Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 72

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч: Б.Гансүх нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гансүхэд холбогдох 1722000360013 тоот хэргийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод 1979.09.23-нд төрсөн, 2-р анги төгссөн, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, Говийн гал ХХК-д галч ажилтай /2 дахь жилдээ ажиллаж байгаа гэх/, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 1-2 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ79092372/ Харчин овогт Бямбын Гансүх нь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Гансүх нь 2017 оны 8 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 20-09 тоотод оршин суух иргэн О.Бямбадоржийн гэрээс эд хөрөнгө хулгайлж, бусдад 290000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

           -  Шүүгдэгч шүүх хуралдаанд: Би мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлэв.

- Шүүгдэгч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “...Би 2017.08.19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандал хороололд байх өөрийн найзынхаасаа алхыг нь гуйж аваад тэднийнхээс гарч халз урд талынх нь хашаанд орж 2 гэр байсны зүүн талын гэрийн цоожыг алхаараа эвдэлж дотор нь ороод хивс, нэг ширхэг зурагтны станц, антен, 3 ширхэг хуучин цамц хулгайлаад, найзындаа алхыг нь оруулж өгчихөөд хивсээ үүрээд тортой юмаа бариад төв рүү дөхөж байгаад Баянжаргал гэж хүний машинд сууж тэр хүнд хивсийг 50000 төгрөгөөр зарсан. Түүгээрээ мах гурил аваад дуусгасан. Антен, станц, хувцасаа барьж явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-42/

- Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Мандалын 20-10 тоотод манай ээж, дүү бид хамт амьдардаг юм. Намайг Дэлгэрцогт суманд хөдөө байж байсан чинь  ээж утсаар яриад би очих боломжгүй байна гэрт өнөөдөр хулгай орсон юм шиг байна. Аймагт очиж гэрээр орж эд зүйлээ бүртгэ гэж хэлэхээр нь шууд явж ирээд гэрийн эд зүйлээ бүртгэсэн чинь 4х2 хэмжээтэй Эрдэнэт хивс, тоон сувгийн станц, антен, манай дүүгийн ганц нэг хувцас байхгүй байсан. Хивсийг шинээр нь 360000 төгрөгөөр Улаанбаатар хотоос 1 жилийн өмнө авч байсан цагаан сараар л ганц дэвссэн одоо 250000 төгрөгөөр, станц антентай нь хамт жилийн өмнө 45000 төгрөгөөр авч байсан одоо 40000 төгрөгөөр, дүүгийн хуучин өмсөж байсан 3 бэлтгэлийн цамцыг нэгийг нь 10000 төгрөгөөр үнэлж байгаа. Би эд зүйлээ бүрэн бүтнээр нь хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-18-19/

- Гэрч У.Азжаргалын “....Тэр өдөр манай танил ах Б.Гансүх манай гэрт өглөө ирсэн. Ирээд бидэнтэй хамт 2 шил архи хувааж уусан.  Б.Гансүх нэг их уугаагүй юм. Б.Гансүх манайд байж байгаад харьлаа гэж хэлээд гарсан. Би гарсан хойгуур нь төв рүү явсан. Тэр өдөр Б.Гансүхтэй дахиж таараагүй. Тэр өдрийн үдээс хойш манай дүүг цагдаа нар аваад явсан гэхээр нь юу болсныг асуухад Б.Гансүхийг манай урд хашаанаас хулгай хийсэн гэсэн. Тэр асуудлаар цагдаа аваад явсан болохыг  мэдсэн. Б.Гансүх тэр айлын хаалгыг эвдэхдээ манай алхыг ашигласан байсан. Тэр алх нь одоо манай гэрт байгаа хураалгахад татгалзах зүйл байхгүй. Хураалгасан алхаа үнэлэхгүй. Би Б.Гансүхийг хулгай хийхээр хүн биш гэж боддог архи уучихаад л учиргүйтэж ийм зүйл хийсэн юм шиг байна” гэх мэдүүлэг /хх- 21/

- Гэрч У.Улсбаярын “...Ганаа 2017.08.19-ны өдөр 13 цагийн үед 1 шил 0,75 граммын Ерөөл архи бариад манайд ирсэн. Манай ах Азбаяр, Азжаргал, Аззаяа нартай архи уусан. Архи нь дуусаад манай ах Азжаргал дахиад 1 шил архи авч ирээд уусан. Архи ууж байхдаа Ганаа  ах надаас алх сураад байхаар нь юу хийх гэж байгаа юм бэ гэсэн чинь нэг юм хийчээд өгье гэхээр нь би гэрийнхээ алхыг өгсөн. Удалгүй 10-д минутын дараа тортой хувцас бариад ороод ирэхээр нь хаанаас хувцас аваад ирэв гэсэн чинь хогноос олсон гээд өөр юм ярихгүй байсан. Тэгээд дахиад гарч явсанаа хуйлаатай хивс, тоон сувгийн станц, антентэй бариад ирэхээр нь  та хаанаас юм зөөгөөд байгаа юм бэ гэсэн чинь ах нь хогноос л олдог шүү дээ гээд байсан. Тэгэхээр нь хулгай юм биш биздээ гээд намайг хэлсэн чинь бишээ таксины дугаар олоод өгчих гээд хивсээ үүрээд зүүн тийшээ яваад өгсөн. Тэгээд би хашаанаас гараад мөрийг нь харсан чинь зүүн урд айлын хашаа руу орсон байхаар нь хашаа руу нь орсон чинь цоожийг нь эвдэлцэн гэр нь онгорхой байхаар нь хажуу айлын хашааны эгчид хэлсэн..... ” гэх мэдүүлэг /хх-24/

- Гэрч Ц.Отгонжавын “... 2017.08.19-нд  15 цаг өнгөрч байхад хойд хашааны Улсаа гэх хүүхэд гүйж ирээд танай ах дүү мөн үү баруун хашаанд байгаа айл, 2 гэрийн зүүн гэрээс нь дэвсгэр, станц, хувцас аваад явчихлаа гэж хэлэхээр нь хашааны завсараар харсан чинь хаалганы төмөр толь мурийлгасан байдалтай байсан. Тэгэхээр нь гэрийн эзэн Амарсанаа гэх хүүхний 89990753 утас руу нь залгаад болсон асуудлын талаар хэлсэн чинь ороод үзээд юм бүртгээдэх гэхээр нь орж харсан чинь хивс, станц нь байгаагүй тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн...  ” гэх мэдүүлэг /хх-25-26/

- Гэрч Б.Өлзийсайханы “.....Ганаа гэх сахалтай ах хуйлсан дэвсгэр зарна гээд барьчихсан мөн торонд антен, станц байсан. 14 цагийн үед орж ирээд хивс зарна такси дуудаад өг гээд байхаар нь мэдэхгүй гэсэн чинь хивсээ үүрээд тортой юмаа бариад зүүн тийшээ  алхсан өөр мэдэх  юм байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-27-28/

- Гэрч Б.Баянжаргалын  “...өдөр 15 цаг өнгөрч байхад Нарлагын 10-12 тоотод байх манай гэрт ирээд баруун лагераас хивс ойр зуурын юм төв рүү хүргээд өг хөлсийг нь өгье гэсэн тэгэхээр нь суулгаад Мандалын 17-20 орчимд байдаг айл руу ганцаараа ороод хуйлаатай хивс, торонд хийсэн хувцас, станц, антен барьж гарч ирээд зах руу явж байх замдаа би эхнэрээсээ салаад өөрийн гэсэн өмчөө аваад явж байна. Энэ хуйлаатай байгаа шинэ хивсийг авчих хямдхан өгнө гээд хүчээр шахуу  50000 төгрөгөөр зарсан. Замдаа хивсийг нь гэртээ буулгаад захын машин зогсдог зогсоолд зогсоод 50.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд л тортой юмаа аваад баярлалаа гээд буугаад явсан ” гэх мэдүүлэг /хх-22/

- Гэрч Б.Баянжаргалаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл  “....Гансүх надад хивс зараад авсан  50000 төгрөгөө буцааж өгсөн одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Гансүх тухайн үед бага зэргийн согтуу байгаа харагдсан. Миний машинд суухдаа нэг тортой хувцас, телевизийн станц, антен, хивс зэрэг эд зүйл авч орж ирээд хивсээ надад зараад бусад эд зүйлээ аваад Дундговь аймгийн хүнсний зах дээр буусан. Гансүхийг бууснаас хойш 1 цагийн дараа цагдаагаас хүмүүс ирж хивсийг хурааж авсан..... ” гэх мэдүүлэг /хх-23/

- Гэрч Э.Долгормаагийн “....2017 оны 08 сард манай нөхөр Б.Гансүх гэртээ мах, төмс, хэрчсэн гурил хүнсний ногоо зэрэг зүйл авчирсан. Би хаанаас авчирсаныг нь асуугаагүй мэдэхгүй.  Би Б.Гансүхтэй хамт амьдраад 5-6 жил болж байна. Бид 2 гурван охинтой, би одоо 8 сартай жирэмсэн. Манай нөхөр архи л уудаг болохоос биш сайн хүн байгаа юм. Намайг болон хүүхдүүдээ тэжээж байгаа ганц хүн бол Б.Гансүх  юм. Манай том охин 12 настай 6-р ангид сурдаг, дараачийн охин 9 настай 3-р ангид сурдаг, дараачийн охин 7 настай 2-р ангид сурдаг. Бид нөхрийнхөө группийн мөнгөөр амьдарлаа залгуулдаг. Манай нөхөр хажуугаар нь хог түүж хүнд зарагдаж мөнгө олдог. Манайд хамаатан садан гээд туслалцаа үзүүлэх хүн байхгүй. Манай нөхөр мэдрэлийн өвчинөөр групп авдаг... ” гэх мэдүүлэг /хх-29/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын шинжээчийн 2017.08.21-ний өдрийн 51 дугаартай дүгнэлт, актад:  тоон сувгийн станц, антен, 4*2 хэмжээтэй шаргал өнгийн хивс, 3 ширхэг бэлтгэлийн цамц - нийт  290,000 төгрөг...” гэжээ /хх-31/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.09.21-ний өдрийн 855 дугаартай дүгнэлтэд “1. Б.Гансүх нь F70 Оюуны хомсдол өвчинтэй байна. 2. Б.Гансүх нь F70 Оюуны хомсдол өвчин нь төрөлхийн өвчин болно. 3. Б.Гансүх нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.Гансүх нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-34-35/

              Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

               Шүүгдэгч Б.Гансүх нь 2017 оны 8 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 20-09 тоотод оршин суух иргэн О.Бямбадоржийн гэрт нэвтрэн орж, тоон сувгийн станц, антен, 4х2 хэмжээтэй шаргал өнгийн хивс, 3 ширхэг бэлтгэлийн цамц хулгайлж, бусдад 290000 төгрөгийн хохирол учруулсан нь орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Б.Гансүх нь хулгайлсан эд зүйлээ биетээр нь хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн /хх-10/ Б.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй байна.

               Шүүгдэгч Б.Гансүх нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч “гомдолгүй” гэсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлөх нөхцөл байдал болно. Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх өөр нөхцөл байдал тогтоогдсонгүй.

               Хэргээс үзэхэд хохирогч О.Бямбадорж хулгайд алдсан эд зүйлээ 320000 төгрөгөөр үнэлсэн боловч Сайнцагаан сумын үнэлгээний комисс нийт 290000 төгрөгөөр үнэлснийг хохирогч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн байна. /хх-31/

               Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заажээ. Хуулийн “тайлбар” хэсэг нь тухайн хуулийн бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд хуультай адил хүчин төгөлдөр байна.

               Хэдийгээр шүүгдэгч Б.Гансүхийн бусдад учруулсан хохирлын хэмжээ нь бага хэмжээнд хамаарч байгаа боловч бусдын орон байранд нэвтэрч орж үйлдэгдсэнээрээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

               Шүүгдэгч Б.Гансүхийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлбөргүй, оюуны хөнгөн хомсдол өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон, урьд ял шийтгэлгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7  дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гансүх нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Э.Долгормаа мөн адил оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь багийн засаг даргын тодорхойлолт, эрүүл мэндийн картаар тогтоогдож байна. Гэвч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарч байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүйг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл,

36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Харчин овогт Бямбын Гансүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Харчин овогт Бямбын Гансүхэд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Б.Гансүхэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.  
  4. Шүүгдэгч Б.Гансүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид хулгайлсан эд зүйлээ биетээр нь хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн алхыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар Б.Гансүх, Э.Долгормаа нарын амбулаторын картыг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамд буцаан олгож, баримтыг болон Э.Долгормаагийн картнаас 2017.11.02-ны өдрийн 91046 эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Б.Гансүхийн картнаас эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017.10.26-ны өдрийн 0091011 дүгээр шийдвэрийг хуулбарлан авч хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
  7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гансүхэд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                          

 

 

                       ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ