Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2024/0034/З |
Дугаар | 128/ШШ2024/0048 |
Огноо | 2024-01-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0048
2024 01 12 128/ШШ2024/0048
Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн
зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг
хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н*******д холбогдуулан бичсэн “Улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б*******ий дүгнэлтээр хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Б******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Хяналтын прокурор Х.Б******* би, тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч, Ө.Н******* 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, 662 дугаараар бүртгэж, газар дээр нь хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан насанд хүрээгүй ******* регистрийн дугаартай Э*******ын Ц******* /5 настай/-д Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 71 дугаартай тогтоолоор батлагдсан “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 3.2.2-т “гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших, хадгалах” үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн хэмээн гучин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг Улсын ерөнхий прокурорын аргачилсан заавар батлах тухай А/62 дугаар тушаалын 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн шийдвэрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянана” гэж заасныг баримтлан татаж хянав.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8 дугаар зүйлүүдэд заасан субъектийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч гэнэ. Харин Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш болно. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэлийн хуудас зэргээр насанд хүрээгүй ЩК 18311213 регистрийн дугаартай Э*******ын Ц******* /5 настай/-д Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 71 дугаартай тогтоолоор батлагдсан "Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын 3.2.2-т "гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших, хадгалах" үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. Тогтоогдвол зохих хүн байхгүй бол хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж үүрэгжүүлсэн заалтыг тус тус хэрэгжүүлэлгүй шийтгэл оногдуулжээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй этгээд буюу эрх зүйн аливаа харилцаанд бие даан оролцож, үүрэг хүлээх боломжгүй этгээдэд шийтгэл оногдуулж, хариуцлага тооцжээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч, Ө.Н*******гийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н******* миний бие Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б*******ий 2023 оны 12 дугаар сарын 19-ний 1262 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Б******* нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н*******гийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1262 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагч улсын байцаагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр ирүүлжээ.
Тухайн зөрчлийн хэргийн хувьд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н******* нь "үндэсний гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журам зөрчсөн” гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж насанд хүрээгүй, 5 настай ******* регистрийн дугаартай Э*******ын Ц*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Б******* “насанд хүрээгүй бага насны хүүхдэд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. Тогтоогдвол зохих хүн байхгүй бол хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасныг зөрчиж торгох шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичжээ.
Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”, мөн зүйлийн 3-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэн арван дөрвөөс арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.3-т “зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй болох нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 6.12 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, прокурорт даруй мэдэгдэнэ.”, мөн зүйлийн 2.3-т “Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой эсэх нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтан тогтоосон байна” гэж тус тус зааснаар зөрчил үйлдэх үедээ 16 насанд хүрээгүй хүнд шийтгэл ногдуулах үндэслэлгүй, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр, зөрчил үйлдэх үедээ 14-18 настай хүний “хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг” харгалзан шийтгэлээс чөлөөлж болохоор заажээ.
Зөрчилд холбогдогч Э.Ц******* /*******/ 5 настай байсан тул түүнд холбогдох зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна.
Тиймээс ч прокурор дүгнэлт бичиж, прокурорын дүгнэлтийг хариуцагч ийнхүү хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг болон энэ захиргааны хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Б*******ий 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1262 дугаартай дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н******* хүлээн зөвшөөрснийг баталж, улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг болон энэ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарлав.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА