Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 202

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, хохирогч Г.Эрдэнэбаатар, шүүгдэгч Т.Золбаяр, Н.Мөнгөнбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Нямдоржийн Мөнгөнбаясгалан, Галзууд овогт Төмөрбаатарын Золбаяр нарт холбогдох эрүүгийн 1721001350081 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1993 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 26-36 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖЛ93100511/, Галзууд овогт Төмөрбаатарын Золбаяр,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1993 оны 02 сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 6-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖЛ93022816/, Шарайд овогт Нямдоржийн Мөнгөнбаясгалан,

 

Шүүгдэгч Т.Золбаяр, Н.Мөнгөнбаясгалан нар нь согтуугаар бүлэглэж 2017 оны 8 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 17-14 тоот хашааны гадна Г.Эрдэнэбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Мөнгөнбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Т.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Тиймээс нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 сарын 22-ны орой эхнэр рүүгээ залгаад ирэх болж байна уу гэхэд манай эхнэр таксинд суугаад очиж байна гэж хэлэхээр нь би таксины мөнгө өгөхөөр гэрээсээ гартал өөдөөс эхнэрийн дүү Ууганзаяа гүйж ирээд таныг эгч дуудаж байна гэж хэлчихээд зөрөөд гэр рүү ороод явчихсан. Тэгээд такси руу очиж явтал машин дотор манай эхнэр “болиочээ, тавиач” гээд бахирч байгаа нь сонсогдохоор нь би машины ар талын хаалгыг нь онгойлгоход манай эхнэрийн хажууд нэг залуу суучихсан, хүзүүнээс нь тэвэрчихсэн байсан. Тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ, манай эхнэрийг тавь” гээд Мөнгөнбаясгалангийн толгой руу нь түлхэхэд Золбаяр гарч ирээд чи манай найзыг яагаад байгаа юм бэ гээд над руу дайрсан ба тэр 2 намайг нийлж зодсон. Тэгээд намайг зодож байхад манай эхнэр таксины жолооч 2 ирж салгасан. Би энэ хоёрт “боль” гэж зөндөө хэлсэн. Би гомдолтой байна. Би энэ 2 залууд зодуулаад 10 гаран хоног ажлаа хийж чадахгүй гэртээ байсан, хөмсөг задарсан, толгой маш их өвдөлттэй байсан. Би тухайн үед албан газраас тусдаа хувиараа хүмүүстэй гэрээ байгуулж цахилгааны ажил хийдэг байсан боловч тэр маань цуцлагдсан. Би Улаанбаатар явж тархины зураг авахуулж үзүүлсэн. Энэ хоёр 350000 төгрөг өгсөн. Одоо би 500000 төгрөг нэхэмжилж байна”гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 497 тоот дүгнэлтэд: “Г.Эрдэнэбаатарын биед хуйханд духны зүүн талын цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт, цээжний урд талын цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн  байх боломжтой. 3. Уг гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 48/

-Гэрч Б.Ууганзаяагийн мэдүүлэг / хх-ийн 31/

            -Гэрч  Б.Нандинцэцэгийн мэдүүлэг / хх-ийн 32-34/

-Гэрч  Б.Алтанцэцэгийн мэдүүлэг / хх-ийн 41-42/

-Гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 43-44/

-Шүүгдэгч Т.Золбаяр, Н.Мөнгөнбаясгалан нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-61/

-Эд зүйл битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9, 10-12, 16-20/

  -Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13, 21/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 71/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Т.Золбаяр, Н.Мөнгөнбаясгалан нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2017 оны 8 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 17-14 тоот хашааны гадна хохирогч Г.Эрдэнэбаатарыг зодож, түүний  биед хуйханд духны зүүн талын цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт, цээжний урд талын цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Т.Золбаярын мөрдөн байцаалтад хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Чи эхнэр оролдоод байгаа юм уу гээд над руу дайраад байхаар нь нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиход тээврийн хэрэгслээс Н.Мөнгөнбаясгалан гарч ирээд найз битгий оролдоод бай гэж хэлээд мөн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/, шүүгдэгч Н.Мөнгөнбаясгалангийн “...Би машинаас буугаад Золбаярыг өмөөрөөд тэр залууг 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохисон...”гэх мэдүүлэг /хх-ийн  61/, түүнийг давхар нотолсон хохирогч Г.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Чи яахаараа манай эхнэрийг оролддог юм бэ? гээд уурлаад толгой руу нь түлхэхэд тэр залуу машинаас бууж ирээд миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон бөгөөд машины урд талд сууж байсан залуу гарч ирээд манай найзыг яагаад байгаа юм бэ? гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа элбэж цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч Б.Нандинцэцэгийн өгсөн: “...Тэр хоёр залуу машинаас буугаад шууд манай нөхрийн нүүр рүү цохиод авсан, бид хоёр салгаж чадахгүй байсан болохоор цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 497 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Г.Эрдэнэбаатарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Золбаяр, Н.Мөнгөнбаясгалан нарын зүгээс хохирогчийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх бөгөөд гэмт халдлагыг  хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн байх тул гэмт хэрэг хамтран оролцогчийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Золбаяр, Н.Мөнгөнбаясгалан нар нь холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Т.Золбаяр, Н.Мөнгөнбаясгалан нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Эрдэнэбаатар, гэрч Т.Ууганцэцэг, Б.Нандинцэцэг нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 497 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Золбаяр, Н.Мөнгөнбаясгалан нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Золбаяр, Н.Мөнгөнбаясгалан нарт тус бүр 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Мөнгөнбаясгалан, Т.Золбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээний зардалд 350000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Эрдэнэбаатар нь шүүгдэгч нарт зодуулж гэмтсэний улмаас 14 хоног гэрээр хэвтэн эмчлүүлсэн хугацаанд ажлаа алдсаны орлого болох 500000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа боловч хохирогч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс энэ удаагийн шүүх хуралдаанаар хохирогчийн нэхэмжилсэн дээрх мөнгийг шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй байх тул хохирогч нь энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх  эрхтэйг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч Т.Золбаярын эзэмшлээс Г-06100000034 дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 8-р хороололд байрлах 833.3 метр квадрат газрыг, мөн шүүгдэгч Н.Мөнгөнбаясгалангийн эзэмшлээс Г-06100000253 дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 3-р хороололд байрлах 210.0 метр квадрат газрыг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 4-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Мөнгөнбаясгалангийн ЖЛ93022816 регистрийн дугаартай, шүүгдэгч Т.Золбаярын ЖЛ93100511 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбаруудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт тус тус буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч Галзууд овогт Төмөрбаатарын Золбаяр, шүүгдэгч Шарайд овогт Нямдоржийн Мөнгөнбаясгалан нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөрбаатарын Золбаярыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Нямдоржийн Мөнгөнбаясгаланг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөрбаатарын Золбаяр, Нямдоржийн Мөнгөнбаясгалан нарт тус бүр оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Мөнгөнбаясгалан, Т.Золбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээний зардалд 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэрээр хэвтэн эмчлүүлсэн хугацаанд ажлаа алдсаны орлого болох 500000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Золбаярын эзэмшлээс Г-06100000034 дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 8-р хороололд байрлах 833.3 метр квадрат газрыг, мөн шүүгдэгч Н.Мөнгөнбаясгалангийн эзэмшлээс Г-06100000253 дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 3-р хороололд байрлах 210.0 метр квадрат газрыг тус тус битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 4-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Мөнгөнбаясгалангийн ЖЛ93022816, шүүгдэгч Т.Золбаярын ЖЛ93100511 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбаруудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Мөнгөнбаясгалан, Т.Золбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР