Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00345

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00345

Хөвсгөл аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Л.А- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Н- д холбогдох,

4,895,000 ( дөрвөн сая найман зуун ерэн таван мянга) төгрөгийг гаргуулах тухай, 155/2024/00258/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээАби 1973 онд төрсөн нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. М суманд 5-р багт спорт бараа болон гутлын Б дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. 2022 оны 6-р сарын 2-ны өдөр манай дэлгүүр худалдагч сонгон шалгаруулж авсан бөгөөд М.Н-ад боломжийг олгон эмэгтэй гутал, хүүхдийн тасгийн хуралдагчаар ажилд авсан. Манай дэлгүүр нь ажилд орж байгаа хүмүүстээ итгэл найдвартай ажиллахыг эрхэмлэн захидаг бөгөөд хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ байгуулан ажилладаг. Гэтэл манай дэлгүүрийн худалдагчаар ажилд орсон М-ийн Н- ажлын хариуцлагагүй, хайнга байдлаар мөнгө, бараа дутаан 4,895,000 төгрөгийн  эд хөрөнгийн бүрэн хариуцлага алдсан. Тэрээр энэхүү буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч удуу, дараа өргөдөл хүсэлтдээ хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, сар бүрийн ажиллаж олох цалингийн орлогоосоо хэсэглэн хувааж төлнө гэдэг байдлаар удаа дараалан гуйж байсан. Бид ч гарсан алдаагаа дахин давтахгүй байхыг түүнд анхааруулж, итгэл хүлээлгэн үргэлжлүүлэн ажиллуулсан боловч илүү их хохирлыг амсах болсон. Манай дэлгүүр байнга хяналт бүхий ажилчдынхаа болон үйлчлүүлэгчдийнхээ хэвийн аюулгүй ажиллах, үйлчлүүлэх боломжийг хангасан. Эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц бүрдэл бүхий камержуулалтын системтэй. Иймд худалдагчаар өөр хөндлөнгийн аливаа этгээд хохирол учруулах ямар ч боломжгүй. М-ийн Н- 2023 оны 01 дүгээр сарын 18-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг  бүрэн зөрчсөн учир 4,895,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. Маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх гэсэн боловч ирж оролцоогүй, утас нь холбогдохгүй, дуудаад авахгүй, сүүлдээ холбогдох боломжгүй болсон байна.

Иймд Л.А миний 4,895,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Н би нэхэмжлэгч Л.А ийн шүүхэд гаргасан барааны үнэ 4,895,000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч М.Н би Л.А ийн шүүхэд гаргасан барааны үнэ 4,895,000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч М.Наас  4,895,000 (дөрвөн сая найман зуун ерэн таван мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,895,000 (дөрвөн сая найман зуун ерэн таван мянга) төгрөг  гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.А ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,270 (ерэн гурван мянга хоёр зуун дал ) төгрөгөөс 46,635  ( дөчин зургаан мянга зургаан зуун гучин тав ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 46,635  (дөчин зургаан мянга зургаан зуун гучин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Наас 46,635  (дөчин зургаан мянга зургаан зуун гучин тав)  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Л.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н-д холбогдох 4,895,000 ( дөрвөн сая найман зуун ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.Н нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,270 ( ерэн гурван мянга хоёр зуун дал ) төгрөгөөс 46,635 ( дөчин зургаан мянга зургаан зуун гучин тав ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 46,635 ( дөчин зургаан мянга зургаан зуун гучин тав ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Н-аас 46,635 (дөчин зургаан мянга зургаан зуун гучин тав ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Б.МӨНХТУЯА