| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00361/И |
| Дугаар | 155/ШШ2024/00456 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00456
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/00456 | Х аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Х банк” хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,921,892.21 ( гурван сая есөн зуун хорин нэгэн мянга найман зуун ерэн хоёр төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00361/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ү, Ж.Ц нар нь Х Банкны Х салбарын Ха тооцооны төвтэй 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр № *** тоот дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 395,104.03 төгрөгийн зээлийн үлдэгдэл нэмж 4,020,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 1,430,540.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 181,841.01 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 нийт 1,612,381.58 төгрөг төлсөн байна. Өнөөдөрийн байдлаар зээлийн төлбөр 3,372,181.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 549,710.33 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг хугацаа хэтрүүлээд 359 хоног болж байна. Иймд банк зээлийн гэрээний 5-р зүйлийн 5.1.1 дэх хэсгийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,372,181.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 549,710.33 төгрөг, нийт 3,921,892.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний талийгаач нөхөр Ц овогтой Ү нь Х банкны Х салбарын Ха тооцооны төвөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тэтгэврийн зээл 4,020,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд хамтран зээлдэгчээр эхнэр Ж.Ц би оролцож гарын үсэг зурсан нь үнэн. Нөхөр Ц.Ү нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас өөд болсон бөгөөд тэр үеэс хойш тэтгэврийн зээлийг графикийн дагуу төлөөгүй юм. Учир нь би өөрөө тэтгэврээс өөр орлогогүй, элэгний хатуурал гэсэн оноштойгоор эмчийн хяналтанд байдаг бөгөөд Х банкнаас тэтгэврийн зээл аваад өөрийн эмчилгээ, эм тарианд хэрэглэсэн учраас талийгаачийн зээлийг төлж чадаагүй өнөөдрийг хүргэсэн юм.
Иймд Х банкны Х салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 3,372,181.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 549,710.33 төгрөг, нийт 3,921,892,21 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ц.Ү болон Ж.Ц нарыг хариуцагчаар тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Ү-г хариуцагчаар оролцуулахаас татгалзах хүсэлтийг ирүүлсэн ба шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэн хариуцагч Ж.Ц-д шүүгчийн захирамжийг танилцуулсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компани нь хариуцагч Ц.Ү, Ж.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 3,921,892.21 ( гурван сая есөн зуун хорин нэгэн мянга найман зуун ерэн хоёр төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн “ ... хамтран хариуцагч Ж.Ү нь нас барсан байх тул хамтран хариуцагчаас хасаж хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч Ж.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 3,921,892.21 ( гурван сая есөн зуун хорин нэгэн мянга найман зуун ерэн хоёр төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,701 (далан долоон мянга долоон зуун нэг ) төгрөгөөс 38,850.50 (гучин найман мянга найман зуун тавин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 38,850.50 (гучин найман мянга найман зуун тавин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Ц-гээс 77,701 (далан долоон мянга долоон зуун нэг) төгрөгийн тал хувь болох 38,850.50 (гучин найман мянга найман зуун тавин төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,921,892.21 ( гурван сая есөн зуун хорин нэгэн мянга найман зуун ерэн хоёр төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ж.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,701 (далан долоон мянга долоон зуун нэг ) төгрөгөөс 38,850.5 (гучин найман мянга найман зуун тавин төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 38,850.5 (гучин найман мянга найман зуун тавин төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Ц-ээс 77,701 (далан долоон мянга долоон зуун нэг ) төгрөгийн тал хувь болох 38,850.5 (гучин найман мянга найман зуун тавин төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА