Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 32

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00707/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Б-,

                  “Л- И-” ХХК-д холбогдох

"Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч О.Б- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, М.Цэндсүрэн нар онлайнаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч “Л- И-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

...Миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Л- И-” ХХК-тай 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан.

“Л- И-” ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 31-ний дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлэхгүй, барилгын ажлын явц удааширсан тул “Л- И-” ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Л- И-” ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн боловч надад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр О.Б-тэй Зээлийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Д.Б- нь О.Б- болон “Л- И-” ХХК нь миний эрхийг зөрчиж, зөвшөөрөл авалгүй хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан болохыг сүүлд олж мэдсэн бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагааг олж мэдсэн даруйд надтай гэрээ байгуулсан “Л- И-” ХХК-ийн удирдлагатай холбогдож уг хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг арилгуулах буюу 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулах талаар асуудлыг тавихад дахин зээл авах зайлшгүй шаардлагатай байгаагаа учирлаж, ...барьцааны гэрээг бүртгүүлснээс үл хамаарч таны оруулсан хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд гаргаж өгнө гэж хэлсэнд итгэж ирсэн.

О.Б- болон “Л- И-” ХХК-иас хөрөнгө оруулагч миний тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрхийг ноцтой зөрчиж, надад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй Барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

Иймд дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах үүднээс “Л- И-” ХХК болон О.Б- нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ-ны улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримт, өнөөдрийн шүүх хуралдаанд талуудын гаргаж байгаа тайлбар зэргийг үндэслээд шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах хууль зүйн үдэслэлийг харж үзээсэй гэж хүсэж байна.

1. Хөрөнгө оруулагчийн хувьд Д.Б- нь хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд барилгын ажилд гэрээгээр дурдсан хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж хэрэгжүүлсэн. Харин барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, гүйцэтгэгч “Л- И-” ХХК нь барилгын үйл ажиллагааг дангаараа хариуцан ажиллах, барилга ашиглалтанд орсноор хөрөнгө оруулагчид тэргүүн ээлжинд ашиг өгөхөөр харилцан үүрэг хүлээсэн гэрээ юм.

2. Хамтын ажиллагаанд Д.Б-гийн оруулсан хөрөнгө оруулалт болон Д.Б-гийн авах ашгийг тэргүүн ээлжинд олгох баталгааг хөрөнгө оруулалтын гэрээний 5.1.2-т ...ямар ч нөхцөлд, тэргүүн ээлжинд хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон хэмжээгээр ашгаа авах эрхтэй.., 5.1.3-т ...оруулсан хөрөнгө оруулалт болон ашгийнхаа хэмжээг мөнгө хэлбэрээр авч чадахгүй тохиолдолд гүйцэтгэгч тавьсан саналын дагуу ашиглалтад орсон байрнаас 1 метр квадрат талбайг 750,000 төгрөгөөр тооцон 2666 м.кв талбайг өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч тал шилжүүлэн авах эрхтэй..., 5.1.4-т ...өөрийн оруулсан хөрөнгө оруулалт, гэрээгээр тохирсон ашгийг нийлбэр дүнтэй тэнцэх хэмжээгээр баригдаж буй барилгын зарим хэсгийг болон ашиглалтанд орсон орон сууцыг барьцаалах эрхтэй... гэж тус тус зохицуулсан байна. Анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр эхний хөрөнгө оруулалтын ашгийг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгөхөөр тохиролцсон байна.

3. Хариуцагч тал “Л- И-” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №02 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 4.1, 6.1-т тус тус заасан үүргийг зөрчиж, хөрөнгө оруулагч Д.Б-д хэлж, түүнээс зөвшөөрөл авалгүйгээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч О.Б-тэй зээлийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. О.Б- болон “Л- И-” ХХК нь зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа хамтран ажиллах гэрээний нэг тал болох анхны хөрөнгө оруулагч Д.Б-д мэдэгдэж зөвшөөрөл аваагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл... гэсэнд хамаарах, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Хариуцагч нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээ, энэ бол зээлийн барьцааны гэрээ гэж огноологдсон, энэ гэрээний үдсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 144 айлын 8470 метр квадрат талбай бүхий орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсан барьцааны бүртгэл нь хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн дагуу тэргүүн ээлжинд шаардлага хангуулах нэхэмжлэгч Д.Б-гийн эрхийг зөрчсөн болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6. Ласти интернэшнл ХХК болон О.Б- нарын хооронд 2015 оын 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан маргаан бүхий зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч Д.Б-д мэдэгдэж, зохих зөвшөөрлийг авсан байх тухай Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т заасан шаардлагыг зөрчсөн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэг, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад зааснаар ...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.. -ээр заасан. Эдгээр хуулиар тогтоосон хэлбэрийн хүрээнд барьцааны эрх үүсэх үндэслэл нь гэрээний талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан барьцааны эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага хийдэг.

7. О.Б-ийн тухайд хийсэн хэлцэл нь Д.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна, харин тэрнээс хойш хийгдсэн н.Дөлгөөн нарын бусад гэрээ нь Д.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэж байна. Мөн цаашлаад н.Дөлгөөн нар гэх улсуудтай харилцан ойлголцсон, Өөрөөр хэлбэл бие биенийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байдлаар барьцаалсан хөрөнгүүдээ хуваагаад зохих ёсоор нь өмчлөлдөө шилжүүлээд, тохиролцоод шийдчихсэн. Тийм учраас хэн алиныхаа эрх ашгийг хөндөхгүй байгаа учраас энэ талаар ярих шаардлагагүй, эдгээр хүмүүстэй холбож үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм гэжээ.

Хариуцагч О.Б-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт:

...Иргэн О.Б- би 2015 оны 06 сарын 10-ны өдөр “Л- И-” ХХК-тай 2015/06/10 тоот зээлийн гэрээ, 2015/06/10А тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг 13-р хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 м.кв талбайтай барилгыг 1500 м.кв газрын хамт барьцаалан 1.500.000.000 төгрөгийн зээл олгож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компани нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа төдийгүй компанийн эзэмшигч, удирдлага нь 2 удаа солигдож бусдын нэр дээр шилжээд байна.

Мөн тус компани нь 2016 оны 3-р сарын 11-ний өдөр иргэн Д.Б-тай 16/001 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2667.22 м.кв талбайтай 46 айлын орон сууц, 2017 оны 9-р сарын 18-ны өдөр иргэн Б.Дөлгөөнтэй 7310 м.кв талбайтай 124 айлын орон сууц барьцаалан зээлийн гэрээ тус тус байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба компани улсын бүртгэлийн байгууллагын зүгээс гэрээ байгуулсан, бүртгэсэн талаар өмнөх барьцаалагчид мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байдаг.

Би “Л- И-” ХХК-ийн хууль бус үйлдлүүдэд холбогдуулан Баянзүрх, Баянгол дүүрэг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн Дархан-Уул аймаг дахь Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд өргөдөл гаргасныг шалгаад холбогдох хариуг 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 1-4/2959 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Иргэн миний зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй бөгөөд холбогдох хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно гэжээ.

Хариуцагч О.Б-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Зээл авсан, зээлээ алданги болон ашигтай холбогдуулан 1 тэрбум төгрөг зээлчхээд 2.5 тэрбум болгоод авна гэх асуудлыг нь шүүх дүгнэсэн.

2. Энэ шүүхийн шийдвэрт өнөөдөр О.Б-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэдэг асуудлаар О.Б- Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Барьцаалагчийн эрх ашгийг эвлэрлийн асуудал хөндөөгүй, өөрсдөө нэгэнт барьцаалагчид хамааралгүй гэдэг байдлаар шүүхийн байр суурийг албаар гаргасан. н.Дөлгөөн дээр мөн барьцаалагчийн үндсэн байр суурь, эрх ашгийг хөндөж байна гэдэг асуудал тавьсан, мөн яг одоо барьцаалагчийн хууль ёсны эрх ашгийг Д.Б-, н.Дөлгөөн нар дээр хөндөгдөөгүй гэдэг нь өөрөө Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасан хангагдах биш дуусгавар болох асуудлыг яриад байна. О.Б- өөрөө нэхэмжлэл гаргаад “Л- И-” ХХК хариуцагчаар яваа, үүн дээр Д.Б- орж ирсэн, хүсэлт өгсөн.

Тэгвэл тухайн зүйлд заасан хууль бус гэдгийг тогтоох ёстой, тэгж байж үр дагавар нь арилгагдана. Энэ бол хууль хэрэглээний хувьд шийдэгдээд явж байгаа асуудал, нэгэнт энэ улсууд өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 заасан хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй. Зөвхөн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар үр дагаврыг арилгах гэдэг байдал руу ороод байна. Үр дагаврыг арилгана гэдэг нь сая хэлээд байсан 46 байраа би авсан, 2.5 тэрбум дээр тохирсон байна гэдэг юм. О.Б-тэй хийсэн барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээ бол энэ гэрээний салшгүй хэсэг байна гэдгийг талууд гэрээн дээрээ тохиролцсон гэжээ.

Хариуцагч О.Б-ийн өмгөөлөгч М.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2017 онд иргэн Д.Б- хариуцагч “Л- И-” ХХК-ийн хувьд хооронд хохироод байгаа хөрөнгө оруулалт нэрээр оруулсан гэх 1 тэрбум төгрөгтэй холбоотой маргаанаа шүүхийн эвлэрлийн журмаар шийдүүлсэн гэх баримтыг шүүхэд өгсөн. Энэ нь бас улсын бүртгэлд өгөгдсөн баримтаар гарч ирдэг.

Энэ барьцааны гэрээний дагуу О.Б- бол тэргүүн ээлжинд барьцаагаараа хангагдана гэдэг нь ойлгомжтой. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар ойлгомжтой байна. Энийг нэхэмжлэгч тал маш сайн мэдэж байгаа, энэ шалтгаанаар барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхээр шийдвэрлүүлээгүй, түүнээсээ татгалзсан гэж үзэж байна. О.Б-ийн хууль зүйн дагуу, үндэслэлтэй, зээлийн гэрээний дагуу байгуулагдсан барьцааны гэрээг хүчингүй болгуулах нь үндэслэлгүй юм гэж үзэж байна.

Хариуцагч “Л- И-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

...Манай компани нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 02-р сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 144 айлын орон сууцны барилга барихаар болсон. Барилгын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэх, ашиглалтанд оруулахад барилгын хөрөнгө оруулагч шаардлагатай байсан тул Д.Б-тай холбогдож хөрөнгө оруулах санал тавьсны дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажилласан бөгөөд барилгын ажлын явц удааширч, тохиролцсон хугацаанд нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг өгч чадахгүй байсан тул уг гэрээний хугацааг сунгаж явсаар өнөөдрийг хүрсэн.

2015 оны 03-р сарын 31-ний өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээнд заасны дагуу манай компани барилгын үйл ажиллагаатай холбоотой дахин санхүүжилт шаардагдах тохиолдолд хөрөнгө оруулагч Д.Б-д мэдэгдэж, зөвшөөрөл авах үүрэг хүлээсэн О.Б-ээс манай компанид зээлийн гэрээний дагуу 1.500.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх боловч энэ мөнгө нь манай компанид орж ирсэн баримт байхгүй байгаа бөгөөд тухайн гэрээг хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай байна. Нэгдүгээрт уг гэрээг байгуулахдаа анхны хөрөнгө оруулагчид мэдэгдэлгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн, хоёрдугаарт уг зээлийн гэрээг хуульд нийцүүлэн, бодитоор хийсэн гэдэгт эргэлзээтэй байгаа.

Анхны хөрөнгө оруулагч Д.Б-гийн санхүүжилтээр барилгын ажил явагдсан, явагдаад удаашраад дараагийн хөрөнгийг авахад заавал анхны хөрөнгө оруулагчид мэдэгдэнэ гэснийг л зөрчсөн. Түүний улмаас нэхэмжлэгч Д.Б- нэхэмжлэл гаргаж байгаа гэж ойлгож байна. Анхны хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр, түүнийг компани зөрчөөд О.Б-тэй гэрээ байгуулсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэрээр:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлд зааснаар хариуцагч О.Б-, “Л- И-” ХХК нарт 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10а барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөн бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-, “Ласти интернэшнл” ХХК-иас тус бүр 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх энэхүү иргэний хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Д.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дурдагдаагүй асуудлаар хариуцагч нарт бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийн талаар дараах байдлаар дүгнэлт хийснийг үндэслэлгүй болсон.

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч Д.Б- нь ...гүйцэтгэгчээс 2015 оны 3 дугаар сарын 31-ний дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул гүйцэтгэгч талаас гаргасан саналыг үндэслэн 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан.  Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ анхны гэрээний заалт, тохиролцоод дээрх байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлыг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэгчийн тухайд уг гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргааныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08942 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн байдал нь нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын арилгуулахаар “Ласти-Иинтернэшнл” ХХК болон О.Б- нарын хооронд 2015 оны 06 сарын 10-ны өдөр байгүулагдсан зээлийн барьцааны гэрээ”-г үндэслэж хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхэд хамаарахгүй юм. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 , 477.5 дахь хэсгийн зохицуулалтаар Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон хөрөнгө нь талуудын дундын өмчлөлд байхыг, мөн гэрээний нэг тал нь нөгөө талынхаа зөвшөөрөлгүйгээр өөрт оногдох хувиа гуравдагч этгээдэд худалдахыг хориглосон байдаг нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн зохицуулалтай харилцан хамааралтай болохыг анхан шатны шүүх ойлгож тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна.

3. Тэдний хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ” хүчин төгөлдөр эсэх асуудлын талаар тухайн хэрэгт маргаагүй. Дурдсан тайлбар, үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

4. Д.Б- нь О.Б-, “Ласти-Интернэйшнл” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр тэдний хооронд 2015 оны 06 сарын 10-ны өдөр байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ“-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түүний үр дагаврыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 17 тоот шийдвэр нөлөөлөхгүй. Гэрээнд Хөрөнгө оруулагчийн барьцааны эрх нь иргэн О.Б-ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ” гэж заасан бөгөөд “барьцааны эрх дуусгавар болох”, “барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах” үйл явдлууд нь хууль зүйн хувьд өөр өөр үр дагаврыг бий болгодог. Дээрх дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд: ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамааруулан, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар гэж барьцааны зүйлийг орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 8470 м.кв барилга байхаар барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018180 дугаарт бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлага үндэслэлгүй байна. Харин анхан шатны /шийдвэрийн 13 дахь талд/ дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй учир дутагдалтай шийдвэр болсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00406 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шийдвэрээр “Л- И-” ХХК-ны эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн шийдвэр гарсан байсан.

...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтээр түдгэлзүүлсэн байна. “Л- И-” ХХК нь 2017 онд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган, барьцаа хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй. Дээрх үндэслэлүүдийг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүйгээр “...хариуцагч О.Б-, “Л- И-” ХХК нарт 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/1Оа барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөн бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг даалгасугай” гэсэн шийдвэр гаргасаныг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч О.Б-, “Л- И-” ХХК нарт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, хариуцагч О.Б-, “Л- И-” ХХК-ны хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд “Ласти-Интернешнл” ХХК-ний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч О.Б- барьцааны гэрээний улсын бүртгэл хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хөрөнгө оруулсан үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, байршил, хаяг, гүйцэтгэл, зориулалт зэрэг нь өөрчлөгдсөн тул хариуцагчдад 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2015/06/10а дугаартай барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөн бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч О.Б- нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан бөгөөд тэдгээрийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл:

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч “Ласти-Интернешнл” ХХК-ий хооронд 2014-2016 онуудад Хөрөнгө оруулалтын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээг сунгасан гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нэртэй 3 гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан эхний “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээгээр хөрөнгө оруулагч тал Д.Б- Дархан сумын 11 дүгээр багт барих гэж буй 144 айлын орон сууцны барилгад 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулсан орлогоос тэргүүн ээлжинд ашиг авах, гүйцэтгэгч тал “Ласти-Интернешнл” ХХК оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, гэрээгээр тохирсон ашгийг эхний ээлжинд буцаан өгөхөөр харилцан тохиролцжээ.

2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан эхний гэрээний хугацааг сунгасан нэртэй гэрээгээр гэрээний хугацааг сунгаагүй, харин гэрээнд хэд хэдэн нэмэлт заалт оруулж өөрчилсөн байна. Тухайлбал: Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “... гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу “Хөрөнгө оруулагч тал”-д мэдэгдэж зөвшөөрөл авна”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Гүйцэтгэгч тал ...борлуулалтын гэрээ хийх шаардлага гарвал “Хөрөнгө оруулагч тал”-д мэдэгдэж зөвшөөрөл авна”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Гүйцэтгэгч тал 2015 оны 10 дугаар сарын 14-ний дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг Хөрөнгө оруулагч талд буцаан өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэх зэрэг заалтуудыг нэмж оруулжээ.

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” нэртэй гэрээгээр өмнөх гэрээний 3 болон 7 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал: гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т “...гэрээний хавсралтад заасан нийт 2.667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг хөрөнгө оруулагчид барьцаалж барьцааны гэрээ байгуулна” гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “...баригдаж дууссан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилга нь Иргэн Отгонсүрэнгийн Б-ийн барьцаанд байх тул хөрөнгө оруулагчийн барьцааны эрх нь иргэн О.Б-ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ” гэх зэрэг нэмэлт заалт оруулж барьцааны гэрээг шинээр байгуулан барьцааны эрхийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар өргөдөл гаргагч Д.Б-, уригдагч тал “Ласти-Интернешнл” ХХК-ийн хооронд байгуулсан 2.500.000.000 /хоёр тэр бум таван зуун сая/ төгрөгийг төлж барагдуулах “Эвлэрлийн гэрээ”-г баталжээ.

Дээрх “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу 2667,22 м/кв талбай бүхий 46 айлын орон сууц Д.Б-гийн өмчлөлд шилжиж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б- болон түүний өмгөөлөгч нь дээрх 3 гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ мөн бөгөөд мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д  зааснаар хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авах ёстой.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, мөн хуулийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхийн дагуу “Ласти-Интернешнл” ХХК болон иргэн О.Б- нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн болон барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү  гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа болно. 

Хариуцагч  “Ласти-Интернешнл” ХХК 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн О.Б-тэй байгуулсан “Зээлийн гэрээ”-ээр 1.500.000.000 /нэг тэр бум таван зуун сая/ төгрөгийг барилгын материал авах зориулалтаар сарын 4.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд мөн өдөр зээлийн барьцааны гэрээгээр 8470 м/кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалж барьцааны эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 510.000.000 / таван зуун арван сая/ төгрөгийн зээлийг нэмж, нийт зээлийн хэмжээг 2.010.000.000 / хоёр тэр бум арван сая/төгрөг болгон гэрээ байгуулсан байна.

Талууд дээрх гэрээний үүргийн биелэлтийн талаар маргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг үүсгэн одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.

Хариуцагч О.Б- болон түүний өмгөөлөгч нь баригдаж дууссан 144 айлын орон сууц нь О.Б-ийн барьцаанд байгаа тул нэхэмжлэгчийн барьцааны эрх нь О.Б-ийн барьцааны эрх дуусгавар болсноор  хэрэгжихээр гэрээ байгуулсан, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д “Энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээг байгуулсан дарааллаар хангана” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргааны үндэслэлээ тодорхойлж байгаа болно.

Барьцааны гэрээний талаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 тоот шийдвэрийн  ҮНДЭСЛЭХ хэсэгт дээрхтэй адил буюу иргэн О.Б- тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч  “Ласти-Интернешнл” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компани иргэн Д.Б- болон О.Б-тэй барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгө босгох зорилгоор хөрөнгө оруулалтын болон зээлийн гэрээ байгуулсан, хөрөнгө оруулагч Д.Б-гаас зөвшөөрөл аваагүйгээр О.Б-тэй зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу уг мөнгө манай дансанд орж ирээгүй гэсэн тайлбар шүүх хуралдаанд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч “Ласти-Интернешнл” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний талуудын хүлээх эрх үүрэг, гэрээний талуудын хүсэл зорилгын агуулгыг үзвэл нэгдмэл нэг зорилго хэрэгжүүлж, ашиг олох хамтын зорилгогүй байна.

Тухайлбал: уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д Хөрөнгө оруулагч тал Гүйцэтгэгч талын гаргаж өгсөн санхүүжилтийн хуваарийн дагуу нийт 1.000.000.000 / нэг тэр бум/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ, 3.2 дугаар зүйлийн 3.2.1-д “Гүцэтгэгч тал нь эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний 1.000.000.000 /нэг тэр бум төгрөг/ ашгийг Хөрөнгө оруулагч талд буцаан өгнө, 3.3 дугаар зүйлийн 3.3.1-д Гүйцэтгэгч тал барилгын үйл ажиллагааг дангаараа хариуцан ажиллаж, дуусгах бөгөөд эрсдэлийг 100 хувь дангаараа хариуцна гэжээ.

Гэрээний дээрх тохиролцоонуудаас  үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан талууд тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллаж, хамтран ашиг олох зорилго агуулагдаагүй байна.

Хамтран ажиллах гэрээний талууд тэгш эрхтэй байх зарчим нь гэрээний эрх зүйн үндсэн зарчмуудын нэг юм.

Хамтран ажиллах гэрээний талууд хамтын зорилгод хүрэхийн тулд нэгдэж, хамтарч байгаа нь энэхүү гэрээнд үйлчилж байгаа зарчмыг илэрхийлж байдаг.

Агуулгын хувьд зөвхөн хэлбэрийн төдий тэгш байх бус, хэн нэг нь үндэслэлгүйгээр давуу эрх эдлэх ёсгүй.

Гэрээнээс олсон ашгийг хуваарилахдаа алдагдлыг ч мөн адил оруулсан хувь нэмрийг нь оруулж тооцох ёстой.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх 3 гэрээ нь хамтран ажиллах биш, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний харилцааны агуулгыг илүү илэрхийлж байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б- нь  хариуцагч “Ласти-Интернешнл” ХХК-ийн гуравдагч этгээдтэй хийсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардах эрхгүй байна.

Учир нь түүний байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцыг хариуцан ажиллана ...” гэх заалт нь хариуцагчийг гуравдагч  этгээдтэй орон сууцны борлуулалтаас бусад аливаа нэгэн хэлцэл хийх эрхийг хязгаарлаагүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт энэ талаар хуульчлаагүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс барьцааны эрхээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн  хэмжээ,үнэ, гүйцэтгэл, байршил, хаяг, зориулалт зэрэг нь өөрчлөгдвөл эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулан бүртгүүлэх ёстой гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай,ач холбогдолтой,үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”  гэж заасныг зөрчиж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Б-гийн өмгөөлөгч болон хариуцагч О.Б-ийн  давж заалдсан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч О.Б- нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

          

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                            ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                              Л.АМАРСАНАА