Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 31

 

“Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01139/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.О-д холбогдох

"40.121.126,19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Я.О- нь нэхэмжлэгч Х- Б-тай 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1070002833 дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,053.00 ам.долларыг жилийн 15.7 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар худалдан авсан. Нэхэмжлэгч нь 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Я.О-ын Х- Б- дахь 5000648261 дансанд 17,053.00 долларыг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Хариуцагч Я.О- нь 1070002833 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009051 дугаартай, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000053823 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол 39 дүгээр байрны 33 тоот, 27.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

Хариуцагч нь 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зээл, хүүгийн төлбөрт нийт 15,877.60 ам.долларыг төлсөн боловч 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчийн хугацаа хэтрүүлж эхэлснээс хойш утсаар холбогдох, биечлэн уулзаж шаардах, мэдэгдэх хуудас гардуулах боломжгүй байсан тул хариуцагч Я.О-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4257 дугаар захирамж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 922 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч Я.О-ын оршин суугаа газрыг тогтоосон талаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн....Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээл 14,853.24 ам.доллар буюу 40.121.126,29 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Х- Б-наас 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээл авсантай маргахгүй. Харин зээлийн гэрээг доллароор авахаар байгуулсан боловч харилцагчийн дансанд шилжүүлэхдээ 19.940.072,90 төгрөгөөр шилжүүлсэн. Иймд зээлийн үлдэгдэл төлбөрийг доллароор болон нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн нэхэмжлэх нь үндэслэлгүй.

Монгол банкны 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ханшаар 1 долларын зарах үнэ 1,171 төгрөг байсан. Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь зээл үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөх нь үндэслэлгүй гэсэн. Я.О- нь анх төгрөгөөр зээл авсан бөгөөд мөнгөний ханш өссөнтэй холбогдуулан хохирч байгаа зээлийн гэрээг төгрөгт шилжүүлэхээр банкинд хүсэлт тавьсан ч банкнаас хариу өгөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Я.О-аас 39.130.860,78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- Б- ХХК-д олгож, 990.265,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2003009051 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 39 дүгээр байр 33 тоот 27 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 358.555,63 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.О-аас 353.604,3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х- Б- ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар томилогдсон шинжээч С.Б-өд /утас:******** ХААН банк 5046045862/ шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5298 тоот захирамжаар гүйцэтгэсэн ажил үүргийн хөлс болох 192.000 төгрөгийг хариуцагч Я.О-аас гаргуулан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

“Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн Я.О- би “Монгол банк”-наас хүсэлт гарган шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан ба “Монгол банк”-аас гаргасан дүгнэлтэд: Я.О-ын харилцах дансанд 19.940.073 төгрөг шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болж, зээл, хүүгийн төлбөрийг гадаад валютаар буцаан төлөх үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч зээлийг буцаан төлөхдөө мөнгө буюу шилжүүлэн авсан хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээн гэж тодорхой заасан байхад “Х- Б-” нь эхнээсээ хууль зөрчиж доллароор гэрээ байгуулсан боловч монгол төгрөгөөр зээл олгосон явдал нь хууль зөрчсөн үйлдэл болж хувирсан. Анх 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17,053 мянган долларын гэрээ байгуулж дээрх доллароос 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт тасралтгүйгээр гэрээний хугацаанд 15,877 мянган доллар төлсөн. Энэ хугацаанд долларын ханш байнга өсөж байсан ба би 2-ч удаа “Х- Б-”-д долларын зээлээ монгол төгрөгөнд шилжүүлж өгөөч. Долларын ханш байнга өсөөд байгаа тул төлөлт хийхэд хүндрэлтэй байна гэж хүсэлт гаргасан боловч үүнийг хэрэгсээгүй. Мөн Х- Б--аас дээрх хоёр удаа гаргасан хүсэлтийг шүүхийн журмаар гаргуулан хэрэгт хавсаргах талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх үүнийг хангаж шийдвэрлээгүй. “Монгол банк” нь арилжааны банкуудад хяналт тавьж, хянан шалгах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зэрэг бүхий л ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавих дээд шатны байгууллага бөгөөд, дээд шатны байгууллагаас хууль зөрчиж олгосон зээл болжээ гэж дүгнэлт гаргасан тул энэ байдлуудыг үндэслэн хэргийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Монгол банк”-ны гаргасан дүгнэлтэд: Хэрэв долларын ханшны өсөлтөөр дээрх зээлийг төлөх бол 39.000.000 төгрөг төлөгдөх байжээ гэсэн прогноз буюу долларын өсөлтийг монгол төгрөгтэй харьцуулсан харьцуулалтыг төлөх ёстой мөнгө гэж ойлгон надаар төлүүлэх шийдвэр гаргасан нь “Монгол банк”-ны дүгнэлтийг үгүйсгэсэн шийдвэр болжээ.

Иймд асуудлыг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК хариуцагч Я.О-д холбогдуулж, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үндсэн үүрэг 40.121.126,29 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага  гаргасан, хариуцагч Я.О- гэрээний үүрэгт 17.053 ам доллар төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн болон Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргээ хугацаанд нь гүйцэтгэх үүрэгтэй, мөн хуулийн  222 дугаар зүйлийн 222.1-д заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд орон сууц худалдаж авах зориулалтаар 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 59000140 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 17.053 ам долларыг 180 сарын хугацаатай, жилийн 10.2 хувийн хүүтэй зээлүүлж, зээлдүүлэгч нь тухайн өдрийн арилжааны банкны ханш /албан ханш 1ам доллар 1171,76 төгрөг/-аар тооцож, 19.940.072,90 төгрөгийг зээлдэгчийн эскроу дансанд шилжүүлжээ.

Зээлдэгч Я.О- 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 15.877,60 ам доллар буюу 21.318.586,20 төгрөгийг үндсэн зээл, түүний хүүгийн төлбөрт төлсөн байна.

Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусах боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй 1443 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул зээлдүүлэгч тал 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хүүг зогсоож, зээлийн ангилал бууруулан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 14.853,24 ам доллар буюу 40.121.126,29 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөх ба гэрээний 3.3-т “Зээлдэгч дор дурьдсан зөрчил гаргасан нөхцөлд банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана” гэж зааснаар зээлдүүлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээний үүргийн биелэлтийг зээлдэгчээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.

Зээлдэгч нь зээлийг буцаан төлөхдөө  мөнгө буюу шилжүүлэн авсан хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээх буюу гэрээний зүйлийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангах нөхцөлтэй байгуулсан боловч хөрөнгийг төрлийн шинжийг өөрчилж, үндэсний мөнгөн тэмдэгтээр олгосон тул гэрээний үүргийг төгрөгөөр гүйцэтгэх нь зөв байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Монгол банкийг шинжээчээр томилсон ба шинжээчийн дүгнэлтээр зээлдэгчийн нийт төлөх үндсэн зээл түүний хүү, 66.095.551.20 төгрөг байна гэж дүгнэсэн боловч зээлдүүлэгч “Х- Б-” ХХК үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлийг нэхэмжилж, гэрээний хугацаанд бодогдсон хүү 26.964.690,042 төгрөг буюу 14.995,59 ам долларын хүүг нэхэмжлээгүй байна.

Зээлдэгч Я.О- Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар үүрэг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүү 26.964.690,042 төгрөгийг тооцолгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 39.130.860,78 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэх ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “Гэрээний 3.3-т заасны дагуу зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөх банкны шаардлагыг биелүүлэгүй нөхцөлд банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдсан үнээс тэргүүн ээлжинд банкны зээлийн нийт төлбөр, барьцаа хөрөнгийг худалдах болон гэрээний үүргийг хангуулахтай холбогдон гарсан бусад зардлыг төлүүлнэ” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус заасантай нийцэж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Түүнчилэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “шинжээч..., ...шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил, ажил үүрэгт нь хамаарахгүй бол ажлын хөлс”-ийг зохигчоор нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд шинжээчийн гүйцэтгэсэн ажил үүргийн хөлс болох 192.000 төгрөгийг хариуцагч Я.О-аас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.  

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн доллараар гэрээ байгуулсан атлаа төгрөгөөр зээл олгож хууль зөрчсөн, Монгол банкны дүгнэлтийг үгүйсгэсэн шийдвэр гарсан тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Я.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.605 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                             АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             Л.АМАРСАНАА