Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00458

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00458

Х аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Х банк” хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Д,

Хариуцагч: Б.Д нарт холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 6,145,195 төгрөг 79 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 2,856,602 төгрөг 86 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 365,266 төгрөг 57 мөнгө, нийт 9,367,065.22 ( есөн сая сая гурван зуун жаран долоон мянга жаран таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00386/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Д, Ө.Д нар нь Х Банкны Х салбарын Х тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ-***тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 14,500,000 төгрөгийн зээлийг жилийн  18,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 8,354,804.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,632,506.54 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,524.57 нийт 14,994,835.32 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 6,145,195.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,856,602.86 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 365,266.57 төгрөг хугацаа хэтрүүлээд 814 хоног болж байна.

Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 26ы өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

1. Үндсэн зээлийн төлбөр 6,145,195.79 төгрөг,

2. Зээлийн хүүгийн төлбөр 2,856,602.86 төгрөг,

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 365,266.57 төгрөг, нийт 9,367,065.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д, Ө.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Д, Ө.Д бид нар нь Х банкны Х салбарын Х тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Д-гийн цалингийн зээл 14,500,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд хамтран зээлдэгчээр Ө.Д гарын үсэг зурсан нь үнэн. Б.Д нь сумын ***аар ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ажпаасаа чөлөөлөгдсний улмаас цалингийн зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Х банкны Х салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 6,145,195.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,856,602.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 365,266.57 төгрөг, нийт 9,367,065.22 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компани нь хариуцагч Б.Д, Ө.Д нараас үндсэн зээлийн төлбөр 6,145,195 төгрөг 79 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 2,856,602 төгрөг 86 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 365,266 төгрөг 57 мөнгө, нийт 9,367,065.22 ( есөн сая сая гурван зуун жаран долоон мянга жаран таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д, Ө.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 6,145,195 төгрөг 79 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 2,856,602 төгрөг 86 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 365,266 төгрөг 57 мөнгө, нийт 9,367,065.22 ( есөн сая сая гурван зуун жаран долоон мянга жаран таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164,824  (нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун хорин дөрөв) төгрөгөөс 82,412  (наян хоёр мянга дөрвөн зуун арван хоёр ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 82,412  (наян хоёр мянга дөрвөн зуун арван хоёр )  төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Д, Ө.Д нараас 164,824  (нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун хорин дөрөв) төгрөгийн тал хувь болох 82,412  (наян хоёр мянга дөрвөн зуун арван хоёр)  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д, Ө.Д нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 6,145,195 төгрөг 79 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 2,856,602 төгрөг 86 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 365,266 төгрөг 57 мөнгө, нийт 9,367,065.22 ( есөн сая сая гурван зуун жаран долоон мянга жаран таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Д, Ө.Д нар нэхэмжлэлийн шаардлага 9,367,065.22 ( есөн сая сая гурван зуун жаран долоон мянга жаран таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,824 (нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун хорин дөрөв) төгрөгөөс 82,412 (наян хоёр мянга дөрвөн зуун арван хоёр ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 82,412 (наян хоёр мянга дөрвөн зуун арван хоёр ) төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Д, Ө.Д нараас 164,824 (нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун хорин дөрөв) төгрөгийн тал хувь болох 82,412 (наян хоёр мянга дөрвөн зуун арван хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА