Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 0386

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батмөнх

Хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгч М.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-д холбогдох эрүүгийн 1725000000103 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 5 сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, М.С 

Шүүгдэгч М.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хангарьд спорт цогцолборын арын асфальтан зам дээр “Хьюндай Соната-6” загварын 86-94 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган зорчигч Б.Анхтуяаг мөргөж хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 09 сарын 19-ний өдөр 21:30 цагийн орчим Анхтуяа гэдэг хүнийг мөргөсөн. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудсан. Түргэн ирэх хооронд эмийн сангаа гаргаж шархыг нь арчиж өгсөн. Тэгээд түргэн ирж авч явсан. Хохирогчоос уучлалт гуйсан. Маргааш нь Медипас орж зураг авахуулсан. Тэр өдрөөс хойш шаардлагатай эм тариаг авч өгч байсан. Эмч нар 2 сар хэвтрийн дэглэм сахь гэж байсан. Эм тарианы зардалд 640.000 төгрөг гаргасан. Хохиролд нийт 1.285.540 төгрөгийг гаргасан. Эм тарианы төлбөр болон бэлнээр 350.000 төгрөгийг өгсөн. Одоо хохирогчийн зургийг 2 хоногийн өмнө авахуулсан. Би урьд нь 2017 оны 08 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан. Тэр өдөр эхнэртэйгээ маргалдаад гарч явсан. Хохирогчийг гарцаар явж байгааг хараагүй. Би өөр тийшээ хараад явж байсан. Хохирлыг төлнө. Гэхдээ нэхэмжилж байгаа хохирол нь арай их санагдаад байгаа. Би өөрийнхөө болгоомжгүйгээр бусдын биед гэмтэл учруулсан. Ойлгож гэмшиж байна. Эмчилгээний зардлыг төлнө. Бусдыг нотлох баримтыг үндэслэж төлнө гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 09 сарын 19-нд Заамарт ажилтай байхад оройны 22:10 цагийн үед эхнэртэйгээ утсаар ярьсан. Гэтэл 11 цагт өнгөрч байхад ажлын газрынх нь хүн утсаар ярьж осол болсныг хэлсэн. Ингээд би ажлаасаа чөлөө авч ирээд одоо эхнэрээ сахиж байна. Эмчилгээтэй холбоотой зардлыг гаргуулах хүсэлтэй байна. 1 сарын хэрэглээний барагшуун, кальци, магни, 6 ширхэг өвчин намдаах тариа, шархны тос 4-5 ширхэг зэргийг авч өгсөн. Тэгээд ийм эм тариа хэрэгтэй байна гэхээр өөдөөс боломжоороо авч бай гэж хэлдэг. Эхнэр маань 2 сар өвчин намдаах эм хэрэглэж, хэвтрийн дэглэм сахисан. Өчигдрөөс суга таягтай сувилалд хэвтэж физик эмчилгээнд орж байгаа. Эмчилгээний зардал 316.100 төгрөг, миний 9 сарын 20-ноос 11 сарын 20-ны хоорондох цалин 2.016.000 төгрөг, өмгөөлөгчийн замын зардал 120.000 төгрөг, өмгөөллийн хөлс 600.000, хохирогчийн 2 сарын цалин 3.748.664 төгрөг, нийт 6.836.764 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар 1.285.540 төгрөгийн хохирол төлсөн. Гэхдээ энэ нь дээрхи нэхэмжилд ороогүй. Би 1 сарын чөлөө авсан. Дахиж чөлөө өгдөггүй учраас би ажлаасаа гарч байгаа. Эхнэр маань ч цаашдаа ажил хийх боломжгүй болсон гэж бодож байна. Шүрэн кальцины үнэ, Өвөрмонгол эмчээр тариа хийлгэсэн төлбөр зэргийг баримтгүй учир нэхэмжлээгүй. Би ажлаасаа 9 сарын 20-ноос 10 сарын 20-ныг хүртэл чөлөө авсан. Цаашид чөлөө өгөөгүй учир ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа. нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Анхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 9 сарын 19-ний өдөр 22 цаг өнгөрч байхад ажлаа тараад Уурхайчин соёлын ордны урд талын замаар голын хөдлөн явган хүний гарцаар гарах гээд ажлын газрын Октябрь гэх эмэгтэйгийн араас алхаж явтал намайг мөргөсөн. Мөргөхдөө 2 удаа мөргөсөн. Мөргөхдөө миний зүүн талын ташаа руу мөргөсөн урт цагаан талаасаа ирсэн цагаан өнгийн сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл байсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

 

-Гэрч О.Чулуунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ингээд явж байхад зүүн талаасаа баруун тийш замаар явж байсан цагаан саарал өнгийн Сонота-6 маркын машин хойноосоо урагш явган хүний гарцаар гарч явсан нэг эмэгтэйг гарцан дээр мөргөөд унагаасан юм. Тэр эмэгтэй мөргүүлэхдээ ёолж дугарч байсан гэсэн мэдүүлэг /хх 51 ху/,

 

-Гэрч П.Октябрын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...22:10 цагийн үед ажлаасаа хамт ажилдаг Анхтуяагийн хамт гарч ирсэн. Уурхайчин соёлын ордны урд талын замын голын явган хүний гарцаар би түрүүлээд гарсан. Миний араас Анхаа эгч гарч явсан. Тэгтэл түк гээд дуу гарахаар нь эргээд хартал Анхаа эгч газарт хэвтэж байсан. Цагаан өнгийн Сонота-6 маркийн 86-94 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан гэсэн мэдүүлэг /хх 53 ху/,

 

-Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Дүгнэлт хэсгийн 1-рт дурдсанаар “зүүн умдаг болон суудал ясны далд хугарал” нь хохирогчийн хэлж байгаа сүүж ясны хоёр хугарлыг хэлж байгаа юм. Эмнэлгийн хэллэгээр ингэж нэрлэдэг юм гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,

 

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 811 дугаартай дүгнэлтэнд:

 

1. Б.Анхтуяагийн биед тархины эдийн хөнгөн зэргийн няцрал, зүүн умдаг болон суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугаламын 2 талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны 1-р нугаламын их бие, зүүн хэсэг болон арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны 2-р нугаламын зүүн хэсгийн зөрөөгүй хугарал, нүүр, бүсэлхий, зүүн цавь, баруун ташаанд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Аарцагны зүүн умдаг болон суудал ясны далд хугарал, бүсэлхийн 5-р нугаламын 2 талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны 1-р нугаламын их бие, зүүн хэсэг болон арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны 2-р нугаламын зүүн хэсгийн зөрөөгүй хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хундэвтэр зэрэгт, тархины эдийн хөнгөн зэргийн няцрал, зүүн цавинд цус хуралт, нүүрний зулгаралт нь тус бүртээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 28 ху/,

 

-Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 135 дугаартай дүгнэлтэнд:

1. Жолооч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5.3амын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осол байдал бий болгохгүйгээр зорчино. 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 47-48 ху/,

 

-М.С-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-4, 125-126 ху/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9 ху/

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 10 ху/

-Цагдаагийн газрын хяналтын камерын системийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 18 ху/

-Хохирогч Б.Анхтуяагийн өвчний түүх /хх 33-44 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74, 75 ху/,

-Хохирлын баримт /хх 102-120, 143-157, 172-176 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч М.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2017 оны 09 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хангарьд спорт цогцолборын арын асфальтан зам дээр Хьюндай Соната-6 загварын 86-94 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж явган зорчигч Б.Анхтуяаг мөргөж хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  “...11 цагт өнгөрч байхад ажлын газрынх нь хүн утсаар ярьж осол болсныг хэлсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Анхтуяа /хх 21 ху/, гэрч О.Чулуунгэрэл /хх 51 ху/, П.Октябрь /хх 53 ху/, шинжээч эмч Ж.Гэрэлмаа /хх 31 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед тархины эдийн хөнгөн зэргийн няцрал, зүүн умдаг болон суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугаламын 2 талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны 1-р нугаламын их бие, зүүн хэсэг болон арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны 2-р нугаламын зүүн хэсгийн зөрөөгүй хугарал, нүүр, бүсэлхий, зүүн цавь, баруун ташаанд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 811 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирлын хувьд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд эм тарианы зардал 640.542 төгрөг, бэлнээр 644.998 төгрөг, нийт 1.285.540 төгрөгийг төлсөн байх бөгөөд үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна.

Хохирогч талаас эм тарианы зардал 31.100 төгрөг, шинжилгээнд 35.000 төгрөг, эмнэлэгт асарсаны зардал 250.000 төгрөг, ажлаас чөлөө авч асарсан хугацааны 2 сарын цалин 2.016.000 төгрөг, хохирогчийн 2 сарын цалин 3.748.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 600.000 төгрөг, өмгөөлөгчийн замын зардал 120.000 төгрөг, нийт 6.836.764 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүх дээрх нэхэмжлэлийн үнийн дүнг тооцож үзэхэд 6.800.100 төгрөгийг нэхэмжилсэн байх ба холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлахад эм тарианы зардал 31.100 төгрөг, шинжилгээний зардал 35.000 төгрөг, нийт 66.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эм тарианы зардлаас гадна бэлнээр 644.988 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх тул 66.100 төгрөгийг төлж барагдуулсан байна гэж үзэв.

Харин эмнэлэгт асарсаны зардал 250.000 төгрөг, ажлаас чөлөө авч асарсан хугацааны 2 сарын цалин 2.016.000 төгрөг, хохирогчийн 2 сарын цалин 3.748.000 төгрөг, нийт 6.014.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, бүрдэл дутуу байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Өмгөөлөгчид төлсөн зардлын хувьд төрөөс өмгөөлөгч оролцуулж байгаа тохиолдолд нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй тул өмгөөллийн хөлс, замын зардал нийт 720.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.С-г тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасч, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт тус тус зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс, зардал 720.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 6.014.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА