Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0090

 

   

 

 

 

 

2024          01           25                                    128/ШШ2024/0090

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*******гийн Б******* /РД:*******/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газар,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс,

Гуравдагч этгээд: М*******,

Маргааны төрөл: төрийн өмчийн их сургуулийн барилгыг иргэний өмчлөлд бүртгэснээс үүдэн үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулсныг хууль бус хэмээн татварын нэхэмжлэх, эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*******, С.Т*******, гуравдагч этгээд Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн 14449766 төгрөгийн албан татварын нэхэмжлэхийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах сургуулийн барилгыг иргэний өмчлөлд бүртгэсэн дугаартай бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах сургуулийн өргөтгөлийн 1431.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Б*******, Б.Ч нар Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байдаг.

2.2. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1431 м.кв 301,453,308 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөд 14,469,758 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг ногдуулсан.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:

3.1.1. Нэхэмжлэгч С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “С******* овогтой Б******* миний бие 2000 оны эхэн үеэс Төрийн өмчит Улаанбаатарын их сургуульд багшилж захирлын алба хааж ирсэн. Тухайн үед эдийн засаг хүндэрсэн төрийн өмчийн сургуулийн өргөтгөлийн барилга барих ажил төсвөөс

санхүүжилт байхгүй, аж ахуй тооцоон дээр зээл тусламжийн хөрөнгө мөнгөөр гүйцэтгэхээс өөр аргагүй байсан. Барилга барих хөрөнгө дутагдаж тухайн үед хувийн орон сууцаа барьцаалж "З” банкнаас зээл авч өргөтгөлийг 2003 онд ашиглалтад оруулсан юм. Зээл авахад тухайн үеийн сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Чгийн хүсэлтээр дуусаагүй өргөтгөлийн барилгыг, өөрийн нэг өрөө 18 м2 орон сууцыг барьцаанд тавьсан байсан.

Ашиглалтад орсон цагаас уг өргөтгөлийн барилга төрийн өмчид бүртгэгдэж 2003, 2008 оны улсын тооллогод орж, 2008 онд төрийн болон орон нутгийн өмчийн дахин үнэлгээ хийгдсэн. Түүнээс хойш жил бүрийн төрийн өмчийн тооллогод бүртгэгдэж буй төрийн өмч үл хөдлөх хөрөнгө юм. Гэвч миний нэр дээр Б.Чгийн хамт Улсын бүртгэлийн дугаартай сургуулийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байсан ба миний бие уг гэрчилгээг огт мэдэхгүй явсан, одоо ч огт хараагүй тул улсын бүртгэлийн газраас зохих мэдээллийг олж 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Өдрийн сонин"-ны №030/7150-д гэрчилгээг хүчингүйд тооцох зар мэдээ нийтлүүлсэн.

Иймд миний нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийн тоот гэрчилгээг улсын бүртгэлээс хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс гаргасан 14.469.768 төгрөгийн татварыг хүчингүй болгуулахаар С.Б******* миний бие нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

3.1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  тайлбартаа: “ сургуульд өргөтгөл барих зайлшгүй шаардлагатай. Гэтэл хөрөнгө мөнгө байхгүй байгаа нөхцөлд өөрийн орон сууцыг барьцаанд тавьж барилгыг бариулсан. Нэхэмжлэгч нь боловсролын салбарт өөрийгөө 30 жил зориулчихсан. Үүний төлөө ямар нэг мөнгө санхүү, урамшуулал гаргуулж аваагүй. Гэрчилгээг Удирдах зөвлөлийн дарга Б.Ч гэх хүн аваад гэрчилгээний хувийг С.Бд үзүүлээгүй байсан. Харин одоо ийм асуудал үүссэн учраас хууль бусаар ногдуулсан татварыг залруулж өгнө үү гэж хандаж байгаа. Түүнээс биш хэн нэгнийг хохироох зэрэг үйл ажиллагааг гаргаагүй. Татварын нөхөн төлбөр тогтон нэхэмжлэл гэдэг зүйл хууль зүйн үндэслэлгүй. Дуусаагүй барилга дээр татвар тогтооно гэсэн асуудал байхгүй. 2 хүн өмчлөгчөөр бүртгэлтэй байхад 1 дээр нь татвар тогтон нь үндэслэлгүй 100% хүчингүй болох үндэслэлтэй ийм учраас манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж өгнө үү. С.Б*******ы хувьд хүн ёсоор сургуулийн үйл ажиллагаа, сургуулийн барилга байгууламж барих, ард түмний хүүхдийг сургах гэсэн эх оронч үйл ажиллагаа юм. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч байсан Б.Ч гэдэг хүний үр хүүхдийг төлөөлөх эрх надад байхгүй, бид УИХ-д хамт хууль тогтоож байсан. Тэр хүний хувьд юу бодож яаж явсныг мэдэхгүй. Сургуулийн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээний хувьд С.Б******* ямар нэгэн хамаарал байхгүй. Гэрчилгээг өөрчлөн гаргуулах хүсэлт гаргах үед мэдээгүй, гэрчилгээг олж үзээгүй. Сүүлд энэ татварын ногдол үүсч, асуудал гарч ирж тэгээд бид эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар надад хандсан юм” гэв.

3.2.1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших сургуулийн өргөтгөлийн 1431.8 м.кв талбайтай дуусаагүй сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Ч, С.Б нарын 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан мэдүүлэг, сургуулийн албан бичиг, сургуулийн ректорын тушаал, Удирдах зөвлөлийн анхдугаар хурлын протокол, М ХХК-ийн албан бичиг, иргэн Б.Чгийн сургуулийн барилгын үнэлгээг хийсэн тухай товч тайлан, эд хөрөнгийг харуулсан фото зураг, эд хөрөнгийн план зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, өргөтгөлийн барилгын танилцуулга, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ, сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, сургуулийн газар ашиглах гэрчилгээ, сургуулийн дүрэм, Техникийн нөхцөл, сургуулийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, протокол, Удирдах зөвлөлийн даргын тушаал, иргэн С.Бы гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтыг үндэслэн бүртгэл хийгдсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийн үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө.", 14 дүгээр зүйлийн 14.2-т "Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно." гэж тус тус зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байх тул дээрх бүртгэл нь хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Тус барилгыг уг хоёр хүн өөрсдийн хөрөнгөөр барьсан. сургуулиас уг хоёр хүний  нэр дээр нь бүртгэхийг зөвшөөрсөн бичиг байгаа. Үүнтэй холбогдуулж Улаанбаатар сургуультай холбоотой бүх нотлох баримтыг манайх авсан.

Өв залгамжтай холбоотой маргаан үүсээгүй. Иргэн Б.Ч, С.Б нарыг өмчлөгчөөр эрхийн Улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.2.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт "Монгол улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулна", 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь албан татвар төлөгч байна гэж хуульчилсан. Иргэн С.Б******* нь 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч бүртгүүлсэн байх тул татвар төлөх үүрэг үүссэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд Нийцлийн аудитын газрын хийсэн шалгалтаар 2021 оны тайлангаар 2018-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлт Татварын ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сан, тэдгээрт байгаа татвар төлөгч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эд хөрөнгөтэй холбоотой татварын албанд бүртгэгдээгүй татвар төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэн ажиллах судалгааг ирүүлсэн. Судалгаанд үндэслэн С******* овогтой Б*******ы нэр дээр дугаартай 1431 м.кв сургалтын зориулалттай, 301,453,308.00 төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөнд 14,469,758,00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн татварын ногдлыг 2018-2023 оны хооронд нөхөн ногдуулсан. Нэхэмжлэх болон татварын тооцоолол татвар төлөгчид нь нээлттэй байдаг. Татвар төлөгч өөрийн эрхээр харах боломжтой учраас манайх тэр нэхэмжлэхийг заавал хүргүүлэх шаардлагагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувьд тухайн тайланг гаргахгүйгээр татварын ногдол үүсээд явдаг онцлогтой. 2021 оны Нийслэлийн Аудитын тайланг үндэслээд хөөн хэлэлцэх хугацаагаар 4 жилийн ногдлыг оруулсан.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйл 13.1 "Татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн", 13.3 "Орлог бусад татвар ногдох зүйлийг Өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйл 18.1.9 "татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргийг биелүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл 15.1 "Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй" гэх заалтыг үндэслэн татварын нөхөн ногдуулалтыг 4 жилээр хийсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 293 дугаар тогтоолын 2.1 дэх заалтаар сургуулийг Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль гэж нэгтгэн зохион байгуулсан тул сургууль нь одоогоор Монгол Улсын их сургуулийн бүтцэд нэгтгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн өмчит сургуулийн өргөтгөлийн хичээлийн байр нь 2001 он баригдаж 2003 онд ашиглалтад орсон байдаг. Ашиглалтад орсон цагаас Монгол Улсын төрийн өмчийн бүртгэлд бүртгэгдэж өнөөг хүртэл олон мянган оюутан суралцагчийн хичээл сургалтыг явуулж ирсэн. 2018 онд төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ явагдаж сургуулийн үндсэн барилга 5083054,4 мянган төгрөг, өргөтгөлийн барилга 1918892,8 мянган төгрөг, байгууламж 89497,5 мянган төгрөгөөр үнэлэгдэж нийт барилга байгууламж нь 7091444,8 мянган төгрөг болж тоологдсон. Жил бүрийн сургуулийн үндсэн хөрөнгийн тооллогод 7091444,9 мянган төгрөг сургуулийн барилга байгууламж тоологдож байгаа болно. Тус сургуулийн барилга нь манай сургуулийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн тайлан балансад бүртгэгдсэн төрийн өмч мөн болно.

Гэтэл хувь хүний бүртгэлд байгаа гэдгийг шүүхэд маргаан үүссэнээр мэдсэн. Өмнө нь төрийн өмчит сургууль гэж ойлгогдож тайлан баланст тусгагдаж байсан. 2018 оны төрийн өмчийн хөрөнгийн үнэлгээгээр үндсэн барилга нь 5 тэрбум 83 сая 54 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа бүртгэлийн барилга нь 908,892,000 төгрөгөөр үнэлэгдэж бүртгэгдсэн. Нийт сургуулийн барилга байгууламж нь 7,091,444 төгрөгөөр жил бүрийн тайлан баланст тусгагдаж байгаа. Энэ нь сургуулийн өмч юм. Ямар нэгэн хувь хүний өмчлөлд хамааралгүй учраас улсын бүртгэлд хувь хүнээр бүртгэгдсэн байгаа бүртгэлийг хаалгах, 2022 оны Боловсрол, шинжлэх ухааны яамаар баталгаажсан санхүүгийн тайлан, 2023 оны сургуулийн тайланд туссан үндсэн хөрөнгөд хамаарах нотлох баримт зэргийг үндэслэн төрийн өмч гэж тооцуулж, иргэний бүртгэлийг хаалгуулахыг хүсэж байна. Энэхүү хичээлийн байрны өмчлөлд хэн нэгэн хувь хүн, иргэн хамааралгүй гэж үзэж байна.

Сургуулийн барилга бүхэлдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын үйл ажиллагаа тэнд үргэлжилж байгаа. Монгол Улсын их сургууль 20,000 гаруй суралцагчтай, 1,600 гаруй багш ажилчидтай. Үүний бүрэлдэхүүн хэсэг нь сургууль байдаг. Сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсн хойш 21 жил орчим болсон байна. Энэ хугацаанд энэ байранд тасралтгүй хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Өнөөдрийг хүртэл сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ийм нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Чгийн хувьд өв залгамжлалтай холбоотой асуудал нь сургалтын үйл ажиллагаа явуулж байх хугацаанд огт гараагүй.” гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд, хууль тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Маргаанд хамаарах барилгын өмчлөх эрх үүссэн үйл баримтын хувьд.

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл,

1.1. Улаанбаатарын их сургууль нь Боловсролын сайдын 1992 оны шийдвэрээр байгуулагдсан төрийн өмчийн их сургууль байх бөгөөд,

1.2. Сургуулийн өргөтгөлийн барилгын зориулалтаар 0,025 га газар ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 2001 оны 345 дугаар захирамжаар тус сургуульд олгосон, мөн барилгын техникийн нөхцлүүд, барилгын зураг төсөл, зөвшөөрлийн баримт бичгүүд тус сургуулийн нэр дээр олгогдсон байдаг.

1.3. Сургуулийн өргөтгөлийн барилгыг 2001 он барьж эхэлсэн ч санхүүгийн хувьд сургууль бие даан бариулах чадваргүй болсноор хувийн хөрөнгө оруулалтаар барилгыг бариулж ашиглалтад оруулахыг захиралд зөвшөөрсөн удирдах зөвлөлийн шийдвэрүүд гарчээ.  

1.4 Улмаар сургуулийн 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/253 тоот албан бичгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, захирал С.Бы “Б.Ч, С.Б нарын нэр дээр гэрчилгээ хүссэн” өргөдөл, сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрүүд хавсарган Б.Ч, С.Б нар 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  1431.8 м.кв талбайтай 301,453,308 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан,

1.5. Мэдүүлэгт улсын бүртгэлийн байгууллагын хяналтын албанаас өмчлөх эрхийг нотлох ажиллагааг хянаад “ректорын тушаалын агуулгаас үзэхэд уг барилгыг Б.Ч, С.Б нарын хөрөнгөөр барьсан гэж үзэхээргүй. сургуулийн дүрэмд зааснаар удирдах дээд байгууллага удирдах зөвлөлөөс уг барилгыг бүхэлд нь Б.Ч, С.Б нарын хувийн өмчлөлд бүртгүүлэхийг зөвшөөрсөн удирдах зөвлөлийн шийдвэр, эсвэл ректорын зөвлөлийн шийдвэрийг авах нь зүйтэй” гэсэн санал 10 дугаар сарын 24-нд өгсөн,  “өмчлөгчийг нотлох баримтыг хуулийн дагуу хянаж саналаа танилцуулах”  гэх цохолтыг 10 дугаар сарын 25-нд хийсэн, хяналтын явцад нэмж сургалт явуулах тусгай зөвшөөрөл, сургуулийн дүрэм, техникийн нөхцөл, байршлын схем бүхий 17 хуудас материал бүрдүүлсэн тэмдэглэгээтэй байна.

1.6. Улмаар мэдүүлэг гаргагч нь өмчлөгч болохыг нотлох баримтыг нэмж аваагүй атал Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших сургуулийн өргөтгөлийн 1431.8 м.кв талбайтай дуусаагүй барилгыг мэдүүлэг гаргасан огноогоор буюу 2002 оны 10 дугаар сарын 23-нд Б.Ч, С.Б нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлд дугаарт бүртгэсэн байна. 

2. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших сургуулийн өргөтгөлийн барилга 2003 оны жилийн эцсийн тооллогоор сургуулийн үндсэн хөрөнгөд барилга байгууламжийн бүртгэлд 328,950 мянган төгрөгөөр бүртгэгдсэн, улмаар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн 2018 оны дахин үнэлгээгээр тус сургуулийн өргөтгөлийн барилга 1,918,982,847.00 төгрөгийн үнэлгээтэй бүртгэгдсэн.

3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 293 дугаар тогтоолоор төрийн өмчийн сургуулийг Монгол Улсын их сургуульд бүрэлдэхүүн сургуулиар нэгтгэж, Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар тогтоолоор тус сургуулийн нэрийг М******* болгож, сургуулийн өмч хөрөнгө, санхүүг МУИС-ийн хэмжээнд нэгдмэл байдлаар удирдлагаар хангахаар шийдвэрлэсэн.

4. МУИС-ийн Улаанбаатар сургууль 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13в/60 тоотоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст, 13в/61 тоотоор Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт тус тус сургуулийн өргөтгөлийн барилга 2003 онд ашиглалтад орсон цагаас төрийн өмчид бүртгэгдсэн, 2003, 2008 онд төрийн өмчийн улсын нэгдсэн тооллогод бүртгэгдсэн, 2018 онд дахин үнэлэгдэж 1,918,892,847.00 төгрөгийн үнэлгээтэй бүртгэгдсэн төрийн өмч болохыг, иргэн С.Бы өмчлөх эрхэд хамааралгүй болохыг тодорхойлсон байдаг.

5. Нэхэмжлэгч С.Бд татварын өр үүсгэсэн гэх 2018-2023 оны хугацаанд уг өргөтгөлийн барилга төрийн өмчийн их сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа нь тус сургуулийн санхүүгийн тайлангаар тогтоогдож байна.

Хоёр. Төрийн өмчийн сургуулийн өргөтгөлийн барилгыг Б.Ч, С.Б******* нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэл, 2004 онд олгогдсон гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд.

1. сургууль төрийн өмчийн сургууль, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус сургуулийн өргөтгөлийн барилга сургалтын зориулалтаар баригдсан, ашиглалтад орсн нь хойш тус сургууль хичээл сургалтын үйл ажиллагааг явуулдагтай талууд маргаагүй.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байх бөгөөд төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болох Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэл, төрийн өмчөөс хасах эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр иргэний өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан гэж хариуцагчийн тайлбарлаж буй мэдүүлэгт хавсаргаагүй байна.

3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй”, гэж зааснаар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байна.

4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасан мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотлох баримт бичгийг хавсаргахыг шаарддаг.

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчөөс хасах эрх төрийн өмчийн сургуулийн удирдах зөвлөлд олгогдоогүй тул сургуулийн барилгын санхүүжилт дутсан дутуу гүйцэтгэлтэй барилгыг хувийн хөрөнгө оруулалтаар гүйцээн бариулахыг зөвшөөрсөн удирдах зөвлөлийн шийдвэрийг төрийн өмчөөс эд хөрөнгө хасах, хувийн өмчлөлд шилжүүлэх үр дагавар үүсгэнэ гэж үзэх үндэслэлгүй юм.

4.2. Тиймээс Төрийн өмчийн хорооны шийдвэргүйгээр төрийн өмчийн хөрөнгийг иргэний хувийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг “өмчлөх эрхтэйг нотлох хангалттай нотлох баримтгүйгээр” хүлээн авч бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчсөн байх тул 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.

5. Бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар бүртгэлд нэр нь байгаа этгээд өөрөө хүсэлт гаргаж, өмчлөх эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдээс өмчлөх эрхийн талаар тодорхойлсон байх тул эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн зохицуулалттай нийцнэ.

6. Ийнхүү төрийн өмчийн хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотлох хангалттай нотлох баримтгүйгээр мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын 2002 оны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж байх тул хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Чг гуравдагч этгээдээр татаагүй, 2016 онд нас барсан түүний эрх залгамжлагчийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно. Тодруулбал хэдийгээр С.Бы нэхэмжлэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны үйл ажиллагааг шүүх дүгнэж буй ч, өмчлөх эрхийг бүртгүүлэх эрхтэйг нотлох хангалттай баримтгүйгээр мэдүүлгийг хүлээн авч иргэний өмчлөлд бүртгэсэн үйлдлийг өмчлөгч тус бүрээр салгаж дүгнэх боломжгүй байна.

7. Б.Чгийн гаргасан “гэрчилгээ гээгдүүлсэн” гэх мэдүүлгээр 2004 оны 1 дүгээр сарын 08-нд дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон байх тул 2002 оны 10 дугаар сарын 23-нд хийгдсэн бүртгэлийн дагуу олгогдсон уг гэрчилгээг мөн хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Гурав. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн төрийн өмчийн барилгад үл хөдлөх эд хөрөнгийн 2018-2023 оны татварт иргэн С.Б*******д үүсгэсэн 14.469.758 төгрөгийн ногдлыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд.

1. Ийнхүү тухайн үл хөдлөх эд хөрөнгийг иргэний өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус, төрийн өмчийн сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан өмчлөгч нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө албан татвараас чөлөөлөгдөнө” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөнө.

2. Нөгөөтэйгүүр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч биш иргэн С.Бд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх үүрэг, татварын ногдол, хуримтлагдсан татварын өр үүсгэсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул  2018-2023 оны 14.469.758 төгрөгийн ногдлыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 7 дугаар зүйлийн 1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 3 дугаар зүйлийн 3.3, 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан төрийн өмчит сургуулийн өргөтгөлийн барилгыг Б.Ч, С.Б******* нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэл, 2004 онд олгогдсон гэрчилгээг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн төрийн өмчийн барилгад үл хөдлөх эд хөрөнгийн 2018-2023 оны татварт иргэн С.Б*******д үүсгэсэн 14.469.758 төгрөгийн ногдлыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА