Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0060

 

 

 

 

 

 

 

    2024         01           16                                     128/ШШ2024/0060

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Гялс ундрах эрчим ХХК /РД:6535321/,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Маргааны төрөл: Газрын дуудлага худалдааны анхны үнийг газрын суурь үнэлгээний аль бүс, зэрэглэлээр тооцох талаарх маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, Д.Амарбаясгалан /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар Гялс ундрах эрчим ХХК-д Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд 120540 м.кв газрыг мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар эзэмшүүлсэн.

2.2.  Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Гялс ундрах эрчим ХХК-д 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-09/2456, 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-09/3965 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөхийг мэдэгдсэн.

2.3 Гялс ундрах эрчим ХХК газрын үнэлгээний өөр тойрог, ашиглалтын өөр зориулалтаар төлөх хүсэлт 2023 оны 5 дугаар сарын 04-нд 23/05 тоотоор хүргүүлж,

2.4 Хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар албан бичгээр Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу газрын үнэлгээний 9 зэрэглэл (бүс)-ээр дуудлага худалдааны анхны үнэ төлөхийг мэдэгдсэн.

Гурав. Маргаж буй үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар:

Нэхэмжлэгч “Засгийн газрын 2018 оны 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан газрын үнэлгээний Х-9 Хэнтийн зах хаяа, уулын ойт хээрийн тойргоор, 2 дугаар хавсралтын хөдөө аж ахуйн газрын тариалангийн зориулалттай газрын үнэлгээгээр дуудлага худалдааны үнэ төлөх ёстой” гэж маргаж, хариуцагч “уг тогтоолын 2 дугаар хавсралтын хөдөө аж ахуйн газар нь бэлчээр, хадлан, тариалан гэж ашиглалтын зориулалтаар ангилагддаг, тариалангийн зориулалтад хамаарахгүй тул тогтоолын 3 дугаар хавсралтын 9 дүгээр бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнэлгээгээр төлнө” гэж тайлбарладаг.

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Манай компани Баянзүрх дүүргийн хуучнаар 20 дугаар хороо, одоогийн 35-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1332705628 дугаартай, 120540 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/913 дугаар захирамжаар мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар эзэмшдэг. Дээрх газарт холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 сарын 11-ний өдрийн 01-09/3965 дугаар албан бичгийг манай компанид ирүүлсэн. Тус албан бичгээр Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн 16-38/03 дугаар албан шаардлагаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах дүгнэлт гарсан тул төлөхийг шаардсан байсан.

Бидний зүгээс тус албан бичигт дурдсан Дотоод аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлт, түүнд манай компанийн газар багтсан эсэхийг тодруулахаар хүсэлтийг зохих байгууллагад гаргасан. Улмаар Нийслэлийн Дотоод аудитын албанаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/221 тоот албан бичгээр ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" 16-38/03 дугаартай албан шаардлагад манай компани багтаагүй болохыг мэдэгдсэн байсан.

Бид Монгол Улсын газрын нэгдсэн цахим систем болох egazar.gov.mn болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөө аж ахуйн газрын үнэлгээнээс өөрсдийн эзэмшил газрыг шүүж үзэхэд X-9 буюу Хэнтийн зах хаяа уулын ойт хээрийн тойрогт хамаарч байгаа. Дээр дурдсанчлан Дотоод аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлтэд манай компанийн газар ороогүйн дээр бүсчлэлийн хувьд хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу Х-9 үнэлгээний тойрогт хамаарч байх тул үүний дагуу дуудлага худалдааны үнэ төлөх хүсэлтээ 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 23/05 тоот албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан. Мэдэгдэл аваад зохих байгууллагад нь өөр бүс, зэрэглэлээр төлөх ёстой гэж хариу хүргүүлж байсан.

Гэтэл газрын албанаас 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар албан бичгийг бидэнд ирүүлсэн. Тус албан бичигт манай мэдэгдсэн бүсчлэлийн дагуу бус Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу газрын үнэлгээний 9 зэрэглэл (бүс)-д хамаарахаар байна гэж үзэж мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтын дагуу дуудлага худалдааны анхны үнэ төлөхийг мэдэгдсэн байна. Манай компанийн зүгээс газрын албанаас ирсэн дээрх хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мод үржүүлэг гэдэг утгаараа хөдөө аж ахуйн бүсчлэлд хамаарч байна гэж үзсэн. Мод үржүүлэг ногоон төгөл байгуулах гэсэн нь тариалангийн талбайд хамаарна гэж үзээд хөдөө аж ахуйн бүсчлэлд авсан. Засгийн газрын 182 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтын Хөдөө аж ахуйн үнэлгээний тойргийн Х9 дүгээр тойрогт хамаарч байна гэж үзсэн. 12 га газрыг хөдөө аж ахуйн бүсчлэлд хамааруулбал 2,088,576 төгрөг төлөхөөр байна. 2020 оны мэдэгдлийг гардаж аваагүй тул мэдээгүй.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “Гялс ундрах эрчим ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/913 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120540 м.кв газрыг мод үржүүлэг /ногоон төгөл байгуулах/ зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан. Эзэмших эрх авч, дуудлага худалдааны үнийг төлөөгүй талаарх асуудлын тухайд маргаж байгаа зүйл байхгүй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалтад "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно." гэж заасан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөх хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн.

Мөн тус албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-09/2456 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах мэдэгдлийг дахин өгсөн боловч төлөөгүй учир Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6, 36.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул хүчингүй болгох мэдэгдлийг хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар "Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1га газрын суурь үнэлгээ"-г тус тус баталсан. Дээрх тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ"-нд бэлчээр, тариалан, хадлангийн зориулалттай газар хамаарахаар заасан. Нэхэмжлэгч Гялс ундрах эрчим ХХК -ийн эзэмшлийн газрын зориулалт нь мод үржүүлэг /ногоон төгөл байгуулах/ зориулалттай учир "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ"-нд хамааруулж газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тооцох боломжгүй юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар баталсан аргачлалаар аль бүсэд хамаарах тухайд маргаж байгаа. Тус Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалын 1.4 дэх хэсэгт “газар ашиглах зориулалтыг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавсралт, түүний тайлбарт тусгасны дагуу ойлгоно” гэж заасан. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийг 1 га газрын суурь үнэлгээг 3 зориулалтаар баталсан бөгөөд бэлчээр, тариалан, хадлангийн зориулалтад “Гялс ундрах эрчим” ХХК-д олгосон газрын зориулалт хамаарахгүй. Тус тогтоолын 3 дугаар хавсралтад заасан “хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” гэх зориулалтад хамаарч байна гэж үзээд нэхэмжлэгч компанид хүргүүлсэн.

Газрын үнэлгээний 9 дүгээр бүсчлэлд хамаарч байгаа бөгөөд 1 м.кв газрыг 4480 төгрөгөөр тооцно гэх хариуг хүргүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч тал өөрсдийгөө хөдөө аж ахуйн бүсчлэлд хамаарч байгаа гэж үзээд байгаа.  Манайхаас маргаан бүхий захирамжид дурдсанчлан мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар олгосон тул хөдөө аж ахуйн бүсчлэлд хамаарахгүй гэж үзэж байгаа. Учир нь Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт хот суурин газрын дотор тарьж ургуулсан мод болон зүлэгжүүлсэн талбайг хот орчмын ногоон бүс нь тариалангийн газарт хамаарахгүй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчээс хот орчмын ногоон бүс гэдэгт хамаарч байгаа гэж үзээд газар ашиглах зориулалтыг тариалангийн зориулалт гэж үзэж маргасан.  Засгийн газрын 182 дугаар тогтоолын 2-р хавсралтад хөдөө аж ахуйн газрын үнэлгээний Х9 тойрогт хамаарахгүй. Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог “бэлчээр, тариалан, хадлан” гэсэн гурван ашиглалтын зориулалттай. Тариалан дотроо тариалангийн зориулалтаар олгогдсон газрууд хамаарч байгаа. нэхэмжлэгчийн газар тариалангийн зориулалтад хамаарахгүй.

Засгийн газрын 182 дугаар тогтоолын гуравдугаар хавсралт буюу Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл бүсийн нэг га газрын суурь үнэлгээг тогтоох тухай хүснэгтэд заасан “хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” зориулалтад хамаарч байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд юу хамаарах вэ гэхээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн барилга байгууламж, хүлэмж, төмс, хүнсний ногоо болон бусад таримал ургамал тариалах зориулалтаар олгогдсон газар хамаарна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар.... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байх бөгөөд Гялс ундрах эрчим ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа мэтээр шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гялс ундрах эрчим ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар эзэмшсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд 120540 м.кв “мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах” зориулалттай газрын дуудлага худалдааны анхны үнийг “Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан газрын үнэлгээний Х-9 Хэнтийн зах хаяа, уулын ойт хээрийн тойргоор, 2 дугаар хавсралтын хөдөө аж ахуйн газрын тариалангийн зориулалттай газрын үнэлгээгээр тооцуулах”-аар маргаж, улмаар “газрын дуудлага худалдааны үнийг Засгийн газрын 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 9 дүгээр бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулттай газрын үнэлгээгээр төлөхийг, төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдсэн” Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан баримтууд, талуудын маргаж буй үндэслэл, холбогдох хууль, хэм хэмжээ тогтоосон актуудаар журамлагдсан газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох дуудлага худалдааны анхны үнийг дахин тооцох үүргийг хариуцагч захиргааны байгууллагад хүлээлгэж, ийнхүү үнийг дахин тооцох хүртэл хариуцагчийн “дуудлага худалдааны анхны үнэ тооцож, төлүүлэх” мэдэгдлийг хугацаа тогтоож түдгэлзүүлж шийдвэрлэлээ.  

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дээрх хэмжээний газрыг дээрх зориулалтаар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талууд тухайн газрын байршил, зориулалт, хэмжээнд хамаарах суурь үнэлгээнээс тооцож дуудлага худалдааны анхны үнийг төлөх эсэхэд маргаагүй, харин ийнхүү төлөх үнэлгээг тооцох аргачлалын хувьд маргаж байна.

2. Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтаар эрх олгосноор Барилга, хот байгуулалтын сайд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар “газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал” болон нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг баталсан.

2.1. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалын 1.3-т “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээг, үүнд тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “газрын үнэлгээний тойрог”,  2 дугаар хавсралтаар баталсан “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ”,  3 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн төвийн 6 дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ”-г үндэслэл болгохоор заасан.

2.2. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2-т “Газрын суурь үнэлгээг “хот, тосгон, бусад суурины газрын зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалт, газар зүйн байршил, газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан тойрог бүрээр Засгийн газар тогтоох”-оор, 3-т “Газрын нэгдмэл санг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтоох”-оор, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг ... нэг га газрын суурь үнэлгээний хувиар тооцож тодорхойлох”-оор, 3 дахь хэсэгт “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр хуульд заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болохоор, итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох”-оор хуульчилсны дагуу,

 2.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон, үүнд 1 дүгээр хавсралтаар газрын үнэлгээний тойргийг тогтоосон, тухайлбал Х-9 дүгээр Хэнтийн зах хаяа уулсын ойт хээрийн тойрогт Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэр багтсан, 2 дугаар хавсралтаар Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, ашиглалтын “бэлчээр, хадлан, тариалан” зориулалтаар 1 га газрын суурь үнэлгээг тогтоосон, 3 дугаар хавсралтаар нийслэлийн 6 дүүргийн газрын үнэлгээний 16 зэрэглэл (бүс), ашиглалтын 18 зориулалтаар 1 га газрын суурь үнэлгээг тогтоосон.  Уг хавсралтын тайлбарт “хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” гэдэгт хүлэмжийн аж ахуй, газар дээрх, доорх зоорь, гэр бүлийн хэрэгцээнийхээс илүү талбайд тариалж буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалахад зориулсан хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай газар хамаарахаар заасан.

2.4. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор дүүргийн нутаг дэвсгэрт газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийг баталсан,

2.5. Аргачлалын 3.2-т зааснаар Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн хил зааг нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн хил заагтай адил байна.

Аргачлалын 4 дүгээр зүйлд зааснаар тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасныг үндэслэнэ, тухайн тариалангийн газар нь газрын үнэлгээний аль тойрогт хамаарагдаж байгааг уг тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу тогтооно, тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо газрын хэмжээнээс хамаарч дээрх бодсон дүнгийн тодорхой 60-80 хувиар бодож, тооцно.

            3. Гялс ундрах эрчим ХХК газрын үнэлгээний өөр тойрог, ашиглалтын өөр зориулалтаар төлөх хүсэлт 2023 оны 5 дугаар сарын 04-нд 23/05 тоотоор хүргүүлсэн, тодруулбал Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан газрын үнэлгээний Х-9 Хэнтийн зах хаяа, уулын ойт хээрийн тойргоор, 2 дугаар хавсралтын хөдөө аж ахуйн газрын тариалангийн зориулалттай газрын үнэлгээгээр тооцуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн.

4. Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдааны үнэ тооцсон аргачлал, төлөхийг шаардсан дүн, төлөх хугацаа, төлөөгүй тохиолдолд үүсэх нөхцөл байдал зэрэг нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэсэн мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар албан бичгээр хүргүүлсэн гэх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хэрхэн хүргүүлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч уг үр дагавар бүхий мэдэгдлийг хүлээж аваагүй гэж маргаж байх тул хариуцагч байгууллага захиргааны актаа хүргүүлэх ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн маргах эрхийг хязгаарлах үндэслэл болгох нь хуульд нийцэхгүй гэж үзлээ.

4.1. Хариуцагчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-09/2456, 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-09/3965 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөх мэдэгдэл нь дээрх үр дагаврыг үүсгэсэн шинжгүй, өөрөөр хэлбэл  дуудлага худалдааны үнэ тооцсон аргачлал, төлөхийг шаардсан дүн, төлөх хугацаа, төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүсгэсэн агуулгагүй байна.

4.3. Тиймээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны “дуудлага худалдааны үнэ тооцсон аргачлал, төлөхийг шаардсан дүн, төлөх хугацаа, төлөөгүй тохиолдолд үүсэх нөхцөл байдлыг тусгаж үр дагаврыг үүсгэсэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн зүйл болгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж буйг няцаах, буруутгах боломжгүй байна.

5. Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгчид эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастай аманд мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалттай газрын дуудлага худалдааны анхны үнийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцохдоо Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын төвийн дүүргийн суурьшмал бүсийн газрын үнэлгээний 9 зэрэглэл (бүс)-ээр тооцсон нь үндэслэлтэй болоогүй байна. Тухайлбал Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын газрын үнэлгээний Х-9 дүгээр Хэнтийн зах хаяа уулсын ойт хээрийн тойрогт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ багтсан /тодорхой солбицол батлаагүй тул/ байх тул нэхэмжлэгчид эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастай ам багтсан гэж үзнэ,

5.1. Мөн уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тогтоосон Хөдөө аж ахуйн газрын тойргийн үнэлгээнд яагаад хамаарахгүйг “тариалангийн газарт хамаарахгүй” гэх агуулгаар хариуцагч Тариалангийн тухай хуулийн тодорхойлолтоор талбайрласан, гэтэл Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын тайлбараар “хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэдэгт хүлэмжийн аж ахуй, газар дээрх, доорх зоорь, гэр бүлийн хэрэгцээнийхээс илүү талбайд тариалж буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалахад зориулсан хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай газар хамаарахаар” заасан. Өөрөөр хэлбэл ашиглалтын зориулалтын хувьд мод үржүүлэг нь “хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” гэдэгт хамаарах юм бол үнэлгээний бүсийн хувьд хөдөө аж ахуйн газрын тойрогт яагаад хамаарахгүйг хариуцагч үндэслэл бүхий тайлбарлаагүй.  

5.2. Газрын төлбөрийн тухай хуульд заасан газрын суурь үнэлгээг тогтооход харгалзах “газрын зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалт, газар зүйн байршил, газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлага”-аас ч аваад үзэхэд газрын байршил, ашиглах зориулалт, газар зүйн байршил, газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг тухайн газрын дуудлага худалдааны үнэ тооцохдоо харгалзах суурь үзүүлэлт болгох нь Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасанд нийцнэ.

6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг ... зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 36 дугаар зүйлийн 36.2-т “дуудлага худалдааны үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна.” гэж зааснаар, мөн тус компанид хаягласан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523 тоот мэдэгдэл хүргүүлэх албан бичигт “дуудлага худалдааны үнийг төлүүлсний дараа гэрчилгээ бичиж олгохоор, гэрээ байгуулахаар” дурдсанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгоогүй байх тул мөн хуульд заасан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх эрх, газрын төлбөр төлөх үүрэг нэхэмжлэгч компанид үүсээгүй гэж үзнэ. 

7. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Улиастайн аманд байрлах уг газрын дуудлага худалдааны үнийг Барилга, хот байгуулалтын сайд 2018 оны 208 дугаар тушаалаар баталсан “газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тооцохдоо Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан 9 дүгээр бүсэд хамааруулж, 1 м.кв газрын суурь үнэлгээгээр шууд үржүүлэн тооцсон нь “тогтоолын 1, 2 дугаар хавсралтаарх тойрог, суурь үнэлгээг хэрэглээгүй”, “аргачлалын 4 дүгээр зүйлд заасан “тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасныг үндэслэнэ, тухайн тариалангийн газар нь газрын үнэлгээний аль тойрогт хамаарагдаж байгааг уг тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу тогтооно, тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо газрын хэмжээнээс хамаарч дээрх бодсон дүнгийн тодорхой 60-80 хувиар бодож, тооцно.” гэх заалтад нийцээгүй, хариуцагч захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн, зорилгодоо /газар ашиглалтын зорилгод суурь үнэлгээ тооцсон арга нийцээгүй/ нийцээгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх үзлээ.

8. Учир нь захиргааны үйл ажиллагаа, ялангуяа сонгох боломж хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдэл нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэх учиртай.

9. Дээр дүгнэснээр газрын үнэлгээг аргачлалын дагуу тогтоох нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарах бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хяналтын цар хүрээнээс хэтрэх тул газрын байршил, зориулалтыг буюу “газрын зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалт, газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлага”-ыг харгалзан, мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Улиастайн аманд байрлах уг газрын дуудлага худалдааны үнийг газрын суурь үнэлгээг тогтоосон Засгийн газрын тогтоолын хавсралтууд, дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалын дагуу газрын бүс, ашиглалтын зориулалт, суурь үнэлгээнээс хувь тооцон дахин тогтоох хүртэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч шийдвэрт заасан ажиллагааг хийж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдэл хүчингүй болох хууль зүйн үр дагавартайг тайлбарлах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримтлан Гялс ундрах эрчим ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд хангаж, дуудлага худалдааны анхны үнийг дахин тогтоох хүртэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч шийдвэрт заасан ажиллагааг хийж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдэл хүчингүй болох үр дагавартайг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА