Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2023/00715

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2023/00715

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2023/00531/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Т,

Хариуцагч: Ч.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00531/И/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч : Ч.Т,

Иргэдийн төлөөлөгч: Г.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т*** шүүхэд хариуцагч Ч.А*** эмчилгээний зардал 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хамрын хагалгаанд орсны төлбөр 3,500,000 төгрөг, замын зардал 121,600 төгрөг, эм, тариа авч эмчлүүлсэн зардал 1,378,400 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ч.Т*** ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ харих замдаа Ч.А-тай тааралдаж, маргалдан намайг миний нүүрэн тус газар цохиж хамар ясанд минь хугарал бүхий гэмтэл учруулж намайг зодсон.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор тухайн асуудлыг шийдэж Ч.А 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, намайг эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Миний хамар минь хугарсан гэмтэл учирснаас болж амьсгал авч болохгүй, нүд харанхуйлж, толгой эргэж маш их зовиуртай байсан. Ингээд хамрын мэс засалд яаралтай орохгүй бол өнчин тархинд харвалт учрах магадлалтай гэсэн тул 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт мэс засал хийлгэсэн. Ингэж хамрын мэс засал хийлгэхэд надаас эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийн зардал гарсан ба эхнэрээрээ цалингийн зээл авахуулж, дээрх мэс заслыг хийлгэсэн. Одоо дээрх хохирлоо Ч.А*** гаргуулан авах шаардлагатай байна. Ч.А нь намайг дан ганц зодож биед минь гэмтэл учруулаад зогсохгүй, миний таньдаг, ойр дотны хүмүүст үнэн худал мэдээлэл тарааж миний нэр төр алдар хүндэд удаа дараа байнга халдаж байна.

Хариуцагчийн ёс зүйг үйлдлээс үүдэн би эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон. Хариуцагчид зодуулснаас хойш чих шуугьдаг болсон. Хамар мурийсан. Ч.А 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр найзындаа архи уугаад сууж байхад орж ирсэн. Бидний гэр ойролцоо байдаг учраас хамт явах уу гэхээр нь за гээд машинд нь суугаад явж байтал Хөвсгөл аймгийн М сумын *** дугаар багийн *** дугаар гудамжинд буулгаад зодсон. *****аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхээс гэмт хэргийн улмаас цаашид учрах эрүүл мэндийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй үлдээсэн тул иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 4 дүгээр сар гаргаад намайг Улаанбаатар хот руу яаралтай явж хагалгаа хийлгэх шаардлагатай. Хэрэв хагалгаа хийлгэхгүй удаан явбал саажилттай болох магадлалтай гээд 13А маягт хийж өгснөөр Улсын Нэгдүгээр эмнэлгийн хамар, хоолойн эмч хүлээн авч 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хагалгаанд орсон. Эмчилгээнд явахдаа эхнэрээрээ 5,000,000 төгрөгийг цалингийн зээл авхуулсан ба энэ мөнгө эмчилгээний зардалд 100 хувь зарцуулагдсан.

Хариуцагчийн тухайд ёс зүйгүй хүн. Хэрэг гарснаас хойш айлд очихдоо, гудамжинд хүнтэй таарахдаа миний эсрэг мэдээлэл өгөөд яваад байгаад харамсалтай байна. Миний найз нөхөдтэйгөө хаана, хэзээ уулзаад юу хийж явах өөрт нь огт хамааралгүй. Миний зүгээс өөрт нь гай болсон зүйлгүй байгаа. Мөрөөрөө амьдарч байгаа энгийн нэгэн хүн. Анх 2021 оны намар н.Б эмээгийн хүүхдийн зодсон байсан учраас намайг чи н.Б эмээгийн ороод судлаад өгөөч гэхээр нь би судлаач биш гэж хэлснээс хойш надад өш санасан юм шиг байсан.

Би шүүхэд 5,000,000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 08-ны хооронд эрүүл мэндэд нь гэм хор учруулснаас гарсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 10 хоногийн хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн хагалгааны төлбөр 3,500,000 төгрөг, Улаанбаатараас замын зардал 121,600 ирж очих зардал, үлдэх 1,378,100 төгрөг эмчилгээний зардалд тус тус зарцуулсан тул гэм хорын хохирол 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. гэв.

Хариуцагч Ч.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.А миний бие 2022 оны 9 дүгээр сард эгчийнхээ хүү болох н.Б-тай хамт зах орж таслагч авах гээд зах дээр байхгүй болохоор нь зах уруудаад н.Н гэх найзындаа орсон чинь ****дугаар багийн ***дугаар багийн ***тоотод оршин суух Ч.Т-тай архи уугаад сууж байсан. Тэгээд би Ч.Т-г харих юм уу гэхэд тэгсэн ч яахав гэж хэлсэн. Тэгээд Ч.Т*** нь манай гудамжинд оршин суудаг юм. Тэгээд миний машинд суугаад товчоо орж барилгын материал авсан. Тэгээд орох замдаа чи тэр н.Ж-аад боовоо хөхүүлэхгүй яасан, нэг хийхгүй яасан гэж намайг дүүгийн минь хажууд удаа дараа доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи дуугүй байгаач. Дүүгийн хажууд юун балай юм яриад байгаа юм гэж хэлсэн чинь тоохгүй бүр доромжлоод чанга чанга инээгээд байхаар нь би нэг удаа машин дотроо цохиод авсан. Тэгээд хамраас нь цус гоожихоор нь машинтай яваад манай үзүүрийн дэлгүүр орж хамрыг нь угааж өгсөн. Тэгээд нэг шил архи аваад манай үзүүрийн Х гэдэг ахын грашид очоод уугаад зүгээр үү гэхэд зүгээр дээ гэсэн. Тэгээд хоёр тийшээ салсан. Тэгээд би эгчийнд орж ажлаа хийсэн. Одоо би Ч.Т-т хийсэн үйлдлээ Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ороод 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэл авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 240 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар дуусгасан. Ч.Т-ын буруутай үйл ажиллагаанаас болж ийм үйл явдал болсон. Иймд ямар нэгэн төлбөр мөнгө төлөх боломжгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрмөөргүй байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Г.Ө: Ч.Т-ын нэхэмжилсэн эм тариа, замын зардал 5,000,000 төгрөгийг гаргуулж өгөх нь зүйтэй. гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Т*** нь шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар-Хөвсгөл явсан замын зардал 60,800 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Марал од гариг ХХК-аас Синтомицин линимет10% авсан 8,500 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхтүшээ эмийн сангаас Тариур-500, КокоКлеан да аьсан 22,050 (21ширхэг) төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монос эмийн сангаас Синтомицин авсан 7,600 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ази фарма-Сүлжээ эмийн сангаас Торас дент шахмал авсан 11,230.20 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Монос Хөвсгөл ХХК-аас Аспирин 100мг 5,500 төгрөгөөр, Тосон клизм 1,500 төгрөгөөр, нийт 7,000 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Монос Хөвсгөл ХХК-иас Ибопрофен авсан 5,300 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ситифарм Диклоденк 14,100 төгрөгөөр, Бинт ариутгасан 5,400 төгрөгөөр, Амлоденк5мг 2,960 төгрөгөөр, хэвтрийн дэвсгэр эр 3,800 төгрөгөөр, нийт 26,260 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монос эмийн сангаас Дикломон авсан 2,950 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Намуун тамир төвөөс Памперс дэвсгэр 1,300 төгрөгөөр, памперс том хүн 3,000 төгрөгөөр, нийт 4,300 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Мөрөн-Улаанбаатар зорчсон 60,800 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Хамар дайврын КТГ хийлгэсэн 36,000 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Тансаг говь дэлгэрэх ХХК-аас хамар угаах баллон авсан 10,600 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Намуунаа эмийн сангаас риста 60мг 1 ш авсан 4,770 төгрөгийн и-баримтууд, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоол, хүний их эмч Баатарын Батбилэгийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт, Өвчний түүхийн хуулбар, фото зургийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Оюунцэцэгийн ХААН банк ХК-д гаргасан зээл олгохыг хүссэн өргөдөл, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар ЗГ-50950286-20230404 Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, Амбулториор эмчлүүлэгсдийн карт, Улсын төв эмнэлэгийн компьютерт томографи хийсэн СД зэрэг баримтуудыг,

Хариуцагч Ч.А шүүхэд хариу тайлбарыг тус тус гаргаж өгчээ.

Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Би банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авч бүгдийг нь Ч.А-ийн миний эрүүл мэндэд учруулсан хохирлыг арилгахад зарцуулсан тул 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд гаргасан зардлаа нэхэмжилнэ. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 10 хоногийн хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн хагалгааны төлбөр 3,500,000 төгрөг, Улаанбаатар Мөрөн 2-ын хооронд явсан замын зардал 121,600 төгрөг, эм, тариа, эмчилгээнд зарцуулсан 1,378,100 төгрөгийг гаргуулна.

Хариуцагч Ч.А-ийн гэм буруутай үйлдлээс миний эрүүл мэндэд хохирол учирсан нь **** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа... гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хариуцагч Ч.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ч.Т-ын буруутай үйл ажиллагаанаас болж ийм үйл явдал болсон. Иймд ямар нэгэн төлбөр мөнгө төлөх боломжгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрмөөргүй байна гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х*** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоол, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хүний их эмч Б.Б-ийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт, Амбулториор эмчлүүлэгсдийн карт, Улсын төв эмнэлгийн компьютерт томографи хийсэн СД зэрэг баримтуудаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ч.Т*** өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцагч Ч.А*** шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ч.Т-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцагч Ч.А нь арилгаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар-Хөвсгөл явсан замын зардал 60,800 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Марал од гариг ХХК-аас Синтомицин линимет 10% авсан 8,500 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхтүшээ эмийн сангаас Тариур-500, КокоКлеан да аьсан 22,050 (21ширхэг) төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монос эмийн сангаас Синтомицин авсан 7,600 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ази фарма-Сүлжээ эмийн сангаас Торас дент шахмал авсан 11,230.20 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Монос Хөвсгөл ХХК-аас Аспирин 100мг 5,500 төгрөгөөр, Тосон клизм 1,500 төгрөгөөр, нийт 7,000 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Монос Хөвсгөл ХХК-иас Ибопрофен авсан 5,300 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ситифарм Диклоденк 14,100 төгрөгөөр, Бинт ариутгасан 5,400 төгрөгөөр, Амлоденк5мг 2,960 төгрөгөөр, хэвтрийн дэвсгэр эр 3,800 төгрөгөөр, нийт 26,260 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монос эмийн сангаас Дикломон авсан 2,950 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Намуун тамир төвөөс Памперс дэвсгэр 1,300 төгрөгөөр, памперс том хүн 3,000 төгрөгөөр, нийт 4,300 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Мөрөн-Улаанбаатар зорчсон 60,800 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Хамар дайврын КТГ хийлгэсэн 36,000 төгрөгийн, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Тансаг говь дэлгэрэх ХХК-аас хамар угаах баллон авсан 10,600 төгрөгийн и баримтууд, 263,390.20 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 10 хоногийн хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн хагалгааны төлбөр 3,500,000 төгрөг, эм, тариа, эмчилгээнд зарцуулсан 1,378,100 төгрөг гэж нэхэмжилсэн боловч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 10 хоногийн хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн хагалгааны төлбөр 3,500,000 төгрөг, эм, тариа эмчилгээний зардалд 1,236,309.80 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Ч.А*** нэхэмжлэгч Ч.Т-ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 263,390.20 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,736,109.80 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 08-ны хооронд эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн тул 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Намуунаа эмийн сангаас риста 60мг 1 ш авсан 4,770 төгрөгийн баримт, Өвчний түүхийн хуулбар, фото зургийн хуулбар зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ж.О-ийн ХААН банк ХК-д гаргасан зээл олгохыг хүссэн өргөдөл, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар ЗГ-50950286-20230404 Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул тус тус шүүх үнэлээгүй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Ч.А*** улсын тэмдэгтийн хураамжид 8,567 (найман мянга таван зуун жаран долоо) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ч.А*** гэм хорын хохирол 263,890.20 (хоёр зуун жаран гурван мянга найман зуун ерэн төгрөг, хорин мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,736,109.80 (дөрвөн сая долоон зуун гучин зургаан мянга нэг зуун есөн төгрөг наян мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Ч.А*** улсын тэмдэгтийн хураамжид 8,567 (найман мянга таван зуун жаран долоо) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн амбулотараар эмчлүүлэгчийн картыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдөр өнгөрснөөс 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал шүүх шийдвэрийг гардуулснаар давж заалдах гомдол гаргах хугацаа тоолохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Р.САРАНТУЯА

 

ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧ  с.оюунжаргал