Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2023/01176

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ц

Хариуцагч: Б.О нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний төлбөрт шилжүүлсэн 36,800,000 (гучин зургаан сая найман зуун мянга) төгрөг түүний алданги 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөг, нийт 40,000,000 (дөчин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2023/01109/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхдалай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Б.Ц***, Б.О***нарт холбогдуулан гэрээний төлбөрт шилжүүлсэн 36,800,000 (гучин зургаан сая найман зуун мянга) төгрөг, түүний алданги 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөг, нийт 40,000,000 (дөчин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ВФК ХХК нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2023 онд Хөвсгөл аймгаас сарлагийн хөөвөр бэлтгэх зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Х аймгийн А сум ***иргэн Б.Ц***, түүний охин Б.О***нартай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 40,000,000 төгрөгийн үнэ бүхий 5,000 кг сарлагийн самнасан хөөврийг (хог, шороо, хялгасны агууламж бага) 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бэлтгэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Улмаар гэрээний төлбөр 36,800,000 төгрөгийг ВФК ХХК-ийн Хаан банк дахь***дугаартай данснаас Б.Ц***гийн Хаан банк дахь***дугаартай данс руу шилжүүлж бэлнээр 3,200,000 төгрөгийг Б.Ц***д өгсөн. Гэрээний дагуу хариуцагч нар нь 40,000,000 төгрөгийн өртөг бүхий сарлагийн хөөврийг 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд сарлагийн хөөврийг бэлтгэн нийлүүлэх үүргээ огт хэрэгжүүлээгүй. Улмаар гүйцэтгэх захирал Д.С 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Х аймгийн А суманд очиж хариуцагч Б.Ц***, Б.О***нартай уулзан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 40,000,000 төгрөгийг эргүүлэн төлөхөөр тохиролцож хэлцэл хийн Арбулаг сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр хэлцлийг батлуулсан боловч өнөөдрийг хүртэл мөнгийг буцаан төлөөгүй байна. Гүйцэтгэх захирал Д.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-р дамжуулан 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч нар ирэхгүй байсаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон.

Хариуцагч нар нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ мөнгийг харилцан тохиролцсон хугацаандаа төлөөгүй нь манай компанийн эдийн засагт олон сөрөг үр дагаврыг авчирсан. Иймд ВФК ХХК-д Б.Ц, Б.О нараас 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ВФК ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Б.О Ноолуур нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээ байгуулж гэрээний төлбөрт хариуцагч Б.Ц***гийн Хаан банк дахь***дугаартай дансанд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 7,000,000 төгрөгийг, хариуцагч Б.О-ын дансанд 1,800,000 төгрөгийг, нийт 36,800,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн.

Гэрээ ёсоор хариуцагч нар нь 5 тонн сарлагийн самнасан хөөврийг 2023 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын 30-ны хооронд бэлтгэн нийлүүлэхээр тохирсон боловч хариуцагч нар нь хөөвөр бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож 3,200,000 төгрөгийг, нийт 40,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.

ВФК ХХК нь жижиг дунд үйлдвэр эрхэлдэг, зуны хугацаанд үйл ажиллагаа нь явагддаг учир яаралтай хөөвөр бэлдэж өгөх хүсэлтийг удаа дараа сануулж байсан ба захирал Д.Ср 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өөрийн биеэр очиж гэрээний үүргийг биелүүлэх санал солилцож улмаар хариуцагч нартай дахин хэлцэл хийсэн боловч бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ огт биелэгдээгүй. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Хариуцагч Б.Ц***гийн 19,414,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа тайлбарыг дэмжихгүй байна. Учир нь Д.Сугар, Б.Ц*** нар нь 2020 оноос хойш хамтарч ажиллаж байгаа бөгөөд Д.С захирал 2022 онд О гэх компанитай нэг тэрбум төгрөгийн гэрээ байгуулах ажлыг Б.Ц***д олж өгсөн бөгөөд тухайн үед зуучилсны хөлс гэж 19,000,000 төгрөгийг Б.Ц***гаас Д.С захирал өөрийн дансаар шилжүүлүүлж авч байсан. Нэхэмжилсэн 40,000,000 төгрөгтэй хамааралгүй. Бэлтгэсэн гээд байгаа хөөвөр 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр А суманд гэрт нь очиход байхгүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах үед мөн энэ талаар огт яригдаагүй. Бэлтгэсэн 500 кг хөөврөө 2024 оны хавар өгнө гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр өөрийн биеэр очиж гэрээ хийе гэсэн боловч намайг ажлаа амжуулж хөөврөө хурдан ав. Охиноо нааш нь явуулчих гээд охин Б.О-тай гэрээг хийсэн. Гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөгийг миний Хаан банкны *** дугаар дансанд шилжүүлж өгсөн.

Би Д.С-ын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр авсан 5,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр авсан 2,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр авсан 2,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр авсан 1,800,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр авсан 800,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 12-ны авсан 1,000,000 төгрөг нийт 12,600,000 төгрөг, үүн дээр 10 кг борцны үнэ 550,000 төгрөг, ширмэл олбог 20 ширхэг нэг бүрийн үнэ 65,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг, модны ураар хийсэн аяга 2 ширхэг нэг бүрийн үнэ 68,000 төгрөг, нийт 136,000 төгрөг, нийтдээ 14,586,000 төгрөгийг надад дансаар шилжүүлж өгсөн 34,000,000 төгрөгөөс хасаж үлдэх 19,414,000 төгрөгт хөөвөр нийлүүлье гэсэн. Гэтэл Д.С уурлаад хэл амаар доромжлоод хөөвөр авахгүй, мөнгөө явуул гэсэн. Түүнээс хойш айгаад утсаа авч чадаагүй. 2023 оны 7 сарын 14-нд Д.С, Б.М нар биеэр манай гэрт ирсэн ба сумын төв орж нотариатын үүрэг гүйцэтгэгчийг дуудаж авч ирээд тэдний өрөөнд хэлцэл хийсэн ба аргагүйн эрхэнд хүчинд автаж гарын үсэг зурсан.

Намайг гэрт ирж дарамталж машин хурааж авч, олны өмнө элдвээр хэлж өвчтэй хэвтрийн дэглэмтэй аавын минь хажууд ирж айлган сүрдүүлснээс аавын минь бие муудаж сэтгэлзүйн хувьд тогтворгүй байхад 3,200,000 төгрөгийг бэлнээр авсан гэж хүчээр бичүүлсэн. Сумын цагдаа, нотариатын хүн болон бусад хүмүүс намайг сүрдүүлэгт өртөж гарын үсэг зурсан болохыг гэрчилнэ.

2022 онд надаас мөнгө зээлэхдээ 25 тонн ноос бэлдүүлчхээд аваагүй. Ноосоо зараад Д.С-аас банкны мөнгө хийх боллоо гэсэн би боломжгүй байна. Наана чинь үйлдвэр барина гэсэн. Итгээд хүлээсэн. 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зээл хийх байгаад утсаар нь холбогдсон чинь урдаас загнаад байсан. Би өгөх байх гэж бодоод мөнгөө нэхээгүй. Хөдөө байдаг учир байнга сүлжээнд гараад ярих боломж байгаагүй. Хүүхдүүдийн аав болохоор баярт явж байхад хэрүүлтэй хүн ирж морь бузарлалаа гэж дарамталдаг болсон. Нэхэмжлэлийн шаардлагаас 19,414,000 төгрөг төлөхийг би зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс Д.С иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлийн хуулбар, ВФК ХХК-ийн ноолуур нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээний хуулбар, Ар тогоруутан Б.О, Б.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн хуулбарууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0426 дугаартай итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, нэхэмжлэгч солих тухай хүсэлт, ВФК ХХК-ийн нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ВФК ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.М-д олгосон итгэмжлэл, ВФК ХХК-ийн өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэлцэлийн хуулбар, ВФК ХХК-ийн ноолуур нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэлцэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд (хавтаст хэргийн 3-14, 38, 43-53 дугаар хуудас)

Хариуцагчаас 2033 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдийн Б.Ц Б.О, олгосон итгэмжлэлүүд, Х аймгийн А сум *** багийн засгийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 204 дугаартай албан тоот, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн хариу талбар, Б.Ц-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбарууд, фэйсбүүк чатаар харилцсан зурвасны хуулбарууд, Б.Ц-ийн зээлийн дансны харилцагийн хуулганы хуулбаруд, зээлийн дансны төлбөрийн хуваарь, Б.Ц-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбарууд зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 18-19, 25, 26-28, 29-36, 54-61, 62, 63, 64-69 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлээс 38,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.С нь хариуцагч нартай ВФК ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан, гэрээний үнийн дүн 36.800.000 төгрөгийг мөн компанийн Хаан банк дахь***тоот данснаас Б.Ц***гийн дансанд шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компаниар солих тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШЗ2023/04443 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талуудын зарчимд үндэслэгдсэн, энэхүү ажиллагаа нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчилсөн гэж үзэхгүй тул хэргийн нэхэмжлэгчийг ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Б.О байгуулсан Ноолуур нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээ -ний дагуу хариуцагч нарт гэрээний төлбөр болгож шилжүүлсэн 36,800,000 төгрөг, гэрээ биелэгдээгүйгээс учирсан алдангид 3,200,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь дансаар 34,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үүнээс Д.С-ын 5046414887 дугаар дансанд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэн өгсөн 5,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн 2,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр өгсөн 2,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өгсөн 1,800,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өгсөн 800,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдсөр өгсөн 1,000,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөг дээр 10 кг борцны үнэ 550,000 төгрөг, ширмэл олбог 20 ширхэг нэг бүрийн үнэ 65,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг, модны ураар хийсэн аяга 2 ширхэг нэг бүрийн үнэ 68,000 төгрөг, нийт 136,000 төгрөг, нийт 14,586,000 төгрөгийг хасаж үлдэх 19,414,000 төгрөгийг төлнө. Гэрээний дагуу хөөврөө бэлтгүүлээгүй, учир алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд буюу ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хариуцагч Б.О***нар нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ноолуур нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээ-г байгуулсан байх ба уг гэрээгээр 5 тонн сарлагийн хөөврийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагч талд бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн гэрээгээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 49, 50 дугаар хуудас)

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг ба шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл болох бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.О***нь нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанид хог, шороо, хялгасны агууламж бага сарлагийн самнасан хөөвөр 5 тонныг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч тал болох ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компани нь үнийг төлөх үүргийг тус тус харилцан хүлээжээ.

Нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өөрийн дансаар дамжуулан 35,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ц***гийн Хаан банк дахь***дугаар дансанд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 7,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус нотлогдож байна. (хх-ийн 52-53 дугаар хуудас)

Хэдийгээр ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.О Ноолуур нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээ-г байгуулсан байх ба хэргийн бодит байдалд хариуцагч Б.Ц*** нь тус гэрээний үүрэг болох 5 тонн хөөврийг нэхэмжлэгчид бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээж, өөрийн дансаар гэрээний төлбөрийг шилжүүлэн авсан үйл баримтад талууд маргаагүй.

Харин хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** нь өөрийн дансаар хүлээн авсан мөнгөн дүнг 34,000,000 төгрөг гэж, 2022 онд ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.С-т түүний дансаар шилжүүлсэн 12,600,000 төгрөг, түүн дээр 10 кг борцны үнэ 550,000 төгрөг, ширмэл олбог 20 ширхэг нэг бүрийн үнэ 65,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг, модны ураар хийсэн аяга 2 ширхэг нэг бүрийн үнэ 68,000 төгрөг, нийт 136,000 төгрөг, бүгд 14,586,000 төгрөгийг гэрээний үүрэгт тооцуулна гэж тус тус маргасан.

Хариуцагч Б.Ц***, Б.О***нар нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох сарлагийн хөөвөр бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***гийн шүүх хуралдаанд гаргасан ...Би шилжүүлж өгсөн мөнгөнөөс банкны зээлээ хааж, хүнд ноолуурын мөнгө 18,000,000 төгрөг өгөх байсныг тус тус өгч, үлдсэн мөнгөөр нь 500 килограмм хөөвөр бэлтгэсэн. Бэлтгэсэн энэ хөөврийг нэхэмжлэгч нь авахгүй гэсэн учир одоо ч манай найзын хөлдөөгчинд хадгалагдаж байгаа... гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн ...гэрээ байгуулснаас хойш хугацаанд хөөвөр огт нийлүүлээгүй, 2023 оны 7 сард хариуцагчийн гэрт очиход бэлтгэсэн хөөвөр байгаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч болон шүүхэд нэхэмжлэл гаргах энэ хугацаанд хөөвөр бэлдсэн талаар огт хэлж ярьж байгаагүй... гэх тайлбараар тус тус тогтоогдлоо.

Хариуцагч нар нь ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан Ноолуур нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээ-ний 2.2-т заасан 5 тонн сарлагийн хөөвөр бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсэх үндэслэл болж нэхэмжлэгч нь дээрх гэрээний төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан гэрээний үйлчлэх хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээний төлбөр 36,800,000 төгрөг, гэрээ биелэгдээгүйгээс учирсан алдангид 3,200,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

Иймд нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний төлбөрийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар гэрээ биелэгдээгүйн улмаас төлөгдөх алдангийг тус тус шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Ц***гийн Хаан банк дахь***дугаартай дансанд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 7,000,000 төгрөгийг, нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Б.Ц***, Б.О***нар нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хугацаанд гэрээний дагуу хөөвөр бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид гэрээний төлбөрийг буцаан шилжүүлээгүй байх тул 35,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор,

Хариуцагч Б.Оюунбадамд нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 1,800,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул гэрээний төлбөрт нэхэмжилсэн 36,800,000 төгрөгийн шаардлагаас энэхүү 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ц***д 3,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээрх нэхэмжилсэн 3,200,000 төгрөгийг нэхэмжилж буй үндэслэлээ хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төлөгдөх алданги гэж тодруулсан.

Тэрээр алдангийн хэмжээг гэрээнд заасны дагуу тооцвол нэхэмжилсэн дүнгээс илүү гарахаар байгаа боловч алдангийг 3,200,000 төгрөгөөр тооцож хариуцагч нараас гаргуулна гэж шаардсан ба талуудын байгуулсан Ноолуур нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээ- гэрээний 4.1-д Бэлтгэн нийлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй бол үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар алданги төлөх ба ноолуур дутуу болон огт нийлүүлээгүй гэрээг дуусгавар болговол гэрээт ноолуурын урьдчилгаа өгсөн өдрөөс эхлэн хоногийн 0,5 хувиар алданги төлнө гэж харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай талуудын дээрх тохиролцоо нийцсэн байна.

Тодруулбал талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнийг буцаан төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй талд хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцооны хэлбэр юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангид 3,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсантай нийцсэн, талууд гэрээнд алданги гаргуулах талаар харилцан тохиролцсон байх тул шүүх хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төлөгдөх алдангид нэхэмжилсэн 3,200,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Ц***, Б.О***нараас гэрээний төлбөр 35,000,000 төгрөг, гэрээ биелэгдээгүйгээс төлөгдөх алданги 3,200,000 төгрөг, нийт 38,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар буюу нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц***, Б.О***нараас 38,200,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 348,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** нь нэхэмжлэгчээс өөрийн дансаар дамжуулан 34,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбар гарган маргасан боловч хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тэрээр 35,000,000 төгрөгийг өөрийн дансаар нэхэмжлэгчээс хүлээн авсан болох нь нотлогдсон.

Мөн ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.С-т 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд түүний **** дугаар дансаар дамжуулан 12,600,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, түүн дээр 10 кг борцны үнэ 550,000 төгрөг, ширмэл олбог 20 ширхэг нэг бүрийн үнэ 65,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг, модны ураар хийсэн аяга 2 ширхэг нэг бүрийн үнэ 68,000 төгрөг, нийт 136,000 төгрөг, бүгд 14,586,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулна гэж тус тус тайлбар гарган маргасан ба хариуцагчийн энэхүү татгалзал нь нэхэмжлэгчийн гэрээний төлбөр буцаан шаардсан шаардлагад хамаарахгүй.

Тодруулбал хариуцагч Б.Ц*** нь 2022 оны 4 сараас мөн оны 6 дугаар сарын хооронд ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.С-т шилжүүлсэн мөнгийг тухайн гэрээний үүрэгт хамааруулж тайлбарласан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул тус гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй байна.

Харин хариуцагч энэ талаар нэхэмжлэлээ гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ц***, Б.О***нараас 38,200,000 (гучин найман сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ВФК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 (гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц***, Б.О***нараас 348,950 (гурван зуун дөчин найман мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН