| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00373/И |
| Дугаар | 155/ШШ2024/00538 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2024/00538
| 2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2024/00538 | Хаймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Х аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б,
Хариуцагч: Б.Н нарт холбогдох
Үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 900,000 төгрөг, нийт 6,900,000 (зургаан сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00373/и дугаар индекстэй иргэний хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаймгийн А сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б, Б.Н нар нь Монгол улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс “Блокны үйлдвэрийн” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2014 оны 6 сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 6.000.000 (зургаан сая) төгрөгийг 3 хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 03 -ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Б, Б.Н нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Үндсэн зээлийн 6.000.000 (зургаан сая) төгрөг, түүний хүү 900.000 (есөн зуун мянга ) төгрөг, нийт 6.900.000 (зургаан сая есөн зуун мянган) төгрөгийг хариуцагч Д.Б, Б.Н нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б, Б.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б, Б.Н бид нар А сумын Засаг даргаас гаргасан сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Бид нар А сумын Сум хөгжүүлэх сангаас 6,900,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Тус зээлийг бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсноор төлж чадаагүй бөгөөд 6,900,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаймгийн А сумын Засаг дарга нь хариуцагч Д.Б, Б.Н нарт холбогдуулан үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 900,000 төгрөг, нийт 6,900,000 (зургаан сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б,Б.Н нар нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 900,000 төгрөг, нийт 6,900,000 (зургаан сая есөн зуун мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага 6,900,000 (зургаан сая есөн зуун мянга) төгрөгийн үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 125,350 (нэг зуун хорин таван мянга гурван зуун тавь ) төгрөгийг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Б, Б.Н нараас улсын тэмдэгтийн хураамж 125,350 (нэг зуун хорин таван мянга гурван зуун тавь ) төгрөгийн тал хувь болох 62,675 (жаран хоёр мянга зургаан зуун далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х аймгийн А сумын Засаг даргын нэхэмжилсэн үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 900,000 төгрөг, нийт 6,900,000 (зургаан сая есөн зуун мянга) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.Б, Б.Н нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Х аймгийн А сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 6,900,000 (зургаан сая есөн зуун мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 125,350 (нэг зуун хорин таван мянга гурван зуун тавь ) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Б, Б.Н нараас улсын тэмдэгтийн хураамж 125,350 (нэг зуун хорин таван мянга гурван зуун тавь ) төгрөгийн тал хувь болох 62,375 (жаран хоёр мянга гурван зуун далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА