Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 33

 

“Г- П- Б-” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00011/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 04-ний өдрийн  158 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Г- П- Б-” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Н.Г-т холбогдох

"61.658.853 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Г- П- Б-” ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхгэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баяраа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 1 хэсэг 2 гудамж, 4 тоотод оршин суух, Н- овогтой Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Г- П- Б-” ГХОХХК-д хандан 50.000.000 төгрөгийн зээл авах өргөдөл гарган зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. “Г- П- Б-” ГХОХХК болон Н.Г- нарын хооронд 2018 оны 4 сарын 17-ны өдөр ЗГ0102180031 тоот Зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, хүнсний дэлгүүрээ өргөтгөх, тоног төхөөрөмж нэмэх зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Н.Г- нь 2018 оны 4 сарын 17-ны өдрийн ЗГ0102180031 дугаартай Барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, Мангирт 1-р хэсэг гудамж, 4в тоот хаягт байршилтай, 158.5 м.кв талбайтай Ү-2003000014 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, Мангирт 2-р хэсэг гудамж, 4 тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай Ү-2003013867 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай Автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, Мангирт 1-р хэсэг гудамж, 4в тоот хаягт байршилтай 4504501927 нэгж талбарын дугаартай 1066 м.кв талбайтай Г-2003003809 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ0102180031 дугаартай Барьцааны гэрээг 2018 оны 04 сарын 17-ны өдөр Улсын бүртгэгчийн 470 дугаар тамгаар баталгаажуулан “Г- П- Б-” ГХОХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан.

Зээлийн гэрээний 2.3-т заасан Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5-д болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Мөн Зээлийн гэрээнд Зээл болон Зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Н.Г- нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 13.754.100 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 5.556.000 төгрөг, зээлийн хүүнд 7.891.614 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306.486 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Н.Г- нь Зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр үндсэн зээлээс 5.550.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул “Г- П- Б-” ГХОХХК-ийн зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч, мэдэгдэж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Үндсэн зээл 44.444.000 төгрөг, зээлийн хүү 14.984.923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.204.430 төгрөг, нотариатын төлбөр 25.500 төгрөг, нийт 61.658.853 төгрөгийг гаргуулах, Зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус зааснаар хариуцагч Н.Г-ээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 61.658.853  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г- П- Б-” ГХОХХК -д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Н.Г-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум, 15-р баг, Мангирт 1 дүгээр хэсэг гудамж, 4в тоот, 1066 м.кв, Г-2003003809 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Дархан-Уул аймаг Дархан сум, 15-р баг, Мангирт 1 дүгээр хэсэг гудамж, 4в тоот, 158,5 м.кв талбайтай, Ү-2003000012 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг Дархан сум, 15-р баг, Мангирт 2 дугаар хэсэг гудамж, 4 тоот, 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013867 дугаарт бүртгэгдсэн, автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536.445 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс 536.445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэн давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 158 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Н.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Г- П- Б-” ГХОХХК-тай ЗГ0102180031 тоот Зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, хүнсний дэлгүүрээ өргөтгөх, тоног төхөөрөмж нэмэх зориулалтаар зээл авсан. Ингээд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 5.556.000 төгрөг, зээлийн хүүнд 7.891.614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 306.486 төгрөг, нийт бүхэл бүтэн 13.754.100 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч “Г- П- Б-” ГХОХХК-ийн “үндсэн зээлд 44.444.000 төгрөг, зээлийн хүүнд 14.984.923 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.204.430 төгрөг, нотариатын төлбөр 25.500 төгрөг, нийт 61.658.853 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд хангаж шийдвэрлэснээс зарим хэсэг болох нэмэгдүүлсэн хүү 2.204.430 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тус Зээлийн гэрээ нь 2018.04.17-ны өдөр талууд харилцан тохиролцож 12 сарын хугацаатайгаар /1жил/ байгуулагдсан ба уг зээлийн гэрээний хугацаа 2019.04.17-ны өдөр дуусгавар болсон. Гэвч зээлдүүлэгч тал болох “Г- П- Б-” нь зээлдүүлэгчийг төлбөрийн чадваргүй болсныг мэдсэн атлаа гэрээ цуцалж ямар нэгэн арга хэмжээ аваагүй, эсхүл тэр даруй маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаагүй мөртлөө гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэгтгэж хуримтлуулсаар 2020 он хүргэж уг асуудлаар шүүхэд хандсан нь зээлдүүлэгч тал нь өөртөө давуу байдлыг бий болгож байна.

Зээлдэгч гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хүү тооцох зорилгоор 5, 6 сарын турш хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж улмаар нэмэгдүүлсэн хүүг 2.204.430 төгрөг болтол нэмсэн байх тул уг нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлдэгч Н.Г- нь Зээлийн эргэн төлөлтөд нийт 13.754.100 төгрөг төлсөн боловч үндсэн зээлэнд 5.556.000 төгрөг төлөгдөж, харин зээлийн хүүнд 7.891.614 төгрөг төлөгдсөн нь хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн хүүг багасгаж өгнө үү.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох нэмэгдүүлсэн хүү 2.204.430 төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэж гарсан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс” ББСБ ГХОХХК нь хариуцагч Н.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн болон нэмэлт үүрэгт нийт 61.658.853 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан хариуцагч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү 2.204430 төгрөг  нэхэмжилснийг хасч, мөн зээлийн хүү илт хохиролтойгоор тогтоогдсон байгаа тул хүүг багасгаж өгөхийг хүсчээ.

Талуудын хооронд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, түүгээр хүлээсэн талуудын эрх үүрэг  болон зээлд төлсөн мөнгөн дүнгийн талаарх баримтууд зэргийг нэхэмжлэлийн шаардлагатай харьцуулан судалбал зээлдэгч тал гэрээ буюу хуульд зааснаар илүү мөнгийг хариуцагчаас нэхэмжлээгүй байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага хуулийн хүрээнд байна.

Мөн шүүх талуудын дунд байгуулсан зээлийн гэрээний хүү нэг талд илт хохиролтой тогтоогдсон бол түүний хүсэлтээр багасгах хуулийн заалттай хэдий ч тухайн хэргийн нөхцөл байдлаас дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгийн давж заалдсан гомдлыг  хангахгүй  орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162  дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгийн төлсөн 50.220 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                    

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХЖАРГАЛ

                                                         ШҮҮГЧИД                                Л.АМАРСАНАА

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ