Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 29

 

П.Н-гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01308/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны   02 дугаар сарын 11-ний өдрийн 194 дүгээр шийдвэртэй,

Хүсэлт гаргагч П.Н-гийн хүсэлттэй,

"Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг

Хүсэлт гаргагч П.Н-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Н-, түүний өмгөөлөгч Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Хүсэлт гаргагч П.Н-, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар ажиллаж байх хугацаандаа цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн томилгоот үүргийг давхар гүйцэтгэж байсан нь ажилласан хугацааг нэмэгдүүлэх үндэслэл болно. Би Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт 2003 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу дэслэгч цолыг авч, Цагдаагийн офицерын бие бүрэлдэхүүнд орсон учир 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ЦБҮАЖ-ын код 102 дугаар зүйлийн 102.2-т зааснаар цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн томилгоот үүргийг албан тушаалын чиг үүргийн хувьд давхар гүйцэтгэж ажилласан юм. Энэ нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн болон хэв журмын, замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээ, тус газрын эргүүл, жижүүр, харуулын хувиар зэргээр батлагдана. Иймд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ахлан нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ ёс журмын эргүүлийн томилгоот үүргийг нийт 13 жилийн хугацаанд давхар гүйцэтгэсэн байна. Энэ

нь ажилласан хугацааг 1 жилд 3 сараар тооцож, нийт ажилласан жилийг 3.2 жилээр нэмэгдүүлэх үндэслэл болно. Иймд миний ажилласан жилийг нэмэгдүүлэх хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч П.Н-, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нягтлан бодогч ажилладаг бөгөөд 2003 оны 09 дүгээр сараас Цагдаагийн газрын офицерын бие бүрэлдэхүүнд хамаарагдаж эхэлсэн. 2003 оны 09 дүгээр сараас эхлэн үндсэн ажлынхаа хажуугаар ёс журмын эргүүлийн үүргийг давхар гүйцэтгэдэг байсан. Би тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд Цагдаагийн байгууллагад ажилласан жил 20 жил хүрэхгүй тул нэг удаагийн тэтгэмж 18 сарыг цалин тооцогдож гаргахаар болсон. Иймд ёс журмын эргүүлээр 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл давхар ажиллаж байснаа Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан жилд тооцуулахаар шүүхэд хандсан. Ёс журмын эргүүлээр ажилласан байсантай холбоотой тушаал байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 194 дүгээр шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ИЭ61091001 регистрийн дугаартай, Их сант овогт Пүрэвжавын Н-г Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн хуваарийн дагуу  2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 138 хоног, 24 цагийн эргүүлийн ажлыг гүйцэтгэж байсан болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч П.Н- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх намайг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн хуваарийн дагуу 2003 оны 09 дүгээр сарын 01 -ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 138 хоног, 24 цагийн эргүүлийн ажлыг гүйцэтгэж байсан гэж тогтоосныг би хангалттай гэж үзэхгүй байна.

Би 2003 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг гэсэнтэй маргахгүй, харин 138 хоног, 24 цагийн эргүүлийг ажил гүйцэтгэсэн хоногийг шүүх дутуу тооцсон дээр гомдолтой байна.

Учир нь: Би ёс журмын эргүүлд хоногийн 24 цагийн эргүүлийн ажил хийж гүйцэтгэхдээ 138 хоногоос илүү хугацаанд хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Тус цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн үүргийг гүйцэтгэх ахлах бие бүрэлдэхүүнд надаас гадна бүх тасгийн дарга, ахлахууд давхар энэ эргүүлийн үүргийг гүйцэтгэдэг дотоод журамтай. Өндөр насны байнгын тэтгэвэр тогтоолгохдоо надаас бусад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан Нийгмийн баталгаа гэх тухай заалтын 86.2-т Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах, байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, харуул, жижүүр, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно гэсэн хуулийн заалтыг үндэслэн ажилласан жил дээр нэмж тооцуулдаг.

Гэтэл би цагдаагийн албанд зүтгэхдээ ахлах бие бүрэлдэхүүний дотоод журмыг дагаж биелүүлэн бусад тасгийн дарга, ахлахуудын нэгэн адил хоногийн 24 цагийн эргүүлийн үүргийг өөрийн санхүүгийн үндсэн ажлаас гадна 13 жилийн турш буюу 2003 оны 01 сарын 01-ээс 2017 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл тасралтгүй хийж гүйцэтгэхэд амаргүй байсан хэдий ч энэ үүргийг цалингүй гүйцэтгэж ирсэн тул би анхан шатны шүүхийн тогтоосон 2003 оны 09 сарын 01-ны өдрөөс 2017 оны 01 сарын 31-ны өдрийг хүртэлх 13 жил ёс журмын үүрэг гүйцэтгэх хуваарийн дагуу ажилласнаар тооцуулж Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасан үндэслэлээр өөрийн ажилласан ёс журмын эргүүлийн нийт ажилласан хугацааг хуульд нийцүүлэн 3,2 жилээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч П.Н- Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн ажил үүрэг гүйцэтгэхээс гадна ажил үүргийн хуваарийн дагуу цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн томилгоот үүргийг давхар гүйцэтгэж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч П.Н-г 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 138 хоног, 24 цаг эргүүлийн ажлыг гүйцэтгэж байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч П.Н- шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ёс журмын эргүүлээр ажилласан хугацааг хуульд нийцүүлж 3 жил 2 сараар тогтоолгох хүсэлтэй гэсэн давж заалдсан гомдлоор хэргийг хянаад  дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Хүсэлт гаргагч П.Н- нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 314 дүгээр тушаалаар Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт нягтлан бодогчоор 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс энгийнээр томилогдсон, мөн 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 305 дугаар тушаалаар цагдаагийн дэслэгч цол олгогдож цагдаагийн офицерын бүрэлдэхүүнд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл цагдаагийн дэд хурандаа цолтойгоор ажиллаж байгаа болох нь хэргийн 5-9 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч П.Н- Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчоор ажиллахдаа 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ёс журмын эргүүлийн үүргийг давхар гүйцэтгэж байсан болох нь тус Цагдаагийн газрын даргаас  тухай бүр батлан гаргадаг  ёс журмын эргүүлийн хуваариуд, эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн тухай мэдээ, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн дарга Ц.Даваасамбуугийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэргийн 10-34, 56-158 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”,  136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж хуульчилсан.

            П.Н- нь Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т “Цагдаагийн албан хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар ...тооцно” гэж заасныг хүсэлт гаргах эрхийн үндэслэл болгосон байна. 

Хүсэлт гаргагч П.Н- 2003-2017 онуудад Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчоор ажилласан 14  жилийн хугацаанд зөвхөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдох тул энэхүү хүсэлт нь дээрх хуулийн заалтуудтай нийцэж, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Иймд хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 194 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ИЭ61091001 регистрийн дугаартай Их Сант овогт Пүрэвжавын Н-г Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн хуваарийн дагуу 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 138 хоног, 24 цагийн эргүүлийн ажлыг гүйцэтгэж байсан болохыг тогтоосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Их Сант овогт П.Н-г Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн үүргийг давхар гүйцэтгэж байсныг тогтоосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хүсэлт гаргагч П.Н-гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                             АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             Л.АМАРСАНАА