Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2023/01044

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2023/01044

Хөвсгөл аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2023/00978/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.М,

Хариуцагч: Д.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдсан цементний үнэ 2,545,500 (хоёр сая таван зуун дөчин таван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ур,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.Б-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М***нь хариуцагч Д.Б******д холбогдуулан зээлээр худалдан авсан цементний үнэ 2,545,500 (хоёр сая таван зуун дөчин таван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.М***шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Н.М***цемент зарж хувиараа бизнес хийдэг бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Д.Б******д 279 шуудай МАК-ийн цементийг 14,500 төгрөгөөр бодож зээлдүүлсэн. Д.Б****** нь цементний үнэ нийт 4,045,500 төгрөгийг 4, 5 хоноод өгнө гэж хэлээд зээлж авсан. Энэ өдрөөс хойш 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөгийг өгсөн.

Үүнээс хойш элдэв шалтаг хэлж мөнгөө өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Одоо 4,045,500 төгрөгийн үлдэгдэл 2,545,500 төгрөгийг Д.Б****** надад өгөх ёстой.

Иймд Д.Б******гаас цементийн үнэ 2,545,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Д.Б******д 279 шуудай МАК-ийн цементийг 14,500 төгрөгөөр бодож зээлдүүлсэн. Д.Б****** нь цементний үнэ нийт 4,045,500 төгрөгийг 4, 5 хоноод өгнө гэж хэлээд зээлж авсан байдаг. Тухайн хугацаанаас хойш 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч нь өөрийн данснаас нэхэмжлэгчийн данс руу 1,500,000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш хариуцагч нь нэхэмжлэгч рүү нэг ч мөнгө хийгээгүй, хариуцагчийг мөнгөө хийгээрэй гэж удаа дараа хэлсэн боловч одоо болтол мөнгөө төлөөгүй. Нэхэмжлэгч нь 1999 онд төрсөн, 21 настай хүүхэд ба тухайн үед ажил хөдөлмөр эрхлээд удаагүй байсан учраас хүмүүст зээлээр цемент өгсөн байсан. Ингээд нэхэмжлэгч нь цаашид өөрийн бизнесээ эрхлэхийн тулд мөнгөний хэрэгцээ гарсан тул зээлээр бараа материал өгсөн хүмүүсийнхээ өрийг тооцоолж үзээд хүмүүсээс өрөө авахаар болсон. Үүнтэй холбоотой хариуцагч Д.Б****** болон н.Б руу ярьж зээлсэн цементний мөнгөө авах талаараа хэлсэн. Энэ талаарх баримтаа хэрэгт гаргаж өгсөн. Хариуцагч Д.Б****** нь цемент авсныхаа дараа 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгчтэй утсаар ярихдаа мөнгийг өгнө гэж хэлснээс харахад хариуцагч Д.Б******гаас цементний мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Иймд Д.Б******гаас цементний үнэ 2,545,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Гэв.

Хариуцагч Д.Б****** 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Б****** нь 2021 онд Хөнгөн блокны үйлдвэрт ажиллаж байсан ба 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр уг үйлдвэрийн эзэн н.Б чийг авсан 279 шуудай цемент Н.М***гэх залуугаас зээл авсан буцааж өгөх хэрэгтэй байна гэж ярьсан. Уг цементийг авч блок үйлдвэрлэх явцад борлуулах боломжгүй, шаардлага хангаагүй блок их хэмжээгээр гарч алдангад орсны улмаас тухайн цементний үнийг төлөх чадвар удаан, хугацааны хувьд хойшлогдсон. Энэ явдлаас хойш уг үйлдвэрт би ажиллаагүй тул Ё.Б, Н.М***нар учраа олно уу.,

Хариуцагч Д.Б****** 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.Б****** нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөнгөн блокны үйлдвэрт ажиллаж байхад дугуй үйлдвэрийн эзэн болох Бнь үл таних залуугаас 279 ширхэг цементний наймаа хийсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 07-н өдөр утсаар ярьж цементийн үнэ болох 1,500,000 төгрөгийн гүйлгээг би хийж өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш би тухайн үйлдвэрт ажиллагаагүй бөгөөд үйлдвэрийн эзэн болох Б нь үлдэгдэл, төлбөр тооцоог төлөхөөр үлдсэн юм... гэжээ.

Нэхэмжлэгч Н.М***нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.М Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, call history details гэх баримтуудыг,

Хариуцагч Д.Б****** хариу тайлбар, хүсэлт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Д.Б-ийн **** дугаарын гар утас руу өөрийн **** дугаарын утаснаас холбогдон ярьсан гэх 2 минут 45 секундийн бичлэг, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн н.Б-тай түүний **** дугаарын утсанд ****дугаартай утсаар ярьсан гэх 1 минут 4 секундийн бичлэгт үзлэг хийж, нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд:...2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Д.Б******д 279 шуудай МАК-ийн цементийг 14,500 төгрөгөөр бодож зээлдүүлсэн. Д.Б****** нь цементний үнэ нийт 4,045,500 төгрөгийг 4, 5 хоноод өгнө гэж хэлээд зээлж авсан. Энэ өдрөөс хойш 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөгийг өгсөн.

Үүнээс хойш элдэв шалтаг хэлж мөнгөө өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Одоо 4,045,500 төгрөгийн үлдэгдэл 2,545,500 төгрөгийг Д.Б****** өгөх ёстой...гэв.

Хариуцагч Д.Б****** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний бие Д.Б****** нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөнгөн блокны үйлдвэрт ажиллаж байхад дугуй үйлдвэрийн эзэн болох Б нь үл таних залуугаас 279 ширхэг цементийн наймаа хийсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 07-н өдөр утсаар ярьж цементийн үнэ болох 1,500,000 төгрөгийн гүйлгээг би хийж өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш би тухайн үйлдвэрт ажиллагаагүй бөгөөд үйлдвэрийн эзэн болох Б нь үлдэгдэл, төлбөр тооцоог төлөхөөр үлдсэн...гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгч Н.М-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Д.Б-ийн **** дугаарын гар утас руу өөрийн *** дугаарын утаснаас холбогдон ярьсан гэх 2 минут 45 секундийн бичлэг, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн н.Б-тай түүний *** дугаарын утсанд **** дугаартай утсаар ярьсан гэх 1 минут 4 секундийн бичлэг зэргээр талууд цемент зээлээр худалдаж, худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

Талууд зээлээр цемент худалдсан, худалдан авсан үйл баримттай маргаагүй бөгөөд цементний төлбөрт 2,545,000 төгрөгийг хариуцагч Д.Б****** төлөх эсэхтэй маргасан.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үед 1 уут цемент 14,500 төгрөгийн үнэтэй байсан ба 279 уут цемент 4,045,500 төгрөг болж байсан, одоо 2,545,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжилж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 72 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.М-д олгов.

Хэрэгт авагдсан call history details гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Д.Б******гаас цементний үнэ 2,545,500 (хоёр сая таван зуун дөчин таван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 72 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.САРАНТУЯА