| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914002410186 |
| Дугаар | 2019/ДШМ/079 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 23.3.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2019/ДШМ/079
Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Дуламсүрэн, Л.Золжаргал
Шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 35 дугаар эсэргүүцлээр Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 1914002410186 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Даваахүүгийн Мөнх-Эрдэнэ, ....... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2008 оны 3 дугаар сарын 20-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, биечлэн эдлэх ялыг 4 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан, мөн 2013 оны 9 дүгээр сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн 2014 оны 9 дүгээр сарын 10-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн 2017 оны 8 дугаар сарын 10-нд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар /ВЮ81090818/
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баянбуугийн Батбаяр, 1....... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВА78111218/
Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 2019 оны 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоотод байх Б.Анхбаярын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 495 000 төгрөгийн, Мөн хашаан дотор байсан 77-89 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотроос Б.Анхбаярын жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг зориуд хулгайлж бусдад 35000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овогт Баянбуугийн Батбаяр, Боржигон овогт Даваахүүгийн Мөнх-Эрдэнэ нарыг бусдын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Батбаярыг 2 / хоёр / жил 2 /хоёр / сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 2 / хоёр / жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 2 / хоёр / жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Батбаярт оногдуулсан 2 / хоёр / жил 2 / хоёр / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаяр нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тус тус тооцож шийдвэрлэжээ.
Прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар эсэргүүцэлд:
Шүүх ялтан Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 2019 оны 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .............тоот хашаан дотор байсан 77-89 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотроос Б.Анхбаярын жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг зориуд хулгайлж бусдад 35.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй буюу хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, бичиг баримт хулгайд алдсан талаар хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй ба хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Учир нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Анхбаярын “Манайх байшингийнхаа ард талд модон амбаартай бөгөөд уг амбаар дотор гагнуурын аппарат, түүний хажууд төмөр тастагч байсан. Харин бичиг баримт байшингийн урд талд байрлуулсан байсан 77-89 БНХ улсын дугаартай Ниссан Вингрөүд маркийн авто машины салоны урд талд байдаг дээшээ сөхөгддөг саванд байсан. Гагнуурын аппарат төмөр тастагчийг 2019 оны 3 дугаар сарын 02-ны өглөө манай нөхөр гагнуур хийж байгаад оруулж тавьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 3 дугаар сарын 03-ны өглөө алга болсон байсан. Тухайн хугацаанд манай модон амбаар төмөр цоожтой байсан бөгөөд цоожийг нь мулталсан байсан. Харин бичиг баримт нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр авто машиныг байшингийн урд талд тавихад байсан. Учир нь би тухайн үед иргэнийхээ үнэмлэхийг ашиглаж банкнаас мөнгө авч байсан. Иргэний цахим үнэмлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэрэг алдагдсан. Уг бичиг баримтууд миний бичиг баримт байсан. Би 2002 онд В ангиллаар жолооны курс төгсөж байсан. Тэгээд өнгөрдөг жил жолооны үнэмлэхээ шинээр солиулсан байсан. Бичиг баримт алдагдах үед машины хаалга цоожгүй байсан. Учир нь өнгөрдөг өвөл буюу 2019 оны 01 дүгээр сарын үед машиныхаа түлхүүрийг дотор нь хугалчихсан юм. Тэгээд түүнээс хойш цоожлогдох боломжгүй болсон. Надаас мэдүүлэг авсан алба хаагч андуурч бичсэн байх. Манай 77-89 БНХ улсын дугаартай авто машины гэрчилгээ алдагдаагүй. Учир нь алдагдсан жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээс өөр газарт байсан юм. Одоо надад байгаа. Би алдагдсан гагнуурынхаа аппаратыг буцааж хүлээн авсан. Харин төмөр тастагч, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэхийнхээ болон үнэлгээ хийлгэхэд төлсөн 30.000 төгрөг гээд нийт 160.000 төгрөгийг нэхэмжлэх болно..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар тал/,
Гэрч Д.Ариунболдын “...Би Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө ээлжтэй ажил дээрээ хоносон. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирсэн чинь байшингийн хойно байсан амбаараас гагнуурын аппарат төмөр тастагч, машин дотроос эхнэр Б.Анхбаярын иргэний цахим үнэмлэх. жолооны үнэмлэх нь алдагдсан гээд манай эхнэр Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байж байсан Тухайн үед машинд миний ч гэсэн жолооны үнэмлэх байсан. Гэхдээ алдагдаагүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/ зэрэгт ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэсэн нь дангаараа шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.
Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт хохирогч Б.Анхбаярын иргэний болон жолооны үнэмлэхтэй байсныг нотлох холбогдох эрх бүхий байгууллагын лавлагааг хэрэгт хавсаргасан төдийгүй шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтад эргэлзээ төрвөл анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч Б.Анхбаярыг оролцуулан хэргийн талаар тодруулж асуухын зэрэгцээ хэрэгт авагдсан материалуудад үнэлэлт дүгнэлт өгсөнөөр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй юм.
Мөн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын явцад хууль ёсны дагуу хэрэгт авагдсан хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгийг ямар учраас хэрхэн эх сурвалжаа зааж чадаагүй ямар нэгэн байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээр Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Б.Анхбаярын иргэний болон жолооны үнэмлэх машинд байсан талаар гэрч, хохирогч нар мэдүүлсэн байдаг төдийгүй урд өдөр нь гүйлгээ хийхэд байсан гэж мэдүүлсэн байхад яагаад эх сурвалж болохгүй байгаа талаар шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийгээгүй байдаг тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул Прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь машин дотроос иргэний болон жолооны үнэмлэх хулгай хийх ямар ч шаардлагагүй, тэд хулгай хийсэн болох нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор В.Дэлгэрмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 2019 оны 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 3-15 тоотод байх Б.Анхбаярын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 495 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Анхбаяр, иргэний нэхэмжлэгч Ч.Баянмөнх, гэрч Д.Ариунболдын нарын мэдүүлгүүд, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 111 дугаар дүгнэлт, гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Харин Баянхонгор сумын ............. тоот дахь хашаан дотор байсан 77-89 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотроос Б.Анхбаярын жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг зориуд хулгайлж бусдад 35000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй буюу 77-89 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд гарын мөр илрээгүй талаар тэмдэглэсэн Баянхонгор аймаг дахь Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр үгүйсгэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Анхбаярын “ бичиг баримт нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр авто машиныг байшингийн урд тавихад байсан. ...би иргэний үнэмлэхээ ашиглаж банкнаас мөнгө авч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ариунболдын “...эхнэр Б.Анхбаярын иргэний болон жолооны үнэмлэх нь алдагдсан гээд эхнэр Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байсан. Тухайн үед машинд миний ч гэсэн жолооны үнэмлэх байсан. Гэхдээ алдагдаагүй байсан... гэх гэр бүлийн гишүүдийн мэдүүлгээс өөр хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дахь хэсэгт “энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн гомдол мэдээллийн эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв байна.
Харин Прокурорын эсэргүүцэлд шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь баримт бичгүүдийг хулгайлсан болох нь хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэх боловч ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар бичээгүй, зөвхөн гэр бүлийн гишүүдийн мэдүүлгийг дурдаж, бичиг баримт алдагдсан талаар хохирогч Б.Анхбаярын мэдээлэл, мэдүүлэгт үндэслэн бичигдсэн зэргээр үндэслэлгүй болжээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 2019 оны 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 3-15 тоотод байх Б.Анхбаярын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 495.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулсан нь зөв байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг тэдний эдлэх ялд нь тус тус оруулсан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР
Б. БОЛОР-ЭРДЭНЭ