Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Шинжээч Д.Даваахүү

Шүүгдэгч Д.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох 17160002500017 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Н овогт Д-ын Э  гэв.

 

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Приус-20 маркын 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Тайшир сум явах чиглэлд замын хөдөлгөөд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 2.7.е, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч-өөрийн төрсөн хүү 3 настай Э.Д-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 

Шүүгдэгч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 40 минутад Дархан-Уул аймгаас гарсан. 14 цагт өөрийн ээжийг онгоцонд суулгаж өгчихөөд бид хэд Говь-Алтай аймаг руу гарсан. Элсэн тасархай өнгөрөөд явж байтал замд айраг зарж байхаар нь 2 литр айраг авсан. Тэрийг замдаа уугаад үлдсэн 500 грамм айргийг Тайшир сум руу салдаг хэсэгт зогсож уугаад явсан. Эхний огцом эргэлт дээр эргэж дараагийн огцом эргэлт дээр Портер машинтай зөрөөд шороо боссоод зам сайн харагдахгүй байсан учир эргэлтэн дээр замаасаа гарч замын хашлага мөргөөд 2, 3 өнхөрсөн яг хэд өнхөрснийг сайн санахгүй байна. Анх манай эхнэр машинаас гарч ирж болсон зүйлийг мэдсэн байсан. Эхлээд манай том хүүхэд уйлахаар нь том хүүхдээ гаргаад дараа нь намайг гаргасан гэсэн. Би тэрийг сайн санахгүй байсан. Тэгээд бага хүүгээ хайгаад машин доогуур хэвтсэн байдалтай байхаар нь олж аваад амьсгалын тусламж үзүүлсэн. Сэргээх гэж оролдсон боловч үр дүн гараагүй. Тухайн газарт сүлжээгүй байсан. Тэгээд эхнэр утсаа аваад уул руу гүйсэн. Замын унаа зогсоогоод эхнэр хүүгээ аваад түрүүлээд явсан. Би 7-8 минут орчим хүүхэдтэйгээ ноцолдсон. Тэгээд анхны тусламж авч чадалгүй хүүхэд маань газар дээрээ эндсэн. Айрагнаас өөр зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.О-ийн “...18 цагийн үед Тайшир сумд байх Тайшир сумын эмч С гэх айл руу явсан. Ингээд аймгийн төвөөс гарч 20 гаран километр газар явж байгаад осолд орсон... Э өөрөө жолоодож явсан... Талийгаач тухайн осол болсны дараа дөнгөж амьсгалтай байсан. ингээд авч явах үед замдаа амьсгал хураасан...” гэх мэдүүлэг / ХХ27-28/,

  Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт

 “...1. Талийгаач Д-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл: гавлын орой, дух, дагз, чамархай хэсгийг нилэнхүйд нь хамарч тойрсон олон хэсэг салсан хугарал, тархины эдийн няцрал, хуйхан доорхи цус хуралт. Нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Гавлын орой, дух, дагз, чамархай хэсгийг нилэнхүйд нь хамарч тойсон олон хэсэг салсан хугарал, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүдээс гавлын орой, дух, дагз, чамархай хэсгийг нилэнхүйд нь хамарч тойсон олон хэсэг салсан хугарал, тархины эдийн няцрал гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон байна.  

5. Талийгаач нь амьдрах боломжгүй, гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

6.Талийгаачийн цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /ХХ32-33/, 

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зам тээврийн ослын талаархи шинжээчийн “... Хэргийн материалаар осол нь өдрийн цагаар үйлдэгдсэн байх бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, фото зураг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад баримтуудыг шинжлэн судлахад Д-ын Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00-00 ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өөрийн эгнээнд шулуун, жигд явуулж чадаагүй, хөдөлгөөнд оролцож явахдаа зорчих хэсгээс буюу замаас гарч, тэгш биш гадаргуу дээгүүр хөдөлгөөнд оролцсоны улмаас автомашинаа онхолдуулсан. 

2. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: 

а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2-р бүлгийн 2.7.е-д заасан тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах”-ыг хориглоно гэсэн заалт, 9-р бүлгийн 9.2  Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзлээ. 

3. Жолооч Д.Э дээрх буруутай үйлдлийн улмаас осол үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна.

4. Жолооч Д.Э-ын жолоодож явсан 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан талаараа тээврийн хэсэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдаагүй ба Д.Э, Н.О нарын мэдүүлгээр техникийн үзлэгтээ орсон бүрэн бүтэн талаар дурдсан байна. 

5. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Бөхбаярын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гаргасан дүгнэлтийг учир дутагдалтай байна гэж үзлээ. 

6. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх дахин дүгнэлт /ХХ77-78/ 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ10/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /13-15/, гэрэл зургийн үзүүлэлт /16-20/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /21-22/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчжээ. Хэдийгээр шүүгдэгч дүрмээр тогтоосон хурдны хязгаарыг зөрчөөгүй ч замын нөхцөл байдал, хөдөлгөөний үзэгдэлтийн харгалзан тохиромжтой хурдыг сонгоогүй, аюул саад бий болсон үед хурдыг хасах, зогсоох арга хэмжээ аваагүй буруутай байна. 

Шүүгдэгч Д.Э-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Элсэн тасархай өнгөрөөд явж байтал замд айраг зарж байхаар нь 2 литр айраг авсан. Тэрийг замдаа уугаад үлдсэн 500 грамм айргийг Тайшир сум руу салдаг хэсэгт зогсож уугаад явсан...айрагнаас өөр зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Н.О-ийн “... Ер нь бол уудаггүй. Хааяа нэг баяр ёслолоор л амсдаг... Осол болохын өмнөхөн 1 литр орчим бол айраг уусан байсан...” гэх мэдүүлэг /ХХ27-28/

Гэрч Б.М-ийн “... архи дарс уусан зүйл огт байхгүй... манайд ирэхдээ эрүүл байсан...” гэх мэдүүлэг /ХХ29-30/

1. Шинжээч эмч Д.Даваахүү шүүх хуралдаанд мэдүүлсэн: 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д.Э-ын биеэс согтолтын зэрэг тогтоох цус авсан. Дүгнэлтээр иргэн Д.Э-аас авсан цусанд 0.6 хувь промиллийн спиртийн зүйл илэрсэн. Дээрх спиртийн зүйл нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь unico-7200 спектрофотометр дээр хэмжээд хэмжилтийн дундаж утгаар урьдчилан байгуулсан жиших муруй дээрээс утгыг олж, тоо хэмжээг тодорхойлсон. Айраг нь өөрөө исэлдэх процесс явагддаг. Unico-7200 спектрофотометр гэдэг аппарат нь энэ архи уусан гэж гаргадаггүй. Энэ нь исэлдэх процесс дээр үндэслэн гаргадаг. Исгэлэн зүйл уусан тохиолдолд энэ нь гарах боломжтой байдаг. Д.Э-ын хувьд айраг уусаны улмаас 0.6 хувь промиллийн спиртийн зүйл илэрсэн байх нь шинжлэх ухааны хувьд боломжой гэж үзэж байна. Д.Э-ын хувьд айраг уусанаас 0.6 хувь промиллийн спиртийн зүйл илэрсэн гэж үзэж байна. 0.5 хүртэл хувьтай гарсан тохиолдолд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж үздэг. Д.Э-ын хувьд  0.6 хувь гарсан учир айраг уусанаас ингэж гарах боломжтой байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг хавтаст хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэлээ.   

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хор уршгийг арилгасан хохирогчийн зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э-т  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жил 6 сарын хугацаагаар хасч, оршин суугаа газар болон эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явах тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял ногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн дуу бүрсний бичлэгтэй 1 ширхэг DVD-г хэрэгт хавсаргаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автотэврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг Д.Э-т өөрт нь буцаан олгож, түүний “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь 

1. Шүүгдэгч Д.Э-т холбогдох 17160002500017 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.  Шүүгдэгч Д.Э-ыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, тухайн хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оршин суугаа газар болон эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйл, 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан эрх хасах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Э-т сануулсугай.  

7. Хэрэгт хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн дуу бүрсний бичлэгтэй 1 ширхэг DVD-г хэрэгт хавсаргаж, №0000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0000 дугартай автотэврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг шүүгдэгч Д.Э өөрт нь буцаан олгож, №000 дугаартай “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

9 Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

11. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА