| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2023/0587/З |
| Дугаар | 128/ШШ2024/0079 |
| Огноо | 2024-01-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0079
2024 01 23 128/ШШ2024/0079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бийн Д /РД: /,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Бын Д*******а /РД:/,
Маргааны төрөл: газар эзэмших хүсэлт гаргахад эс зөвшөөрсөн атлаа бусдад хууль бусаар уг газрыг эзэмшүүлснийг эс зөвшөөрч, газар эзэмшүүлэхийг даалгахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, тоот хаяг байршилд байх газарт хууль бусаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны ******* дугаар захирамжийн Б.Д*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, уг газрыг Б.Дид эзэмшүүлэхийг даалгах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1 Нэхэмжлэгч Б.Д нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хэсэг, ******* гудамж задгай гэх хаягт гэр барьж оршин суудаг, түүний оршин суудаг тэр байршилд 4 дүгээр хэсэг тоот хаягт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны ******* дугаар захирамжаар Б.Д*******ад нэгж талбарын 13 дугаартай 700 м.кв хэмжээгээр 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон, газар эзэмших эрхийн хугацааг сунгаагүй.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч “2009 оноос уг газарт бодитоор амьдарч байгаа, газар эзэмших хүсэлтээ илэрхийлэхээр усны хамгаалалтын бүс, үерийн даланд газар эзэмших хүсэлт авахгүй гээд Газрын алба өргөдлийг аваагүй атал тухайн газарт амьдардаггүй иргэнд эзэмшүүлсэн нь хууль бус” хэмээн маргаж, хариуцагч голын хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрших тул газар эзэмшүүлэхийг хориглодог, гуравдагч этгээд Б.Д*******ын газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хугацаа сунгуулах хүсэлтийг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл эс зөвшөөрч шийдвэрлэсэн, энэ талаарх хариуг өгсөн” хэмээн тайлбарладаг.
Гэтэл тус газарт огт амьдарч байгаагүй иргэн Д.Д*******а гэгчид 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/******* тоот захирамжаар газар эзэмших эрхийг олгосон байгаа нь хууль бус ба Монгол улсын Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор олгогдсон иргэн Б.Д миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж бусдад хууль бусаар давуу байдал олгосон үйл явдал болсон байна.
Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/******* дугаартай захирамжийн иргэн Д.Д*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Д.Д миний газар эзэмших эрхийг сэргээж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, тоот байршилд байгаа газарт газар эзэмших эрхийг олгож өгнө үү гэж хүсэж миний бие Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд хандсан боловч тус газраас газар эзэмшүүлэх асуудлыг татгалзаж шийдвэрлэсэн хариуг 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 15/527 дугаар хариуг өгсөн ба миний бие тус хариуг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан боловч тус албанаас 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 01-08/2914 дугаартай албан бичгээр "Хүсэлтэд дурдсан нэгж талбарын 13 дугаартай газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/******* дугаар захирамжаар иргэн Бын Д*******ад 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх газартай холбоотой хэрэг нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа талаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас албан бичиг ирүүлээд байна. Иймээс тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна." гэсэн хууль зүйн үндэслэлгүй илт нэг талыг барьж захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг хамгаалсан шинжтэй хариу өгснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Иргэн Б.Д*******а // тус дүүргийн 10 дугаар хороо, 4 хэсэг тоот 700 мк.в газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны ******* дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшсэн байна. Б.Д*******ын эзэмшиж буй тухайн газрын хугацааг сунгуулах хүсэлтээ манай албанд 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдөр өгсний дагуу Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх 1 дүгээр дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэн (Усан сангийн онцгой хамгаалалтын бус) газарт орсон тул эс зөвшөөрсөн хариу гарсан болно” гэжээ.
3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 3 гудамж ******* тоот хашаа байрлах газрын баруун талаар хашаанаас 1 метр зайд явган хүний зам, авто зам байрладаг. Автозамыг 2021 онд барьсан бөгөөд манайд олгосон газраас авч 0.7 га байсныг 0.4 га болгосон. Ингээд Газрын албанаас газартаа кадастрын зураг хийлгэ гэсэн. Б.Д нь 2017 оноос хойш манай хашааны чанх хойно гэр барьж амьдарч байсан гэтэл 2022 оны 10 дугаар сард барьсан хашааны дотор нүүж орж ирээд гэрээ барьсан болно. Энэ айлыг захиргааны журмаар албадан нүүлгэх гээд дийлээгүй учир 2023 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд Б.Дийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлж, доорх үндэслэлээр нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, тоот хаяг байршилд байх газарт хууль бусаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны ******* дугаар захирамжийн Б.Д*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, уг газрыг Б.Дид эзэмшүүлэхийг даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Б.Д нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хэсэг, ******* гудамж задгай гэх хаягт гэр барьж оршин суудаг, тэрээр тухайн газрыг эзэмших хүсэлт 2023 оноос өмнө Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу, тодруулбал газар эзэмших хүсэлтээ бичгээр овог нэр, хаяг, иргэний бичиг баримтын дугаар, газар эзэмших зориулалт, хугацааг илэрхийлж, хаягийн тодорхойлолтыг хавсаргаж, эзэмшихийг хүссэн газрын байршил, хэмжээ, хил заагийг харуулсан тойм зургийг хавсаргаж гаргаж байгаагүй[1] тул түүний хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх, ашиглуулах тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй, түүний нэхэмжлэлдээ дурдсанчлан “түүний амьдарч байгаа газрыг эзэмшүүлж давуу байдал олгосон” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, тоот хаягт байрших газрыг Б.Д*******ад эзэмших эрх олгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны ******* дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 30-нд эзэмших хүсэлт гаргасан[2], одоо гэр барин амьдарч буй 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлж, өрхийн бүртгэлд бүртгэснээр 7 дугаар хэсэг ******* гудамж задгай[3] хаягтай газар нь гуравдагч этгээдэд эзэмшүүлж байсан нэгж талбарын 13 дугаартай 10 дугаар хороо 4 дүгээр хэсэгт тоот 700 м.кв газартай байршлын хувьд нэг буюу тодорхой давхцалтай[4] талаар талууд маргаагүй, энэ нь нэхэмжлэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б******* ХХК-иар үйлдүүлсэн кадастрын зураг, гуравдагч этгээдийн нэр дээр газрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан нэгж талбарын 13 дугаартай кадастрын зургаар, тухайн байршлын агаарын зургаар, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Тиймээс “усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах эрх олгохгүй” гэх агуулгаас өөрөөр буюу бусдад эзэмшүүлсэн үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 30-нд гаргасан хүсэлтэд 2023 оны 5 дугаар сарын 09-нд 15/527 тоотоор “хүсэлт гаргасан газар нь бусдад эзэмшүүлсэн газартай давхцалтай” хэмээн татгалзсан нь Газрын тухай хуулийн 31.3-т заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх эрхэд хууль бусаар халдсан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.
3. Гуравдагч этгээд Б.Д*******ад дүүргийн Засаг даргын 2014 оны ******* дугаар захирамжаар олгосон газар эзэмших гэрчилгээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон, хугацаа сунгуулах 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлт өргөдлийн *******-22 дугаарт, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хүсэлт өргөдлийн *******-23 дугаарт бүртгэгдсэн, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 04, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцээд “эзэмших эрх олгосон газар нь үерийн далангийн хамгаалалтын бүс, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орж байгаа” үндэслэлээр эс зөвшөөрсөн шийдвэр гарсан[5], улмаар 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөр мэдээллийн санд “цуцлагдсан” нь бүртгэгдсэн, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон хууль зүйн үр дагавар нэгэнт үүссэн байна.
4. Маргаанд хамаарах Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 4 дүгээр хэсэг, нэхэмжлэгчийн оршин сууж буй, гуравдагч этгээдэд 700 м.кв –аар эзэмшүүлж байсан газрын тухайд усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд бүхэлдээ, үерийн далангийн хамгаалалтын бүсэд хэсэгчлэн давхцалтай[6] нь дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тодорхойлолт, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүстэй нэгж талбарын 13 дугаартай газрын давхцуулсан агаарын зураг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн агаарын зургийг мэдээллийн сангийн зурагтай давхцуулсан зургаар тус тус тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.9.11, 3.9.12 дахь заалтаар усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг, барилга байгууламж барихыг хориглодог тул газар эзэмшүүлэхийг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, тоот хаяг байршилд байх газарт хууль бусаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны ******* дугаар захирамжийн Б.Д*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, иргэн Б.Дид газар эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА