Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/078

 

                                 *******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 1914004500313 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ....... оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 1 дүгээр сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар /*******/

******* нь 2019 оны 6 дугаар сарын 02, мөн 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ******* нь шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар *******ын эзэмшлийн “Орро” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу *******д буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж дахин алдаа дутагдал гаргахгүйгээ илэрхийлэн учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, сайн дурын үндсэн дээр хохирогчтой эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ прокурорын шатанд өгөх үед улсын яллагч хүлээж бай, дуудна гэж хэлж дуудалгүй хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлж анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарахад буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч тодорхой ажил эрхэлдэг, хөдөлмөрөө үнэлүүлэх мөнгөн орлогтой байгаа тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байсан. Хэргийг мөрдөн шалгах үед зохих нотлох баримтыг дутуу бүрдүүлж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр, эрх зүйн боловсрол мэдлэг бага, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн байдлыг ойлгуулж чадаагүй, нотлох баримтаа дутуу гаргаж өгсөн явдлыг харгалзан шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Шүүгдэгчийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээр зөвшөөрвөл хувь хүн, өрх гэрийн зүгээс хөдөлмөрөөс зайлуулагдан ажилгүй эгнээнд орж нэгэн өрхийн цаашдын амьдрал хэцүүдэх байдал үүсч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг өөрчлөн торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ******* нь эхнэртэйгээ эвлэрсэн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байхад үүнийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад харгалзан үзээгүй, мөн өөрөө ч холбогдох баримтаа бүрдүүлэн өгөөгүй буруутай байдаг. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Хохирогч нь дарамтанд орж *******тай эвлэрлийн гэрээ байгуулсан гэдэг нь харагддаг. Шүүгдэгч нь хэрцгий аргаар тухайн гэмт хэргийг үйлдсэн байдаг тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний хувийн байдалд тохирсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ...” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх Прокурорын газраас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр *******д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаан даргалагчийг томилсон, /хх-ийн 83-р тал/ яллагдагчийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр №2019/ШЗ/792 дугаар шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар мөн өдрийнхөө 16 цаг 30 минутад хэлэлцэхээр тогтсон атлаа 14 цаг 30 минутад шүүх хуралдааныг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрсөн байна. /хх-ийн 87, 96-103-р тал/

Энэ нь хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл болох бөгөөд шүүхээс гарах шийдвэрт нөлөөлсөнд тооцогдох тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ                                       Г.УЛАМБАЯР

   ШҮҮГЧИД                                                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ

М.МӨНХДАВАА