| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00414/И |
| Дугаар | 155/ШШ2024/00459 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00459
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/00459 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Н- д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,195,102.16 ( дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун хоёр төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00414/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С овогтой Н нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х Банкны Х салбар, Төв тооцооны төвтэй ЗГ-*** тоот зээлийн гэрээ, БГХ/*** дугаартай Барьцааны гэрээ байгуулж 5,720,000 (Таван сая долоон зуун хорин мянга) төгрөгийг жилийн 14,4% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар онлайн цалингийн эрх нээх гэрээ байгуулж онлайнаар зээл авсан. Зээлийн эрхийн хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 370,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 175,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 170,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 168,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 170,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл тус тус авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн теөөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлийн төлбөрт 3,273,975.05 зээлийн хүүгийн төлбөрт 1,305,818.19 тегрег, нэмэгдүүлсэн хүүийн төлбөрт 4,383.45 төгрөг, нийт 4,584,176.69 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөө төлөлгүй 175 хоног өнгөрсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.
Иймээс зээлдэгч С овогтой Н-аас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 4,195,102.16 (дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун хоёр төгрөг арван зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Н миний бие нь М сумын **** дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллаж байхдаа Х банкнаас онлайн цалингийн зээл 5.720.000 төгрөгийг 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр авсан. Би графикийн дгуу зээлээ төлж байгаад 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүүхдээ төрүүлж, улмаар одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа юм. Хүүхэд маань одоо 9 сартай, ажилдаа ирэх намар орох бодолтой байгаа. Хүүхэд асрах чөлөөний хугацаанд зээлээ бүрэн хэмжээгээр нь төлөх боломжгүй хэдий ч, би хүүхдийн 100,000 төгрөг, цалинтай ээжийн 50,000 төгрөгөө огт авалгүй цалингийн зээлэндээ суутгуулаад, мөн боломжоороо сар бүр цөөн хэдэн төгрөг нэмж хийгээд байгаа юм.
Иймд Х банкны Х салбарын нэхэмжилсэн онлайн цалингийн зээлийн төлбөр болох 4,195,102 төгрөг 16 мөнгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч С.Наас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,195,102.16 ( дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун хоёр төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,195,102.16 ( дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун хоёр төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,072 (наян хоёр мянга далан хоёр) төгрөгөөс 41,036 ( дөчин нэгэн мянга гучин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 41,036 ( дөчин нэгэн мянга гучин зургаа ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Наас 41,036 ( дөчин нэгэн мянга гучин зургаа ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,195,102.16 ( дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун хоёр төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,072 (наян хоёр мянга далан хоёр) төгрөгөөс 41,036 (дөчин нэгэн мянга гучин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 41,036 (дөчин нэгэн мянга гучин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Н-аас 41,036 (дөчин нэгэн мянга гучин зургаа) төгрөгийг төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА