Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00795

 

Д.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/0950 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 692 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Д.Сүхжаргалд холбогдох,

226.012.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч Д.Сүхжаргал,  нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.02.12-ны өдөр 123.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлийн гэрээний хугацаанд мөнгийг төлбөл хүү тооцохгүй гэж тохирсон боловч огт төлөлт хийгдээгүй. Анх Д.Сүхжаргалтай 2010.6.10-ны өдөр зуслангийн байшин бариулахаар гэрээ хийсэн.10 х 8 хэмжээтэй байшинг 50 сая төгрөгөөр барихаар тохиролцсон ба миний зүгээс эхлээд 9 сая төгрөгийн дүн  10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Гэрээний дагуу барилгын материал болон ажлын хөлс нийт 44 сая  орчим төгрөг өгсөн. Барилгад нэмэлт хийлгэж 15 сая төгрөг нэмж өгнө гэж тохирсон. 2014 онд энэ байшингаа дуусгаач гэж шаардахад мөнгөгүй байна, авлагатай гэж янз бүрийн юм ярьсан. Тэр надад мөнгө зээлээч 3 тэрбумын ажил орж ирнэ гэж хэлсэн. Надад бэлэн мөнгө байсан, би гэрээ байгуулбал зээлдүүлсэн мөнгөө буцааж авч болох юм байна гэж бодоод мөнгийг өгсөн. Д.Сүхжаргал 123 сая төгрөгийг хүлээн авсан гэдгээ нотолсон. “Уранган” ХХК-ийн ломбардаас мөнгө авсан асуудал энэ хэрэгт хамааралгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Д.Сүхжаргалтай уулзахад тэрээр 190 сая төгрөгийг төлөх боломжтой гэсэн саналыг надад тавьсан. Хариуцагч барилгын ажилтай холбон нэхэмжлэлийг тайлбарлаж байгаа нь үндэсгүй. Д.Сүхжаргал 3 тэрбумын ажил орж ирнэ гэсэн учраас би 123 сая төгрөгийг зээлсэн. Энэ мөнгийг сарын дотор төлнө, удахгүй өгнө гэсэн. Миний зүгээс энэ хүнтэй харилцаж байсны хувьд итгэж мөнгөө гсөн, мөн байшингийн ажлаа хурдан дуусгах хүсэлтэй байсан.Барилгын ажилд зориулж 44 сая төгрөг өгсөн. Д.Сүхжаргал 123 сая төгрөгийг аваагүй гэж худлаа ярьж байна. Иймд Д.Сүхжаргалаас зээлийн үндсэн төлбөр 123 сая  төгрөг, 5 сарын хүү, алданги тооцож нийт 226.082.700 төгрөгийг нэхэмжилсэн боловч 190 сая төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зуслангийн байшин бариулах ажил гүйцэтгэх гэрээг Д.Эрдэнэцогттой 50 сая төгрөгөөр тохиролцож ажлыг эхэлсэн. Энэ мөнгийг суурийн ажил хийхэд зарцуулсан. Д.Эрдэнэцогт дүнзэн торх авч өгсөн бөгөөд тухайн жил торх хүлээгээд 9 cap хүртэл хүлээж ядаад хүйтэн болсон тул ажил зогссон. Барилгын ажилд мөнгө дутаж байгаа тухай Д.Эрдэнэцогтод хэлэхэд та өөрөөсөө санхүүжилтээ гаргаад ажлаа үргэлжлүүлж бай, мөнгө орж ирэхээр таньд бүх зардлыг өгөх болно гэж хэлсэн. Миний зүгээс мөнгө байгаагүй тул Д.Эрдэнэцогтын ажилладаг “Уранган” ХХК-ийн ломбардаас миний унаж байсан BMW Х5 машиныг 20 сая төгрөгт барьцаалан зээл авч өгсөн. Мөн дараа нь дахин Лексус 470 машиныг 25 сая төгрөгт барьцаалан зээл авсан. Анх барилгын ажил гүйцэтгүүлэхээр тохирохдоо зөвхөн байшин барихаар тохиролцсон. Гэвч дахин нэмэлтээр үүдний өргөтгөл болон блокон хашаа бариулсан. Миний ломбарднаас авсан нийт 45 сая төгрөгөөс ажлын хөлс зэрэг барилгын бүх ажилд зориулсан. Харин үүнээс 17 сая төгрөгийг өөр барилгын ажилд зарцуулж, үлдсэн бүх мөнгийг Д.Эрдэнэцогтын байшинд зарцуулсан. Бид хоёр сүүлд тооцоо нийлэхэд Д.Эрдэнэцогт надад 25 сая төгрөг өгөх болсон ба үүнийгээ төлөхдөө “УранГан” ХХК-ийн ломбардаас миний Лексус 470 машиныг чөлөөлж авч өгсөн. “Уранган” ХХК-ийн захирал нь Д.Эрдэнэцогтын төрсөн эгч байдаг. Харин BMW Х5 машин 20 сая  төгрөгийн барьцаанд үлдсэн. Би үлдсэн машины зээлийн төлбөрт 7 сая төгрөг өгсөн бөгөөд миний хувьд Д.Эрдэнэцогтод 13 сая төгрөгийн өглөг үлдсэн гэж ойлгож байгаа. 2014.02.12-ны өдрийн гэрээг хийж, гэрээндээ 6 дугаар сарын 1-ний өдөр гэхэд 30 сая төгрөг өгвөл энэ гэрээ хүчингүй, харин өгч чадахгүй бол 123 сая  төгрөг өгнө гэж тохирч гарын үсэг зурсан. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, би тийм их мөнгө аваагүй.13 сая төгрөг чинь 123 сая төгрөг болсон гэсэн. Үлдэгдэл мөнгийг өгөөгүй удаасан тул 30 сая төгрөг өгөөд энэ асуудлыг дуусгах хүсэлтэй байна. Шүүх хуралдаанаас өмнө намайг 190 сая төгрөг төлье гэж тохирсон гэж мөн худлаа ярьж байна.Д.Эрдэнэцогт өөрөө 30 сяа төгрөг дээр 160 сая төгрөгийн НӨАТ бичиж өг гэсэн, би зөвшөөрсөн.190 сая  төлнө гэж би зөвшөөрөөгүй. 123 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч бэлнээр өгсөн мөнгөний эх сурвалж харагдахгүй нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/0950 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан  Д.Сүхжаргалаас 190 сая төгрөг гаргуулж Д.Эрдэнэцогтод олгож, нэхэмжлэлээс 36.012.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Д.Эрдэнэцогтын төлсөн 1.288.370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Сүхжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 1.107.950 төгрөг гаргуулж Д.Эрдэнэцогтод олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 692 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан талуудын хэн алины хүсэл зоригийг илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч зээлийн гэрээг урьд нь бэлдэж авчирсан, танил нотариатаар гэрчлүүлсэн, намайг сүрдүүлсэн. Ингээд тус гэрээг байгуулсан. Мөн 2014.06.01-ний өдөр 30 сая төгрөг өгчих тэгвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцно, хэрвээ өгөхгүй бол 123 сая төгрөг өгнө гэсэн байдаг. Иргэний хуулийн 282.4-т зааснаар мөнгийг өгсөнийг нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүд үүнийг нотлогдсон зүйл, мөнгө өгсөн нотлох баримт байгаа мэтээр дүгнэлт гаргасан нь ИХШХШТХ-ийн 43 дахь заалтыг зөрчиж байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 168.1.6-д зааснаар хуурамч нотлох баримт үйлдсэн нь илэрсэн, өөрөөр хэлбэл, 2016.04.09-ний өдөр Д.Эрдэнэцогт нь надтай ярьсан бүр яриаг бичиж, СD дээр буулгаж нотлох баримт болгосон. Үүн дээр надад 123 сая төгрөг зээлүүлээгүй гэдгээ зөвшөөрч 80 сая төгрөг өгчих, тэгвэл асуудлаа дуусгая гэсэн. Мөн ИХШХШТХ-ийн 116.2 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд хэргийг дахин шийдвэрлэхүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Д.Эрдэнэцогт нь Д.Сүхжаргалаас үндсэн зээл 123 сая төгрөг, 5 сарын хүү 27.675.000 төгрөг, алданги 75.337.500 төгрөг нийт 226.082.700 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч 30 сая төгрөгөөс бусад мөнгийг төлөхгүй гэж маргасан байна.

Хоёр шатны шүүх “...хариуцагч нийт 226.012.500 төгрөг төлөх ёстой боловч нэхэмжлэгч 190.000.000 төгрөг авах хүсэлтэй байна...” гэсэн үндэслэлээр Д.Сүхжаргалаас 190.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Д.Эрдэнэцогт нь хариуцагчаас нийт 226.082.700 төгрөг гаргуулах шаардлага гаргахдаа 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг /хх 5/ үндэслэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...энэ мөнгө нь нэхэмжлэгчийн захиалгаар ажил гүйцэтгэх явцад үүссэн төлбөр...” гэсэн агуулгатай тайлбар өгч шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан /хх 44/ байхад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон баримттай холбоотой хүсэлтийг хариуцагч шүүхэд гаргасныг шүүх хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцээгүй гэж үзлээ.

Түүнчлэн, шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан бор өнгийн дэвтэрийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн эсэх буюу шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-г зөрчсөн тул хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/0950 дугаар шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 692 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 1.107.000 төгрөгийг  буцааж олгох захирамж гаргасугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ