| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2017/0080/Э/ |
| Дугаар | 82 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Б.Батнасан
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох 17160010600040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г овогт Г-ийн М гэв.
Шүүгдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0-0 тоот өөрийн хашаандаа О.А-ийн буруутай ажиллагааны улмаас түүнийг зодож, О.А-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0-0 тоот өөрийн хашаандаа О.А-ийн буруутай ажиллагааны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь:
Шүүгдэгч Г.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:... Н нь Д гэдэг залуутай манайд орой 8 цагийн үед архи уучихсан ирсэн. Өөрөө нэг шил архитай ирснийг уугаад нилээд согтсон байсан. Тэгээд согтоод миний идэж байсан аягатай хоолыг цохиж унагаад агсам тавьсан. Би үгэнд орохгүй байхаар нь эхнэрийг нь дууд гэж хэлчихээд аваад гарсан. Гадаа гараад шороо цацаад, машины шил хагалах гээд байхаар нь бид хоёр ноцолдоод байж байсан. Тэгээд эхнэр нь ирээд манай нөхрийг зодсон байна гээд цагдаа дуудсан. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Мөрдөн байцаалтын шатанд өгөсөн хохирогч О.А-ийн “...Д манай эхнэр Н.С руу утсаар залгаад Г.М-аас ирээд нөхрөө аваадах гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр Г.М-ийнд намайг авах гээд очиход Г.М нь гэрийнхээ хашаан дотор намайг зодож байхыг манай эхнэр харсан байсан... тухайн үед архи уугаад өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон байсан...” гэх мэдүүлэг, / ХХ18-19/
гэрч Н.С-ийн “...би хашааны хаалгаар нь ортол Г.М нь манай нөхрийн дээр гараад суучихсан заамдчихсан нэг гараараа бие рүү нь цохиж байсан. Харанхуй байсан тул би Г.М-г яг хаашаа цохьсныг сайн харж чадаагүй. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Манай нөхрийн баруун талын шанаанаас цус гараад байсан. Хувцас нь урагдчисан байсан. Тэгээд би нөхрөө машинд суулгах гэтэл Г.М нь араас нь ирээд заамдаж аваад зодоод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаж чадахгүй машинаасаа гар утсаа аваад аав, ээж хоёрыгоо дуудсан. Аав, ээж хоёр ирээд салгасан боловч хүчрэхгүй байсан. Тэгээд манай аав утсаар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /ХХ22-23/
гэрч Х.Н-ийн “...Манай хүргэн О.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн Г.М гэдэг залуутай маргалдаад ноцолдоод Г.М нь манай хүргэн О.А-ийг унахаар нь нүүр рүү нь өшиглөөд байсан. Өшиглөхийг нь би харсан. О.А-ийг өөр хүн цохиж, зодож байхыг хараагүй ...” гэх мэдүүлэг, /ХХ30-31/
гэрч Д.А-ийн “...Манай хүргэн О.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн Г.М гэдэг залуутай маргалдаад ноцолдоод Г.М нь манай хүргэн О.А-ийг зодсон. Би зодохыг нь харсан. Тэгээд О.А нь Г.М-тай маргалдаад ноцолдоод миний үгэнд орохгүй байхаар нь манай нөхөр Х.Н цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /ХХ32-33/
Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 322 дугаартай “...1. Иргэн О.А-ийн биед тархи доргилт, толгойн оройд шарх, духанд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх36-37/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ5/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-н өдрийн 51 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн /ХХ45-46/ бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн боловч шүүхээс Эрүүгийн хуулийн 6.4 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзэн прокурорын гаргасан санал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр /таван зуун мянга/ торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ68/, хохирогч О.А-ийн цагдаагийн байгууллагад гаргасан “... миний эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлж, хохиролгүй болгосон А миний зүгээс цаашид М-аас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэх хүсэлтээр /ХХ70/ тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Г-ийн М-г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Г-ийн М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Г.М-д сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА