Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/080

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Ц.Мөнхтуул

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1914004810310 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, 1........ тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2019 оны 7 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар /*******/

Монгол Улсын иргэн, ******* овогт ын , ........тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

*******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас ийн эзэмшлийн 4 тооны хонийг хулгайлж бусдад 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт ын нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг зургаан сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн нэг зуун дөчин /140/ цагийн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож арван долоо /17/ хоногийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг зургаан сар арван долоо /06 сар 17 хоног/ хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан зургаан сар арван долоо хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

*******, ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мотоцикль буюу түүний үнэ 100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: ******* нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар анхан шатны шүүхийн 208 тоот шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн нь 2019 оны 6 дугаар сарын гэмт үйлдэлдээ авсан эрүүгийн хариуцлага бөгөөд сүүлд шийтгэгдсэн гэмт үйлдэл нь 2019 оны 5 дугаар сарын 10-наас 20-дын хооронд болсон явдал юм. Иймд дээрх 2 үйлдлийг нэгтгэн 1 шийтгэх тогтоолоор шийдэх бүрэн боломжтой байсан тул тус тусад нь шүүхийн хэлэлцүүлэг хийж хорих ялаар шийтгэсэн нь эрх зүйн байдлыг нь дордуулж хуулийн энэрэнгүй байх зарчмыг зөрчсөн шийдвэр болсон гэж ар гэр, өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул *******д оногдуулсан 06 сар 17 хоногийн хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын аль тохирох цаг болгон өөрчилж өгөхийг хүсэн гомдол гаргалаа.

Тайлбарлах нь: ******* нь 2019 оны 7 дугаар сарын 15-нд эхнэр авч, өрх тусгаарлан амьдарч байгаа залуу гэр бүл төдийгүй эхнэр Отгонбаяр нь 19 настай одоо жирэмсэн төрөх сүүлчийн хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 20-нд гэж товлогдон, эмнэлгийн хяналтад байгаа болно. Иймд хуулийн энэрэнгүй, хүнлэг зарчмыг удирдлага болгон, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******ын эхнэр нь 2019 оны 11 дүгээр сарын 13-нд төрсөн тул түүний хүүхдийн гэрчилгээг гарган өгч байна. ******* нь өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ шалгагдаж байх явцад дахин гэмт хэрэг үйлдсэнээ нуун дарагдуулж өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан байдаг. Тухайн хэргүүдийг нь тус тусад нь шийдэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 4 тооны хонийг хулгайлан авч нядлан бусдад зарж борлуулан нийт 640.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх хэргийн үйл баримт нь эрүүгийн 1914004810310 дугаар хэрэгт авагдсан ийн “...манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны хооронд 4 тооны нас гүйцсэн эр хонь алдагдаж тэр хавийн айлуудаар алга болсон байж магадгүй гэж бодоод хайгаад байтал олдоогүй байж байтал 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн ар талд 4 хонины нэхий хэвтэж байхаар нь үзтэл манай алдсан гэх хонины нэхий мөн байсан..., ...би энэ хэрэгт 640.000 төгрөгөө нэхэмжилж байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19-р тал/

Гэрч гийн “...2019 оны 05 дугаар сард байхаа сайн санахгүй байна, орой 21 цагийн орчимд би гэртээ байж байтал манай төрсөн ах *******, ******* хоёр над руу яриад аймаг руу мал оруулах гээд байна такси бариад төв шатахуун түгээх станцын хажууд хүрээд ир гэхээр нь Амьчуулын засмал замаас гар өргөж нэг танихгүй такси зогсоож төв шатахуун түгээх станц дээр очсон..., ...*******, ******* нар нь мотоциколтой 4 хонины махтай зогсож байсан..., ...******* ах зааж өгөөд арван мянгатад нэг айлд махаа буулгаад таксины төлбөрийг ******* ах өгсөн..., ...уг 4 хонины мах нь шалдан л мах байсан арьс, нэхий байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-30-р тал/

Гэрч гийн “...миний эзэмшилд улсын дугаар, бичиг баримтгүй улаан өнгийн Мустанг-5 маркын мотоцикль байсан их муу мотоцикль байсан тул 2019 оны 05 дугаар сард аймгаас шинэ мотоцикль авах болоод хуучин мотоциклийг *******ийг унаж хэрэглэж байгаад сум руу явах унаа байвал ачуулаад явуулчихаарай гээд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 37-39-р тал/

Гэрч ын “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчимд би гэртээ байх үед манай хашааны хаалгыг нүдээд байхаар нь гараад иртэл танихгүй 2 залуу ирээд 4 тооны хонины мах зарах гэсэн юм гэхээр нь махыг үзтэл янзын туранхай 4 тооны хонь байхаар нь хиллээд үзтэл нийтдээ 4 тооны хонины мах нь 58 кг хэмжээтэй байхаар нь худалдан авсан юм..., ...би *******, ******* нарын зургийг харлаа надад 4 тооны хонины мах зарсан 2 залуу мөн байна..., ...хонины мах 200.000 төгрөг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р тал/ болон “Энх нахиа” ХХК-ний шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “...нас гүйцсэн эр хонь 4-6 настай, 4 тооны, нийт 640.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54-р тал/ болон *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх, *******д зургаан сар хорих ял тус тус оногдуулан шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

Өмгөөлөгч Л.Батбаяраас шүүгдэгч *******ын 2019 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө болон 2019 оны 5 дугаар сарын 10-наас 20-ны өдрүүдийн хооронд үйлдсэн 2 удаагийн үйлдлийг нэгтгэн 1 шийтгэх тогтоолоор шийдэх бүрэн боломжтой байхад тус тусад нь шүүхийн хэлэлцүүлэг хийж хорих ялаар шийтгэсэн нь эрх зүйн байдлыг нь дордуулан хуулийн энэрэнгүй байх зарчмыг зөрчсөн хэмээн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч ******* нь Б.Намнансүрэнтэй бүлэглэн иргэн С.Нацагийн эзэмшлийн 1 тооны үхэрийг хулгайлсан үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэний дараа түүний *******той бүлэглэн иргэн ийн 4 тооны хонийг хулгайлж 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ. /хх-ийн 01-02-р тал/

Өөрөөр хэлбэл *******ын үйлдсэн 2019 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад түүний 2019 оны 5 дугаар сарын 10-наас 20-ны өдрүүдийн хооронд үйлдсэн гэх хэрэг нь шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан, анхан шатны шүүхээс түүнд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 208 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ял болох 140 цагийн ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон сүүлд оногдуулсан хүнд ял болох 6 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс *******ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 140 цагийн ялын найман цагийг нэг хоног хорих ялд тооцоход 17.5 өдөр болж байгаа бөгөөд /140÷8=17.5 / үүнээс 17 өдрийг нь сүүлд оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн үлдэх 5 цагийн ажлыг хэрхэх талаар шийтгэх тогтоолдоо дурдалгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сүүлд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд нэмж нэгтгэхэд үлдэх 5 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь хорих ялын нэг хоногт шилжүүлэхэд хүрэхгүй байх тул уг ялыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн түүнд оногдуулсан 06 сар 17 хоног хорих ялд багтаан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ                                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ

   ШҮҮГЧИД                                                       Г.УЛАМБАЯР

М.МӨНХДАВАА