| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00962/И |
| Дугаар | 155/ШШ2023/01041 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2023/01041
| 2023 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2023/01041 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2023/00962/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Т банк ХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т,
Хариуцагч: Д.Э,
Хариуцагч: Г.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,410,590.87 (арван хоёр сая дөрвөн зуун арван мянга таван зуун ерэн төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т,
Хариуцагч: Д.Э*** ,
Хариуцагч: Г.Б*** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т*** банк ХК нь хариуцагч Д.Э*** , Г.Б*** нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 9,624,500.75 (есөн сая зургаан хорин дөрвөн мянга таван зуун төгрөг далан таван мөнгө) төгрөг, зээлийн үндсэн хүү 2,606,492.75 (хоёр сая зургаан зуун зургаан мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг далан таван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 179,597.37 (нэг зуун далан есөн мянга таван зуун ерэн долоон төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Зээлдэгч Д.Э*** , хамтран зээлдэгч Г.Б*** нар нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200000399413 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 17,000,000 (арван долоон сая) төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй авсан.
Хариуцагч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргээ биелүүлээгүй 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 603 хоногоор хугацаа хэтрүүлсэн.
Зээлийн үндсэн өр 9,624,500.75 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,606,492.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,597.37 төгрөг, нийт 12,410,590.87 төгрөгийг хариуцагч Д.Э*** , Г.Б*** нараас гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Д.Э*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд Т*** банкнаас 17,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн мөнгөний 8,000,000 төгрөгөөр нь банк бусаар машин авсан. Зарим мөнгөөр нь Х аймгийн М сумын ** дүгээр багийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах байшингийн дотно, гадна доторлогоо болон тамбар, хашааны үүдээ янзлахад зарцуулсан. Би 2019 оныг дуустал зээлийн эргэн төлөлтөө ганцаараа төлж байгаад 2021 онд хүүхэдтэй болсон учир төлбөрөө төлөх боломжгүй болж одоог хүргэсэн. Тухайн үед ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул төлөлт хийх боломжгүй байсан. Хариуцагч Г.Б*** энэ зээлийг төлөлцөхгүй гэж байгаа учир би ганцаараа төлөх бодолтой байна. Харин төлөхдөө 48 сарын хугацаанд 6,000,000 төгрөгийг төлөх саналтай байна. Би зээлийн гэрээний үүрэг болох 12,410,590.87 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Хариуцагч Г.Б*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б*** нь Д.Э*** ээс 2021 оны 01 сард гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд ингэж салахдаа эд хөрөнгөө харилцан тохиролцож хуваарилан авсан. Д.Э*** нь Т*** банкны Хөвсгөл салбараас 17,000,000 төгрөгийг зээлж, уг зээл авсан мөнгөөрөө өөртөө автомашин, тавилга, хөргөгч худалдаж авсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахдаа надаас энэ бүх зүйлээ аваад салсан.
Бид гэр бүл байхдаа энэхүү зээлийг авч бидний амьдарч байсан байшин засварлахад цөөхөн хэдэн төгрөг орж, бусдыг нь Д.Э*** захиран зарцуулж уг эд хөрөнгөө өөрөө аваад явсан учир энэхүү мөнгийг би төлөхгүй. гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд регистрийн дугаар *****, Т*** банк ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Т*** банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, Т*** банк ХК, Д.Э*** , Г.Б*** нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 2000003994413 дугаар барьцаат зээлийн гэрээ, Д.Э*** , Г.Б*** нарын иргэний үнэмлэх, цалингийн зээлийн өргөдлийн маягт, зээлдэгчийн анкетийн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Д-ийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 37/838 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, зэрэг баримтуудыг,
Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар, хариуцагч Д.Э*** нь Х аймаг дахь шүүхийн тамгын газар ШҮҮХИЙН АРХИВ ХУУЛБАР ҮНЭН гэсэн дардас дарагдсан Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2021/00205 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.
Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Зээлдэгч нар нь тухайн үед хоёулаа зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж тухайн мөнгийг зээлж авсан тул хариуцагч нар төлөх нь зүй ёсны хэрэг юм. Хариуцагч нар нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулж байсан. Тухайн зээлээ 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл гэрээнд заасан төлөлт хийх хугацаандаа төлж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Хариуцагч нартай холбогдоход төлөх боломжгүй одоогоор ажилгүй байна гэх тайлбарыг хэлсэн. Манай зүгээс 2023 он 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоогоор бол ямар нэгэн төлөлт хийгдээгүй байгаа. Нэхэмжлэлд бичигдсэнээр зээлийн үндсэн төлбөрт 9,624,500.75 (есөн сая зургаан хорин дөрвөн мянга таван зуун төгрөг далан таван мөнгө) төгрөг, зээлийн үндсэн хүү 2,606,492.75 (хоёр сая зургаан зуун зургаан мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг далан таван мөнгө)төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 179,597.37 (нэг зуун далан есөн мянга таван зуун ерэн долоон төгрөг гучин долоон мөнгө) төгрөг, нийт 12,410,590.87 (арван хоёр сая дөрвөн зуун арван мянга таван зуун ерэн төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг хариуцагч Д.Э*** , Г.Б*** нараас гаргуулж өгнө үү...гэв.
Хариуцагч Д.Э*** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Г.Б*** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд: ... Миний бие Г.Б*** нь Д.Э*** ээс 2021 оны 01 сард гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд ингэж салахдаа эд хөрөнгөө харилцан тохиролцож хуваарилан авсан. Д.Э*** нь Т*** банкны Хөвсгөл салбараас 17,000,000 төгрөгийг зээлж, уг зээл авсан мөнгөөрөө өөртөө автомашин, тавилга, хөргөгч худалдаж авсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахдаа надаас энэ бүх зүйлээ аваад салсан.
Бид гэр бүл байхдаа энэхүү зээлийг авч амьдарч байсан байшиндаа бага зэргийн засвар хийж, зээлийн дийлэнх хувийг Д.Э*** өөртөө захиран зарцуулж, уг эд хөрөнгөө өөрөө аваад явсан учир энэхүү мөнгийг би төлөхгүй...гэж маргалаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Т*** банкны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №2000003994413 дугаар барьцаат зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т*** банк ХХК, зээлдэгч Д.Э*** , хамтран зээлдэгч Г.Б*** нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нар нь 17,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй байхаар тохиролцож, барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээл олгогч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу Т*** банк ХК шаардах эрхтэй.
Хариуцагч Г.Б*** нь тухайн зээлийг би захиран зарцуулаагүй, Д.Э*** ихэнх хувийг ганцаараа захиран зарцуулсан, бид гэрлэлтээ цуцлуулахдаа Д.Э*** бүгд хөрөнгөө авч явсан тул төлөхгүй гэж маргаж байх боловч энэ талаархи баримт хэргийн материалд байхгүй, хариуцагчийн дээрх үндэслэл нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч Д.Баярсайхан зээлийн гэрээний үүрэгт 12,410,590.87 төгрөг үлдсэн гэдэгтэй маргаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн үндсэн төлбөрт 9,624,500.75 (есөн сая зургаан хорин дөрвөн мянга таван зуун төгрөг далан таван мөнгө) төгрөг, зээлийн үндсэн хүү 2,606,492.75 (хоёр сая зургаан зуун зургаан мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг далан таван мөнгө)төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 179,597.37 (нэг зуун далан есөн мянга таван зуун ерэн долоон төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулна гэж нэхэмжилж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т: Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн...хүлээн зөвшөөрч болно. гэж заасан ба хариуцагч Д.Э*** , Г.Б*** нар нь зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй маргаагүй, хариуцагч Г.Б*** ы зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзаж буй үндэслэл нь зээлийн захиран зарцуулалттай холбоотой байна.
Иймд хариуцагч Д.Э*** , Г.Б*** нараас зээлийн гэрээний үүрэгт 12,410,590.87 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ. гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э*** , Г.Б*** нараас 213,519 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 1 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.Э*** , Г.Б*** нараас зээлийн гэрээний үүрэгт 12,410,590.87 (арван хоёр сая дөрвөн зуун арван мянга таван зуун ерэн төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э*** , Г.Б*** нараас 213,519 төгрөг, улсын орлогоос илүү төлөгдсөн 1 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА