасан. Хил хаасантай холбоотой Монгол улсад баригдаж байгаа барилга, барилгын материалын үнэ өсөж, барилга баригдах явц удааширсан. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс хамаарч гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээнээс татгалзаж болохыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т хуульчилсан гэрээнээс татгалзана гэж тайлбар гарган маргасан.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар хуульчилжээ.
ШГ ХХК*** нь Ц.Б***тэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ээс татгалзах үндэслэл бүхий шалтгаан байсан бол энэ тухайгаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт зааснаар нөгөө талдаа мэдэгдэх, гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтоох болон үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзах зохицуулалтыг хэрэгжүүлсэн талаар баримтгүй байна.
Гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаг онцлогтой боловч хуулийн дээрх зохицуулалтаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн байх, үүнд нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гараагүй байх, үүний үндсэн дээр гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэн байх гэсэн урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байж гэрээнээс татгалзах эрх хэрэгждэг учиртай.
Өөрөөр хэлбэл гэрээг тогтвортой, талуудын итгэл найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг ба Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн зохицуулалт нь гэрээнд талуудын төсөөллөөс нөхцөл байдал өөрөөр өрнөснийг харгалзаж үзээгүй, илүү тодорхой хуулийн зохицуулалт олох боломжгүй тохиолдолд мөрдөхөөс биш тухайн гэрээний хувьд цар тахлаас шалтгаалан гэрээнээс татгалзах нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжих үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч ШГ ХХК*** нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй шалтгаанаа гэнэтийн буюу давагдашгүй хүчний онцгой нөхцөл байдал болох Ковид 19 цар тахал өвчний улмаас болсон гэх тайлбарыг гаргаж байх боловч зохигч талууд цаг хугацааны хувьд 2020 онд буюу нийтэд илэрхий үйл баримт болох 2019 онд дэлхий нийтэд тархсан Ковид-19 гэж нэрлэгдсэн цар тахал өвчин гарснаас хойш гэрээг шинэчлэн байгуулсан нь тухайн нөхцөл байдлыг төсөөлөх боломжгүй байсан, төлөөллөөс өөрөөр өрнөсөн гэж үзэх үндэслэл няцаагдаж байгаа болно.
Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч Ц.Б*** нь гэрээний үүргийн дийлэнх хэсэг болох 90 хувийн төлбөр 52,800,000 төгрөгийг хариуцагчид төлж барагдуулсан ч өөрийн эзэмшилд бодитоор орон сууцыг хүлээн аваагүй.
Түүнчлэн гэрээний дагуу төлбөрийн үлдэх 6,000,000 төгрөгийг дутуу төлсөн байгаад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Үүнээс үзвэл хариуцагч ШГ ХХК*** худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах **** албан хаагчдын орон сууцны байрны *** дугаар давхрын *** тоот дахь 2 өрөө орон сууцыг барьж, 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, улсын комисс хүлээн авсны дараа нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн өгөх нөхцөлийг бүрдүүлэх ба өмчлөх эрхийг нотлох өөрөөс хамаарах бичиг баримтуудыг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй зэргээс нэхэмжлэгч Ц.Б***т гэрээнээс татгалзах эрх үүсэх боломжтой.
Нэхэмжлэгч Ц.Б*** нь дээрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагыг гаргаагүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-т урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэж хуульчилсан ба ШГ ХХК нь өнөөдрийн байдлаар нэг ч айлд зөвшөөрөл өгөөгүй. Гэтэл Ц.Б*** улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байгаа нь цаанаа авлига ашиг сонирхлын зөрчил байна уу, магадгүй танил талаараа хуулиа зөрчиж хийлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-т Урьдчилсэн тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэж,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.
31.2-т Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно.
31.3-т Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана гэж хуульчилсан байна.
Нэхэмжлэгч Ц.Б*** нь Улсын бүртгэлийн байгууллагаас тус орон сууцны бүртгэлтэй холбоотой лавлагаа баримтыг гаргуулах хүсэлтийг гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1074 дугаар албан бичгээр урьдчилсан тэмдэглэгээ хийсэн баримт болох мэдүүлэг, нэхэмжлэгчийн өргөдөл, гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийн хуулбарыг хэрэгт ирүүлсэн ба ШГ ХХК***йн зөвшөөрлийг авсантай холбоотой баримт байхгүй байна. (хавтаст хэргийн 73-79 дүгээр хуудас)
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээг хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хийлгэсэн гэж маргасан нь нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ШГ ХХК***д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хууль зүйн үндэслэл болохгүй юм.
Дээрх хуулиудын зохицуулалт эрх шилжүүлэн авч байгаа этгээд буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн зүгээс эрхийг нь зөрчсөн байдлаар захиран зарцуулахаас урьдчилан хамгаалах, түүний ирээдүйд бий болох эрх хэрэгжих баталгааг бий болгоход чиглэгджээ.
Мөн хариуцагч нь дээрх маргаан бүхий орон сууцны **** тоотод өөр айл оруулсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөр, өөрсдийн тайлбар үндэслэлийг нотлох үүрэгтэй ба хариуцагч тал энэхүү **** тоотод орсон гэх этгээдтэй эрх зүйн харилцаанд оролцсон талаарх нотлох баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч энэ талаар хүсэлт гаргаагүй байна.
Иймээс хариуцагч ШГ ХХК*** нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн буюу нэхэмжлэгч Ц.Б***ийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б***ийг Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах **** албан хаагчдын орон сууцны байрны *** дугаар давхрын *** тоот дахь 2 өрөө 56.0 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, тус орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ШГ ХХК***д даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШГ ХХК***ас 522,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б***т олгохоор тогтов.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б***ийг Х аймгийн М сумын **** дугаар багт байрлах **** албан хаагчдын орон сууцны байрны *** дугаар давхрын *** тоот дахь 56.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, тус орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Б***ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ШГ ХХК***д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШЗ2023/03502 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн М сумын *** баг ** байр 2121.12 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 75% гүйцэтгэлтэй ***** дугаартай үл хөдлөх хөрөнгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зүйлд хамаарах буюу Хл аймаг, М сум **** дугаар баг, **** дүгээр байрны **** давхрын *** тоот дахь 2 өрөө 56 м.кв орон сууцыг бусдад худалдахгүй, барьцаанд тавихгүй, бусдын эзэмшил, ашиглалт өмчлөлд шилжүүлэхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахгүй байхыг хариуцагч ШГ ХХК***д даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсонд тооцсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,150 (таван зуун хорин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШГ хязгарлагдмал хариуцлагатай компаниас 522,150 (таван зуун хорин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН