Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч Г.Б

Шүүгдэгч Д.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-т холбогдох 17160010500041 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г овогт Д-ын Ц  гэв.

 

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай захын гадаа иргэн Б.М-ын гээсэн түүний нөхөр Г.Б-ын өмчлөлийн 0000 сериал дугаартай самсунг Жи-7 загварын гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай захын гадаа иргэн Б.М-ын гээсэн түүний нөхөр Г.Б-ын өмчлөлийн 0000 сериал дугаартай самсунг Жи-7 загварын гар утсыг олж, бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь:

Шүүгдэгч Д.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “ Би Шинэ-Алтай захын үүдэн дээрээс тухайн гар утсыг олсон, хулгай хийж аваагүй... Би ашиглаж мэдэхгүй, хаана нь дарж дуудлагыг авахыг мэдэхгүй, олсон болохоор хүүхэддээ явуулсан...”  гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 

Хохирогч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би зах дээр бизнес эрхэлдэг, дэлгүүр дээрээ байж байтал авто тээврийн газар ачаа ирсэн ирж аваарай гээд над руу залгасан, тэгээд би эхнэртээ утсаа өгөөд явуулсан, миний мобайл банкаар төлбөрийн төлөх гээд миний гар утсыг аваад явсан. Тэгээд удалгүй залгасан нэг хүн авчихаад дугараагүй, дахиад залгахад унтарсан байсан. Эхнэрийнхээ гар утас руу залгаад миний утас яагаад холбогдохгүй байгаа талаар асуухад захын дээд хаалган дээр машинд суухдаа хаячихсан байна гэж хэлсэн...Тухайн үед миний утас дүүрэн цэнэгтэй байсан ... аваад 1 жил болж байна. Дүүртэл нь цэнэглэхэд 1 өдөр цэнэгээ барьдаг...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.М-ын “...нөхөр Г.Б-ын самсунг галакси Жи-7 маркын 99999999 дугаарын утсыг аваад хүргэн Ч.Н-ийн хамт драгон дээр очоод машинаас буухад манай нөхөр Г.Б-ын утас миний халаасанд байхгүй байхаар нь залгахад дуудаж байгаад удалгүй холбогдох боломжгүй болсон...Шинэ-Алтай захын зүүн талд хүргэн Ч.Н-ийн машин байсан ба суух үедээ унагаасан гэж бодож байна...” гэх мэдүүлэг, / ХХ13-24/

Гэрч Ц.Э-ын “...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шиг санагдаж байна. Ээж Ц- Говь-Алтай аймгийн төвөөс Алтай сум руу явж байгаа машинд миний өвлийн хувцастай хамт Самсунг галакси Жи-7 маркын хар өнгөтэй гар утсыг өгч явуулсан байсан. Уг утсыг манай аав Ц- нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай захын доод талаас олж явуулсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг, /ХХ26/

Гэрч Ч.Н-ийн  “...Улаанбаатар хотоос ачуулсан ачаа тендерийн автобусаар ирцэн байна гээд хадам ээж Б.М хамт яваад ирье гэж надад хэлээд хадам Г.Б-ын утсыг авч, мобайлаар тээврийн хөлс шилжүүлэх зорилгоор самсунг галакси Жи-7 загварын утсыг аваад захын зүүн хойт хаалган дээр байсан миний супер Портер маркын 00-00 ГАА дугаартай машинд суугаад бид 2 драгон дээр очиход хадам ээж Б.М аавын чинь утсыг би унагаачихсан байна гэж хэлээд аавын 99999999 дугаарын утас руу залгахад тасалсан, дахин залгахад утсыг удалгүй унтраачихсан... миний машинд сууж байхдаа унагаасан гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /ХХ27-28/

Гэрч Б.Ц-ийн “...манай нөхөр Д.Ц нь зах дээрээс ирэхдээ газраас оллоо гээд хар өнгийн мэдэрдэг дэлгэцтэй утас авч ирсэн. Уг утсыг би хэд хоногийн дараа Алтай сумд байдаг охин Э-д руу өвлийн хувцсыг нь өгч явуулахдаа хамт явуулчихсан...” гэх мэдүүлэг /ХХ31-32/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ35/, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ9/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур буюу санамсаргүй байдлаар гээгдэж түүний эзэмшлээс гарсан эд хөрөнгийг олсон хүн бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж тухайн эд хөрөнгийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх эсхүл эзнийг нь олж өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ өөрийн өмч хөрөнгө мэт эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжийг бий болгосноор төгссдөг.  Эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, түүнээс ашиг олсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй харин учруулсан хохирол бага хэмжээнээс дээш буюу 300/гурван зуу/ нэгжээс /гурван зуун мянган төгрөг/ илүү гарсан тохиолдолд гэмт хэргийн бүрдэл хангагдана.

Иймд шүүгдэгч Д.Ц-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 

Шүүгдэгч Д.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 52 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж, /ХХ1-2/ 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 Шүүгдэгч Д.Ц болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй  байна гэж үзлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ54/, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ12/, хохирогч Г.Б-ын “... одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/  зэргээр тус тус  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв. 

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Г овогт Д-ын Ц-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Д-ын Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан торгох ялыг сар бүр 90.000 мянган төгрөгөөр тооцон төлж,  таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Ц-т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА