| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914005880355 |
| Дугаар | 2019/ДШМ/077 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2019/ДШМ/077
Т.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гантулга
Яллагдагч Т.Бат-Өлзий
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/931 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 36 дугаар эсэргүүцлээр Т.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн 1914005880355 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Тайжууд овогт Төмөртогоогийн Бат-Өлзий, 1.......оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВС72080112/
Т.Бат-Өлзий нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир ...... тоотод байх Н.Нарангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 350.000 төгрөгийн хулгайн гэмт хэргийг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж, 100.000 төгрөгийн нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Т.Бат-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Бат-Өлзийд холбогдох хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүдэгч Т.Бат-Өлзийд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, мөрдөгчөөс 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар татах тогтоолыг танилцуулснаас хойш 24 хоногийн дараа хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Хэрэв хэргийг хялбаршуулж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэхээр заажээ.
Хэргийг хялбаршуулах ойлголт нь прокурорт хүсэлт гаргаснаар заавал хялбаршуулах ойлголт биш бөгөөд яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг аль ч шатанд гаргаж болохыг ойлговол зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг зааж уг журамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хялбаршуулж болохоор хуульчлан заасан байхад прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг хялбаршуулж оруулж ирж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзнэ.
Мөн прокуророос ялын төрөл хэмжээний талаарх саналд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар санал гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх ял оногдуулах эсэх нь зөвхөн шүүхийн эрх хэмжээний асуудал болохыг хуульчлан заасан байхад прокурор нь шүүхийн эрх хэмжээний шүүн таслах ажилд оролцсон гэж үзэхээр байна.
Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэлээ.
Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Т.Бат-Өлзийд холбогдох хэргийг Баянхонгор аймгийн прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гантулгын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар эсэргүүцэлд:
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хуульчилсан бөгөөд яллагдагч Т.Бат-Өлзийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2-оос 8 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан нь 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан гэмт хэргийн ангилалд хамаарахгүй гэмт хэрэг юм.
Нөгөөтэйгүүр яллагдагч Т.Бат-Өлзийд холбогдох хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай хүлээн авснаас хойш яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд нөхцөл байдлыг хангасан гэж үзэн прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг прокуророос хүсэлтийг хүлээн авах тогтоол үйлдэн хэрэгт яллах дүгнэлт даруй үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрх нь яллагдагчийн хувьд хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны аль ч шатанд гаргаснаар тухайн хүсэлтийг хүлээн авч хангах эсэх асуудлыг шийдвэрлэснээр шийдэгдэх ёстой. Тиймээс яллагдагч Т.Бат-Өлзийгөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч хангаж хэргийг хялбаршуулан журмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан прокурор ялын санал гаргасан нь шүүх эрх мэдэлд халдаж, ял оногдуулж буй явдал биш юм.
Учир нь шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол прокурорын ялын саналын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой төдийгүй хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Мөн Шүүх хэргийг буцаахдаа тодорхойлох хэсэгтээ Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.12 дахь заалтуудыг барьж захирамжилсан нь шүүх хуулийн барих ёсгүй заалтыг барьж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Шүүхээс хэргийг прокурорт буцаасан тохиолдолд Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1-д заасныг барьж хэргийг прокурорт буцаахаар байтал мөн хуулийн 31.4 дүгээр зүйл заалтыг буюу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд барьдаг заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг барихаар байхад мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.12 дахь заалтыг буюу таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн заалтыг тус тус барьсан байх тул дээрх 931 дугаартай захирамж нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.
Иймд яллагдагч Т.Бат-Өлзийд холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 931 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
Т.Бат-Өлзийд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу яллагдагч Т.Бат-Өлзий нь саналаа гаргаж, Прокурор тогтоол гаргасан тул бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
Өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Миний үйлчлүүлэгч бичиг үсэг мэдэхгүй. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын давж шаалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад Т.Бат-Өлзийд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг хялбаршуулан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, ялын төрөл хэмжээний талаарх саналд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар санал гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх, ял оногдуулах эсэх нь зөвхөн шүүхийн эрх хэмжээний асуудал болохыг тайлбарлаж эдгээр ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд хэргийг Баянхонгор аймгийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг хамааруулаагүй бөгөөд мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг хориглосон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж ингэхдээ хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргахаар заасан байхад хохирогч Н.Нарантай эвлэрсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл журмыг яллагдагчид танилцуулж улмаар яллагдагч Т.Бат-Өлзий түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар ялын талаар хүсэлт гаргасан байхад Прокурор хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргаагүй дээрх хуулийн заалтыг зөрчсөн, Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн оногдуулах ялын хэмжээг тогтоож санал гаргасан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болжээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тооцон оногдуулах ялын хэмжээг тогтоох эрх хуулиар зөвхөн шүүгчид олгогдсон болохыг цаашид анхаарвал зохино.
Түүнчлэн яллагдагч Т.Бат-Өлзий нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугар сарын 19-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир ...........тоотод байх Н.Нарангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 350.000 төгрөгийн хулгайн гэмт хэргийг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж, 100.000 төгрөгийн нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтэндээ “...2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд ...” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу гэмт хэрэг хэзээ гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ үйлдсэн нь зөрүүтэй гэж үзэх үндэслэлийг бий болгосон байна.
Харин анхан шатны шүүх Монгол улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д заасны дагуу шүүгч захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.12-д заасан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэдэг зохицуулалтыг захирамж гаргахдаа удирдлага болгосон нь буруу болсон байгааг дурдав.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/931 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЗ/931 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Т.Бат-Өлзийд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР
Б. БОЛОР-ЭРДЭНЭ