Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/076

 

 Б.Баясгаланд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Болорзул

Шүүгдэгч Б.Баясгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/ 237 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Баясгаланд холбогдох эрүүгийн 1914004620290 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Цагмид овогт Балжиннямын Баясгалан, ....... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВЖ92022711/

Б.Баясгалан нь 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал .......... тоот айлын хашаанаас иргэн Н.Доржбатын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, хүрэн өнгийн 150 мотортой мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагмид овогт Балжиннямын Баясгаланг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цагмид овогт Балжиннямын Баясгаланг найман /8/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Баясгаланд найман /8/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Баясгалангийн цагдан хоригдсон нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Баясгалан нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Баясгаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Баясгалан гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Б.Баясгалан нь 2019 оны 6 дугаар сарын 08-наас эхлэн уг хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж эхэлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 06-нд анхан шатны шүүх хурлаар орж 8 сарын хорих ялаар шийтгэгдсэн юм. Би өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж тухайн мотоцикль байгаа газраа цагдаа нарт зааж өгч мөн өөрийн гаргасан алдаандаа маш их харамсаж байна.

Миний аав Балжинням нь өндөр настай, хөдөө мал маллаж амь амьжиргаагаа болгодог тул би аавдаа тус болж эм тариа байнга хэрэглэгддэг тул хэрэглээний мөнгийг нь өгөх, малаа маллах шаардлагатай байдаг билээ.

Миний энэ байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 8 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Би дахин алдаа гаргаж хэрэг төвөгт орохгүй гэдгээ та бүхэнд амалж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгөхийг хүсэж байна гэжээ.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Баясгалан нь бага хэмжээний хохирол учруулж, мотоциклийг буцаан өгсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжтой гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баясгалангийн гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Н.Доржбат, гэрч Ц.Баянжаргал нарын мэдүүлэг болон Б.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзвэл Б.Баясгалан нь 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-д шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг 47-А3 тоот дахь Ц.Баянжаргалын хашаан дотроос иргэн Н.Доржбатын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, хүрэн өнгийн 150 мотортой Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Прокуророос Б.Баясгалангийн дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн нь буруу бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Дээр дурдсан алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлүүдэд хамаарч байгаа, давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөн нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар Б.Баясгалангийн гаргасан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр эрүүгийн 1914004620290 тоот хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Б.Баясгаланд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

 Б. БОЛОР-ЭРДЭНЭ