Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0086

 

2024 01 24 128/ШШ2024/0086

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М******* ХХК,

Хариуцагч:Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Н.О*******,

Маргааны төрөл: эзэмшил газартай нь давхцуулан газар олгосныг эс зөвшөөрч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Г.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, гуравдагч этгээд Н.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1/Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулан эзэмшүүлсэн 124 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах,

2/ Дүүргийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамж болон шүүхийн шийдвэрүүдийг зөрчиж нэхэмжлэгчийн эзэмшил газраас Н.О*******ын нэр дээр кадастрын зургийн мэдээллийн санд давхар бүртгэсэн 124 м.кв газрын бүртгэлийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах 820 м.кв газрыг нэхэмжлэгч М******* ХХК-д, 385 м.кв газрыг гуравдагч этгээд Н.О*******т эзэмшүүлж,

2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 223 дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаартай 820 м.кв газрыг ХХК-иас М******* ХХК-д шилжүүлж, 2017 оны А/83 дугаар захирамжаар М******* ХХК-ийн 820 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан.

2.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/303 дугаар захирамжаар Н.О*******ын 385 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж,

2.4. Н.О*******ын орц, гарц гаргах хүсэлтээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар Н.О*******ын 385 м.кв газрыг 327 м.кв газар болгож хэмжээг багасгасан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: М******* ХХК нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз2 Да хүрээ 41а тоот хаягт дүүргийн Засаг даргын 2017 оны А/83 дугаар захирамжаар тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, дугаартай гэрээний үндсэн дээр 820 м.кв газар эзэмшдэг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар 820 м2 газар эзэмшүүлснээс хойш эрх бүхий этгээдийн шийдвэрээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй, хугацаа сунгуулсан, өнөөдрийг болтол газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд газрын төлбөрийг хугацаанд нь төлж аливаа зөрчилгүй газраа эзэмшиж байна. Энэ оны 2 дугаар сард 2022 оны газрын төлбөрийн тооцоо нийлж, 2023 оны 1 дүгээр улирлын төлбөрийг төлөхөөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд хандах үед тус дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар манай газрын хэмжээг багасган 696 м.кв болгож, манай газраас үлдсэн 124 м.кв газрыг иргэн Н.О*******т давхардуулан эзэмшүүлсэн болохыг олж мэдсэн.

Манай эзэмшил газрын урд залгаа газар эзэмшигч иргэн Н.О******* нь олон жилийн турш манай газарт хууль бусаар оршин суух, компанийнхаа манаачийн гэрийг манай газарт барих, манай эзэмшил газрын хашааг буулгах, нураах зэргээр манай компанийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байсан тул 2008 онд манай М******* ХХК өөрийн эзэмшил газрыг Н.О*******ын компанийн манаач гэх С.Б*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргааныг шийдвэрлүүлсэн. Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 113 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 190 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 216 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч М******* ХХК-ийг 820 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоож, хариуцагч С.Б*******ын зөвшөөрөлгүй хашсан 261 м.кв газраас манай компанийн эзэмшлийн газарт давхцал үүсгэн зөвшөөрөлгүй эзэмшсэн 218 м.кв талбай бүхий газрыг чөлөөлж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж газрыг чөлөөлсөн.

Үүний дараа ч Н.О******* нь манай эзэмшлийн газраас тасдаж авах оролдлогоо үргэлжлүүлэн 2013 онд Баянзүрх дүүргийн шүүхэд "2010 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас хууль бусаар газар чөлөөлсөн тул М******* ХХК-ийн эзэмшил газраас 195 м.кв газрыг Н.О******* надад эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн утгатай нэхэмжлэл гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2552 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 372 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 407 дугаар тогтоолоор Н.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. 2009 оны 3 шатны, 2014 оны 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, Дээд шүүхийн тогтоол өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Гэтэл Дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг зөрчин 2019 онд манай компанийн эзэмшил газарт давхардуулан иргэн Н.О******* кадастрын зураг хийлгэж ирснийг мэдээллийн санд бүртгэснийг бид эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2/564 тоот албан бичиг, түүний хавсралтаар манай компанийн 820 м.кв эзэмшил газраас хасч багасган өөрчлөлт оруулсан байх бөгөөд дүүргийн Газрын албаны ямар мэргэжилтэн, хэзээ өөрчлөлт оруулсан нь бүртгэгдээгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн Газрын алба нь зөвхөн дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр буюу захирамж, гэрээ, гэрчилгээнд заасан хэмжээгээр эзэмшил газрыг улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй юм.

Гэтэл Газар зохион байгуулалтын алба М******* ХХК-нд 820 м.кв газар эзэмшүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байхад газрын улсын бүртгэл болох газрын кадастрын мэдээллийн санд эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газрын хэмжээг захирамж, гэрчилгээнд заасан хэмжээнээс багасгаж 696 м.кв болгож, үлдэх 124 м.кв газрыг бусдын эзэмшилд оруулан бүртгэсэн нь Газрын тухай хууль тогтоомж, 3 шатны шүүхийн шийдвэрийг зөрчиж манай компанийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр байна. Улмаар дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар манай газрын хэмжээг мэдээллийн санд Газрын албанаас хууль бусаар бүртгэсэн 696 м.кв болгож, манай газраас үлдсэн 124 м.кв газрыг иргэн Н.О*******т давхардуулан эзэмшүүлсэн нь дүүргийн Засаг дарга нь өөрийн харъяа доод шатны байгууллагын хууль бус үйлдлийг дагасан, баталгаажуулсан шинжтэй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болон Газрын тухай хуулийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчиж манай компанийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр юм.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс манай эзэмшил газартай давхардуулан эзэмшүүлсэн 124 м.кв хэсгийг хүчингүй болгуулахаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16/244 тоот албан бичгээр "Н.О*******ын нэхэмжлэлтэй хэрэг шүүхэд хянагдаж байгаа тул хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлснийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-08/3344 тоот албан бичгээр шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх талаар хариу ирүүлсэн.

Иймд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс М******* ХХК-ийн эзэмшил газартай давхардуулан олгосон 124 м.кв газар эзэмших эрх болон нэхэмжлэгчийн эзэмшил газраас Н.О*******ын нэр дээр кадастрын зургийн мэдээллийн санд давхар бүртгэсэн 124 м.кв газрын бүртгэлийг тус тус хүчингүй болгож манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

3.1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: М******* ХХК нь 920 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд Н.О******* гэх хүн маргаж холбогдох шүүхийн шийдвэрүүд гарч 820 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар эзэмшсэн. Хожим газрын хугацааг сунгах үед хэмжээ нь өөрчлөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг зөрчилгүйгээр газрын төлбөрийг төлж эзэмшиж ирсэн. 2023 оны 02 дугаар сард газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэхээр Баянзүрх дүүргийн газрын албанд очиж юуг олж мэдсэн гэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар Н.О******* гэх хүнд газрыг 15 жилээр олгосон байсан.

Кадастрын мэдээллийн санд зураг бүртгэнэ гэдэг нь эрх олгож байгаа ямар нэг шийдвэр биш учраас Баянзүрх дүүргийн газрын албаны дарга н.Бад хандан манай эзэмшлийн газраас багасгаж Н.О******* гэх хүнд газар олгосон байна гэх агуулгаар өргөдөл гаргасан. н.Б даргаас шалгаад захирамж хэвээрээ, өөрчлөлт ороогүй байгаа учраас 820 м.кв газрын кадастрын зургийг буцааж зөвөөр хийлгүүлэх эрхтэй гэж хэлсэн.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг яагаад гаргасан гэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар өмнө нь хууль бусаар бүртгэсэн бүртгэлийг Засаг даргаас баталгаажуулж шийдвэр гаргасан. Тэгсэн атлаа М******* ХХК-ийн эзэмшлийн 820 м.кв газрын хэмжээг өөрчилсөн шийдвэр гаргаагүй, мэдээллийн санд хасаж бүртгэсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцаж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж давхардуулан бүртгэсэн. М******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн. өөр нэгж талбарын асуудлыг шийдвэрлэх гээд М******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргасан гэж үзсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Бүртгэхийг даалгасан шүүхийн шийдвэр байгаа гэдэг асуудлыг хариуцагч ойлгоогүй юу, М******* ХХК болон Н.О******* хоёрын маргаж байгаа хил хязгаарт маргаж байгаа асуудлыг нэг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. Бусад асуудлын тухайд А ХХК болон Н.О******* нарын хоорондын маргааныг шийдвэрлэсэн. Н.О*******ын өөр захирамжаар эзэмшиж байсан 119 м.кв газартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа уг шийдвэртэй хольж ойлгосон гэж үзэхээр байна. М******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нэг л шийдвэр байгаа. Шүүхийн шийдвэрт М******* ХХК-ийн нэгж талбар болон Н.О*******ын нэгж талбар нь ямар нэг маргаангүй гэх байдлаар шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамж нь Газрын тухай хууль болон М******* ХХК-ийн газрыг бусдад давхар эзэмшүүлэх байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн. Давхцаж байгаа 124 м.кв талбайг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа.

Дүүргийн Засаг даргын 820 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Шүүхийн шийдвэрээр газрын хил хязгаарыг тогтоосон, үүний дагуу газрын мэдээллийн санд бүртгэсэн байхад уг газрыг эзэмших сонирхолтой Н.О******* гэх хүн хүсэлт, өргөдөл гаргасны дагуу шалгаж давхардуулсан хассан буруу бүртгэлийг хийсэн. Уг бүртгэлийг хүчингүй болгож М******* ХХК-ийн 2007 оны 405 дугаар захирамжаар анх эзэмшиж, 2017 онд хугацаа сунгасан газар нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа шийдвэрийн дагуу эзэмшил газрыг бүртгэхийг Газрын албанд даалгах хүсэлттэй байгаа. Гэхдээ эхний шаардлага хангагдсан тохиолдолд биелэгдэх асуудал гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгүүдэд зааснаар шат шатны Засаг даргын шийдвэрийн дагуу эзэмшил газрыг бүртгэх үүрэгтэй байтал энэ үүргээ зөрчиж шийдвэр гараагүй газарт бүртгэл хийсэн нь М******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн. Н.О*******ын газрыг газрын албанд анх бүртгэхдээ М******* ХХК-ийн газраас хасаж бүртгэхэд түүнийг дүүргийн Засаг даргаас баталгаажуулан захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, доод шатны байгууллагын хууль бус шийдвэрийг дагасан шийдвэрийг гаргасан байна. Уг шийдвэрийг гаргаснаар М******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн учраас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс М******* ХХК-ийн газартай давхардуулан олгосон 124 м.кв газар эзэмших эрх болон нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшил газраас Н.О*******ын нэр дээр кадастрын зургийг мэдээллийн санд давхар бүртгэсэн 124 м.кв газрын бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, М******* ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэсэн тайлбар, үндэслэлийг гаргаж байна.

Н.О******* нь 405 дугаар захирамжийг гаргуулахдаа өгсөн хүсэлтдээ дэлгүүрийн газар болон хойд талын газрыг би тохижуулсан тул эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргадаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргаас эзэмшүүлсэн бүх газраа нийлүүлээд кадастрын зураг хийлгэхэд 385 м.кв газар дотор дэлгүүрийн газар, хойд талын газар, барилга орсон. Хойд талын газар нь г хэлбэртэй урагшаагаа орц, гарцтай байсан. Газрыг томруулахдаа орц, гарцыг хаасан, мөн 385 м.кв газартаа хүрээгүй, захирамж шийдвэрт заасан талбайн хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтээс хууль бусаар хашаагаа татсан болох нь харагдаж байна.

Гуравдагч этгээдээс байнга дурддаг шүүхийн шийдвэрүүдэд Н.О*******т 385 м.кв газрыг эзэмшүүлнэ, М******* ХХК-д 696 м.кв газрыг эзэмшүүлнэ гэсэн агуулгатай шийдвэр байхгүй. Тиймээс шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү. М******* ХХК 696 м.кв газрыг бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаж байгаагүй учраас Газрын тухай хууль болон Кадастрын тухай хуулийн дагуу хүсэлт гаргаагүй учраас газрыг өөрчилж, багасгах үндэслэл байхгүй. гэв.

3.2.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/83 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1332201859 нэгж талбарын дугаар бүхий 820 м.кв газрыг М******* ХХК-д худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Мөн тус дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар нэгж талбарын дугаар бүхий 327 м.кв газрыг иргэн Н.О*******т худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2.2 дахь заалтад эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг тусгана гэж заасны дагуу дээрх иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн нэгж талбарыг харуулсан тойм зургийг үндэслэн шийдвэрлэсэн байна.

Дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаартай захирамжаар ХХК-д 820 м.кв газрыг олгосон, дараа нь 2010 онд М******* ХХК-д шилжүүлээд, 2017 онд сунгасан газар нь 820 м.кв. М******* ХХК-ийн газрын хэмжээг өөрчлөх тухай дүүргийн Засаг даргаас захирамж гараагүй. Н.О*******т мөн 2007 оны 405 дугаар захирамжаар 385 м.кв газрыг эзэмшүүлсэн. Түүхчилсэн лавлагаанаас харахад газрыг мэдээллийн санд бүртгээгүй байсан. Хавтаст хэрэгт 405 дугаар захирамжийн хувийн хэрэгт байгаа бүх материалыг хүргүүлсэн. 405 дугаартай захирамж гарахад хүсэлт гаргасан гэх 385 м.кв газрын кадастрын зураг байгаагүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар талбайн хэмжээг 326 м.кв болгон багасгаж бүртгэсэн байна. А ХХК-тай орц гарцын асуудалтай байгаа учраас өөрийн газраас хасаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу талбайн хэмжээг өөрчлөх захирамж гаргасан. 385 м.кв газраас 58 м.кв хасаж 327 м.кв газар баталгаажуулсан.

Дүүргийн Засаг даргын 2017 оны захирамжаар М******* ХХК-ийн газрын эрхийг сунгасан байна. Ингэхдээ 820 м.кв газраар сунгасан байна. Мэдээллийн санд 696 м.кв газраар бүртгэлтэй байгаа.

2023 оны байдлаар эдгээр 2 нэгж талбар нь давхцалгүй байсан. Мэдээллийн санд бүртгэлтэй байгаа эдгээр хоёр нэгж талбар нь өнөөдрийн байдлаар давхцалгүй байгаа. 820 м.кв газрыг 696 м.кв газар болгосон дүүргийн Засаг даргын захирамж, шийдвэр байхгүй. 820 м.кв газраа 600 м.кв газар болгуулъя гэж М******* ХХК хүсэлт гаргаагүй. Тухайн албан тушаалтан болон дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн кадастрын зурагт мэдээлэл оруулдаг. Хэн ямар шийдвэрээр мэдээллийн санд оруулсан нь тодорхойгүй байгааг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаанд дурдсан байсан.

Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгох эрхтэй. Үүний дагуу олгогдсон. Инженерийн шугам сүлжээтэй, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт Нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэнэ, бусад газрыг дүүргийн Засаг даргаас олгохоор заасан. Энэ талаар хэлэх тайлбар байхгүй.

Газрын мэдээллийн санд дүүргийн, нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдийн кадастрын зургийг бүртгэдэг. Кадастрын зургийг Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр бүртгэхийг хориглодог. Тиймээс Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын түүхчилсэн лавлагааг шүүх үзээсэй гэж хүсэж байна. гэв.

3.2.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тайлбарлана. Н.О******* нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан. Хүсэлтдээ миний эзэмшил газарт орц, гарц гаргах шаардлага тулгарсан учир нийслэлийн зөвлөлийн хурлаар орж шийдвэр гаргах ёстой болсон. Иймд 2007 оны 405 дугаар захирамжаар эзэмшиж байгаа 385 м.кв газрын байршилд өөрчлөлт оруулж, орц гарцын зориулалтаар 58 м.кв газрыг хасаж 327 м.кв болгон багасгаж газрын захирамж гаргаж, баталгаажуулж өгнө үү гэсэн. Газар эзэмшигчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамж гарсан. Тус захирамжаар Н.О*******ын 385 м.кв хэмжээгээр эзэмшиж байсан газрыг 327 м.кв газар болгож өөрчилсөн. Түүнээс биш нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас авч Н.О*******ын эзэмшил газарт нэмж газар эзэмшүүлсэн асуудал огт байхгүй.

Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжийн Н.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн огт үндэслэлгүй байна. Маргаан бүхий А/289 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг шинээр олгож шийдвэрлээгүй. Эзэмшиж байсан газрын хэмжээнд орц гарц гаргаж 385 м.кв байсныг хасаж 324 м.кв хэмжээтэй болгож өөрчлөлт оруулсан. Н.О*******ын гаргасан хүсэлтийн тухайд өөрийн эзэмшиж байсан 385 м.кв газрын хэмжээнээс хасуулах хүсэлт гаргасан болохоос бусдын эзэмшил газарт холбогдуулан хүсэлт гаргаагүй.

Шүүхээс шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу 2 асуудалд анхаарч үзэхээр байгаа. Хэрвээ захиргааны акт хууль зөрчсөн бол, зөрчсөний улмаас Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн тухайд ямар нэгэн эрх ашиг сонирхлыг зөрчсөн захирамж байгаагүй. Энэ нь гуравдагч этгээдийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газрын хэмжээнээс газар эзэмшигчийн хүсэлтийн дагуу багасгаж, хэмжээг өөрчилсөн захирамж юм. Тиймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар зөрчигдөөгүй тул сэргээх эрх ашиг байхгүй байна.

Засаг даргын захирамж болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийн дагуу кадастрын мэдээллийн санд 385 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн. Уг газар нь нэхэмжлэгчийн тухайд байгаа, байхгүй гэж яригдахгүй хуульд заасны дагуу эзэмшиж байгаа газар юм. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамж нь гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа 385 м.кв газрыг багасгаж 327 м.кв газар болгосон захирамж учраас нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй. гэв.

3.3. Гуравдагч этгээд тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжтай 385 м.кв газар нь захиргааны хэргийн шүүхийн 100 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 3 дугаар сарын 06 өдрийн 6/536 албан тоот албан бичгээр кадастрын зургийн мэдээллийн санд хууль ёсны дагуу бүртгэгдэж шүүхийн шийдвэр хэрэгжсэн.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжтай 385 м.кв газар нь Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоол гарч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 тоот захирамжаар 385 м.кв газар эзэмших эрхтэй болсон байна. Тухайн шийдвэрийг буруу болсон талаар ХХК дахин шүүхэд гомдол гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны 141 дугаар шийдвэр гарч улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн албан тоот явуулж өмчийн харилцааны газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн тухай 2013 оны 3 дугаар сарын 06 өдрийн 6/536 албан тоот албан бичиг ирж шүүхийн шийдвэр гүйцэтгэгдсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоолыг биелүүлж иргэн Н.О*******аас 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл, холбогдох бусад баримтыг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" 405 тоот захирамжийн 76-p заалтаар ХХК-ийн эзэмшиж байсан 920 м.кв газраас зарим хэсгийг хасаж иргэн Н.О*******ын газрын хэмжээг нэмэгдүүлж 19 дүгээр хорооны автобусны буудлын хойно байрлалтай 385 м.кв газрыг 5 жилийн хугацаатай /өөрийн хүч хөрөнгөөр тохижуулсан/ гэж үзэж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3, 8 газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,5,3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4 -т нийцсэн, өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна гэж дүгнэсэн Нийслэл дэх захиргаан хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 сарын 23 өдрийн 141 дүгээр шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.

Гэтэл ХХК нь дахин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 тоот захирамж нь ХХК эрхийг хохироосон хууль бус болохыг тогтоож иргэн О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг шүүх хянаж үзээд 2010 оны 03-р сарын 23 ны өдрийн 141 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасан "нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэсэн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1241 дугаар захирамж тус тус гарсан байна. Иймд удаа дараа шүүхийн шийдвэр гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Шүүхийн гүйцэтгэх ерөнхий газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тус шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 13-ны 141 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 140 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.О*******т газар эзэмшүүлэх захирамж гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

Худалдаа үйлчилгээний зориулалттай 385 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулан 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөрт багтаан тус албанд ирүүлэх мэдэгдлийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газар руу явуулсан байна. Үүний дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэн Н.О*******т холбогдох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны автобусны буудлын хойно худалдаа, үйлчилгээний зориулалттай 385 м.кв газрын кадастрын зургийг 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдээллийн санд оруулсан гэж хариу өгсөн.

2013 онд кадастрын зураг мэдээллийн санд орсноос хойш хойд талын хил хязгаар огт өөрчлөгдөөгүй. Орц гарцын зориулалтаар баруун урд талаас нь хассан. 2013 оноос хойш огт өөрчлөгдөөгүй байхад 2023 онд яагаад М******* ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндөж байгааг ойлгохгүй байгаа.

Нотлох баримт шинжлэн судлахад дурдагдсан 385 м.кв үүнээс илүүг өгч чадахгүй гэсэн ХХК гэсэн гарын үсэгтэй кадастрын зурагтай баримт нь байсаар байтал мэдэхгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх вэ. Газрын албаны хүмүүс дуудаж кадастрын зурагт өөрчлөлт оруулахад энэ хүн байсан. Тус газрын хамгийн хойд хэсэг буюу ХХК-тай хиллэдэг хэсэгт ямар ч өөрчлөлт ороогүй. Газрын албаны хүмүүс шийдвэрлэснээс хойш хойд хэсэгт ямар ч өөрчлөлт ороогүй байхад хамгийн сүүлийн захирамжийг баримтлан буруу гэж байгаа нь зохисгүй. Хамгийн сүүлийн захирамж цуцлагдана гэдэг нь өмнөх захирамжууд хууль бус гэсэн үг үү. Шүүхийн шийдвэрт хууль ёсоор газар эзэмших нь тогтоогдож байгаа тул үүнийг шүүхээр хэлэлцэхгүй гэсэн байсан. Хамгийн сүүлд гарсан шийдвэрт дахиж ямар ч байдлаар өөрчлөлт ороогүй. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулан эзэмшил газрыг баталгаажуулсан 124 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эзэмшил газраас Н.О*******ын нэр дээр кадастрын зургийн мэдээллийн санд давхар бүртгэсэн 124 м.кв газрын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Маргаанд хамаарах газрын байршилд эзэмших эрх үүсгэсэн шийдвэрүүд.

1.1. Маргаанд хамаарах газраас зүүн, зүүн урд талд Нийслэлийн Засаг даргын 1998 оны захирамжаар ХХК 570 м.кв газар эзэмшиж, 2003 онд хугацааг сунгуулсан,

1.2. Маргаанд хамаарах газрын урд хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2001 оны 460 дугаар захирамжаар 70 м.кв газрыг Н.О*******т үйлчилгээний павильоны зориулалтаар эзэмшүүлж, түр гэрээ байгуулсан, тэрээр уг газарт 2003 онд хүнсний дэлгүүрийн барилга барьсан.

1.3. Маргаан бүхий газрыг оруулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар захирамжийн ХХК-д автозасварын зориулалтаар газар эзэмшүүлсэн,

Н.О******* нь өөрийн хөрөнгөөр 2005 онд цэвэрлэн шороо асган тохижуулсан газрыг хөрш зэргэлдээ ХХК-д эзэмшүүлсэн гэж маргаж, ХХК-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 136-ны өдрийн 148 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 140 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар захирамжийн ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, харин цаашид нөхөн сэргээсэн гэх газрыг хэнд эзэмшүүлэхээ Баянзүрх дүүргийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй хэмээн дүгнээд Н.О*******т газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[1].

1.4. Улмаар талуудын хүсэлтээр[2] Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар[3] Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах 820 м.кв газрыг ХХК-д[4], 385 м.кв газрыг Н.О*******т эзэмшүүлж, ХХК-ийн 820 м.кв газар нэгж талбарын ******* дугаартай бүртгэгдсэн, Н.О*******т эзэмшүүлсэн 385 м.кв газар мэдээллийн санд тухайн үед бүртгэгдээгүй.

1.5. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 223 дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаартай 820 м.кв газрыг ХХК иас М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж,[5] 2017 оны А/83 дугаар захирамжаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн 820 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан[6], газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр, газрын хэмжээ, байршил өөрчилсөн аливаа шийдвэр гараагүй.

1.6. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжаар Н.О*******ын 385 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж[7], түүний 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орц, гарц гаргах /Алтансэтэр ХХК-ийн газартай хиллэдэг баруун талаараа/ хүсэлтээр 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн А/289 дугаар захирамжаар 385 м.кв газрыг 327 м.кв болгож багасгасан.

1.7. Маргаанд хамаарах байршилд маргаан бүхий давхцал үүссэн хэсгийн урд талд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 460 дугаар захирамжаар хүнсний павильоны зориулалтаар эзэмшиж байсан 70 м.кв газраа Н.О******* Нийслэлийн Засаг даргын 2007 оны 493 дугаар захирамжаар 119 м.кв /нэгж талбарын 18648311185875 дугаартай/ болгон, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А754 дүгээр захирамжаар хугацааг сунгуулж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/101 дүгээр захирамжаар 332 м.кв болгож /нэгж талбарын 1332202265 дугаартай/ газрын хэмжээг нэмэгдүүлсэн[8] байдаг.

Хоёр. Энэ хугацаанд ХХК, М******* ХХК, Н.О******* нарын хооронд маргаанд хамаарах газрын хэмжээ, хил заагийн талаар дээрх ХХК-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжтай маргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 148 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүх хуралдааны 2007 оны 140 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 100 дугаар тогтоолоор шийдвэрлэснээс гадна дараах маргаанууд шүүхээр шийдвэрлэгдсэн.

2.1. ХХК өөрийн эзэмшлийн 820 м.кв газрын 218 м.кв талбайд зөвшөөрөлгүй буусан хэмээн Н.О*******ын дэлгүүрийн манаач С.Б*******аас газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 190 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 216 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангаж, ХХК-ийн эзэмшил газарт давхцал үүсгэж зөвшөөрөлгүй эзэмшсэн 218 м.кв газрыг чөлөөлж хүлээлгэж өгөхийг С.Б*******т даалгаж, гуравдагч этгээдээр оролцсон Н.О*******ын хууль ёсны дагуу газар эзэмшиж байгааг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[9],

Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ХХК-ийн газрыг С.Б*******ын эзэмшлээс 2010 оны 8 дугаар сарын 31-нд албадан чөлөөлсөн[10].

2.2. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай Н.О******* маргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан газар хууль бусаар чөлөөлсөн буруутай ажиллагааг тогтоож, хууль бусаар чөлөөлөгдсөн 195 м.кв газарт хашааг буцаан барихыг даалгах нэхэмжлэл гарган, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2552 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 372 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 407 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.[11]

2.3. С.Б******* нь Н.О*******, ХХК-д маргаанд хамаарах газрыг хуваан эзэмшүүлсэнтэй маргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжийн ХХК, Н.О******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Н.О*******т олгосон газрыг хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, зохих шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэл гаргаж, ХХК нь мөн уг газрыг хуваан Н.О*******т 385 м.кв хэмжээгээр эзэмшүүлсэнтэй маргаж, 2007 оны 405 дугаар захирамжийн Н.О*******т 385 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулж, ХХК-д 385 м.кв газрыг буцаан нэмж эзэмшүүлэхийг даалгах бие даасан шаардлага гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч С.Б******* ХХК-д 820 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэртэй маргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүний Н.О*******т 385 м.кв газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, 385 м.кв газрыг Н.О*******тай хамтран эзэмших эрхтэйг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн ХХК-ийн Н.О*******т 385 м.кв газар хуваан эзэмшүүлснийг хүчингүй болгуулж, ХХК-д 385 м.кв газрыг буцаан нэмж эзэмшүүлэхийг даалгах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,[12]

2.4. ХХК нь дээрхтэй адил агуулгатай уг газрыг хуваан Н.О*******т 385 м.кв хэмжээгээр эзэмшүүлсэнтэй маргаж, 2007 оны 405 дугаар захирамжийн Н.О*******т 385 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулж, ХХК-д 385 м.кв газрыг буцаан нэмж эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1241 дүгээр захирамжаар уг нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэсэн 2010 оны 141 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан[13],

Гурав. Мэдээллийн сангийн бүртгэл дэх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шүүхэд ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2809 тоот лавлагаагаар[14] маргаанд хамаарах газар, М******* ХХК, ХХК, Н.О*******ын эзэмшил газрын бүртгэлээр,

3.1. ХХК-иас Мэжик вотер ХХК-д шилжүүлсэн 820 м.кв газар нэгж талбарын ******* дугаартай 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэгдсэн, 2015 оны 8 дугаар сарын 07-ныг хүртэл хэмжээ, байршилд өөрчлөлт ороогүй /3-8 дугаар хавсралт зураг/,

3.2. Уг газрын урд хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2001 оны 460 дугаар захирамжтай Н.О*******ын хүнсний дэлгүүртэй газар 119 м.кв хэмжээгээр нэгж талбарын 18648311185875 дугаараар 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойших архивын мэдээлэлд бүртгэлтэй, /шинэчилсэн дугаараар 1332201686/, /2-12 дугаар хавсралт/,

Дээрх 2 нэгж талбарын дунд хэсэгт маргаанд хамаарах байршилд нэгж талбар бүртгэгдээгүй, хоосон байсан. /3-6 дугаар хавсралт зураг/

3.3. Н.О*******ын нэр дээр нэгж талбарын 18648311174894 дугаараар 382 м.кв хэмжээгээр 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаартай Мэжик вотер ХХК-ийн 820 м.кв газартай хэсэгчлэн давхцуулсан /7-8 дугаар хавсралт зураг/

3.4. 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн архивын мэдээллээр М******* ХХК-ийн нэгж талбарын ******* дугаартай газрыг 696 м.кв хэмжээгээр нэгж талбарын 18648311179909 дугаараар бүртгэснээр[15] Н.О*******ын нэгж талбарын 18648311173894 дугаараар 385 м.кв хэмжээтэй болж давхцалгүй бүртгэгдсэн, /9-10 дугаар хавсралт зураг/. 2019 оны 2 дугаар сарын 22-ны архивын мэдээллээр өөрчлөлт ороогүй.

3.5. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн архивын мэдээллээр М******* ХХК-ийн 696 м.кв газрын байршил хэмжээнд өөрчлөлт ороогүй, нэгж талбарын дугаар шинэчлэгдэж 1332201859 болсон. /12 дугаар хавсралт зураг/

3.6. 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн архивын мэдээллээр Н.О*******ын маргаанд хамаарах нэгж талбарын 18648311173894 дугаартай 385 м.кв газар нь хэмжээ, байршил, нэгж талбарын дугаар өөрчлөгдөн 326 м.кв-аар нэгж талбарын дугаараар бүртгэгдсэн, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн архивын мэдээллээр өөрчлөлт ороогүй. /11-12 дугаар хавсралт зураг/

3.7. 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн архивын мэдээллээр Н.О*******ын 119 м.кв дэлгүүрийн газрыг хойд, урд, зүүн хэсэгт нэмэгдүүлсэн нь 332 м.кв хэмжээгээр нэгж талбарын 1332202265 дугаарт бүртгэсэн. /11-12 дугаар хавсралт зураг/

Дөрөв. Маргаанд хамаарах байршилд газар эзэмшүүлсэн шийдвэр, газрыг мэдээллийн санд бүртгэсэн захиргааны үйл ажиллагаанаас үзвэл хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

4.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр, үүнээс бусад байршилд дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 2 Да хүрээ төв зам дагуу уг байршилд ХХК, Н.О******* нар Нийслэлийн Засаг даргын 1998, 2001 оны захирамжаар газар эзэмшиж, үйлчилгээний барилгууд барьж үйл ажиллагаа явуулж байсан, улмаар уг газруудын хойд талд хог хаягдал бүхий жалга байсныг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, шороо асган тэгшилсэн хэмээж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн хүний үйл ажиллагааны улмаас элэгдэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгжид нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болох зохицуулалтаар нэхэмжлэгч Мэжик вотер ХХК, гуравдагч этгээд Н.О******* хэн аль нь эзэмшихийг хүссэнийг дүүргийн Засаг дарга шийдвэрлэсэн. Үүний улмаас нэг байршилд залгаа 2 нэгж талбарын газрыг 1 эзэмшигч этгээд 2 өөр байгууллагаас эзэмших эрх авч, гэрээ байгуулсан нөхцөл байдлыг үүсгэжээ. Тодруулбал гуравдагч этгээд Н.О******* нийслэлийн Засаг даргын захирамжаар 332 м.кв, дүүргийн Засаг даргын захирамжаар 326 м.кв, хоорондоо залгаа 2 нэгж талбарыг ижил зориулалтаар эзэмшиж байна.

Ийнхүү нийслэлийн Засаг даргын эзэмшүүлсэн газрын залгаа байршилд дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн нь нийслэлийн болон дүүргийн Засаг даргын мэдэж шийдвэрлэх газар байршлыг заагласан хуулийн дээрх заалтад нийцээгүйг юуны өмнө дурьдах нь зүйтэй. Гэхдээ энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

4.2. Ийнхүү маргаан бүхий газрыг ХХК-д 820 м.кв хэмжээгээр, Н.О*******т 385 м.кв хэмжээгээр эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр буюу ХХК-иас газар эзэмших эрхээ М******* ХХК-д шилжүүлж, газар эзэмших эрхүүдийн хугацааг сунгасан, Н.О*******ын хүсэлтээр орц гарц гаргах үндэслэлээр маргаанд хамаарахгүй баруун талаас нь газрын хэмжээг багасгаснаас өөрөөр нөхөн сэргээсэн гэх агуулгаар тэдгээрт эзэмшүүлсэн газрын байршил, хэмжээнд аливаа өөрчлөлт оруулсан шийдвэр гараагүй.

4.3. ХХК-д 820 м.кв газар, Н.О*******т 385 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэртэй нэхэмжлэл гарган маргасан байдаг ч 2007 оны 405 дугаар захирамж, газар эзэмших эрх шилжүүлсэн, хугацаа сунгасан захирамжуудыг хүчингүйд тооцох үр дагавар үүсгэсэн шийдвэр шүүхээс гараагүй.

Тодруулбал, Н.О******* 2007 оны 405 дугаар захирамжаар эзэмшсэн 385 м.кв газрын байршил, эргэлтийн цэг, хил заагийн талаар маргасан шаардлагыг шүүх мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх агуулгаар хэрэгсэхгүй болгосон, Н.О*******т 385 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлсэнтэй маргасан ХХК-ийн нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн дээрх шийдвэрүүдээр Н.О*******т эзэмшүүлсэн 385 м.кв газрын байршлыг тогтоогоогүй.

4.4. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т зааснаар эзэмшихийг хүссэн газрын байршил, хэмжээ, хил зааг, нэгж талбарыг харуулсан тойм зургаар хүсэлтээ гаргах бөгөөд хүсэлт гаргаж буй газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангуулах ёстой.

Шүүхийн нөхөн сэргээсэн гэх газрыг хэрхэн /хэнд, ямар хэмжээгээр/ эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарахыг дүгнэсэн шийдвэрийн дагуу хүний үйл ажиллагааны улмаас элэгдэлд орж ашиглалтгүй орхигдсон гэх газрыг эзэмших хүсэлтийг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхдээ ХХК-ийн Кад сүрвэй ХХК-иар 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдүүлсэн 920 м.кв газрын 10 эргэлтийн цэг бүхий кадастрын зургаар[16] гаргасан хүсэлт[17], Н.О*******ын Топ сүрвэй ХХК-иар 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдүүлсэн 11 эргэлтийн цэг бүхий кадастрын зураг[18], баталгаат хэмжээ тогтоосон актаар[19] 385 м.кв хэмжээгээр эзэмших хүсэлтээр ХХК-д 820 м.кв хэмжээгээр, Н.О*******т 385 м.кв хэмжээгээр 2007 оны 405 дугаар захирамжаар эзэмшүүлсэн байх бөгөөд, тэдгээрт эзэмшүүлсэн газрын байршлыг тэмдэглэсэн схем зураг[20] үйлдсэн байна.

4.5. Энэ захирамжийн дагуух ХХК-д эзэмшүүлсэн 820 м.кв газрыг мэдээллийн санд нэгж талбарын ******* дугаартай 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн ч, Н.О*******т эзэмшүүлсэн 385 м.кв газрын байршлыг мэдээллийн санд бүртгээгүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5-д эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын байршлыг нэгж талбарын дугаараар улсын бүртгэлд бүртгэхээр заасанд нийцээгүй, тэдгээрт эзэмшүүлсэн газрын байршлыг тэмдэглэсэн схем зурагт[21] тусгасанчлан энэ хэмжээгээр бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулахгүйгээр, орц гарцыг төлөвлөн эзэмшүүлж багтах байсан эсэхэд одоо шүүх дүгнэлт хийх боломжгүйд хүргэж байна.

4.6. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд, төрийн өмчийн газрыг эрх бүхий Засаг даргын шийдвэрээр тодорхой зориулалт, хугацаа, хэмжээгээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр гэрээ байгуулж эзэмшүүлэх, ашиглуулах тул хүсэлт гаргасан хэмжээгээр нь эзэмших эрхтэй болсон гэж үзэхгүй.

4.7. Н.О******* нь 2007 оны 405 дугаар захирамжаар эзэмшсэн 385 м.кв газраа мэдээллийн санд бүртгүүлэхээр, ХХК-д 820 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэртэй, түүний хэмжээ, мэдээллийн санд бүртгэсэн байршилтай энэ хугацаанд шүүхэд маргаагүй.

4.8. Гэхдээ хэрэгт авагдсан бусад баримтуудаар Н.О*******ын эзэмшлийн газрыг 385 м.кв хэмжээгээр хүсэлт гаргасан байршилд нь мэдээллийн санд бүртгэхэд уг газрын баруун талд байршилтай, бусдад /иргэн И.Бямбасүрэн, А ХХК/ эзэмшүүлсэн нэгж талбарын хэмжээ, байршлын хувьд давхцал үүсгэсэн маргаан байсан нь саад болсон байгааг дурьдах нь зүйтэй. Гэхдээ энэ нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй буюу хэргийн оролцогч биш этгээдийн нэгж талбарын байршил, хэмжээний талаар энэ хэрэгт дүгнэх боломжгүй.

4.9. Газар зохион байгуулалтын алба нь эрх бүхий Засаг даргын эзэмших, ашиглах эрх олгосон, газрын байршил, хэмжээг өөрчилсөн тодорхой шийдвэрийг үндэслэн газрын байршил, эргэлтийн цэгийг баталгаажуулан мэдээллийн санд бүртгэх, газрын кадастрын мэдээллийн санг эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Гэтэл дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар Н.О*******т эзэмшүүлсэн 385 м.кв газрыг мэдээллийн санд бүртгээгүй байх бөгөөд улмаар газар эзэмших эрхийн хугацааг сунган 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр /нэгж талбарын 18648311174894 дугаарт/ мэдээллийн санд бүртгэхдээ Мэжик вотер ХХК-ийн 820 м.кв газартай давхцуулсан нь газар эзэмшигч Мэжик вотер ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн үйлдэл болжээ.

Учир нь дээр дүгнэсэнчлэн 2007 оны 405 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 820 м.кв газрын эзэмших эрх хүчин төгөлдөр байхад мэдээллийн санд давхцал үүсгэн бүртгэсэн нь хуульд нийцэхгүй.

4.10. Түүнчлэн М******* ХХК-ийн хүчин төгөлдөр захирамжаар шилжүүлэн авсан 820 м.кв газар эзэмших эрх хүчинтэй, 2007 оны 405 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, эрх шилжүүлсэн 820 м.кв газрын хэмжээг багасгасан, байршлыг өөрчилсөн аливаа шийдвэр Засаг даргаас гараагүй байхад 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр М******* ХХК-ийн нэгж талбарын ******* дугаартай газрыг 696 м.кв хэмжээгээр /нэгж талбарын 18648311179909 дугаарт/ багасгаж бүртгэсэн нь мөн хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ийнхүү эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газрын хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах эрх Газрын албанд олгогдоогүй болно.

4.11. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/1722 тоот мэдэгдэлд[22] заасан албадан гүйцэтгэж буй гэх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 148 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүх хуралдааны 2007 оны 140 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 100 дугаар тогтоолоор ХХК-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.О*******т газар эзэмшүүлэхийг даалгуулах Н.О*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл Н.О*******т газар эзэмшүүлэх, газрыг мэдээллийн санд бүртгэхээр албадан гүйцэтгүүлэх аливаа ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл шүүхийн энэ шийдвэрээр байгаагүй, тэр дундаа шүүхийн уг шийдвэрээс дараа гарсан 2007 оны 405 дугаар захирамжаар Н.О*******т эзэмшүүлсэн 385 м.кв газрыг мэдээллийн санд бүртгэхийг Газрын албанд даалгасан, үүрэг болгосон хууль зүйн үр дагаваргүй байна. Тиймээс 2013 онд Н.О*******ын 385 м.кв газрыг Мэжик вотер ХХК-ийн эзэмшил 820 м.кв газартай давхцуулан бүртгэсэн хариуцагч Газрын албаны үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

4.12. Түүнчлэн мэдээллийн санд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр М******* ХХК-ийн эзэмшил газрыг 696 м.кв хэмжээгээр нэгж талбарын 18648311179909 дугаарт бүртгэсэн атлаа 2017 оны 83 дугаар захирамжаар эзэмших эрхийн хугацааг 820 м.кв хэмжээгээр сунгасан байгааг дурьдах нь зүйтэй.

4.13. Маргаанд хамаарах газрын хувийн хэргээс хариуцагчийн ирүүлсэн Нийслэлийн Газрын албанд 2015 оны 7 дугаар сарын 31-нд үйлдсэн маргаан бүхий газрыг М******* ХХК-ийн эзэмшилд 696 м.кв хэмжээгээр, Н.О*******ын эзэмшилд 382 м.кв хэмжээгээр солбицол тогтоосон мэдээллийн санд координатын дагуу оруул гэсэн цохолт бүхий кадастр, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн Н.О*******ын газрыг 382 м.кв хэмжээгээр нэгж талбарын 18648311174894 дугаараар, М******* ХХК-ийн эзэмшил газрыг 696 м.кв хэмжээгээр нэгж талбарын 18648311179909 дугаартай кадастрыг[23] тухайн маргааныг шийдвэрлэхээр захиргааны байгууллагаас үйлдсэн зураг гэж үзэхээр байх ч газар эзэмшигч талуудыг байлцуулсан баримтгүй, эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан шийдвэргүй тул захиргааны шийдвэр гаргах зүй ёсны ажиллагаа гэж үзэх боломжгүй байна.

Тав. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамж Н.О*******, М******* ХХК-ийн газрын хил заагийг шийдвэрлэсэн агуулгагүй ч, Н.О*******ын маргаан бүхий газрын эзэмших эрхийг баталгаажуулсан уг хүчин төгөлдөр захирамж, түүнийг үндэслэсэн мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгохгүйгээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү тодорхойлсныг буруутгахгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулан эзэмшүүлсэн 124 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн эзэмшил газраас Н.О*******ын нэр дээр кадастрын зургийн мэдээллийн санд 124 м.кв газрыг давхар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс М******* ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай 124 м.кв газарт холбогдох хэсгийг, мэдээллийн санд М******* ХХК-ийн газраас 124 м.кв газрыг хасаж, Н.О*******ын эзэмшилд бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА