Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 34

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00968/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 06-ны өдрийн  168 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч С.Б-т холбогдох    

"Гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь 72.745.000 төгрөгийг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч С.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэдэнбал нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.О- миний бие С.Б-тай 1997 онд танилцаж, 1998 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 1998 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр том хүү Б.З- төрсөн, одоо 21 настай, 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.Б- төрсөн, одоо 17 нас 10 сартай. Бид гэр бүл болоод эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Шархадны 50-1б тоот хашаа байшин газрын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 11-4 тоот 2 өрөө байр, Дархан сум, 4-р баг, 14-р байрны 139 тоот 1 өрөө байр, банкинд 35.000.000 төгрөгийг хадгаламжийн хуримтлал бий болгосон. Хамтын амьдралын хугацаанд С.Б-ын ааш нь хувирч надад үе үе гар хүрдэг болсон. Сүүлийн жилүүдэд хоорондоо тохирохгүй байнга муудалцдаг болсон. Муудалцах бүртээ надад гар хүрч зоддог, миний сахрын өвчтэй хүүхдийн минь дэргэд намайг зоддог. Сүүлд гэхэд л 2019 оны 6 дугаар сард миний гэрт дайрч орж ирэн учир зүггүй намайг балбаж зодсон бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаарх бүртгэл байгаа тул тэрхүү бүртгэлийг нотлох баримтаар дараа нь гаргуулж өгөх болно. Бид тусдаа амьдраад 3 дахь жилдээ болж байгаа, мөн өмнө нь шүүхэд гэрлэлт цуцлуулах талаар нэхэмжлэл өгч байсан боловч хүүхэд насанд хүрээгүй эсхүл эхнэр нь жирэмсэн гэдэг үндэслэлээр миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан бол одоо хүүхэд маань нэг нас хүрсэн тул цаашид С.Б-тай амьдрах ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй мөн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос айж байгаа тул гэрлэлтийг цуцалж, бидний хөрөнгөөс надад ногдох хувийг гаргуулж өгнө үү. Хүүхдийн асрамжийн хувьд том хүү маань насанд хүрсэн 20 настай, дунд маань 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 нас хүрнэ, бага хүүхэд маань С.Б-ын хүүхэд биш тул асрамж, тэтгэлгийн асуудалд маргаан байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.О- түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б- бид хоёр 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болж, 19 жил хамтдаа амьдарч, хоёр хүүхдийн ээж, аав болсон. Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч, хамтын амьдрал цааш үргэлжлэх боломжгүй байдал үүссэн. Иймд бидний гэрлэлтийг цуцлуулж, хамтран амьдарч байх хугацаанд бий болсон дундын үл хөдлөх эд хөрөнгө  болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, 5-1б тоот 28.000.000 төгрөгийн үнэлгээтэй хашаа байшин, газрын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 14 дүгээр байрны 139 тоот 28.000.000 төгрөгийн үнэлгээтэй 1 өрөө байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 4 тоот 38.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байр зэрэг нийт 95.538.000 төгрөгийн эд хөрөнгийг 5 хүнд хувааж өөрт болон бага хүүд ногдох 38 сая төгрөгөнд тооцож Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 21 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 4 тоот 2 өрөө байрыг өөрийн өмчлөлд авах, Төрийн банкны хадгаламжийн дансанд байсан 35.000.000 төгрөгөөс өөрт болон бага хүүд ногдох 14.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие С.Б- нь 1997-2017 он хүртэл иргэн Д.О-тэй гэр бүл болон 2 хүүгийн хамт сайхан амьдарч байсан нь үнэн болно. Гэтэл иргэн Д.О- нь бидний энэ амьдралд сэтгэл ханаагүй юм уу эсвэл өөрийн бага хүүг эдгэшгүй өвчтэй гэдгээр шалтгаалан биднийг голж хаяад 2 хүүгийнхээ амьдралд болон сэтгэл нь арилшгүй том хар толбо суулган өөрийн биеийн зугаа цэнгэлийг хөөж, өөр хүнтэй амьдрал зохиож үр хүүхэд гарган амьдарч байгаа мөртлөө ямар эрхтэй гэж биднээс 72.745.000 төгрөг нэхэмжилж буйг ойлгохгүй байна. Нэгэнт өөр хүнтэй амьдрал зохион үр хүүхдийг нь гаргаад цугтаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцлах хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие эдгэшгүй өвчтэй хүүхдийн асрамжийг өөр дээрээ авч, хүүхдийн тэтгэмж гаргуулж, 2 хүүгийнхээ ирээдүйн амьдралынх нь баталгаа болох эд хөрөнгийг нь хамгаалж, сөрөг нэхэмжлэл гаргаж өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ.

Хариуцагч С.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О- бид хоёр 1997 оноос 2016 оныг хүртэл гэр бүл болон хамтдаа амьдарсан. Бид анх гэр бүл болон 1997 оноос 2001 он хүртэл Улаанбаатар хотод амьдарч байсан. 2001 оноос хувиараа наймаа хийн, 2002 оноос ОХУ-д очиж наймаа хийж амьдарч эхэлсэн. Эхний 15 жилд хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж тодорхой хэмжээний эд хөрөнгийг бий болсон. Би энэ хугацаанд ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээгүй. Шүүх хуралдаанаас өмнө би гэр бүлээ цуцлуулахгүйгээр эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан ч Д.О- зөвшөөрөөгүй. Харин одоо бол гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Д.О-гийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Эд хөрөнгийн маргааны хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотод байрлах хашаа байшинг 2002 онд хашааг, 2004 онд байшинг барьж эхлэн, 2005 онд байшингийн гадна тоосгыг өрсөн. Би Д.О-тэй гэр бүл болохоос өмнө амьдарч байсан байраа өөрийн төрсөн ахдаа 1.500.000 төгрөгөөр худалдан, тэр мөнгөнөөс 700.000 төгрөгөөр байшингийн тоосгыг худалдан авч барьсан. 2006 онд Дархан-Уул аймгийн, Дархан сумын Өргөө баг, 21 дүгээр хороолол 11 дүгээр байрны 4 тоотыг орон сууцыг 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2007 онд хүү Б.Б- маань чихрийн шижин өвчтэй болж, улмаар 2008 онд ОХУ-аас Монгол улсдаа буцаж ирсэн. Д.О- 2008 онд тус орон сууцанд гэртээ хүүхдүүдээ асарч байсан. Иймд хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь зөөхөөр Пажеро машиныг Д.О-д авч өгсөн. Би 2008 онд ОХУ-д лангуу худалдан авч, худалдагч ажиллуулж эхэлсэн. Тус наймааны орлогоосоо байшингаа бүрэн барьж дуусган, 2011 онд улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Манай гэр Дархан-Уул аймагт суурьшсан тул тус хашаа байшинг бусдад хөлслүүлж үлдээсэн. 2012 онд автомашинаа зарж, өөрсдийн хөрөнгө болон хадам ээжийн хашаа байшинг барьцаалан зээл авч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 14 дүгээр байрны 139 тоот 1 өрөө орон сууцыг худалдан авч, 2012 онд нүүн орсон. Өргөө баг, 21 дүгээр хороолол 11 дүгээр байрны 4 тоот 2 өрөө орон сууцыг сарын 250.000 төгрөгөөр бусдад  хөлслүүлж, төлбөрийг Д.О-гийн дансаар шилжүүлэн авдаг байсан. Би 2013 оноос мэргэжлээрээ ажиллаж, хувийн бизнесээ давхар авч явдаг байсан. Манай гэр бүлийн бүх гишүүд өөрийн нэр дээр хадгаламжийн данстай бөгөөд Д.О-д 2014 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр Хас банкны 5000451852 тоот дансанд 100.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн. Би өөрийн нэр дээр Төрийн банкинд хадгаламжийн данс нээн, худалдаа, наймаанаас гарсан ашгаа хийдэг байсан. Д.О- нь 2008 оноос 2017 оны 05 дугаар сар хүртэл ажил хийлгүйгээр айлын эхнэр, эхийн үүргээ сайн биелүүлсэн. Гэвч сүүлийн хэдэн жил мөнгөнөөс болж байнга хэрүүл маргаан үүсэж, 2017 оны 05 сараас Д.О- нь салж, шинээр гэр бүлийн амьдрал эхлүүлсэн гэжээ.

 Хариуцагч С.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Миний бие С.Б- нь 2 хүүдээ орон сууц авч өгөх зорилгоор өөрийн цуглуулсан мөнгөөрөө буюу 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 11-р байрны 4 тоот 29 м.кв 38.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны байрыг том хүү Б.З-д өгөхөөр худалдан авч, үүнийг том хүүдээ өгөхөөр ярилцаж байсан ба одоо хүү Б.З-гийн эхнэр нь орос улсын Москва хотын их сургуульд сурдаг, 8 сартай жирэмсэн удахгүй Монголд ирж төрөх юм. Дархан сум, 4-р баг, 14-р байрны 139 тоот 18 м.кв 28.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцны байрыг бага хүү Б.Б-ид өгөхөөр 2012.05.03-ны өдөр худалдан авсан. Одоо энэ байранд миний бие С.Б- насанд хүрээгүй группт байдаг бага хүү Б.Б-ийн хамт амьдарч байна. ...2 хүүгийн минь ээж байсан гэдэг үүднээс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Шар хадны 50-р гудамжны 1б тоот 25.200.000 төгрөгийн үнэ бүхий 0,7 га газартай хувийн өвлийн хашаа байшинг өгөх гэсэн боловч иргэн Д.О- нь заавал том хүү Б.З-гийн орон сууцыг авна гэж янз бүрийн арга заль хэрэглэн сүүлд суусан цагдаа нөхрийнхөө найз цагдаа нартай үгсэн хуйвалдаж цагдаа дуудаж байгаа дүр эсгэж төрсөн хүү Б.З-г ... би энэ залууг танихгүй, миний байрны түлхүүр авчхаад өгөхгүй байна гэж хүү Б.З-г айлган сүрдүүлдэг, эсхүл хууль ёсны нөхөр С.Б- надтай ямар ч үндэслэлгүй шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, байдаг тул миний бие С.Б- нь хууль ёсны нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл, үр хүүхэдтэй болж одоог хүртэл тусдаа амьдарч байна.

...хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр буюу 2017.06.10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 5 жил 5 сарын тэтгэмжийг нөхөн олгуулах, мөн насанд хүрээгүй бага хүү Б.Б-ийг асрамжийг тус тус тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.О- шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Би 3 жил эхийнхээ үүргийг биелүүлээгүй гэж байна, би эхийнхээ үүргийг биелүүлсэн. Инсулин гэдэг тариа Дархан-Уул аймгийн хэмжээнд байдаггүй, би тэр тариаг байнга олж өгдөг, би чадлынхаа хэмжээгээр хүүдээ туслаад явж байсан. Миний хүүхэд асаргааны хүүхэд гэдэг нь үнэн, би хүүхдээ хаяхгүй, харж хандаад явна. Инсулин тариаг нь би өөрөө олж өгдөг. Хүү маань Путиний тэтгэлэгт хамрагдах болсон, одоо 12 дугаар ангиа төгсөөд явчихна асаргаа хэрэггүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Урьд овогт Содномбалжирын Б-, Боржигон овогт Дашпунцагийн О- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Б-ийг эцэг С.Б-ын асрамжид үлдээж, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй Б.Б-ид амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эх Д.О-гээр тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21-р хороолол, 11-р байрны 4 тоот 29.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.О-гийн өмчлөлд үлдээж, хариуцагч С.Б-ыг бүртгэлээс хасч бүртгэлд өөрчлөлт оруулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 14 дүгээр байр, 139 тоот 18.0 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц /УБД Ү-2003002058/-ны өмчлөгчөөр Д.О-г бүртгэсэн бүртгэлээс хасч, С.Б-ын нэр дээр бүртгэж бүртгэлд өөрчлөлт оруулах, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хадны 50 дугаар гудамжны 1б тоотод байрлах 52.0 м.кв талбай бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-2204039182/, 482 м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /УБД Г-2204015459/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нэхэмжлэгч Д.О-гийн нэрийг хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт тус тус даалгаж, нэхэмжлэгчийн 14.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг С.Б-, эх Д.О- нарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 60 200 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод, нэхэмжлэгчээс 140 400 төгрөг гаргуулж хариуцагчид, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагчаас 488 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дундын өмч хөрөнгийн хуваарилалтыг хянуулах тухай.

Нэг: ...Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтыг тус тус зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгч шүүхийн шийдвэрийг тодорхой тайлбарлаж өгөөгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, бусад гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.3-т ...гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэсэн хуулийн заалтыг шүүгч хэрэглэхдээ \ хэн нэгэн эмчийн гаргасан \ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх, ашиг сонирхлыг үл хүндэтгэж том хүү Б.З- Дархан Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 11-р байрны 4 тоот 2 өрөө орон сууцны байранд удахгүй төрөх эхнэрийн хамт амьдрахаар өөрийн ашиг сонирхлоо илэрхийлэн тухайн шүүхэд хүсэлт ирүүлсэн байхад шүүх хүүхдийн ашиг сонирхлыг үнэлээгүй байж эрүүл мэндийн шалтгаантай гэсэн нэг эмчийн гарын үсэгтэй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь дутагдалтай байна.

Гэтэл: Шүүгч Д.Алтантуяа нь “Эрх мэдлээ” ашиглан

1. ...нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болгох байсанг

2. ...хариуцагч С.Б-т өөрийгөө өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг хаан боогдуулж сэтгэл зүйн дарамт үзүүлсэн

3. ...нэхэмжлэгч Д.О-д давуу байдал олгож нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг даалгасан \Энэ тухайгаа захирамждаа бичээгүй\

4. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.1-д заасан ...хуулийн заалтыг ашиглан шийдвэр гаргасан нь хууль зөрчин гаргасан шүүхийн шийдвэр нь үнэн бодит байдалд нийцээгүй шүүхийн шийдвэр нь иргэний халдашгүй дундын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд халдсан гэж үзэж байна.

Хоёр: ...нөхөр, 2 хүүхдээ хаяж 2017 оны 6-р сараас 2020 оны 02-р сарын 20 хүртэл иргэн Б.Эрхэмбаяртай нэг гэрт амьдарч байгаа бөгөөд 2018 оны 8-р сард хүү Эрхэмбаяр овогтой Азжаргал гэдэг хүүтэй болж амьдарч байгаа нь энэхүү хуулийг ноцтой зөрчсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1-д зааснаар бага хүү Б.Б-ийг идгэшгүй өвчтэй буюу группэд байдаг хөдөлмөрийн чадваргүй төрүүлсэн хүүгээ голж хаяж явсан нь энэхүү хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг шүүгч Д.Алтантуяа бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд үл хүндэтгэн хууль бус шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Гурав: Гэр бүлийн 4 гишүүний дундын өмч болох 95.538.000 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр иргэн Д.О-д 38.000.000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн дундын хөрөнгөөс хасахад Гэр бүлийн 3 гишүүний дундын өмч 57.538.000 төгрөг үүнийг Гэр бүлийн 3 гишүүнд хуваахад нэг хүнд 19.179.333 төгрөг ноогдож байна. Энэ нь нэг хүнд давуу байдлыг шүүгч Д.Алтантуяа хүчээр олгосон нь эдийн засгийн хүчирхийлэл-ийн хэлбэрээр шүүхийн шийдвэр гаргасан нь иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгч Д.Алтантуяа нь Төрийн байгуулга болон хариуцагчийн гаргаж өгсөн нотолгоог үл ойшоон тухайн иргэний гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ нэг хэргийг 2 удаа шүүх хурал хийсний эцэст Нотлох баримтыг буруу үнэлсэн, үнэлбэл зохих нотлох баримтуудыг үнэлээгүй.

Дөрөв: Дархан Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу гэр бүлийн 4 гишүүний дундын өмч болох 95.538.000 төгрөгийн нэг хүнд ноогдох хөрөнгөний хэмжээний 23.884.500 төгрөгийг иргэн Д.О-д олгох, гэсэн заалтаар өөрчилж миний бие С.Б-, том хүү Б.З-, бага хүү Б.Б- нарын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэдэнбал давж заалдсан гомдолдоо:

            Дархан Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь нэхэмжлэгч Д.О-д давуу байдал үүсгэж гэр бүлийн 4 гишүүний дундын өмч болох 95.538.000 төгрөгийн нэг хүнд ноогдох хөрөнгийн хэмжээ 23.884.500 төгрөг ноогдох ёстой байхад иргэн Д.О-д 38.000.000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг олгох шийдвэр гаргахдаа хариуцагч С.Б-ыг хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбалаас татгалзах хүсэлтийг хүчээр хэлж өгч бичүүлэн, сэтгэл зүйн дарамт үзүүлж иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1, ИХШХШ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т тус тус заасан хуулийн заалтуудыг ноцтой зөрчин 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 168 тоот шүүхийн шийдвэрт тусгахдаа шүүгчийн хараат бус байдлаа алдан нэхэмжлэгчтэй урьдаас үгсэн тохиролцож шүүхийн шийдвэр гаргасан байж болзошгүй гэж хардаж байна.

Иймд шүүгч Д.Алтантуяагийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас хариуцагч С.Б- болон түүний 2 хүүд гаргасан хууль бус үйлдлийг залруулж, миний бие Н.Цэдэнбалыг шүүх хуралд оролцуулж хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлээд гарсан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр  хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч С.Б-аас гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлөөс өөрт болон бага хүүдээ оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хариуцагч С.Б- хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх магадлалын тодорхойлох хэсэгт заасан агуулгаар хянан шийдвэрлэснийг хариуцагч  эс зөвшөөрч  гомдол гаргажээ.

Тэрээр давж заалдсан гомдолдоо: “...шүүх шийдвэр гаргахдаа гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг тэдний зөвшөөрлийг аваагүй, хүсэлтийг харгалзаагүй хуваарилахдаа нэхэмжлэгчийн шаардаад байгаа үнийн дүнгээс илүү хөрөнгийг түүнд олгосон”, “...хүүхдүүд тус тусдаа гомдол гаргах боломжгүй боловч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрээр 23.884.000 төгрөгийг нэхэмжлэгч  С.О-д гаргуулахаар өөрчилж хүү Б.З-, Б.Б- бид нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

            Гэрлэлт цуцлах нь зөвхөн гэрлэгчдэд хамааралтай хэдий ч уг маргааныг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлахтай холбоотой гэр бүлийн хөрөнгийг шүүхийн журмаар хуваарилах, шийдвэрлэх асуудал нь зөвхөн гэрлэгчдийн төдийгүй гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хөндөх юм.

Иргэний хуулийн 12 дугаар бүлэгт өмчийн харилцааг тухайлбал 3 дугаар дэд бүлэгт гэр бүлийн хөрөнгийн харилцааг зохицуулжээ.

Хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүний бусад хөрөнгөөс бүрдэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1-т  гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэж  заажээ.

Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж ашиглаж захиран зарцуулах үүрэгтэй.

Дээрх хуулийн зохицуулалтаас хэргийн зохигчдын маргаад байгаа гэр бүлийн хөрөнгө нь зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч нарын биш тэдний хүүхдүүдийн хамтран өмчлөх хөрөнгө юм.

Дундын хөрөнгийг хэзээ ямар тохиолдолд хуваах ийнхүү хуваахдаа ямар нөхцөл байдлыг харгалзах талаар хуулийн энэ бүлэгт зохицуулсны нэг нь гэрлэлт цуцлах тухай асуудал юм.

Шүүхэд гэрлэлт цуцлахтай холбоотой үүссэн эд хөрөнгийн маргаан гарсан тохиолдолд хүүхдүүдийн эрх ашгийг гол төлөв эцэг эх төлөөлдөг хэдий ч  энэ нь хууль зүйн үүднээс насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн чадамжгүй хүүхдүүдийн хувьд хэрэгжих боломжтой.

Хэргийн нөхцөл байдлаас харахад хэрэг шийдвэрлэгдэх үед зохигчдын хууль ёсны хүүхдүүд 18 насанд хүрсэн байгаа нь тэдгээр нь бие дааж шүүхэд эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон гэж үзэхээр байна.

Иймд гэрлэгчдийн 2 хүүхдийн эрх ашиг тухайн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд хөндөгдөх тул шүүх тэдний шүүх дэх оролцоог хангах үүрэгтэй.

Мөн нэхэмжлэгч өөрийн бага хүүхэд Э.Азжаргалд гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах тухай маргааныг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж түүний эрх зүйн байдлыг тодруулах ёстой байжээ. Шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дундын өмчлөлийн хөрөнгөөс тодорхой мөнгөн дүнгээр өөрт болон бага хүүдээ оногдох хэсгийг шаардсан байхад шүүх энэ шаардлагатай холбогдуулж тодорхой дүгнэлт хийлгүйгээр  2 өрөө орон сууцыг өмчлөлд нь шилжүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн эсэх шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаагүй бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч С.Б-ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516.218 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч С.Б-т олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

         

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                 С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ